Үндэсний статитикийн хороо энэ оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 4 сард 998.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 131.1 (15.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 131.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 94.1 (14.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн 2021 оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын сангийн орлого 229.4 тэрбум төгрөг, зарлага 268.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 64.1 (21.8%) тэрбум төгрөгөөр, зарлага 91.2 (8.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны эхний 4 сард 1 019.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 151.2 (17.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 60.9(8.7%) тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 70.1 (7.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний 4 сард 8 323 хүнд 18.2 тэрбум төгрөг олгосоннь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 825 (11.0%) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1 162.2 (6.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний 4 сард 454.1 мянган хүн тэтгэвэр авсны 75.9 хувь нь өндөр насны тэтгэвэр авагчид, 15.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагчид, 8.7 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна.
Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний 4 сард 2.2 (давхардсан тоогоор) сая хүнд 669.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 126.2(6.0%) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 419.1 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 75.0 (6.7%) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 391.7 тэрбум (5.4 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 оны эхний 4 сард 56.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 (4.0%) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 22.1 (56.0%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний 4 сард 99.6 мянган хүн хамрагдсаны 56.3 хувь нь асаргааны тэтгэмжид, 43.7 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний 4 сард 33.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.9 (21.7%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 481.1 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний 4 сард олгожээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 131.1 тэрбум төгрөгөөр өсчээ |
|