-Сайн байна уу “Золиос 6/16” уран сайхны кино үзэгчдэд хүрч эхэллээ. О.Анхсүхийг илүү өөрөөр харуулсан дүрд ажиллах ямар байв?
-Сайн байна уу? “Событ фильм”-ийн залуусын шинэ уран бүтээлд ажиллалаа. Уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж эхэлсэндээ баяртай байна. Өмнө нь ажиллаж байгаагүй жанрын дүр байлаа. Тийм ч учраас дүрийн саналыг дуртай хүлээж авсан. Ийм жанрын дүрд ажиллах ямар байдаг бол гэж бодож, ажиллахыг хүсэж байсан л даа.
-Ажилласан анхны кино, анхны дүрийнхээ талаар ярихгүй юу?
-СУИС төгссөн найзуудтайгаа “Самрагчин” нэртэй кино хийсэн. Өөрсдөө зохиолоо бичээд, гол дүрд нь тоглосон. Олон зүйл сурсан. Тухайн үед бид киноны туслахаар чамлахгүй олон кинонд ажилласан байсан л даа. Тэндээсээ олон зүйлс сурсан болохоор өөрсдөө кино хийх болчихсон юм шиг санагдсан. Зориглоод хийсэн ч “Ингэж болохгүй юм байна, болоогүй, дахиад сурах зүйл байна шүү” гэж бодож, ойлгож авсан даа. Киноны арын албанд ажиллаж, хамт олноо ойлгож, тэднийг хайрлаж байж уран бүтээл гардаг. Кино гэдэг яах аргагүй хамтын уран бүтээл байдаг юм билээ.
-Үзэгчид таныг “Гарц” олон ангит киноны Санчирын дүрээр сайн таньдаг болсон. Бүтэлгүй санаа болгоныг гаргадаг дүүгийн дүрд ажиллах ямар байсан бэ?
-“Гарц” үнэхээр том төсөл байсан. Ер нь ажилласан уран бүтээл бүрээсээ олон зүйл сурдаг. Алдахгүй хүн гэж байдаггүй. Киногоо үзээд “Энэ хэсэгт ингэх байж дээ" гэж бодож харамсах үе бий. Санчирын дүр намайг их хөгжүүлсэн. Ер нь надтай тун төстэй дүр. Ялгаатай зүйл нь Санчир бүтэлгүй нэгэн бол би бүтэхгүй зүйл байсан ч бүтэлтэй болгох гэж хичээдэг төрлийн хүн. Олон ангит кинонд тоглосон анхны тохиолдол. Хүмүүст танигдаж эхлэхийн хэрээр миний хувьд хариуцлага нэмэгдэж байна. Биеэ тоож болохгүй эхнээсээ өөрийгөө цэгнэж, зөв хүн байх ёстойгоо ухаарч байгаа. Миний гол зорилго мэргэжилдээ үнэнч байх. Үүнийг мартаж болохгүй.
.jpg)
-Гэр бүлийнхэн тань тоглосон уран бүтээл бүрийг нь хамтдаа хүлээж, догдолж үздэг байх даа?
-Манай гэр бүлийнхэн тоглосон кино бүрийг минь догдолж, хайрлаж үзнэ. Сургууль төгссөний дараа намайг жүжигчний хувиар харах гэж их хүлээсэн. Ангийнхан маань кинонд тоглоод байдаг, хүү нь байдаггүй. Тэр бүрд ээждээ “Болно доо, ээж ээ” л гэдэг байсан. “Гарц” киног минь сэтгэл дүүрэн үзсэн. “Одоо л харагдаж эхэлж байна даа, миний хүү” гэсэн. Тэр үгнээс нь урам авч, илүү их хичээх хэрэгтэйгээ ойлгосон. Үүрэг минь нэмэгдээд л байгаа.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Би дунд ангиа төгсөөд барилгын мэргэжлээр коллежид элссэн. Сургуулийнхаа урлагийн үзлэг, соёлын наадамд байнга оролцдог боллоо. Тэгээд гэнэт л жүжигчин болохоор шийдэж, найзтайгаа СУИС-д шалгалт өгсөн. Эхний шатандаа найзтайгаа хамт нэг, хоёрдугаар байрт эрэмбэлэгдээд тэнцсэн дээ. Тухайн үед ямар гоё мэргэжил сонгочихов гэж бодсон. Суралцаж байхдаа мэргэжилдээ илүү дурласан.
