Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжид тусгасан зарим онцлох зохицуулалтуудыг танилцуулж байна.
- Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон.
- Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна.
- Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.
- Нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
- Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ.
- Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллана.
- Байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, ажилтан, албан хаагчдаа “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулж, дархлаажуулалтад хамрагдсан болон өвчилж эдгэсэн хүний эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн ажиллуулахыг ажил олгогч иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгосон.
- “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан шаардлагыг хангасан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана.
- Халдварын тархалт буураагүй, эрсдэлтэй нөхцөл байдал бүрэн арилаагүй байгаатай холбогдуулан зорилтот бүлгийн болон архаг хууч өвчтэй иргэд шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, зайлшгүй тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явах, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэдэд зөвлөж буй юм.
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ |
|