• Өнөөдөр 2025-05-16

Н.ПҮРЭВДАВГА: Аймшигт хэрэг, албан тушаалын наймааг шуугиад өнгөрөөх бус, алгандаа барьж, алагаараа тэмтрэх боломж сэдэж олсон нь энэ хэдийн гавьяа

2022-04-22,   513

      Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтхэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нэртэй арван ном бүтээж, номын нээлтээ хийлээ. Энэ үеэр нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдавга үг хэллээ.

      Тэрбээр “Би энд уучлалт хүсэх болж байна. Мэдээллийн зуун болоод ч тэр үү сайн муу, сайхан муухай худал үнэн ялгагдахгүй олон мэдээлэл ёстой л хаврын ойн ус шиг садрах болсон цаг болохоор сүлжээний мэдээллийг тэр бүр хараад байдаггүй хоцрогдсон хүн, би. Бүүр сүүлийн үед мэдээллийн дайн гэж дэлхий даяар шуугих болсон гол буруутан нь интернэт сайтыг дэгдээх болсон нь ч нөлөөлсөн байх. Шуугиантай дуулиантай мэдээг олон түмэнд хүргэх гэж олон мэдээллийн сайт оролддог болсон болоод ч тэр байх. Харин Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн гаргаж байгаа арван номыг гүйлгэн харахад л эндүүрч байсан гэдгээ ухаарлаа. Уншигчийн сэтгэлд хянах, нягтлах гэж байдаггүй мэдээ, микрофон барьсан увиагүй сурвалжлагчаар төсөөлж байсан хандлагад эргэлт хийх гэж зорих залуусаар бахдан бишрэх сэтгэл төрсөн билээ. Та бүхний энэхүү номын дараа олон хүний төсөөлөл өөрчлөгдөнө гэдэгт итгээрэй.

       Э.Хүрэлбаатар “Эрлийн үзүүрт”, Д.Чанцалдулам “Харгуй”, Б.Гүнжид “Гэгээ түүсэн хавар”, Б.Бадралмаа “Бэрсийн нүүдэл”, Б.Цогтбаяр “Цагийн төрх” А.Азсайхан “ Хязгааргүй” ,Д. Бямбасүрэн “Сул өвс ганхсан намар” , Гэрэл зураг “ Ертөнц”, “Бид-Тэд “ хамтын бүтээл, Б.Энхмарт “ Дэндүү үнэнч чи минь” зэрэг бүтээл нэг хоргонд, нэг хөх өнгөнд баринтаглагджээ. Энэ бол “Эргэлтийн номын сан” хэмээн нэрлээд өөрсдийгөө бүтээл туурвилаар бүтээхийг зорьж байгаа их ажлын шанд гарч байгаа эхний арван номын нэг. Эдгээр номын талаар би сэтгэгдлээ хэлэх ёстой. Олдсон хугацаанд барж унших гэж махийлаа. Гүйлгээд тавьж боломгүй эргэж харж, эргэцүүлж бодох ёстой амаргүй судар болсныг юуны өмнө хэлье. Хэн бүтээв хэмээн харвал сурч мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хэмээх их хөлийн газар тал талаас цугласан залуус байлаа. Эхэндээ аймаг аймгийнхаа машиныг хараад санаашран, дагаад гүйх нь холгүй байсан залуус байсан тухайгаа бичсэн байх юм. Бас зүүдлээд сэрдэг, сэрээд уйлдаг нутаг өөдөө зэлнээсээ алдуурсан унага эх рүүгээ чавхаддаг шиг дуулж угтдаг, уйлж үддэг төрсөн нутгийн хөндий рүүгээ, мөнхөд нойрсож халуун дулаан дурсамж дүүрэн үлдээсэн өвөө, эмээгийнхээ буурь руу хавь ойрын бүрхэг харанхуйлах нүүрсний утаа шиг, хүний мөс нь хүртэл өдөр өдрөөр харлах хүмүүний их бөөгнөрлөөс зугтах гэсэн хүслээ даран, даран оюутан ахуйн хэдэн жилийг хэрхэн үзсэнийг зохиогчид өөр өөрийнхөөрөө дурссан байх ажээ. Дараа нь сургуулиа төгсөөд бүтээх туурвих  оргилуун хүсэлдээ хөтлөгдөн ижил, ижлээ даган "Эргэлт. мн" мэдээллийн сайт гэх бяцхан хэдий ч их айлын ханыг чийглэж, тооныг нь тулсан уран бүтээлч хамт олон болоод байгаа юм байна. Мөн өөрсдөө зорилго болгон тодорхойлсноор хамгийн шилдэг, хамгийн сайн, хамгийн дуулиан тарих бүтээл туурвиж, Монголын сэтгүүл зүйн  хүрээнд цахиур хагалахаар эрлээс эрлийн хооронд амсхийх завгүй гүйж байгаа бүтээлч залуусын туурвил ийнхүү уншигчдын гар дээр тавигдаж байна.

       Их холын зорилгод мордсон энэ хамт олны эрлийн гараа ийнхүү нүд дүүрэн цэлийх тал нутаг, тэнгэрт тулан дүнхийх уулс, тал дүүрэн налайх мал сүрэг, мянга мянган жилийг дамнаж нүүдлийн соёлыг иргэншилдээ манасан эцэг өвгөд байгааг хараад баярлан огших сэтгэл төрж байна. Бид ингэж л даяаршин ижилсэн байгаа цаг үед өөрсдийн  өнгө төрхөө хадгалан ондоошиж амьдарна. Сураг нь тасрах шахсан тахь хэмээх адуугаа уйгур нутагтаа авч ирэн өсгөнө үржүүлж байгаа цагийн хатуу шуналын сэтгэлд идэгдэн мөхлийн эрмэгт тулж байгаа нулимстай бөхөнгийн тухай та бүхэн халаглан бичиж байгааг ч би ингэж л ойлгож байна.

      Сурвалжилга, ярилцлага, хөрөг нийтлэл, орчуулга, тэмдэглэл, аян замын тэмдэглэл, фото сурвалжилга гээд сэтгүүл зүйн төрөл бүрээр туурвиж ирсэн арван судрын талаар хэдхэн минутад багтаан тодорхой ярина гэдэг бүтэхгүй зүйл. Үнэндээ аль нэгийг  нь онцлоод санаа бодлоо илэрхийлж болох ч бас тэгж болмооргүй санагдана. Тасралтгүй урсах мэдээний их урсгалд хүмүүн бид цочихоо байж, цаг хугацаанд бурууг үүрүүлэн мартахыг үзэх болоод байгаа нь үнэн. Зарим улс төрийн хүчний аргацаанд мартуулахыг хүсэж байгаа С.Зориг, АПУ Г.Батхүү агсны аллагаас эхлээд аймшигтай хэрэг явдал, ажил албан тушаал ашиглан түмний хөрөнгийг зувчуулсан эдийн засгийн гэмт хэргийг мэдээллийн сайтаар шуугиад өнгөрөх биш, номд гаргаснаар олон түмэн алгандаа барьж, алагаараа тэмтрэх боломж сэдэж олсон нь энэ хэдэн ботийн гол  гавьяа болж байна. Тийм учраас энэ хамт олны эрэн сурвалжилж, эргэцүүлэн дүгнэсэн бичвэр үнэн баримт ажээ. Сэтгүүлчийн микрофон, зураглаачийн камер хараад ухаантай харагдах гэж учиргүй яриасаг болдог улстөрчийн яриаг номд буулгаж хэвлэснээр долоо хэмжиж нэг огтолдог мэргэн түмэндээ дараа дараагийн сонголтын хийхэд их хэрэг болно байх гэж саналаа. Баримтаа гүн олтол, баатраа зөвшөөртөл голд үгээ сийлж, нийтлэл дэлгэхгүй байх хандлага энэ хамт олны өнгө төрх бололтой. Бас эхэлснээ гүйцээхийн тулд шаргуу тэмцэх нь энэ хамт олны өөр нэг зарчим бололтой. Тийм ч учраас материалаа болоогүй байна гэж үзвэл хамгийн том "босс" Ерөнхий эрхлэгчдээ хааяа "Болоогүй байна, бүрэн юм хийнэ" гэж томордгоо гэмшингүй хэлжээ. Бас улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайдаар өртөөлсөн улс төрийн томчуудын хуудуутай шийдвэр хууль бус хандлагаа бол зүгээр өнгөрүүлэхгүй, баримтын сэжүүр атгавал учрыг нь олох гэж үнэнийг хэлүүлтэл, санаа нь дэндсэн улстөрчийн эргэлт байхыг энэ редакцынхан эрхэм зорилгоо болгодог бололтой, магтууштай. Энэ хамт олны өөр нэг онцлог нь үнэн цагаан мөртэй өөрийн хүч хичээл зүтгэлээрээ амьдралаа авч яваа, бүдрэх цаг байхад босох сэтгэлийн тэнхээтэй траншейнд унаж, архинд живж хүртэл явсан ч хүн шиг амьдрахаар өндийж чадсан ядарсан нэгэнд гар сунгахдаа хармын сэтгэлгүй улс байгаа нь нүдэнд тусаж байна. Тэгээд  ч тэр үү "Эргэлт.мн" мэдээллийн сайтын  сэтгүүлчид бие биеэсээ, бяцхан үрээсээ  хүртэл сурч байгаа тухайгаа бичсэн байх ажээ.

      Тухайлбал Б.Энхмарт номдоо "Саяхан охиныхоо зурсан зургуудыг гарган харлаа. Тэгтэл миний ээж завгүй тайлбартай зургууд олон харагдлаа. Нэгэн дээр нь би сонин уншаад сууж байна, харин охин минь ширээ хараад суух ажээ. Өөр нэг хувцсан дээр би хувцас угааж байгаа бололтой охин минь өнөөх л газартаа сууж харагдана,дахиад өөр зурган дээр ээж хормогч зүүсэн хоол хийж байгаа бололтой гартаа халбага барьжээ харин охин минь өнөөх л байрандаа ширээ дэрлээд хэвтсэн маягтай харагдав. Охиноо дуудаад миний охин ээжийнхээ юу хийж байгааг ажиглаад л байгаагаар зурдаг юм уу гэтэл “Таны завтай болохыг л хүлээж байгаа юм.Та хэзээ завтай болох юм бэ" гэж цочтол асуусан тухай бичсэн байна. Хэн ч бодмоор зүйл байгаа биз. Ийм л олон баримт энэ номд оржээ. "Гэгээ түүсэн хавар"-ын "Харгуй"-гаар "Цагийн төрх"-ийг шинжин "Эрлийн үзүүрт" дамжингүй хүрэх "Хязгааргүй" урт замын тань аянд амжилт хүсье" гэв.

 


Н.ПҮРЭВДАВГА: Аймшигт хэрэг, албан тушаалын наймааг шуугиад өнгөрөөх бус, алгандаа барьж, алагаараа тэмтрэх боломж сэдэж олсон нь энэ хэдийн гавьяа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188