• Өнөөдөр 2025-09-03

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадмын үеэр язгуур урлаг, уламжлалт өв соёлын гайхамшигт үзүүлбэрүүд, олон үндэстний уран бүтээлчид, тэдний соёл, ёс заншил нэгэн дор цугларсан нь соёлын олон талт байдлыг илтгэх онцгой үйл явдал байлаа. 
 
Энэ удаагийн наадмаар 800 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 1000 гаруй соёлын өвлөн уламжлагч, суралцагчид болон 27 орны 280 гаруй зочин, төлөөлөгчид оролцсон нь наадмыг урьд өмнөхөөс илүү өргөн цар хүрээтэй, агуулга баялаг болгоход чухал хувь нэмэр орууллаа.
 
Монголчууд бид нүүдлийн соёл иргэншлийн үндэс болсон ард түмэн. Тиймээс “Нүүдэлчин” наадам нь нүүдлийн өв соёлыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.
Энэ жилийн фестивалийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 21 аймгийг долоон бүс болгон хөгжүүлэх үзэл баримтлалд нийцүүлэн “отог” хэлбэрээр зохион байгуулсан нь тус наадмыг илүү системтэй, бүтэцтэй, бүс нутгийн онцлогийг тусгасан, оролцоог тэгш хангасан онцлог арга хэмжээ болголоо. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж 23 улсын эрдэмтэн судлаачид оролцож эрдэм мэдлэгээ хуваалцаж, харилцан туршлага солилцлоо.
Наадмын өдрүүдэд Монголчуудын бүтээж бий болгосон биет болон биет бус өв, урлаг, уламжлалт ахуй амьдрал, соёлын цогц нэгэн дор дэлгэгдэж, нүүдэлчдийн үнэт өвийг дотоод, гадаадын зочдод тод томруун харуулж чадлаа.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн энэхүү үнэт соёл бол дэлхийн соёлын өв сан дахь хосгүй үнэт зүйл бөгөөд үүнийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүн бүрийн ухамсар, оролцоо, хичээл зүтгэл шаардлагатайг уг наадам дахин санууллаа.

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188