-Барилгын чиглэлээс урлагийн салбарт сурахаар орсон хүүгээ гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?
-Ээж минь үнэхээр дэмжсэн. “Миний хүү өөрөө мэд. Ээж нь чамайг тийм мэргэжилтэй бол гэж шахахгүй. Гол нь өөрийнхөө сонгосон мэргэжилд эзэн болж яваарай. Хүсэл мөрөөдөл чинь чамайг хүссэн амжилтад нь хүргэнэ” гэсэн. СУИС-д тэнцчихээд ээжийнхээ үгийг бодоод нулимс унагаж байлаа. Ээж, дүүтэйгээ өссөн айлын том хүүгийн үүрэх хариуцлага олон. Одоо ээж минь надаар их бахархаж ярьдаг. Жүжигчин болоход хамгийн их дэмжсэн ээжийнхээ бахархалт хүү нь байж, олон сайхан дүр бүтээж, түүнийгээ ээждээ харуулахыг хүсэж байгаа.

-Жүжигчин Б.Буянтогтохтой анх хэрхэн нөхөрлөсөн юм бэ. Хэзээнээс хамт контент хийхээр болсон бэ?
-Бид чинь нэг ангийн оюутнууд, гэхдээ СУИС-д орохоосоо өмнө нэгнээ мэддэг байсан. "Нарантуул" зах дээр би өндөг зардаг, Буянаа тэрэг түрдэг байлаа. Зах дээр танилцаж байсан хоёр СУИС-д таарсан цагаасаа биенээсээ салаагүй. Бид өөрсдийгөө илүү хөгжүүлэх зорилготой. Цаашид өөрсдийн уран бүтээл хийх зорилго бий. Гэхдээ юманд ам гарч болохгүй, хичээж байна.
-Танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Найруулагчийн надад итгэж өгсөн дүр бүр дээр л ажиллаж үзнэ. Ямар ч дүр өгсөн бай, өөрт байгаа бүх чадвараа дайчилна. Найруулагчийн өгсөн дүр ганцхан үзэгдэл гараад өнгөрөх байсан ч надад үнэ цэнтэй. Би хүний итгэлийг алдахгүй, хариуцлагатай ажиллана. Намайг сонгоно гэдэг тодорхой хэмжээгээр намайг үнэлж байгаагийн илэрхийлэл шүү дээ. Тэр итгэлийг алдаж болохгүй.
-“Гарц” олон ангит кино үзэгчдэд юу ойлгуулахыг хүссэн бол. Тэр санаагаа хүмүүст хүргэж чадсан болов уу?
-Хүргэж чадсан. Найруулагч Б.Саруулбуяны гаргах гэсэн, ойлгуулах гэсэн олон санаа “Гарц” киногоор дамжиж үзэгчдэд хүрсэн. Хүн болгонд сонгох зам, гарц бий. Гэхдээ тэр бүр чинь үр дагавартай шүү гэдгийг харуулсан.
-Та ямар жүжигчин байхыг эрмэлздэг вэ?
-Хүн анх тавьсан зорилгодоо үнэнч, тууштай байх хэрэгтэй. Жүжигчин болоод авсан тэр мэдрэмжээ алдаж болохгүй. Туйлын зорилгоо мартаж болохгүй. Тэнд миний очих цэг байгаа, тэр хүртэл надад юу ч тохиолдож магадгүй.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Б.Буянтогтохтойгоо хамт уран бүтээл хийж эхлэх нь миний хамгийн том зорилго. Найзтайгаа ярьсан, мөрөөдсөн зүйлсээ биелүүлэхийг хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |