• Өнөөдөр 2024-05-20

ЖОРЖ ОРУЭЛЛИЙН “1984” РОМАНААС СЭДЭВЛЭСЭН ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО

2024-02-02,   558

         Нийгэмд урлаг, уран зохиол маш том асуултын тэмдэг үлдээдэг. Зарим нь асуултын тэмдэг тавьчихаад тайлал хийдэггүй бол үлдсэн хэсэг нь хариултгүй хэвээр орхидог. Мэдээж уншигч цааш төсөөлж, зохиолын үйл явдал, дунд нь өгүүлэгдэх нарийн “детальчилсан” холбоосуудыг анхаарч чадвал өөрт нь таарах тодорхой хариултыг авч чадна. Харин Жорж Оруэллийн “1984” роман бол асуулт, хариулт нь эн тэнцүүхэн жин дардаг бүтээл. 
 
          Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Нэг намын дарангуйлал нийгмийн ямар харгислал дунд живүүлдэг болохыг тэртээ 1948 онд урьдаас зөгнөн бичсэн эл зохиолын үзэл санаа, агуулга өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг.  

            Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ? гэх асуулт ч мөн тун чухал. Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Жүжгийн найруулагчаар “Фауст”, “Гэм зэм”, “Опал” зэрэг жүжгүүдээр Монголын театрын урлагт нэгэн шинэ хаалга нээсэн Мягмарнарангийн Батболд ажиллах юм.  

       Жүжгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй шат дараалалтайгаар хүргэнэ гэдгийг “Орфей” театрын хамт олны зүгээс мэдэгдлээ. Өөрсдийн аж төрж буй нийгэм, эргэн тойрон, хүрээлэн буй орчноо тольдох мэт болдог Оруэллийн уг зохиолыг ийнхүү тайзанд тоглох болсон нь чухам цаг үеэ олсон уран бүтээлийн нээлт, уран бүтээлчдийн зориг юм. 
 

ЖОРЖ ОРУЭЛЛИЙН “1984” РОМАНААС СЭДЭВЛЭСЭН ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188