• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ын дарга асан С.ТӨМӨР-ОЧИР:Бид иргэд тэтгэмж аваад ядуурлаас бага ч болтугай гарна гэж тооцоолсон ч эсрэгээрээ ядуу гэж бүртгүүлэх сонирхолтой хүн маш олон болсон

2020-11-04,   1421

УИХ-ын дарга асан, Боловсролын сайд асан өдгөө Японы Оберлин Их сургуулийн зочин профессороор ажиллаж буй, Философийн ухааны доктор /Рh.D/, профессор, “Буурал” хэмээх нэрээрээ олонд хүндлэгддэг Санжбэгзийн Төмөр-Очир гуайг эх орондоо хэдхэн хоног ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Та Монголд байх хэдхэн хоногийнхоо олонхыг Архангайдаа өнгөрүүлжээ. Нутагт нь сайхан хавар болж байна уу?

-Ойр ойрхон очсон ч, удаж байгаад нутгаа зорьсон ч ялгаагүй өндөлздөг дөө.Ер нь нутгаа зорих шиг сайхан аялал, сайхан газар орон гэж үгүй. Архангайд хачин сайхан хавар болж байна. Ер нь л аль ч газрынхаас ер бусын хавар миний нутагт л ирдэг шиг санагддаг. Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, малчны хүүхэд. Аав, ээж минь нутаг орныхондоо хүндлэгдсэн сайхан хүмүүс байсан. Долдугаар ангиа сумандаа, аравдугаар ангиа аймгийн төвийн сургуулийг 1974 онд төгсөөд л хотын хүн болсон. Одоо миний бие эрүүл тэнхлүүн, өвдөж зовоод байдаггүйн шалтгааныг би нутгийнхаа хөрс шороо, агаар устай холбож боддог. Зуны гурван сар хөл нүцгэн гүйж, байгаль дэлхийтэйгээ ойр өссөн учраас бидний үеийнхэн тэнхээ сайтай, барагтай л бол өвдөж, зовоод байдаггүй байх. Намайг жааханд манайх нэгдлийн 500 гаруй хонь айлтай ээлжилж хариулдаг байлаа. Зун саалийн үеэр тэр олон хонийг өдөрт хоёр саана. Саах бүртээ холбоно. Бороотой, нартай алинд ч бүгдийг нь саана. 500 гаруй хониноос баригддаггүй, гүйцэгддэггүй, ааштай 10-аад хонь байна шүү дээ. Тухайн үед “Тэднийг орхичихгүй яагаад заавал барьж саадаг юм бол” гэж боддог байлаа. Гэтэл одоо бодоход үүний цаана их нарийн ухаан явж ирсэн байгаа юм. Тэднийг барьж саахгүй бол адаглаад хөх нь чинэнэ, хурга нь сүүндээ бялуураад чацга алдана, өөдтэй махалж чадахгүй, цаашлаад тарга тэвээрэг авч чадахгүй шүү дээ. Дээр нь биднийг тэвчээр, юмыг яг таг хийх ёстой занд сургаж байж. Гэтэл одоо хонь, ямаа саах битгий хэл үнээгээ өдөрт нэг л саадаг болсон байна.

-Нээрээ тийм шүү, үнээгээ өдөрт хоёр саадаг айл цөөрсөн байна лээ?

