• Өнөөдөр 2021-06-22

Тяньжин боомтоос чингэлгийн дөрвөн галт тэрэг Замын-Үүдэд ирлээ

БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг яаралтай шийдэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн Улаанбаатар төмөр зам ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна.
 
Энэ зургаадугаар сарын 9, 10-ны өдөр Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн дөрвөн галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар дахин зургаан галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын төмөр замын байгууллагаас мэдээллээд байна. Хоёр талын төмөр замын байгууллагуудын тохирсон хуваарийн дагуу хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан болно.
 
Манай тал чингэлэгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьж, мөрөөр нь идэвхтэй ажилласан бөгөөд хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлээд байна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна.
 
Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол зурдаг ба үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг болно. Аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлага байна гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Тяньжин боомтоос чингэлгийн дөрвөн галт тэрэг Замын-Үүдэд ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414