“Хэзээ хамгийн сүүлд жүжиг үзэж ингэж хөндүүрлэлээ. Лавтай санаанд буух нь алга. Хэзээ би эрэгтэй хүн мөрөө хавчин, бүр газарт хэвтээд уйлж байгааг харлаа. Яг нэг тоймтой бодогдох нь ч үгүй юм...”
Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийг “Про” театрын уран бүтээлчид, найруулагч Б.Анхбаатар “Сүүлчийн бороо” нэртэйгээр тайзнаа бүтээснийг хэд хоногийн өмнө үзсэн минь энэ. Тус жүжгийг өөр өөрийнхөөрөө эргэцүүлэн, мөнхүү тольдож буй энэ үед бид Зиловын дүрийг бүтээсэн жүжигчин З.Булганы ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Тэрбээр “Зиловын дүрд ажиллах явцад түүний ганц өөрөөрөө байсан үе нь эхнэрээ явахад л юм байна гэж бодогдсон. “Надад юу ч, хэн ч байхгүй. Ганцхан чи л байгаа. Үүнийг би дөнгөж сая л ойлголоо” гэж хэлэхдээ л тэр жинхэнэ төрхөөрөө байсан. Түүнээс хэдийгээр би энэ дүрийг бүтээж байгаа хэр нь “Ямар өөдгүй хүн бэ” гэж үзэн ядах мэдрэмж төрж байсан” гэж байв.

-Гурван цаг орчмын жүжигт гол дүр бүтээнэ гэдэг, тэгээд бүр сэтгэл зүйн хувьд уналт, босолттой хүний дүрийг гаргана гэдэг амаргүй байх. Жүжиг дуусахад их ядарсан байгаа нь үзэгчдэд мэдрэгдэж байсан?
-Тийм ээ. Мэдээж бие, физиологийн хувьд энерги, хүч шаардсан, сэтгэл зүй дээш, доош савалгаатай байхаар ядардаг юм билээ. Өмнө нь ийм дүрд ажиллаж байгаагүй болохоор сайн мэддэггүй байлаа.
-Таныг анх хэрхэн Зиловын дүрд сонгосон бэ. Магадгүй та бүхний хувьд нэг ангийнхан, найзууд, нэгнийнхээ зан чанарыг сайн мэддэг болохоор дүр сонгоход илүү дөхөм байдаг болов уу?
-Анх жүжгийн зохиолоо уншаад хоорондоо ярилцсан л даа. Манай театрын хувьд нээлттэй, чөлөөтэйгээр их ярилцдаг. Тэгж байхдаа би өөрийгөө найзын дүрд л гэж харж байлаа. Тэгсэн найруулагч Б.Анхбаатар маань Булгаа, Билгүүнээ хоёр дублёрээр давхар уншаад, бодоод үзээрэй гэсэн. Тэгээд бид зохиолоо уншиж байгаад, туршид үзээд, би тоглохоор болсон. Анхандаа айдастай хүлээн авч байлаа. Харин яваандаа “Найзууд, уран бүтээлчдийнхээ итгэлийг алдчихгүй юм сан” гэж хичээж болсон.

-Анх Зиловтой танилцахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-ОХУ-д оюутан байхдаа бид энэ зохиолтой анх танилцаж байлаа. Багш маань энэ дүрд ажиллаад, жүжгийг нь урилгаар очиж үзсэн юм. Тухайн үед багшийн тоглолт надад их гайхалтай санагдаж, жүжиг дуусаад, багш дээрээ очоод, баяр хүргээд гар барих гэтэл зүрх нь салганаад, дүрээсээ гарч чадахгүй байсан. Тэгж л анх энэ жүжгийг мэдсэн дээ. Дараа нь манай театрынхан жүжгийнхээ төлөвлөгөөг ярилцаж байхад “Нугасны ан” жагсаалтад байсан. Тэр дагуу л бий болсон доо. Зиловын дүрд ажиллаж байхдаа би хамгийн түрүүнд багшийгаа бодсон. Тэгээд аль болох дүрдээ бүрэн орохыг хичээсэн. Тэр ч үүднээс “Өнөөдөр Булгаа чи биш шүү. Чи яг одоо Зилов” гээд тэр цаг үе, агшин хоромд очиж, тэнд бүх оюун бодол, зүрх сэтгэлээрээ амьдарч дүрээ гаргахыг зорьсон. Мөн өнгөрсөн хавар жүжгээ нээснийхээ дараа зун нь Эрхүү рүү фестивалиар явахдаа Вампиловын жүжгийг үзээд, өөд болсон газар нь очсон. Зохиолч маань Байгаль далайд живж нас барсан байдаг. Бодоод байх нь ээ, Вампилов Буриад, Орос хоёр хүний цустай хүн. Нөгөө талаар тэр үед ийм зохиол бичиж байсан гэхээр тухайн үед ч мөн ийм амьдрал байсан байгаа байхгүй юу. Тэгээд бас нас барсан тухай нь сонсоход зохиолч өөрөө Зилов байж мэдэх юм гэх бодол ч төрсөн.
-Та Зиловтай адилхан сэтгэл зүйн хямралд орж байв уу?
-Хүний амьдрал л юм чинь янз бүрийн зүйл бий. Гэхдээ арай ч Зилов шиг аймар хүнд, амиа хорлох хэмжээнд бодож байгаагүй. Мэдээж сэтгэл гутралтай, бүх зүйл болохгүй байсан үе хүн бүрд л байдаг шүү дээ. Тэр бүхнээ найз нөхөдтэйгээ хуваалцах үе ч байна, ганцаараа даван туулах тохиолдол ч байдаг.

-Эрэгтэй хүн баргийн юманд амиа хорлох хэмжээнд очихгүй гэх өнцгөөс нь Зиловын дүрийг бодох хүн ч бий байх?
-Эрэгтэй хүн сэтгэл санаагаар унахдаа илүү хүнд байгааг Зиловоос харж болно. Эмэгтэй хүний хувьд нөхөртөө, найз залуудаа эрхлэх ч юм уу, хэлээд дотоод сэтгэлээ багахан ч болов уудалж, нээж чаддаг юм шиг байгаа юм. Эрэгтэй хүн, тэр тусмаа ази эрэгтэй хүмүүс их дотогшоогоо байдаг шүү дээ. Бид хүүхдийг багаас нь “Эрэгтэй хүүхэд байж юунд нь уйлдаг юм” гээд л хориод эхэлдэг дээ. Тэгэхээр амьдралын ийм нөхцөлд эрэгтэй хүн сэтгэлээр хэрхэн, яаж унаж байгааг, нөгөө талаар унасан ч маргааш гэж байдаг, найз нөхөд, хайртай гэр бүл, дэмждэг хүмүүс байдаг шүү гэдгийг харуулахыг зорьсон. Хүмүүс гэхдээ сэтгэл санаагаар унасан хүнийг тэр бүр ойлгодоггүй. Тухайлбал, манай найзын найз хосын харилцаанаас болоод амиа хорлосон байдаг. Тухайн үед би “Яагаад ар гэрээ бодохгүй, өөрийнхөө л амийг бодоод залуухнаараа явчихаж байгаа юм бол” гэж бодож байсан. Харин энэ зохиол дээр ажиллаж байхдаа “Тэр хүн Зилов шиг л сэтгэл гутралд орсон болоод амиа хорлох дээрээ хүрсэн болов уу” гэж бодсон. Мөн бурхан хүнд дааж чадах ачааг нь үрүүлдэг гэдэг шиг Зиловт дааж чадах ачааг нь л өгсөн юм болов уу гэж дүрээ зөвтгөж хардаг.
-Багшийнхаа бүтээсэн Зиловыг үзсэн юм байна. Энэ дүрд ажилласныхаа дараа та өөрийн ажиллагаатай харьцуулж бодсон уу. Мөн багшдаа үзүүлэх сэн гэж боддог байх?
-Багшдаа мэдээж үзүүлэхийг боддог. Ер нь багш нараас үг сонсохыг их хүсдэг. Багштайгаа хааяа нэг цахимаар холбогдож, “Бид нар ийм юм хийж байна. Ингэвэл яаж байна” гэхчлэн зөвлөгөө бол авч байгаа. Бусдаар яг үзүүлж, үгийг нь сонсох боломж гараагүй л байна.

-Жүжигт Зилов өөрийгөө үхчихсэн байна гээд бодоод байдаг шүү дээ. Дүрдээ ажиллаж байх явцад тэр мэдрэмж сонин байсан болов уу?
-Үхсэн гэхээс илүү сэтгэл санааны гүн хямралд орчихсон мэдрэмж л дээ. Хий хардаг, өөрөө түүндээ итгэдэг өвчтэй юм шиг болсон тийм хүн. “Тэр намайг тэгж л бодож байгаа. Миний ард тийм л зүйл ярьж байгаа” гэхчлэн өөрөө өөртэйгээ тэмцээд, итгээд байгаа юм.
-Мөн Зиловыг анд явах гэхээр л бороо ороод хясаад байдаг. Хүний хүсэл амьдрал, ажлаас илүү зүйл үү. Эсвэл зүгээр л бүгдээс зугатах шалтаг болдог зүйл болов уу, та юу гэж бодож байна?
-Хамгийн чухал зүйл бол биш л дээ. Харин амьдрал, ажил, бусад зүйлээс тасраад тэрхэн мөчдөө саатах тэр зүйл бол хүсэл. Тэр ч утгаар магадгүй хүмүүс анд явах, ямар нэгэн зүйл хийх дуртай байдаг. Тэгэхээр хүсэл амьдралын хамгийн чухал нь биш ч амьдралтай хэрэгтэй зүйл.
-Таныг найз нөхөд, гэр бүлийнхэн нь ямар зан чанартай хүн гэж тодорхойлдог вэ. Зиловтой төстэй зан чанар бий юү?
-Баргийн зүйлд оролцохгүй, дуугарахгүй байж байгаад хэлдэг, шулуухан зантай гэж хэлж байсан. Энэ ч үүднээс Зиловтой ойр байж магадгүй. Түүнээс бусдаар бол огт өөр.
-Зиловын “Амьдрал надаас уйдсан ч юм уу
Би амьдралаас уйдсан ч юм уу” гэх үгийг таниас асуумаар байна. Таны хувьд аль нь вэ?
-Миний бодлоор амьдрал бол хүнээс уйддаггүй байх. Хүн өөрөө л тэрхэн үедээ амьдралаас уйддаг гэж боддог. Амьдралд сайхан зүйл олон шүү дээ. Гэтэл хүн тухайн үеийн сэтгэл гутрал, хэсэгхэн хугацаанд тохиолдож байгаа бэрхшээлээр амьдралыг өөрөөсөө уйдсан гэж хэлж болохгүй байх.
-Нэг талаараа Зиловын дүр асуудлаас зугатдаг, бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулж чадахгүй байгаа хүн шиг санагддаг. Та тийм хүн үү. Эсвэл эсэргээрээ юу?
-Янз бүр. Миний хувьд хоёулаа л байгаа. Асуудалтайгаа тулах ч үе байна. Эсвэл дараа нь шийдье гээд өөрөөсөө холдуулах ч үе байдаг.

-Та бүхэн яагаад энэ жүжгийг сонгох болов?
-Александр Вампилов зохиолч, “Нугасны ан” жүжгийн дүр Зилов цөм 30 гаруй настай. Бид ч мөн 30 гаруй насны залуус. Тэгэхээр бид энэ жүжгийг, энэ дүрийг одоо л тоглох юм байна гэж зорьсон. Түүнээс айхтар энэ цаг үед энэ жүжгийг тавья гэх үүднээс сонгоогүй. Харин манай жүжгийг үзсэн хүмүүсээс магадгүй Зиловын амьдралын аль нэг хэсэг амьдралтай нь огтлолцоод үнэхээр нэгийг бодоод гарч байгаа бол сайн хэрэг шүү дээ. Жүжиг үзсэн манай найз, дүү нарын дотроос гэхэд “Би яг өөрийгөө тайзнаас харлаа” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр бидний бүтээлийг хүн үзээд амьдралд нь хэрэг болж, нэг ч болов асуудлаа шийдээд гарч байвал болж байгаа нь тэр ээ.
-Энэ жүжиг хаана, хаана тоглогдсон байдаг юм бол. Монголд юугаараа илүү онцлог тавигдаж байгаа бол?
-ОХУ-ын хотуудын театрын хуваарьт энэ жүжиг байдаг байх аа. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Бидний хувьд хэрхэн тавихаа өөрсдөө ярьж байгаад л шийдсэн. Ер нь хөшгөө авья, үзэгчдийн өмнө чөлөөтэй холхиж, хувцас хунараа ч сольж, “Би бол энэ дүр шүү” гэдгээ өөрсдөө хэлээд, дүр рүүгээ ордог байя, энэ хэсэгт амьд хөгжим байвал зүгээр юм байна гэж ярилцан шийдэж, туршиж үзэцгээсний үндсэн дээр тавьсан.

-Б.Анхбаатар найруулагч энэ дүрд тань ямар сэтгэгдэл хэлсэн бэ. Найруулагчийн хувьд итгэж дүр оноосон уран бүтээлч нь амжилттай дүрээ бүтээх том баяр байдаг байх. Найруулагчийнхаа зүгээс танд ямар магтаал, урмын үг хэлсэн бол?
-Мэдээж найруулагч маань тоглолт бүрийн ард замчаан өгнө. Найруулагч болон уран бүтээлчидтэйгээ ярилцаж, санаа бодлоо солилцоно. Найруулагчийн зүгээс хэлсэн урмын үг гэвэл жүжиг дуусаад, хөшиг хаагдахад, “За гоё байлаа” гэж хэлсэн. Гэхдээ л хэн хэн нь жүжгээ, дүрээ улам сайжруулах тал дээр ярилцаад өнгөрдөг дөө.
-“Сүүлчийн бороо” жүжиг одоо маргаашнаас гурван өдөр тоглоод дуусаж байгаа юм байна. Энэ сард мөн “Инээмтгий хүн”-ийг ч тоглох юм байна лээ. Уран бүтээлүүдийг нь ирж үзэх гэж байгаа үзэгчдэдээ хэлэх зүйл байгаа байх?
-Манай жүжгүүдийг ирээд үзээрэй. Өөр нэг өнцөг, санааг харж магадгүй шүү. Мөн бид шинэ жилийн үеэр “Щелкунчик” жүжгээ ч тоглох гэж байгаа. Тэгэхээр та бүхэн манай “Про” театрыг зорин ирээрэй. Бидэнтэй хамт байдаг үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ЖҮЖИГЧИН З.БУЛГАН: ЗИЛОВЫН ДҮРИЙГ ӨӨРӨӨ БҮТЭЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ Л ҮЗЭН ЯДААД БАЙЛАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |