• Өнөөдөр 2024-05-01

Д.НЯМХҮҮ: ХҮН ХЭЧНЭЭН ӨВДӨЖ, ШАНАЛЖ, ЗОВСОН Ч САЙН, САЙХАН БҮТЭЭЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГ ШҮҮ ДЭЭ

2024-04-10,   1434

Анх түүнтэй “B.L.M.D” хамтлагийнх нь “Улаан нүдэн лам” дуугаар нь танилцаж, цар тахлын үеийн хөл хорио сулраад удаагүй байхад Оросын нэрт зохиолч Ф.М.Довтоевскийгийн “Гэм зэм” постдрамын жүжгийн багт ажиллаж байхад нь уулзаж байлаа. Гаднаас нь харахад өндөр нуруутай, дуугаа хураасан энгийн нэгэн эр атал дотроо үгээр илэрхийлж боломгүй зүйлсийг хөг, эгшгээр мэдрүүлэх олон мянган цохилгын оновч, байцыг нь тааруулж, дуу хөгжмөөр дамжуулан үзэгч, сонсогчдынхоо сэтгэлийн гүнд хүрч мэдрүүлдэг нэгэн байсныг яаж санах билээ...

                           Тэр гэдэг маань "Even Tide" болон "B.L.M.D" хамтлагийн дуучин, гитарчин, хөгжмийн найруулагч Nx буюу Д.Нямхүү. Тэрбээр "Even Tide" болон "B.L.M.D" хамтлагийнхаа хамтаар Монголын орчин үеийн хөгжмийн урлагт цахиур хагалж, өвөрмөц арга барил, урсгалаараа тодрон гарч ирээд байгаа төдийгүй сүүлийн гурван жилд үзэгчдийн хүртээл болсон “Гэм зэм”, “Опал”, “1984” зэрэг теарт урлагийн сонгодог бүтээлүүдийн хөгжмийн зохиол, найруулгын хийсэн нэгэн билээ. Ингээд уншигч танд "Even Tide" болон "B.L.M.D" хамтлагийн дуучин, гитарчин, хөгжмийн найруулагч Nx буюу Д.Нямхүүтэй сонгодог урлагийн хөгжлийн зохиол, найруулга болон уран бүтээлийн тухай үзэл бодол, хөгжмийн философийн тухай хөөрөлдсөнөө хүргэж байна.

-ДУУ ХӨГЖИМГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ. ХЭЛГҮЙ, СОНСГОЛГҮЙ БОЛСОН Ч АМАНДАА МОД ЗУУЖ БАЙГААД ХӨГЖМИЙН НОТЫГ ЯСААРАА МЭДРЭХ БАЙСАН-

-“B.L.M.D” хамтлагийн бусад хамтлагаа ялгарч, Монголын орчин үеийн дуу хөгжимд өөрсдийн гэсэн философитой хамтлаг гарч ирж буйгаа цар тахал, хөл хорионы үеэр илүүтэй зарласан. Түүнтэй зэрэгцэн та ч хувь уран бүтээлчийнхээ хувьд дэлхийн сонгодог бүтээл “Гэм зэм”-ийн хөгжмийн зохиолыг бичиж, найруулан яггүй артист гэдгээ харуулсан санагддаг. Ер нь анх хэрхэн театр, тэр дундаа жүжгийн хөгжмийн зохиол бичиж, найруулах болсон тухайгаа манай уншигчдад ярьж өгөхгүй юү?

                    -Манай “B.L.M.D” хамтлаг цар тахлын үед Оточ Манал бурхны тарнийг уншиж бүтээсэн EM буюу “Улаан нүдэн лам” нэртэй дуугаа гаргасан. “Улаан нүдэн лам”-ыг дэлхийг нөмөрсөн цар тахлын аюултай үед бүгд эрүүл байгаасай хэмээн хүсэж гаргаад “Soundcloud” платформд оруулаад орхичихсон юм. Гэтэл “Soundcloud” маш олон хүн EM буюу “Улаан нүдэн лам” дууг сонсож, таалсны нэг нь “Орфей” театрын найруулагч М.Батболд байж л дээ. Тэгээд М.Батболд найруулагч над руу утас цохиод “Танай уран бүтээл үнэхээр таалагдлаа. Яг манай жүжгийн уур амьсгалтай нийцэж байна. Чи надтай нэг ирж уулзах боломжтой юу” гэсэн санал тавьснаар театр, жүжгийн хөгжмийн зохиол, найруулгыг хийх болсон доо. “Гэм зэм” жүжиг миний анхны жүжгийн хөгжмийн зохиол, найруулга болсон.