-Монголчууд малынхаа ашиг шимийг хүртэж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Малаас хэрэггүй, хэрэглэдэггүй юм ширхэг ч байхгүй. Монголчууд уул уурхай биднийг тэжээнэ гээд малаа орхичих шиг боллоо. Гэтэл таван хошуу мал л монголчуудыг тэжээнэ. Гэсэн мөртлөө орон нутагт мал их өссөн байна. Манай тийшээ 100, 200 үнээтэй, мянгат, хоёр мянгат, таван мянгат малчин хаа сайгүй байна. Тийм атлаа гүү барьж, айраг исгэж байгаа айл тун цөөн. Цагаан идээ дотроо ээзгий буцалгадаг айл бараг алга. Ээзгий буцалгахад түлээ их ордог, ажил ихтэй гэнэ. Нөгөө талаас харвал 100 үнээгээ өдөрт хоёр саагаад түүнээс гарсан сүүг тухайн малчин боловсруулах технологи, борлуулах зах зээл алга. Саяхан ХХААХҮЯ Японоос Монголын сум болгонд хуурай сүүний үйлдвэр байгуулна гээд санхүүжилт аваад байх шиг байсан. Түүнийгээ хэрэгжүүлсэн бол малчдад их хэрэгтэй байжээ. Эндээс ургуулаад бодоход л сүү боловсруулах үйлдвэрийн бизнес хийх боломж хүн бүрт нээлттэй байна гэсэн үг. Монголчууд энэ мэтээр экологийн цэвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн аргаар бүтээгдэхүүн болгох орон зайгаа харах, үнэлэх цаг нь болжээ. Зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаад дэлхийд брэнд гаргах боломж байна. Үхрийн ширийг л бодоод үз. Манайхаас хямд үнээр худалдаж авсан ширхэг ширээ хятадууд боловсруулаад, өндөр технолгиор хөөлгөөд арван ширхэг нимгэн шир болгож гаргаад гоёлын түүхий эд хийж байна.

-Таны бага нас, хүүхэд ахуй цагийн тухай дурсамжийг яриулъя гэж бодтол арай өөр тийш хазайчихлаа. Та математикийн улсын олимпиадад түрүүлсэн гээд тухайн үеийн Боловсролын сайдаас их сургуулийн хуваариа гардаж байсан гэдэг бил үү?

-Би айлын том хүү. Миний дараагийн дүү надаас найман насаар дүү. Тэгэхээр ээж аавдаа эрхэлж өссөн хүү байгаа биз. Тэр үед “Хүүхэд хорооллоно” гэж ярьдаг байсан. Намар сургууль эхлэхээр сумын төв рүүгээ нүүж орж ирчихээд, хавар буцахыг хэлж байгаа юм. Би өвөө, эмээгийн хүү. Ээжийн аав буюу миний өвөө лам хүн байсан. Өвөө надад төвөд үсэгнээс эхлээд өнөөгийн энд хүртэлх бүх суурийг маань их сайн тавьж өгсөн гэж боддог. Ээж аав хоёртойгоо хорооллоод л байсан бол эрхлээд олигтой сурахгүй байсан ч байж мэднэ шүү дээ. Намайг аравдугаар анги төгсдөг жил төгсөгчид анх удаа конкурс өгч их, дээд сургуульд элсдэг болж байсан юм. Тухайн үеийн 21 аймгаас математикийн улсын олимпиадад түрүүлж, дээгүүр байр эзэлсэн 30 гаруй хүүхдийг Ардын боловсролын сайд Д.Ишцэрэн гуай өрөөндөө хүлээж аваад “Энэ жил арав төгсөж байгаа хүүхдүүдэд элсэн орох боломжтой гадаад, дотоодын ийм ийм сургууль байна. Та нар сонгоод ав” гэсэн. Тэгээд би Их сургуулийн математикийн багшийн анги авч байлаа.

-Таны үед намрын ажил гэж та нарынхаар бол гэгээн дурсамж бүтээсэн, жаргалтай өдрүүд, биднийхээр бол үлгэр, домог шиг өдрүүд байсан байх аа. Намрын ажлаар явахдаа та ямар дурсамж бүтээж байв?

-Тухайн үед манай аймагт нүүрс байхгүй учраас дан модоор галлана. Намар болохоор түлээ бэлдэх гээд ууланд ангиараа, сургуулиараа явна. Жишээ нь, Тариатын 10 жил жилд 250 машин мод түлдэг байлаа. Ганцхан сургууль гэхэд модыг ёстой балладаг байсан байгаа биз. Одоо бол Баянтээгээс нүүрс авчихдаг болсон. Гол нь тухайн үеийн намар, хаврын ажил гэж хүүхдүүдийг нийгэмшүүлж, хөдөлмөрт сургадаг үгүй мөн сайхан зүйл байсан. Наймдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын дунд хүртэл ногооны талбайд юм уу, хадлан, тариалангийн талбайд л явна. Хэн нь хэнийгээ олж нээдэг, хэрхэн бусдын дунд зөв явах вэ, хүн байх ухаан олж авдаг, бусдын чанарыг таньдаг том “сургууль” байж. Одоо бол дөрвөн жил нэг ангид сурчихаад бараг биенээ танихгүй төгсөж байна шүү дээ. Өлсөж цангах, ядрах, өвдөхөөс эхлээд бүгдийг хамтдаа туулсан хүмүүс чинь амьдрал дээр жинхэнэ нөхөрлөл бүтээдэг юм байна. Оюутан насны, тэр сайхан цаг хугацааг хамт туулсан найзууд маань одоо хэр нь бие биеэсээ удаан хол байж чаддаггүй. Манай хэд уулзахаараа Японд байгаа над руу видео дуудлага хийнэ. Байсхийгээд л дүрсээ харж, яриад баахан инээлдэнэ. 70 гарсан хөгшчүүл мөртлөө л яг тэр үеийнхээрээ ярьцгаана, хөөрөлдөцгөөнө, бас болоогүй бие биеэ санана. Насан туршийн найзууд чинь олон зүйл дээр бие биедээ нөмөр нөөлөг болно шүү дээ. Энэ чинь нэг талаараа боловсролын далд үүрэг маш сайн хэрэгжиж байжээ гэсэн үг, бидний үед. Тэндээс эхлээд л миний бүх амьдрал боловсролын салбартай холбогдсон доо.

-Тодорхой ярьж өгөөч?

-Миний амьдрал бараг тэр чигтээ боловсролын салбартай нягт холбоотой. Бага, дунд, дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа Багшийн дээд, Их сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, орлогч захирал болоод сүүлд захирал болсон гэхээр Их сургуульд хашиж болох бүх албыг дуусгасан хүн. Дээр нь Боловсролын яаманд газрын даргаас эхлээд дэд сайд, сайдын зөвлөх, сайд болтлоо ажиллажээ. Ингэхээр чинь боловсролын салбар надтай, би боловсролын салбартай нягт холбоотой байхаас аргагүй байгаа биз. Үүнээс гадна оюутны байранд бид зургуулаа байдаг байлаа. Гэтэл тэр зургаа зургуулаа гавьяат болсон. Үүний дөрөв нь нэг анги буюу манай ангийнхан юм, энэ бас их ховор тохиол шүү. Үүний дээр манай анги долоон гавьяаттайн нэг нь одоогийн зурхайч Л.Тэрбиш юм шүү дээ.

-Дээр нь та УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан. Нэг талаар хүний хашиж болох алба бүхнийг хашсан ч, нөгөө талаар заримынх нь ганц амьдрал багадахаар олон хүнд албыг хариуцаж иржээ?

-Тэгсэн байна. Одоо Японы Оберлин их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар судалгааны ажил хийж байна. Хэдэн ном бичиж байна. Эхнээсээ хэвлэгдлээ. Энэ удаад “Ерөнхий хийгээд боловсролын социологи” номоо хэвлүүлчихээд явж байна. Монголд одоогоор миний бичсэн шиг ийм ном байхгүй. Багш, суралцагчид, магистр, докторын зэрэг горилогсдод чухал хэрэгтэй зүйлсийг нь хэлж өгөх болов уу гэж цөөнгүй жил сууж хийсэн сурах бичгээ хэвлүүллээ.

-Танд УИХ-ын гишүүн байхдаа “Би тэрийг л хийх байж дээ” гэж бодогддог, хийгээгүй үлдээсэн, гүйцээж чадаагүй зүйл юу байна вэ?

-Гишүүн байхдаа би Боловсролын тухай хуулийн шинэчлэл дээр нэлээд ажилласан. Тухайн үеийн УИХ-ын гишүүд, ард иргэд хэн ч бай зах зээлийн эдийн засаг гэдэг зүйлийг огт мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бид үүнийг маш сайн судалж, түүнд тохирсон хууль гаргах ёстой байсан гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл, бид тухайн үед Америкийн боловсролын системийг тэр чигээр нь хуулсан л даа. Гэтэл монгол хүүхдийн онцлог, сэтгэхүйд тэр программ тохирох уу, үгүй юү гэдгийг ихээхэн дутуу бодож дээ гэж боддог. Мөн боловсрол гэлтгүй аль ч хуулийг батлахад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хууль батална гэж ярьдаг байсан мөртлөө үнэндээ чаддаггүй байсан. Одоо хэр нь олигтой чадахгүй л байна. Өөрөөр хэлбэл, хууль боловсруулж байхад болох юм шиг атлаа яг хэрэгжээд явахаараа эсрэгээрээ, муу үр дүн гарах тохиолдол байна. Жишээ нь, монголчууд ядуу байна, ядуурлыг багасгахын тулд ядууст тэтгэмж өгье гээд л эхэлсэн. Уг нь бид ядуу хүмүүс тэр тэтгэмжийг аваад бага ч болтугай ядуурлаас гарна гэж сэтгэж, тооцоолж байлаа. Гэтэл өдгөө ядуу гэж бүртгүүлэх сонирхолтой хүн яасан олон нэмэгдсэн гэж санана. Жинхэнэ ядуус нь бүр ядуурч, гайгүйчүүд нь тэднийхээ хоолыг булаадаг нийгэм болчихлоо. Тухайн үедээ бидний хэн нь ч ийм болно гэж төсөөлөөгүй, харин ч өгсөн тэтгэмжийг маань аваад урам зоригтой болж, улам илүү хөдөлмөрлөж, ядуурлаас гарна гэж бодсон хэрэг. Нэг онигоо шиг бодит явдал хэлж өгье. Долоон буудалд Дэлхийн зөн бил үү дээ, нэг хандив, тусламж өгдөг газрынхан ядуу иргэдэд үнэгүй хүнс тарааж байж. Тэгсэн алтан ээмэг, бөгжтэй нэг эмэгтэй хүнс аваад гарч явахад нь хорооных нь дарга “Та дараа ирэхдээ алтан ээмэг, бөгжөө гэртээ үлдээгээд ирээрэй. Өгч байгаа хүмүүс таны наадах руу чинь хараад толгой сэгсрээд байна шүү” гэсэн байгаа юм. Ийм л болсон байна.

-Ядуурлаас, ядуу сэтгэхүйгээс яаж салгах вэ?

-Хувь хүн бүр хөдөлмөрлөж, үйлдвэрлэл хөгжүүлж байж л ядуурлаас гарна. Өөр сонголт байхгүй шүү дээ.

-Та бол монголчуудын амьдрал нэлээд хэцүү байсан цаг үеийн буюу 1996-2000 оны УИХ-ын гишүүн. Тэр үеийн монголчуудын амьдралыг сайжруулахад улстөрчид хэрхэн ажиллаж байсан талаар ярьж өгөөч?

-Их хүнд цаг үе байсан. Картын бараанд улсаараа дугаарладаг, дэлгүүрт хатсан давснаас өөр юмгүй байсан он жилүүд. Картын бараанд дугаарласан иргэдийн хөлд хүүхэд дарагдаж, амиа алдаж байсан, тийм өлсгөлөн цаг. Орой болгон цахилгаан тасарна, хэдэн цагт ч хамаагүй унтарчихна. Халаах зуухнууд нь хуучирсан учраас орон сууцны хорооллууд нь хөлдөнө. Тухайн үеийн Ерөнхий сайд нь П.Жасрай гуай байсан. П.Жасрай гуай бид хамтдаа энэ хүнд үеийг хэрхэн богиносгох вэ гэдэг дээр нэлээд ажилласан. Гаднын тусламж, дэмжлэгүүдийг ч нааш нь их татсан. Жасрай гуай биднийг гадаадад томилолтоор явуулдаггүй “Чи Монголын сайд юм бол Монголдоо ажлаа хий” гэдэг байсан. Тэгж мөнгөө хэмнэдэг байлаа. Биднээс гадна дунд албан тушаалын хүмүүс ажлаа маш сайн мэддэг, гүйцэтгэхдээ ч сайн хүмүүс байлаа. Жишээ нь, Цахилгаан станцын тухайн үеийн дарга гэртээ харьж байсан юм уу, үгүй юү бүү мэд. Тал талын мэдлэг, сэтгэл, зүтгэлийн оролцоотойгоор тэр хүнд үеийг даван туулсан даа, монголчууд. Тэр үед П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл асаж байна” гэсэн үгээ хэлсэн юм шүү дээ. Үнэхээр түүнийг л хүлээж байсан уу гэмээр он жилүүд монголчуудад байсан.

-Тэр үеийн УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн цалинтай байв. Хувийн бизнестэй хүн хэр олон байсан бэ?

-За хувийн бизнестэй хүн ёстой ганц, хоёрхон л байсан байх. Бусад нь дандаа багш, эмч, эдийн засагч гэх мэт төрийн албанд олон жил нухлагдсан жинхэнэ мэргэжлийн албан хаагчид байсан. Тийм ч учраас хууль боловсруулах, авах арга хэмжээнүүд чанартай, ултай суурьтай тавигдсан юм. Би дараа нь УИХ-ын дарга байхдаа сарын 800 мянган төгрөгийн цалин авч байсан гэхээр гишүүн байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхой биз. Тэр үед би Их сургуульдаа багшилж байсан бол сард 1.2 сая төгрөгийн цалин авах байсан. Бидний үед “Тойрогтоо юм хий” гэж жилд нэг сая төгрөг төсөвлөдөг байлаа. Сүүлдээ нөгөөх нь хүрэхээ байгаад 10 сая болгож байлаа. Гэтэл одоо 4-5 тэрбум төгрөг төсөвлөдөг гэж байна. Зарим нь тэр төсвийнхөө тайланг өгдөггүй гэнэ. Дээр нь УИХ-ын гишүүн хууль санаачилбал 20 сая төгрөг өгдөг гэнэ үү. УИХ-ын гишүүн гэдэг чинь хууль санаачилж, батлах гэж л тэнд сууж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хийснийхээ төлөө нэмж, 20 саяар нь авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд зогсохгүй зарим нь хүнд, хуулийн фермд мөнгө төлж, өөрийнхөө бизнест тохирсон хуулийн төсөл боловсруулуулчихаад тэрийгээ нэрээрээ батлуулдаг гэв үү дээ.

-Одоогийн улстөрчдийг хараад танд ямар нэг юм хэлмээр санагдах үе гарна биз?

-Гарна аа. Заримдаа ч бүр загнамаар болно. Гэхдээ өмнө нь энэ албыг хашиж байсан учраас зарим зовлонг нь ойлгох ёстой гэж бодно. Бидний үед “Тойрогтоо юм хий” гэж жилд нэг сая төгрөг төсөвлөдөг байлаа. Сүүлдээ нөгөөх нь хүрэхээ байгаад 10 сая болгож байлаа. Гэтэл одоо 4-5 тэрбум төгрөг төсөвлөдөг гэж байна. Зарим нь тэр төсвийнхөө тайланг өгдөггүй гэнэ. Дээр нь УИХ-ын гишүүн хууль санаачилбал 20 сая төгрөг өгдөг гэнэ үү. УИХ-ын гишүүн гэдэг чинь хууль санаачилж, батлах гэж л тэнд сууж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хийснийхээ төлөө нэмж, 20 саяар нь авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд зогсохгүй зарим нь хүнд, хуулийн фермд мөнгө төлж, өөрийнхөө бизнест тохирсон хуулийн төсөл боловсруулуулчихаад тэрийгээ нэрээрээ батлуулдаг гэв үү дээ. Ийм байж болох уу даа. Үүнээс гадна улстөрчийн ёс зүй гэж бидний үед огт өөр зүйл байжээ гэж бодогддог юм. Тухайн үеийн ард нийтийн ёс зүй, боловсрол ч өндөр түвшинд байсан. Одоо бол хаа хаанаа л ичих булчирхай нь ажиллахаа больсон харагдах юм. Төрийн албанд ажиллаж байгаа залуучуудын мэдлэг, боловсрол, чадвар муу мөртлөө их сэхүүн хүмүүс л байх юм. Болж өгвөл хүнийг загнаад байх санаатай. Зааза, энэ талаар ярьж, хайран цаг үрээд яах вэ, хоёулаа. Хүнийг хүн болгож байгаа ганц зүйл бол ёс зүй гэдгийг л хэлье.

-УИХ-ын дарга байх хэцүү байсан уу?

-Миний үед харьцангуй сайхан байсан. Ажлаа, асуудлаа мэддэг хүмүүстэй хамт ажиллана гэдэг чинь аливаа ачааллыг үүрэлцээд, шалдар булдархан хэл амыг тоох ч завгүй ажилладаг байж. Намайг УИХ-ын дарга байхад манайх олонх байлаа. Олонх байхын нэг сайхан тал нь зөв, тодорхой зүйлийг сайн ойлгуулбал, маш сайхан дэмжээд, ажил сайн явна. Сул тал нь нэгдмэл байх тал дээр олон хүн тааруу шүү дээ. Бараг цөөнхөөсөө ч урамгүй байж мэднэ.

-Таны үед газар хувьчлал ид өрнөж байсан бил үү?

-Тэгсэн. Миний өмнөх үед өмч хувьчлал явагдсан. Тэр их хэцүү юм болсон байсан. Жишээ нь, зарим аймагт наадмын талбайгаа, бүр Засаг даргын Тамгын газрын байрыг нь хүртэл хувьчлаад аваад явчихсан тохиолдол гэх мэт хөгтэй гэмээр юм их гарсан шүү. Энэ мэтээр хувьчлалын асуудал нэлээд будлиантай болсон нь үнэн. Юу ч үгүй байсан хүмүүст хувьчлал нэрээр юм өгөхөөр нөгөөдүүл нь юм болгож чадахгүй үрэн таран хийгээд өмнөх шигээ хувхай хоосон үлдсэн жишээ тоймгүй. Ах нь нэг дүүдээ хэчнээн гэлээ тооны мал хувьчлаад өгөөдөх сөн чинь цөмийг нь эвдэрхий мотоциклээр сольчихсон сууж байсан гэх онигоо ч сонсогдож л байсан. Заримд нь бол сайн зүйл болсон л байх.

-УИХ-ын даргын аав боллоо гээд тухайн үед аав тань их баярлаж байв уу. Танд ямар нэг үг зөвлөж, хэлж байв уу?

-Хүмүүст хүүгийнхээ тухай их ярьдаг гэсэн. Надад нэг их юм ярихгүй. Бараг тоох ч үгүй байгаа юм шиг царайлна. УИХ-ын дарга болсон байхад нэг удаа намайг дуудаад “Чи олон машин унаж, төрийн мөнгө үрж яадаг юм. Өөрийнхөө машинаар эхнэрээ ажилд нь хүргээд, өөрөө ажилдаа явж байхгүй юу. Өөрөө нэг машин унана. Бас нэг юм дагалдана. Эхнэр нь өөрийнхөө машиныг унана. Гурван машин хоёрхон хүнд үйлчилнэ гэж юу байсан юм” гэж билээ. Аав аливаа юманд яг ийм үнэнч сэтгэлээр ханддаг байсан. Энэ зангаас нь надад бага сага байгаа юм болов уу гэж хааяа боддог л юм. Аавыг сүүлд ядраад байхаар нь намар аваад ирдэг байсан. Хавар болоод ирүүт л тогтож суухаа байгаад л “Нэг муу бяруу байсан. Одоо бүр муудаж байгаа байх” гэх мэтээр үглээд эхэлнэ. Тэр нь “Хөдөө рүүгээ явъя” гэж байгаа хэрэг. Тэгээд дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Архангай руу хүргэж өгнө. Хөдөө гэртээ байх нь аавд жаргал байсан байх. Дүү нарт “Ахынд чинь байх сайхан л даа. Гэхдээ төрийн тусгай хамгаалалтад байна гэдэг чинь боловсон шоронд байгаа л гэсэн үг юм уу даа” гэж ярьсан гэсэн. Эхнэр бид хоёр ажилтай гээд гэртээ тогтохгүй, манай хоёр хүүхэд гадаадад сургуульд сураад эзгүй болохоор аав их уйддаг байсан байх л даа.


УИХ-ын дарга асан С.ТӨМӨР-ОЧИР:Бид иргэд тэтгэмж аваад ядуурлаас бага ч болтугай гарна гэж тооцоолсон ч эсрэгээрээ ядуу гэж бүртгүүлэх сонирхолтой хүн маш олон болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 15:22:57
    Иргэн: Тэр тэтгэмж өгж байхын оронд 1 өдрийн цалинг нь ядаж 100.000 төгрөг бологчоочээ хүмүүс ажил хийх нь эрс нэмэгдэнэ шүү хараарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188