• Өнөөдөр 2026-06-19

ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ

     Улсын филармони болон “Нюанс” хамтлагийн гоцлолдуучин Д.Дүйнхэржав Монголын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргажээ. Түүнтэй ярилцлаа.

-"Mongolian best classic" пянз ямар онцлогтой бүтээл вэ?
 
   -Монголын анхны поп опера “Нюанс” хамтлагт дуулаад, 2009 оноос хойш уран бүтээлээ хийж байна. Мөн Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байна. Эргээд харахад багагүй уран бүтээл хийсэн байна. Тэр дундаа мэргэжлийн урлагт байгаа дуучин болгон мэргэжлийн оркестртой юм уу чуулгатай дуулах хүсэлтэй байдаг байх. Энэ ч үүднээс миний хувьд мэргэжлийг нь төгссөн учраас, мөн хөгжмийн хүрээлэнд ажиллаж байгаагийнх морин хуурын найралтай, Баянмонгол чуулга, симфони оркестртойгоо бас пянз, цомог хийх хүсэлтэй байсан. Түүний эхлэл буюу Чингис хаан одонт морин хуурын чуулгатай хамтарсан, Монголын алдартай дөрвөн суут хөгжмийн зохиолчдын дуунаас бүрдсэн “Mongolian best classic” буюу сонгодог нэртэй пянз маань ирсэн. Уран бүтээлч хүний л хүсэл мөрөөдөл л дөө.  Бүтээлээ биет болгох нь уран бүтээлч хүний нэгэн том зорилго байдаг. Мөн “Монгол” нэртэй цомог хийсэн. Пянзны хэмжээ бага байдаг учир үлдсэн эх орны дуунуудаа цомогт багтаасан.
 
-Морин хуурын чуулгатай дуучин хамтарсан пянзны бүтээл байдаг уу. Таных анхных нь болж байна уу?
 
     -Морин хуурын бие даасан пянз байдаг. Мөн Улсын филармонийн Баянмонголын пянз бий. Дуучдаас гэвэл минийх анхдагч болж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд анх удаа ийм сайхан бүтээл дээр ажиллалаа. Баяртай байна.  Үүн дээр үргэлж дэмжиж байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Түвшинсайхан болоод тэргүүн зэргийн Чингис хаан одонт морин хуурын найрал хөгжимчиддөө, Улсын филармонийн захиргаа удирдлага, бүх уран бүтээлчдэд баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү пянз маань цуврал  маягаар үргэлжлээд явах юм. Эхнийх нь ингээд гарч байна.
-Пянзанд орсон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс онцолбол?
 
      -Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн “Ээж нутаг хоёр”, “Аав ээж хоёр минь”, “Өнө мөнх орон”, Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн “Хүний заяа”, С.Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрхэн” тэргүүтэй олон сайхан бүтээл багтсан. Дууны сонголтын хувьд ард түмэнд хүрсэн, мэддэг, эрэгтэй хүний нарийн хоолойнд зориулсан бүтээл гэх үүднээс сонгож, багтаасан. Төслийн хувьд дараагийн бүтээлүүд ч мөн Монгол сонгодгууд байна. Энэ бол дуучин Д.Дүйнхэржавын хоолойгоор, сэтгэл зүрх, өнгө аясаас гарч байгаа нэгэн хувилбар. Тэгээд зөвхөн би ганцаар энэ бүхнийг хийгээгүй. Хамтарч, дэмжиж, тусалсан бүх хүнд баярлалаа.
 
-Ер нь эртнээс бодож төлөвлөсөн байх. Энэхүү бүтээлдээ хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
 
       -Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн. Тэгээд пянз маань гарах гэж багагүй хугацаанд хүлээгдэж байж ирсэн.
 
-Яагаад заавал пянз гаргахаар зорьсон бэ. Уран бүтээлчид ихэнхдээ цомгоо гаргаад, тоглолтоороо бүтээлүүдээ хүргээд явдаг шүү дээ?
 
       -2023 онд бие даасан “Эх орон зүрхэнд эгшиглэдэг” гэж тв контент хийж байсан. Тэгээд тухайн оныхоо арванннэгдүгээр сарын 29-нд соло концертоо хийсэн. Тэгээд одоо цаг үе өөр болоод, моод буцаж эргээд явдаг шүү дээ. Энэ ч утгаар пянз сонирхогчид их болсон байна. Залуучууд ч их сонирхож байна. Миний уран бүтээл ихэнхдээ эх орны дуу зонхилдог. Эх орны дуу гол нь шүлэг, найргийн хувьд яруу тансаг, шүлэгтэйгээ зохицоод хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулгын хувьд дуулаачаас ур чадвар шаардсан байдаг. Мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд нийт урлаг сонирхогчдын түвшинд айхтар тийм эрэлттэй биш ч өөрсдийн хийсэн бүтээлийг чанартай, урт хугацаанд үнэ цэнтэй байгаасай гэх үүднээс бид уран бүтээлээ хийгээд явж байна.
-Дуулж, пянзад оруулсан бүтээлүүдээс нь таны сэтгэлд хамгийн их хүрсэн бүтээл аль нь вэ?
 
      -Бүгдийг нь л дуулах сан гэж хүсэж, шигшиж, шүүж, дурлаж дуулсан. Тэр дундаа оюутан ахуй цагаасаа дуулах юм сан гэж хүсэж мөрөөдөж, үг, аялгуунд нь дурласан бүтээл бол Б.Шарав гуайн “Өнө мөнх орон”.
 
-“Нюанс” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа гэдгийг та онцоллоо. Хамтлагийн сонин сайхнаасаа хуваалцаж болох уу?
 
      -Би бол Монголын анхны поп хамтлаг. Сонгодог урлагийг поп хэлбэрт хувирган хөгжмийн найруулгатай дуулж мэргэжлийн түвшинд хүргэсэн анхны хамтлаг. СУИС-ыг төгсөөд л хамтлагтаа нэгдэж, амьдрал, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Бид одоогоор мэргэжлийн уран бүтээл, гадны сонгодог бүтээлд ажилласаар байгаа. Ойн хүрээнд бид энэ жил аравдугаар сарын сүүлээр тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
 
-Ихэнхдээ эх орны сэдэвтэй дуу таны бүтээлд зонхилдог гэлээ. Дуулах тусмаа “Үнэхээр сайхан эх оронд төржээ” гэдгээ илүүтэй мэдэрдэг байх?
 
       -Тийм ээ. Уран бүтээлч хүмүүс өөр улс оронд их очно. Яагаад ч юм “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг шиг эх оронтой байна гэдэг ямар том хувь заяа вэ гэдгийг мэдэрдэг. Тиймдээ ч эх орноо дуулахдаа огшиж, омогшиж дуулдаг.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
      -Баярлалаа.
 
 

ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188