-Анхны театр, жүжгийн хөгжмийн зохиолоо “Гэм зэм” гэх тэр том сонгодог бүтээлээр эхэлж басхүү амжилтад хүрсэн. Түүнээс хойш “Опал”, “1984” гээд Монголд гарсан томоохон театр урлаг, жүжгийн бүтээлийн хөгжмийн зохиолуудыг “базчихлаа” гэж харж байгаа шүү. Гэнэт л театрын урлагт орж, анхны бүтээлээсээ л амжилтад хүрлээ гэж бодож байсангүй юү?

                    -Би хувьдаа кино, цуврал үзэх дуртай. Киноны дуу оруулалт, хөгжмүүдийг ч таашаан сонсдог. Тийм учир дотроо “Киноны хөгжим хийж үзэх сэн” гэх хүсэлтэй явсан. Харин киноноос урьтаж жүжгийн хөгжмийн зохиол, найруулга хийсэн нь надад маш том сургамж, хичээл, туршлага болсон доо. “Гэм зэм” жүжиг дээр ажиллаад их юм сурсан. Одоо ч сурсаар л явна. Тэр бүрд зохиож, найруулсан хөгжмийг минь жүжигчид амилуулж, жүжиг болгож байгааг харах их сайхан санагддаг юм билээ. Сүүлд М.Батболд найруулагч дахин утсаар холбогдоод “Нэг сайн мэдээтэй. Манайх “1984”-ийг жүжиг болгохоор боллоо” гэсэн мэдээ надад дуулгасан. Дахин нэг дэлхийн сонгодогт өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, хөг аяа дэвсэн болсон нь үнэхээр сайхан санагдаж байлаа. Бүр “1984”-ийг сонгосонд чинь үнэхээр их баярлалаа” гээд жүжгийн багийнхандаа сэтгэгдлээ ч илэрхийлсэн. Тэгээд л дахин нэг дэлхийн сонгодгийн хөгжмийн зохиолыг хийсэн дээ. Бид улс төржихийг хүсээ л дээ. Гэхдээ “1984” гэх энэ том зохиол авч хийж байгаа нь сонгуулийн жилтэйгээ таарч байгаа нь бас нэгэн том тохиол биз ээ.

-“Гэм зэм” эхэлсэн таны театр, жүжгийн хөгжмийн зохиол, найруулгын ажил “Опал”, “1984”, “Тоорил хан” гээд үргэлжилнэ. Нөгөөтээгүүр дэлхийн томчууд, Монголын сонгодог жүжигт хөгжмийн зохиолчоор ажилласан. Харин төдийгөөс өдий хүртэлх энэ жүжгийн хөгжмийн зохиолуудаа эргэн харвал хувь уран бүтээлчийнхээ талаас ямар өөрчлөлт гарсан бэ?

                    -Жүжгийн хөгжмийг утга санаа, өнгө хувьсал, мөн чанарт гүн шингэж байж хийдэг. Тэр ч утгаараа жүжигчинтэй адил. Зарим тохиолдолд жүжигчнээсээ ч илүү жүжигтээ гүн автах ёстой. Гэхдээ тэр чинээгээрээ харанхуй, хар бараан уур амьсгалыг нь биеийн бүхий л эд, эсээрээ мэдэрнэ. Гэтэл гүн автаж, эд, эсээрээ мэдэрсэн зүйл маань эргээд өвдөлт, шаналал, стресс авчирдаг, мэдрэлийн ядаргаанд ордог. Харин өөрчлөлтийн хувьд илүү зөөлөрч байгаа шиг санагдсан. Өмнөхөөсөө дорвиун бус илүү даруу болоод байх шиг (инээв). Магад тэр их харанхуй, хар бараан зүйлсийг бодож, гүн автаж, бүхий л эд, эсээрээ мэдэрч байгаа хүн “Хэн ч  битгий ийм үйлдэл хийгээсэй” гэж бодож, өөртөө ч, хүмүүст ч илүү сайн сайхныг хүсэж, хайлж байгаа юм болов уу гэж анзаарах болсон шүү.

