• Өнөөдөр 2025-11-20

ХУВЬДАА 915 САЯЫН ЖИЙПТЭЙ Ч ТӨСВИЙН МӨНГӨӨР НЭМЖ ЖИЙП АВДАГ ДАРГА НАРЫГ ЦЭГЦЭЛНЭ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА

2025-11-20,   56

         Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулсан даруйдаа дарга нарын тоог цөөлж, данхар бүтцийг цомхотгоно, үр ашиггүй зардлыг танана гэж мэдэгдэж байлаа. Гэвч бодит байдал дээр төрийн яам, агентлаг, үйлдвэр, компаниудад МАН, АН, ХҮН намын “тавиул”-ууд дарга сэтэртэй очоод сууцгаачихсан, сэнтийгээс сэнтий сэлгэж, төсвөөр тансагласан хэвээр л байна. Хэд хоногийн өмнө Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын бие төлөөлөгч Л.Ганбаатар гэгч томилогдсон. ХААИС-ийг төгссөн, механик мэргэжилтэй, Сэлэнгэд тариалангийн компанид тракторчин хийж байгаад МАН-д элссэн нөхөр гэх. Харин Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Б.Энхтайван гэгч томилогдсон. Хонконгийн компанид ажиллаж байсан гэхээс өөр намтаргүй нэгэн. Энэ мэтээр төрийн түшээд туслах, зөвлөх, ах дүү амраг садан, найз нөхөд гэх “тавиул”-уудаа төрд дарга болгож, төсвийн мөнгөөр тансаглуулсаар л байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН НАЙЗ Б.ЭНХТӨР ТӨРД АЖИЛЛАСАН ТУРШЛАГАГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС АТЛАА 220 ГАРУЙ АЖИЛТАНТАЙ “ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДЖЭЭ

 
       “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ  гэж бий. Олон нийтэд нэр нь танил бус байж магад. Төрийг уул уурхайн геологи, хайгуулын судалгаа, дүн мэдээгээр хангадаг Геологийн судалгааны төв, ашигт малтмалын дээжийг шинжилдэг улсын ганц том лаборатори болох Геологийн төв лаборатори хоёрыг 2023 онд нэгтгэж, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ нэртэй болгосон. Өдгөө уул уурхай, геологи хайгуулын салбарын 220 гаруй мэргэжилтэн ажилладаг төрийн том байгууллага. Уг нь уул уурхайгаас шууд хараат манай улсын хувьд улс төртэй хутгаж болохгүй гол байгууллагуудын нэг.
 
Тэгвэл өнгөрөгч 2024 оны аравнэгдүгээр сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж авах зарыг албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн. Ингэхдээ Эрх зүй, Эдийн засаг, Төрийн удирдлага, Геологи, Ашигт малтмалын хайгуулын мэргэжилтэй байх, Ашигт малтмал, геологийн чиглэлээр мэргэшсэн байх, салбартаа 7-гоос дээш жил ажилласан байх, 5-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх гэх мэт хатуу шаардлага тавьсан байгаа юм. 
 
Энэ зар нийтлэгдээд удалгүй “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Баярсайханы Энхтөр гэх залуу томилогдсон, одоо хүртэл тус байгууллагыг удирдаж буй. Гэтэл Б.Энхтөр нь 2007 онд ХААИС-ийг Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн, 2014 онд Оксфордын их сургуулийн дэргэдэх Гадаад хэлний сургалтын төвийн зургаан сарын курст сурсан төдий л нэгэн ажээ. Өөрөөр хэлбэл, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал нь Геологи, Ашигт малтмалын хайгуулын мэргэжилтэй байх шалгууртай атал хаа байсан Хөдөө аж ахуйн мэргэжилтэй Б.Энхтөрийг томилжээ. Тэгээд болоогүй, Б.Энхтөр нь энэ мэргэжлээрээ ажиллаж ч байгаагүй, бас төрд огт ажиллаж байгаагүй, өнгөрсөн хугацаанд Япон, Солонгосоос автомашин оруулж ирж зардаг “ченж” хийж явсан нөхөр ажээ. Товчхондоо, мэргэжлийн бус, төрд ажилласан түй ч туршлагагүй, гялайж гялтайх намтаргүй нэгнийг “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар тавьчихсан, жил тойрон ажиллуулж буй ажээ. 
      Гол нь, Б.Энхтөр яаж “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар заларсан бэ гэдэг асуулт. Судалж үзвэл, Б.Энхтөр нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг 2017-2023 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч байх үед түүний шууд удирдлага доор Сургалт, хөгжил хариуцсан Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан, дотнын найз нь ажээ. Мөн С.Эрдэнэболд, Б.Энхтөр хоёр “Марс Ви” санг хамтран удирдаж ирсэн. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ынхан Засгийн газарт орж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар АН-аас Ц.Туваан томилогдсон. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан хоёр Төв, Дархан, Сэлэнгийн тойрогт хамт нэр дэвшиж, хөтөлцөлж гүйсээр хамтдаа сонгогдсон. Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Ц.Туваанаар дамжуулж найз Б.Энхтөрийгөө “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилуулсан байж болзошгүй харагдаж байгаа юм. 
      Цаашилбал, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Энхтөр өдгөө төрийн дарга нар дунд хөрөнгөөрөө толгой цохиж буй. Тухайлбал, Б.Энхтөр 13.2 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, бас үйлдвэр, үйлчилгээний зургаан барилгатай. 915 сая төгрөгийн Mercedes Benz CLS350, Lexus 570, Lexus 570, Lexus RX 350 загварын дөрвөн автомашинтай, 410 сая төгрөгийн хурдын удмын 10 адуутай, 1.0 тэрбум төгрөгийн дөрвөн газартай, 640 сая төгрөгийн авлагатай ажээ. 
 
Төрийн дарга нар дунд “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Энхтөр шиг 915 сая буюу бараг тэрбум шахуу төгрөгийн дөрвөн жийптэй дарга ховор. Гэтэл Б.Энхтөр өнөөх суудлын Mercedes Benz болон Lexus загварын гурван жийпээ граждаа сойчихоод, өнгөрөгч наймдугаар сард төсвийн 250 сая төгрөгөөр “Таванбогд” ХХК-аас Land Cruiser 300 авчээ. Хувьдаа тэрбум шахуу төгрөгийн хэдэн ч жийптэй байсан төрд дарга болохоороо төсвийн мөнгөөр заавал жийп авах ёстой байдаг бололтой юм. 
 
      Энэ мэтчилэн, МАН, АН, ХҮН намын “тавиул”-ууд мэргэжил, мэдлэг, туршлага үл харгалзан төрд дарга болж, төсвийн мөнгөөр том том жийп авч тансагласаар байна. Төрийн зовлон, түмэн ажлын гацаа болоод байсан МАН-ын даргын асуудал шийдэгдсэн тул одоо Ерөнхий сайд Г.Занданшатар та ажилдаа орж, энэ мэт төрд эрхэлсэн “тавиул” дарга нарыг анхааралдаа авна уу. 
 
Үргэлжлэл бий…
 

ХУВЬДАА 915 САЯЫН ЖИЙПТЭЙ Ч ТӨСВИЙН МӨНГӨӨР НЭМЖ ЖИЙП АВДАГ ДАРГА НАРЫГ ЦЭГЦЭЛНЭ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188