• Өнөөдөр 2025-09-01

Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ

2025-09-01,   264

Дэлхийн олон бүс нутагт тохиосон урт хугацааны ган гачиг, хэт халалт нь хүнсний үйлдвэрлэлд глобал хямралын шинжтэй сөрөг нөлөө үзүүлж байна. АНУ-д уур амьсгалын өөрчлөлт, өндөр халалт, хур тунадасны хэлбэлзлээс үүдэлтэй ган гачгийн нөхцөл байдал улам бүр хүндрэн олон сая хүний амьдрал, эдийн засаг, байгаль орчинд шууд нөлөөлөх болжээ. АНУ-ын нийт газар нутгийн 27.7 хувь нь, 48 мужийн 33 хувь нь ган гачгийн янз бүрийн түвшинд байгаа юм.

2025 оны наймдугаар сарын сүүлд гангийн улмаас тариалангийн хөрсний чийгийн дутагдал олон мужид илэрч байгаа нь ургацад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн дүгнэжээ. Одоогийн байдлаар АНУ-ын хүн амын 20 орчим хувь буюу 60 гаруй сая америкчууд шууд болон шууд бусаар гангийн нөлөөнд өртөөд байна. Гангийн улмаас ургацын хэмжээ буурч, малын тэжээл хомсдох, хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдсэн. Түүнчлэн нуур, усан сангуудын түвшин буурч, усан цахилгаан станцуудын хүчин чадал хязгаарлагдаж байгаа гэв.

АНУ-ын гуравны нэгээс илүү газар нутаг одоогоор ган гачгийн нөлөөнд автсан хэвээр байна. Хэдийгээр зарим бүсэд нөхцөл байдал сайжирч буй ч, Баруун болон Төвийн мужуудад гангийн дарамт үргэлжилж, энэ намар ч хүндэрч болзошгүй байгаа гэдгийг онцолж байна.

Европын орнуудад нүүрлэсэн хэт халалт гангийн улмаас ургацын хэмжээ асар буурч байгаа юм. 2025 он гарсаар Румын, Болгар, Грек, Украин, Казахстан, Туркд ган болж байгаа тул ургацын хохирол нь ноцтой түвшинд хүрсэн гэж Европын Холбооны шинжлэх ухааны төв (JRC) тайландаа дурджээ.

Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авах урьдчилсан тооцоо гарсан. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа юм.

Африкийн орнуудаас Этиоп, Сомали, Кени зэрэг улсад хэдэн жил үргэлжилсэн гангийн улмаас хүнсний аюулгүй байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага буюу FAO-гийн мэдээллээр гурван улирал дараалан нүүрлэсэн гангийн улмаас тариа, ногооны ургац алдаж, малын тэжээл бэлдэх аргагүй болсон тул хүнсний хангамж аюулын харанга дэлдэж байгааг онцоллоо. Өмнөд Африк гангийн улмаас үр тарианаас гадна үхэр сүргийнхээ дийлэнхийг алдах нөхцөл болсон байна.

Ойрхи Дорнод (Сири, Турк ба Балканы зарим хэсэг) 2025 онд гангийн улмаас Сири улс маш өндөр хохирол амсч байгаа бөгөөд гангийн нөхцлөөс шалтгаалан гурилын үйлдвэрлэл 40 хувиар буурч гурилын импортыг нэмэгдүүлэх болон хүнсний тусламжийг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Турк болон Балканы зарим хэсэгт усны нөөц, далангийн түвшин буурснаас улаанбуудайн ургац алдаж, гурилын үйлдвэрлэл доголдох нөхцөл үүсээд байгаа аж. Үүнээс шалтгаалсан хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, орон нутгийн хоол хүнсний хөтөлбөрүүд зогсох эрсдэлтэй байгааг олон улсын судлаачид хэлж байна. Ливан улс 2024 онд гангийн улмаас ургацын 75 хувийг алдаж, тариалангийн бизнесүүд даампуурчээ.

БНХАУ-ын хэд хэдэн мужид ган болсон бол эсрэгээрээ мөн үргэлжилэн орсон аадар борооны улмаас намрын ургац хураалтад эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс БНХАУ ургац нэмэгдүүлэх, гангийн болон үер усны эрсдэлээс ургацаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгааг Reuters агентлаг мэдээлэв.

Бразил, Аргентин, Чили улсад мөн ган болж ургацын гол бүсүүд хөрсний чийгийн дутагдалд орсноос үүдэлтэй ургац алдаж байна. Австрали улсын Засгийн газрын мэдээлснээр гангийн хуурайшилт, хэт халалт нь 2025 онд гурилын үйлдвэрлэлийг ойролцоогоор 10 хувиар бууруулна гэж таамаглажээ. Тиймээс дэлхийн гурилын нийлүүлэлт, экспортод сөргөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Экспортлогч орнуудын нийлүүлэлтийн бууралт нь олон улсын гурилын үнэ өсөх шалтгаан болно хэмээн үзэж байгаа аж.

 


Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188