-Уран бүтээлч хүн ямарваа нэгэн том бүтээлд ажиллахдаа оюун, энергиэ зарцуулахаас бие физиологийн хувьд ч хоолны дуршил багасах, нойргүйдэл зэргээс эрүүл мэндийн эрсдэлтэй нүүр тулдаг гэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

                    -Мэдрэлийн ядаргаанд ороод ирэхээрээ хүн тархи, толгойгоо энгийн үеэсээ илүү ашиглаж эхэлдэг юм билээ. Хүн их бодох тусамж тархины эд, эс үхжиж, шатаж байдаг гэдэг. Түүний адилаар дэлхийн сонгодог гэх шалгуурт тэнцэж, чанартай уран бүтээл гаргахын тулд тархиа тэр чигт нь “золио”-нд гаргаж байгаа хэрэг л дээ.

-Таныг гадаад хэл судлаач, багшийн мэргэжилтэй гэж дуулсан. Гадаад хэлний багш мэргэжилтэй хүн анх хэрхэн дуу хөгжимтэй холбогдож, дурлаж, уран бүтээл хийх болов?

                    -Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Харин дөрвөн настайдаа Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу нүүж, тэндээ 12 нас хүртлээ амьдраад, түүнээс хойш сургуулиа төгстлөө Дархан хотод амьдарсан. Багаасаа дуу хөгжимд дуртай, хөгжмийн зэмсэг сонирхдог хүү байлаа. Гитар, төгөлдөр хуур гээд олон төрлийн хөгжмийн зэмсгийг сонсголоороо тоглоод сурчихаж билээ. Гэхдээ арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн Гадаад хэл, соёл судлалын сургуульд хэл шинжээчийн мэргэжлээр сурч төгссөн юм л даа. Харин амьдрал дээр гараад талхны мөнгөө олохын тулд олон төрлийн ажил хийж үзсэн. Гаднын жуулчдад хөтөч хийж, телевизийн Кино, гадаад мэдээллийн албанд киноны орчуулагч, сургалтын төвд англи хэлний багш ч хийж байсан. Амьдралаа босгох гэж тэгж явсан замдаа зөвхөн сонголт хийсэн нь “Even Tide” хамтлагаа байгуулалцсан явдал. 2016 онд Цэнгэл, Цэцэн, Мэргэн, Боогий нөхдийн хамт “Even Tide” хамтлагаа байгуулсан. Өмнө нь амьдрал, ахуйгаа авч явах гэж олон өөр ажил хийсэн. Одоо бол зөвхөн дуу хөгжимтэйгөө холбоо ажил хийж байгаа. Цаашид ч өөр ажил хийхгүй байхаар бат шийдсэн.

-Гэхдээ Монголд уран бүтээлч, хамтлаг зөвхөн уран бүтээлээрээ амьдралаа авч явах зах зээл хумигдмал шүү дээ. Хэн нэгэн уран бүтээлч, дуучин хувийн зардлаараа уран бүтээл хийгээд цомог гаргаж, тоглолтоо хийлээ ч зардлаа нөхөөд ард нь амьдралаа авч явж чадахгүй болсон олон тохиолдол байдаг. Урлагийн зах зээл нь ийм хумигдмал улсад зөвхөн уран бүтээлээрээ амьдрах шийдвэр гаргаснаа хэр оновчтой, зөв шийдвэр болсон гэж бодож байгаа вэ?

                    -Сайн ханьтай учирсны аз завшаан гэж боддог. Гэр бүлийн хүн маань намайг хэчнээн их ойлгодог гэдгийг уран бүтээлээ хийж байхдаа л хамгийн их мэдэрдэг. Хамтлагийн уран бүтээл, клип, жүжгийн хөгжмийн зохиол, найруулгын ажил гээд гэртээ ч ирж хонохгүй байх, ар гэртээ цаг зав гаргахгүй байх тохиолдол олон шүү дээ. Харин тэр бүрд хань маань намайг “Нямхүү үүнийгээ л хийхгүй бол аз жаргалтай байж чадахгүй” гэж бодож, ойлгодог нь надад сайхан байдаг.

-Уран бүтээлчдийг уран бүтээл, ахуйгаа ялгаж зааглах ёстой ч гэдэг. Харин та энэ тал дээр юу гэж боддог вэ. Амьдрал, уран бүтээл хоёр нэгнээсээ тийм хол оршдог зүйл хэрэг үү?

                    -Нэгэн үе ахуйдаа баригдалгүй салах ёстой юм байна гэж бодож явсан үе бий. Гэхдээ одоо л амьдрал, уран бүтээл гэдэг нэг цул зүйл гэдгийг ойлгож байна. Зарим үед ахуйд ч хөг, хөгжим байдаг шүү дээ. Ахуйгаас сайхан хөгжим төрдөг. Жишээ нь, хүүхдээ тоглож байгааг хараад, хоол хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа хүрээлэн буй орчин, дуу чимээнээс маш сайхныг мэдэрдэг. Тэр бүр хөгжим болно шүү дээ. Тиймээс би чиний асуултад “Ахуйгаас хөгжим төрнө. Хөгжмөөрөө ч ахуйг илэрхийлж болно” гэж хариулмаар байна.

-“B.L.M.D” ӨӨРСДИЙН “ГОЁ” БОДСОН ЗҮЙЛЭЭ, ТӨРЖ БУЙ МЭДРЭМЖЭЭ ХҮМҮҮСТ ХҮРГЭХ БОЛНО-

-“B.L.M.D” хамтлагийн уран бүтээлийг олон хүн “Балмад дуунууд хийдэг” гэж тодорхойлдог. Гэхдээ миний хувьд “B.L.M.D” хамтлаг дуу хөгжмийн реп, рок, жазз зэрэг олон төрлийн урсгалаар уран бүтээлээ хийдэг юм шиг санагддаг. Харин “B.L.M.D” хамтлаг өөрсдийгөө хэрхэн тодорхойлох вэ?

                    -Бидний хийгээд буй зүйлийг дуу хөгжим сонирхогчдын дунд импровисаци эсвэл jam гэж хэлэх нь бий. Импровисаци гэдэг нь ямар нэгэн бодлого, төлөвлөгөөгүйгээр тухайн орчинд мэдэрч буйгаа, өөрт төрж буй хэмнэлээ шууд тоглохыг хэлдэг. Энэ маань ч бидний хэв маягт илүү нийцсэн санагддаг. Нөгөөтээгүүр би ч, манай хамтлагийнхан ч жазз, рок, хип хоп, инди, сонгодог хөгжим гээд дуу хөгжмийн бүхий л урсгал, төрөлд дуртай. Тэгээд “Дуртай бүх чиглэлээрээ уран бүтээл хийж болох байтал яагаад заавал нэг урсгал, чиглэлийг сонгож тоглох юм бэ” гэж бодсоны дүнд хамтлагаараа jam хийж эхэлсэн нь одоогийн бидний дүр төрх, өнгө.

                    Харин хамтлагийн нэрийн тухайд, “Балмад” гэх үгийг манай Боогий яриандаа их ашигладаг. Гэхдээ балмад гэдэг нь муу, муухай гэсэн утгаараа бус “Гоё, сайхан” гэдэг утгаар нь бид ашигладаг байсан юм. Тэгээд л хамтлагтаа нэр өгөх болоод өөрсдийн гоё, сайхан гэж бодсон зүйлээ хүмүүст сонсгохын тулд “Гоё”-ын “Балмад”-ыг хамтлагийнхаа нэр болгосон. Өөрөөр, “B.L.M.D” хамтлаг өөрсдийн гоё гэсэн зүйлээ хүмүүст сонсгоно гэсэн утгатай ч гэж хүлээж авч болно. Харин үнэхээр гаднын дуу хөгжмийн урсгал, чиглэлд хамааруулж үзвэл, трип-хоп урсгалтай арай дөхүү байж мэднэ.

-“B.L.M.D” хамтлаг Монголын орчин үеийн хөгжмийн урлаг гэж гарч ирж байгаа ч зарим орчин үеийнхэн нь хүлээж авч чадахгүй байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа шиг санагддаг. Танай хамтлагийн тухай “B.L.M.D”-ыг сонсоод үзсэн их сонин гаж хамтлаг байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн хүн ч олон байдаг юм билээ. Орчин үеийн уран бүтээлчдийг дандаа гаж, эрүүл мэндийн асуудалтай байдаг гэх ярианы талаар та юу гэж боддог вэ?

 

-“Playtime” фестивалийн “Нисванис” хамтлагийн ойд зориулсан тоглолт дээр манай “B.L.M.D” хамтлаг “Нисванис”-ийн “Зөвхөн секс” дууны хэмнэлийг өөрийн хэв маягт оруулаад тоглож байлаа. Гэтэл тоглолтын дууны инженер нь сонсож байснаа “Та нар хэзээ дуугаа тоглож эхлэх юм бэ. Битгий хачин юм тоглоод бай л даа” гэж билээ (инээв). Яг үүнтэй ижилхэн томоохон хөгжмийн наадмын дууны инженер хүртэл ойлгохгүй эсвэл хүлээн авч чадахгүй. Тэглээ гээд бид хүссэн болгонд нь таалагдахгүй шүү дээ. Гэхдээ бидний мэдэрч байгааг мэдэрдэг хүмүүс байгаад биднийг сонсож байгааг нь бодохоор сайхан байдаг. Тэр л бидэнд чухал. Сонсогчид маань ч цөөхөн байгаадаа л үнэ цэнтэй, нандин санагддаг.

 

                    Нөгөөтээгүүр би цоо эрүүл хүн гэж ямар хүн хэлээд байгааг нь ойлгодоггүй юм. Үнэхээр “Энэ бол цоо эрүүл хүн юм аа” гээд нэг хүн гаргаад ирвэл тэр хүнийг харж байгаад мэдэж авч болох л юм. Гэхдээ өнөөгийн нийгэм, Монголын нөхцөл байдалд бүх хүн ямар нэгэн асуудал, бие, сэтгэцийн хувьд асуудалтай байгаа байх л гэж боддог. Тэгэхээр үнэхээр эрүүл хүн гэж байдаг ч үгүй байх.

-Таны дуу хөгжим, уран бүтээлийн үзэл баримтлал юу вэ. Уран бүтээлдээ хэр шүүлтүүртэй ханддаг вэ?

                    -Би дуу хөгжмийг сэтгэл хөдлөл гэж боддог. Зарим үед маш ууртай нүргэлээд, зарим үедээ аз жаргалтай, амар амгалан байгаа илэрхийлж болдог хөгжим бол сэтгэл хөдлөл. Хааяа өөрийгөө хөгжмийн зэмсэг шиг ч санадаг (инээв). Өөрийгөө зэмсэг гэж төсөөлөөд тухайн үед мэдэрч байгаа зүйлээ гаргавал “Үнэн байх болов уу” гэж боддог юм. Яах вэ, хөгжмийн дуугаралтын хувьд мастер, микс хийж байж үзэгч, сонсогчдод сайн дуугаралттай, чанартай хөгжим сонсгоно. Харин гаргаж буй бүтээлдээ хэт шүүлтүүр хандаад дэмий болов уу гэж боддог. Уран бүтээлдээ хэтэрхий хатуу хандаж, шүүгээд эхэлбэл тэр нэг ариун, үнэн зүйл нь үгүй болчих юм шиг санагддаг.

-“B.L.M.D”-ын дуунуудыг сонсохоор их нууцлаг мэдрэмж төрдөг. Шигүү ойд ганцаар алхаж байгаа ч юм шиг, сүм, хийдэд мөргөл үйлдэж байгаа ч юм шиг санагдах үе бий. Тэр бүр өөр өөрийн мэдрэмж, өөр өөрийн цаг хугацаатай байдаг. Харин тэр олон мэдрэмжийг сүлэлдүүлсэн “B.L.M.D” уран бүтээл, дуунуудаа хэрхэн бүтээдэг бол?

                    -Хүн бүрд өвдөлт, зовлон, шаналал, аз жаргал байдаг. Харин тэр бүх мэдрэмжийнхээ алийг нь бүтээж, сонсгох вэ гэдэг тухайн хүний асуудал. “B.L.M.D” дээр дурдсанчлан өөрсдийн гоё гэж бодсон зүйлээ тоглоно. Тэр нь реп, рок, жазз, сонгодог хөгжмийн элементтэй байна уу, үгүй юү хамаагүй бид хөгжмөө тоглох үедээ хөгжимдөө мансуурч, трансд орж тоглодог. Транс гэдэг маань өөр бодох зүйлгүй, бараг бодолгүй биеийн төлөв үүсгэж, ховсын шинж чанарт хүргэж байгаа хэрэг л дээ. Уран бүтээл, дуу хөгжмөөрөө мансуурч, өөрийгөө жаргааж байгаа. Харин бидний дуу хөгжим тэр хүмүүсийг автуулаад байгаа хөгжим, өөрийг нь трансд оруулж, донтуулж, мансууруулаад байгаа зүйлийн үнэ цэн юу вэ гэдгийг л таниулах юм.

-УРАН БҮТЭЭЛ ГЭДЭГ ХАРАНХУЙ ЗАМААР ДЭНЛҮҮ БАРЬЖ ЯВАХТАЙ АДИЛ-

-Уран бүтээлч болгон өөр өөрийн гэсэн бүтээх зуршил, бүтээмж гаргах хөшүүрэгтэй байдаг гэдэг. Таны бүтээх зуршил, хөшүүрэг юу вэ?

                    -Шинэ дуу, уран бүтээл хийгээд суухаараа дуугаа хураах нь элбэг. Хүнтэй нэг их дуугаралгүй явсаар хөгжмийн зохиолоо гаргаж, найруулдаг. Тэгэхдээ янжуур тамхи татна. Түүнээс бусдаар өөрийгөө хүчилж, мотордож, шатаадаг зүйлгүй дээ.

-Таныг хамгийн их зовоож, шаналгаж байж үр дүнд хүрсэн уран бүтээл тань юу байв?

                    -“Алиса гайхамшгийн оронд”- гэх хүүхдийн жүжигт ажиллахад их хүнд санагдаж байсан. Бодох нь ээ, би өмнө нь дандаа хар бараан зүйлсийн талаар уран бүтээл хийж байсан юм билээ. Харин хүүхдүүдэд зориулж, тэр түүхийн гэрэл гэгээг сайн, сайхнаар дуу хөгжмөөр амилуулна гэдэг надад их хэцүү байсан. Тэгэхдээ “Дандаа л зовлон зүтгүүртэй юм хийсээр байгаад аз жаргалтай зүйл бичиж чадахаа больчихсон байх вий” гэж өөрийгөө их өрөвдсөн (инээв). Гэхдээ ямар ч байсан ард нь гарч, хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиол, найруулгаа санаанд хүргэж хийж чадсан.

-Танд дуу хөгжим, уран бүтээл хөөж, хөгжимтэй нөхөрлөж явсан энэ замдаа өөртөө бууж өгч, шантарч байсан үе бий юү?

                    -Байгаа. Одоо ч гэсэн тийм бодол төрөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ зүгээр л бодол шүү дээ. Надад “Би хөгжмийн хүн болно” гэж шийдэх утгагүй юм шиг санагдсан. Зүгээр л хөгжимд дуртай, энэ зүйлд татагдаж байгаадаа дуртай зүйлээ хийж байна гэж бодоод хийх сайхан. Тиймээс ч одоо хөгжимд шантрах үе дахин гарч ирсэн ч тэр шантарсан үеэ би хөг, нот болгож, хөгжмөөр илэрхийлэх болно.

                    Хэрэв намайг “Үхэх үү эсвэл хэлгүй, сонсголгүй болох уу” гэвэл би хэлгүй, сонсголгүй болохыг нь сонгоно. Хүн амандаа мод зууж байгаад гар, биеэрээ хөгжмийн зэмсэг тулбал хөгжмийн нот, цохилтыг нь ясаараа мэдэрдэг гэлцдэг. Тэгэхээр би хэлгүй, сонсголгүй болсон ч амандаа мод зууж байгаад ясаараа хөгжмийн нотыг мэдэрч байна. Түүнээс бусдаар хөгжимгүй бол амьдарч чадахгүй, хөгжимгүй амьдарна ч гэж төсөөлөгдөхгүй байна.

-Өөрөө өөртөө тулгаж байсан хамгийн хүнд, том сорилт юу байсан бэ?

