• Өнөөдөр 2025-06-30

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ ТОЙМ: Хүүхдийн эрх дээд зэргээр зөрчигдөж, Ерөнхий сайд “нүүдэл” хийж эхэлсэн ДОЛОО ХОНОГ

2022-04-16,   413

     Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн онцллох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт хүнд хүчирхийлүүлж, жирэмсэн болсон 15 настай охины хэрэг, эхнэр, нөхөр хоёр архи уусны улмаас хүүхдээ гудамжинд орхисон явдал, хардалтын улмаас хосууд “Дөрвөн хүүхдээ ална” хэмээн тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөсөн зэрэг хүүхдийн эрх зөрчсөн дөрвөн ч үйл явдал боллоо. Мөн Засгийн газраас түрүүчийн долоо хоногт болсон “Ажлаа хий” жагсаалын санал шаардлагуудын хүрээнд шатахууны үнийг тогтвортой барих, ажилтны нийгмийн даатгалын төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлөх, хувийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр хувь нэмэх шийдвэр гарсан. Мөн төрийн өмчид компаниудын дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлах, Нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн байгууллагын албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй зэрэг үйл явдал, шийдвэрүүдийг онцолж байна. Мөн Авлигатай тэмцэх газраас дөрвөн гишүүнийг яллагдагчаар татах санал гаргасныг онцлон хүргэе.
 
 
-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ОЛОН ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДЛӨӨ-
 
   Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал улам л ноцтойгоор зөрчигдөж, эцэг, эхчүүдийн хариуцлагагүй, үүргээ хүлээхгүй харгис явдлууд гаарч байна. Тухайлбал, 15 настай охин ахынхаа танилд хүчирхийлүүлж, жирэмсэн болсон хэрэг гарлаа. Мөн Налайх дүүрэгт дөрвөн сартай нярайг аав, ээж хоёр нь согтуурч, муудалцсаны улмаас гудамжинд хаяж явсан хэрэг гарсан.Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа “Эцэг, эх нь архи уугаад, хүүхдээ хаяад явчихлаа. 30 орчим минут нярай газар хэвтлээ” гэсэн юм. Тэгвэл эцэг, эхдээ хаягдсан нярайг түр хамгаалах байранд авсан талаар мэдээлсэн. Харин өчигдөр буюу баасан гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Хужирбуланд хардалтын улмаас “Хосууд дөрвөн хүүхдээ хөнөөнө” гэж тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа аж.
 
-ЗАСГИЙН ГАЗРААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨХ ШИЙДВЭР ГАРЛАА-
 
        Засгийн газраас өчигдөр залуусын “Ажлаа хий” жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьсан санал, шаардлагын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Энэ үеэр тэрбээр “Үнийн өсөлтийн эсрэг жагссан залуус 15  шаардлага ирүүлсэн. Уг асуудлаар  ажлын хэсэг байгуулж судалгааны байгууллагуудтай хамтран ажилласан. Залуусын тавьсан шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал тэгш бус байдалтай тэмцэх, 12 хувь нь цалин, нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудал байсан. Дээрх шаардлагуудын  60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой. Мөн зарим шаардлагууд дунд хугацаанд буюу хууль эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудал буюу  30 жилийн хугацаанд бугширсан шийдвэрлэж чадаагүй асуудал ч байна. Засгийн газар эдгээр асуудлуудыг нэг дор шийдвэрлэх боломжгүй учраас хамгийн их санал өгсөн  үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийг УИХ-д өргөн барьсан. Зарим арга хэмжээний хувьд стандарт бус арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж байна. Тиймээс Үнийн тогтворжуулах хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар баталлаа” гэв.
 
Шатахууны үнийг тогтвортой барих орчин бүрдсэн
  Дээрх үнэ тогтворжуулах хуулийг өргөн барьснаар хэд хэдэн үр дүн гарч байгаагийн нэг бол шатахууны үнийг тогтвортой барих орчин бүрдсэн гэдгийг Засгийн газрын хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. Тэрбээр “Эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг ЗГ, төв банктай нийлж, хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Учир нь манай улсын хувьд инфляцад хамгийн их нөлөөлж, үнэ хөөрөгддөг зүйл бол шатахуун. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байна” гэсэн юм.
Нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй
  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна.Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй. Зарим дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг зэрэг асуудал бий. Иймээс хуулийн дагуу цэгцэлнэ” гэв.
 
Нийгмийн даатгалын шимтгэлийг он дуустал 50 хувь бууруулна
 Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. 
Төрийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ
      Мөн Засгийн газраас  цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэлд хүрч, төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргалаа. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Мөн төсвийн бодлогод тулгуурлан цаашдаа нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотойгоор төрөөс бодлогоор хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. 270 орчим объектын асуудал гарч байгаа. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр хувьсах зардлаа хоёр дахин нэмээд явах шийдвэр гаргаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдэл ярилаа" гэсэн юм.
 
-УИХ-ЫН ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ГАРГАЖЭЭ-
 
    Улсын ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах саналаа удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл АТГ-аас  хоёр гишүүнийг яллагдагчаар татсан бол нэмж дөрвөн гишүүнийг яллагдагчаар татах саналаа ирүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн байна. Харин өмнө нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг яллагдагчаар татжээ
 
  .УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд “Би Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэж буй ч түүнийг яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүрдсэн учраас АТГ-ынхан санал хүргүүлсэн байна. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ ТОЙМ: Хүүхдийн эрх дээд зэргээр зөрчигдөж, Ерөнхий сайд “нүүдэл” хийж эхэлсэн ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188