                    -Өөртөө таалагдах... Өөртөө таалагдана гэдэг бусад хүнд таалагдахаас илүү хэцүү бас чухал. Хийсэн бүтээлээ өөрөө сонсоод таашаал авч байвал тэр бол хорвоо дээрх хамгийн сайхан таашаал, хамгийн том сорилт. Одоохондоо өөртөө таалагдаж чадахгүй байж мэднэ. Ядахнаа чадахыг оролдож, амьдралыг илүү хүндэлсэн, уучилсан зүйл хийж байж “амжилтад” хүрнэ. Ер нь хүн насны бөгсөнд хийсэн зүйлээсээ илүүтэй хийгээгүй зүйлдээ харамсдаг гэдэг дээ.

-Та “амжилт” гэж хэлсэн зүйлээ юугаар хэмжиж, үнэлэх юм бэ?

                    -Амжилт гэдгийг их энгийнээр ойлгодог. Амжилт гэдэг бол амжих гэсэн үг. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг өөрт олдож буй цаг хугацаагаа үр дүнтэй ашиглаж, амжуулна л гэж боддог. Хэрэв чадахгүй бол бууж өгнө, хүлээн зөвшөөрнө. Би уран бүтээл гэдэг харанхуй замаар дэнлүү барьж явахтай ижил гэж боддог. Хаашаа очихоо мэдэхгүй ч тэмтрээд л явж байдаг. Тэгэхдээ өвдөж, зовж, шаналж байсан ч сайн, сайхан бүтээл гаргахыг хүсдэг шүү дээ. Хүн зовохынхоо хэрээр л аз жаргалтай болж байдаг. Нөгөөтээгүүр уран бүтээлч хүнд улангассан их бүтээх хүсэл байх ёстой гэж боддог юм. Тиймээс амжина гэж ярьсаных амжуулахын тулд л улангассан их хүслээр өөрийгөө цэнэглээд явна даа.

-Идэвхтэй уран бүтээл гаргаж, тоглолт хийж байсан үеэ бодвол “B.L.M.D” хамтлаг хэсэг хугацаанд шинэ уран бүтээл гаргаж, тоглолт хийлгүй хэсэг хугацаанд чимээгүй байлаа. Харин одоо эргэн ирэлтээ хэзээ хийх вэ. Үзэгч, сонсогчдодоо шинэ уран бүтээлийн бэлэгтэй ирэх үү?

                    -Бид хамтлагаараа ирэх зунаас өмнө амжиж тоглолт хийх санаатай байгаа. Төлөвлөгөөгөөр явбал тоглолтоосоо өмнө шинэ дуу цацна. Энэ жил “B.L.M.D”-ынхан маань ч хамтлагийн ажилдаа илүү төвлөрч, идэвхтэй ажиллаж, дуу гаргаж, тоглолт хийхийг хүсэж байна. Одоо бол бүгд л тал талдаа уран бүтээл цангасан байгаа шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд “B.L.M.D” хамтлагийн сонсдог, шинэ уран бүтээл, тоглолт хүлээж суудаг үзэгч, сонсогчдодоо хандаж үг хэлэх байх гэж найдаж байна...

                    -Бидэнтэй адилхан мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй хүмүүс байна гэж бодох сайхан байдаг. Уулзлаа гэхэд ярих ч шаардлагагүй нэгнийгээ ойлгож чадах хүмүүс байх гэж итгэдэг. Тийм хүмүүс байгаад “B.L.M.D” үнэхээр баярладаг. Сонсож байгаад чинь, зүгээр л оршин байгаад чинь бид баярладаг шүү гэж хэлье дээ.

 

 


Д.НЯМХҮҮ: ХҮН ХЭЧНЭЭН ӨВДӨЖ, ШАНАЛЖ, ЗОВСОН Ч САЙН, САЙХАН БҮТЭЭЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 14:56:07
    shn amitan: neg bavjhisnda keke
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 23:00:59
    Зочин: Харанхуйг зүхэж суухаар гэрэл болж амьдралыг гийгүүлээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 12:00:46
    nmk: togloltiig mun ch ih huleej bnadaa <3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 11:35:09
    Javkhlantugs: Sain bnu dawgu bla ghde ug usgiin aldaa ihtei ym.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 10:59:59
    Bat-erdene: Mundag zaluu baina. Tag zaluu bn.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188