• Өнөөдөр 2024-04-30

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.НАМХАЙНЯМБУУГИЙН ХҮҮ СОДНОМДАРЖАА: Миний хоньчин аав үзэгдээд өнгөрөх үдийн нар шиг богинохон хугацаанд амьдарсан ч ард түмнийхээ төлөө бүхнээ зориулсан даа

2024-03-30,   4549

-Аав минь 100 хонь үлдээснээс 100 хонины дайтай боловсролтой болгох нь чухал юм гээд Улаанбаатарт үлдэж байлаа-

       “Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дунд  байсан” хэмээн даруухнаар өгүүлсэн Ц.Намхайнямбуу асан Хөдөлмөрийн баатар болж байхдаа 29-хөн настай байлаа. Цэл залуухан хүүг Хөдөлмөрийн баатар болоход нь ард түмэн, нутгийн хөгшчүүд бүгд л “Баатар” хэмээн хүндэлж, алга ташин хүлээн авсан гэдэг. Арга ч үгүй биз ээ, 20 жилийн хугацаанд 500 эм хонио “Түмэн хонь болгож өсгөнө” гэсэн амлалт өгч, ердөө 16 жилийн дотор амлалтаа давуулан биелүүлсэн нь ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхөөс аргагүй их хөдөлмөр байсан юм.

    Тэр дөрөвдүгээр ангийн боловсролтой хэрнээ завгүй амьдралын дунд гэрээр боловсрол эзэмшин, орос хэлийг бие даан суралцаж, хэнд ч гологдохооргүй боловсролтой нэгэн болж төлөвшсөн. Тиймдээ ч Ц.Намхайнямбуу баатар ард түмний дундаас дөрвөн удаа АИХ-ын депутатаар, 1992-1996 онд анхны парламентын гишүүний нэгээр сонгогдон ардчилсан парламентын тугийг хатгалцсан юм.

***

ОРОС НЭРТЭЙ ХҮҮ НАМХАЙНЯМБУУ БОЛСОН НЬ

       1948 оны  зургадугаар сарын 1-нд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутагт малчин Ж.Цэрэндашийнх анхны хүүгээ өлгийдөн авлаа. Ж.Цэрэндаш гуай эгч дүү зургуулаа, айлын ганц хүү, өөрөө гурван охинтой учир “Удам залгах хүүтэй болох юмсан” гэж хүсэж явсан нь ийн биелэлээ олж, нуган үртэй болжээ. Ингээд удам залгах хүүдээ Н.Чулуунбат гэж нэр хайрласан гэдэг. Хүсэж хүлээж байсан ховор заяанд төрсөн хүү болоод ч тэр юм уу, багаасаа бие муутай хүүхэд байв. Тухайн үед нутаг усныхаа ганц домч гэгдэх Агай докторт хүүгээ үзүүлэхээр гэртээ залжээ. Аз болоход тэр үед Агай доктортой Оросоос ирсэн эмч хамт явж байсан нь таарч, хүүгийн биеийг ихэд няхуур үзсэн гэдэг. Орос эмч хянамгай гэгч нь хүүг дээш, доош нь харуулан чагнаж үзээд “Хорошо, танай хүүхдийн бие сайн болох юм байна. Харин нэрийг нь солих хэрэгтэй. Володя гэдэг нэр хайрла” хэмээгээд буцжээ. Володя хүүгийн нэрийг томчууд хочилж дуудсаар сүүлдээ Волж хэмээн дуудах болж, хүүгийн биеийн байдал нь ч тэр үеэс эрс сайжирсан байна.

        Эцэг эхийнхээ үгнээс гардаггүй үг дуу цөөтэй, малд дуртай, жижигхэн бор хүүгийн бага нас Сонгино сумын Тариат багийн нутагт өнгөрч, 1957 онд бага сургуулийн сурагч боллоо. Ангийнхан нь түүнийг Волж хэмээн дуудна. Нэг өдөр ангийн багш н.Нямдорж “Улс даяар орос нэртэй хүүхдүүдийг монгол нэртэй болгох аян өрнөж эхэлсэн байна. Иймд Волжийг Намхайнямбуу хэмээн нэрлэхээр боллоо. Чамд ямар санагдаж байна вэ” хэмээн асуужээ. Хэзээний дуу  цөөтэй,  дөлгөөн хүүд тухайн үед нэр нь ихэд таалагдаж, баярлаж байсан ч үг дуугарч чадалгүй багшийнхаа хэлснийг дагасан гэдэг.  Ийн Волж хүү Нямхайямбуу нэртэй болж, хожим олноо хүндлэгдсэн Хөдөлмөрийн баатар Ц.Нямхайнямбуу хэмээн дуудуулах болсон нь энэ ажээ. Ард түмний дунд “Хоньчин баатар” хэмээн хүндлэгдсэн Ц.Нямхайнямбуугийн хүү Н.Содномдаржаатай аавынх нь үйл хэргийн талаар ийн ярилцлаа.

АМАН ХУУРААР ШАГНУУЛСАН АНХНЫ ШАГНАЛ

       -Аав тань багаасаа малд дуртай ч хичээл номондоо сайн, ном их уншдаг хүүхэд байсан гэж сонссон. Уут дүүрэн ном ганзагалаад хониндоо явдаг байсан гэдэг. Бага насныхаа тухай хүүхдүүддээ ярьж байв уу?

       -Би аавыгаа алдахад залуухан байжээ. Одоо л ийм ч юм асуудаг байж, тийм ч зүйл хийдэг байж гэж харамсах юм. Гэхдээ аавынхаа бага насны тухай өөрийнх нь бичиж үлдээсэн ном, тэмдэглэл,  бидэнд ярьж байсан үг, нутгийн хөгшдийн яриа, ээжийнхээ дурсамж ярианаас сонсож байлаа. Аав эхээс зургуулаа. Гурван эгчтэй байснаас хоёрыг нь айлд өргүүлж, нэг дүүтэй болсон гэдэг. Багаасаа малд дуртай хүүхэд байсан тул дөрөвдүгээр ангиа дүүргээд өвөөд туслахаар мал дээр гарсан юм гэсэн.

      Хичээлдээ сайн, онц сурдаг хүүхэд байсан тул “Ангийн багш нь Цэрэндаш гуай, та хүүгээ сургуульд явуулна биз дээ” гэж асуухад нь өвөө хэсэг чимээгүй байж байгаад “Хүү минь өөрөө мэднэ биз дээ” гэсэн гэнэ лээ. Харин аав мал дагах шийдвэр гаргасан юм билээ. Сургуулиа төгссөний дараа гэрээрээ бие дааж боловсрол эзэмшсэн. Ном, сонин их уншдаг хүүхэд байсан гэдэг. Нутгийн хөгшчүүл малд гярхай хүүхэд хэмээн магтдаг байсан гэсэн. Аав  хонины зүсийг нь харчихвал  мартахгүй тийм ой сайтай байсан юм гэнэ лээ.

Нутаг усны хөгшчүүлд хонь малыг нь дөхүүлж өгдөг, дуулгавартай, хөдөлмөрч хүүхэд байсан гэж ахмадууд магтдаг юм.

       Аав 17,18 нас л хүрч байсан юм шиг байгаа юм. Сумын төв дээр эвлэлийн хурал болж хуралд суухыг урьж. Ингээд аав хуралдаа суучихаад явах гэтэл “Орой нь үдэшлэгтэй хүлээж байгаарай” гэж сумын удирдлагууд захижээ. Аав орой нь үдэшлэгт очиход нь тайзан дээр дуудаж, залуу хүнийг тэр олон туршлагатай малчдын дунд дуудахаар нь ичээд гарч чаддаггүй гэнэ. Тэгсэн “Суурь төлөө сайн өсгөж байгаа залуу малчин Намхайнямбууд баяр хүргэе” гээд өргөмжлөл үнэ бүхий зүйл гардуулсан гэдэг. Үнэ бүхий зүйл нь амар хуур байсан хэмээн аав минь дурсан ярьдаг юм.

500 ЭМ ХОНИО 10 МЯНГА БОЛГОСОН ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН ТҮҮХ

 

      -Мал дээр гарсан цагаасаа хойш эм хонь малласан юм болов уу?

      -Аав дотроо их тооцоо хийдэг байсан гэдэг юм. Мал дагаснаасаа хойш эм хонь сайн маллаж, улсын төлөвлөгөөг давуулан биелүүлдэг байсан гэсэн. 1969 онд “Эр хонь авч маллаад улсын бэлтгэлд тушаах жинг нэмэгдүүлье” гэсэн тооцоо гаргаж. Тухайн үед махны чиглэлээр эр хонь маллаж, сайн өсгөсөн нь улсын сайн малчин болдог байжээ. Аав ч гэсэн улсын сайн малчин болж болмоор санагдсан шиг байгаа юм. Тэгсэн нутгийн хоёр ахмад малчин дуудаж, дундаа суулгаад “Чи эр хонь төллүүлэхээр шийдэв үү. Чамайг хүмүүс мал төллүүлж дийлэхээ болиод эр хонь харах болсон гэж байна. Эр хонь жин нэмэхээс толгой нэмдэггүй юм. Нэр алдрын төлөө чи яваад байна уу” гээд зэмлэжээ. Ингээд эр хонь авахаа болиод эм хонио тууштай өсгөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ лээ.

      -Улсаас 500 эм хонь өгч түүнийгээ түмэн хонь болгож, Хөдөлмөрийн баатар болсон түүхээс нь та хуваалцаач?

     -Аав минь гурван удаа сумын аварга, аймгийн хошой аварга болж байлаа. Нас биед хүрснийхээ дараа өвөөгөөс тусдаа мал маллахаар болж, төлчин эмэгтэйчүүдийн хурлаар нэгдэлдээ 500 хонины төлөөр нь 20 жилийн дотор түмэн цагаан хонь өсгөж өгөх амлалт өгсөн гэдэг.

      Одоогийнхоор бол 20 жилийн дотор 10 мянган хонь өсгөнө гэсэн амлалт өгч байсан байгаа юм. Ингээд 16 жилийн дотор төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, Хөдөлмөрийн баатрын болзол хангаж байсан юм билээ.

       1978 оны тавдугаар сард МХЗЭ-ийн XVII их хурал Улаанбаатар хотод болж, аав хуралд уригджээ. Хурал дээр Ю.Цэдэнбал дарга гарч үг хэлээд, дөрвөн хүнийг урагш нь онцгойлж гаргасан гэсэн. Тэгсэн Төв хорооны нэг хүн ирээд дөрвөн хүний энгэрийг соёогоор цоолсон гэнэ. Аав гайхаад “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон юм уу, Сүхбаатарын одон авах юм байна” гэж  бодож зогссон чинь Хөдөлмөрийн баатар болсон гээд зарласан гэсэн. Хөдөлмөрийн баатрын тэмдгийг Сүхбаатарын одонтой хамт гардуулдаг байлаа. Тухай үед аавтай хамт дөрвөн хөдөлмөрийн баатар төрж байсан түүхтэй.

     Ингээд аймгийн төв руугаа онгоцоор нисэж, нутагтаа очиход нь ихэд хүндэтгэх хүлээж авсан гэдэг. Тухайн үед сургуулийн хүүхдүүд пионер олж угтаад, нутгийн удирдлагууд эмээл, хазаартай морь бэлэглэж байсан гэсэн. Аав тухайн үедээ “Энэ бол миний хийсэнийг биш, үүнээс илүүг хийж бүтээгээрэй гэсэндээ өгч байгаа төрийн минь хүндлэл юм” хүндэлж хүлээж авсан гэдэг. Ингээд хоёр түмэн хонь өсгөх дараагийн үедээ орж байхад нь нэгдэл нийгэм тарсан юм билээ.

МИНИЙ АЛТАН СОЁМБОНЫ ТАЛ НЬ ЭХНЭРИЙН МИНЬ ГАВЬЯА ЮМ

     -Аав, ээж хоёр тань танилцаж байсан түүхээсээ ярьж байсан уу?

     -Эвлэлийн хурал дээр танилцсан гэдэг юм. Нэг сумын өөр өөр багийн хүмүүс. Аав өөрөө хэлдэг байсан  юм “Аав нь 29 наснаасаа өмнө хөдөлмөрийн баатар болох боломжтой байсан. Эхнэр аваагүй гэх ганц шалтгаанаар хойшилж байсан юм” гэсэн. 1977 онд ээжтэй минь гэр бүл болж, 1978 онд Хөдөлмөрийн баатар болсон юм билээ. Аав, ээж хоёр гэр бүл болоод есөн хүүхэд төрүүлж, өсгөсөн. Аав минь “Миний алтан соёмбоны тал нь эхнэрийн минь гавьяа юм” гэж хэлсэн байдаг.  

      -Нутаг усныхан нь залуу баатар гээд хүндэлнэ биз?

       -Тэгэлгүй яах вэ, ээж аав хоёр минь өглөөнөөс оройг хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөдөг хүмүүс байлаа. Аавыг баатар болоод удаагүй байхад нь хоттой хонь нь бэлчээгүй байхад аймгаас хүмүүс ирж. Ингээд нэг нь хот руу нь тонгойж хараад “Баатраа хоттой хонин дунд чинь нэг хонь үхжээ” гэхэд нь аав "Унтаад босоод ирэх хугацаанд мал байтугай хүн үхчихдэг юм шүү" гэжээ. Тэр дарга нар юм хэлж чадалгүй буцсан гэдэг.

БЭРХШЭЭЛ ХҮНД ЯЛАГДАХ ГЭЖ ИРНЭ. БЭРХШЭЭЛИЙН ЯЛАГЧ НЬ ЭЗЭН НЬ ӨӨРӨӨ БАЙДАГ

    -Аав тань ямархуу зан араншинтай хүн байв?

    -Аав минь ном их уншдаг, цэцэн цэлмэг үгтэй, хүний ялгаж харьцдаггүй тийм л хүн байсан. Монгол оронд ямар ч төр тогтлоо гэсэн улсын үр үндэс нь мал аж ахуй болно гэж хэлсэн байдаг юм. Бэрхшээл хүнд ялагдах гэж ирнэ. Бэрхшээлийн ялагч нь эзэн нь байдаг гэж бидэнд захидаг байлаа. Аав их нийтэч, бүх хүнтэй хүндэтгэлтэй ханддаг байлаа. Бас их ёжтой, хүн явуулахдаа сайн байсан гэж үеийн нөхөд нь дурсдаг юм. Их олон юм ярихгүй. Хэлэх гэсэн үгээ цөөн үгээр яг л ончийг нь олж хэлдэг хүн байв.

     -Та эцэг эхээс есүүлээ байх аа. Бага нас нь малын захад өссөн үү?

     -Тийм ээ. Олон тэрсхэн нялх хүүхэдтэй, мал олонтой аав, ээж хоёр минь одоо бодоход амаргүй л байж. Аавыг намын эвлэлийн хурлаас дуудаад явчихна. Ээж, эмээ, ээжийн дүү биднийг өсгөсөн гэдэг юм. Ямар сайндаа манай хөгшин ээж биднийг “Хөөрхийдөө энэ хэдэн хүүхэд нэгдлийн шээгтэй хурга, ишигнээс дор өсөж байна” гэж халаглаж байсан гэдэг. Биднийг ээж галд хүрэхээргүй уячихаад л малдаа гардаг байсан гэдэг юм.

     -АИХ-ын депутатаар дөрвөн удаа сонгогдож, анхны нэг танхимтай парламентын УИХ-ын гишүүн болж байсан. Тухайн үед ард түмэн Их хурлын гишүүнээр сонгож байхад нь аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

      -Тэр үед бид хүүхдүүд байсан учраас сайн санадаггүй юм. Сумын төвөөсөө гарч үзээгүй бид “Хот их том уу” гэж хүмүүсээс асуудаг байлаа. Аав нь “Их хуралд нэр дэвшиж байгаа” гээд Зил-130 машинаар манай нутгийн томчуудыг ачаад санал өгөхөөр явж байсныг нь санадаг юм. Ингээд Их хурлын гишүүн болохоор нутгаасаа гарахад бид уйлаад л ах, дүүс үдэж өгөөд явуулж байсан юм. Хожим аав минь “Намайг олон малчны төлөөлөл болгож сонгосон учраас маш том хариуцлага хүлээж байсан. Намайг их юм чаддаг, мундаг болохоор хүмүүс сонгоогүй юм. Харин намайг чадна, чадаарай” гэж итгэл хүлээлгэсэн болохоор сонгосон” гэж билээ.

“МИНИЙ ЭХНЭР ЖИЛИЙН 365 ХОНОГИЙН ЭНЭ ӨДӨР  ХӨРЗӨН, БААСАА АРИЛГАХГҮЙ, МАЛ ГЭЖ ЗОВОХГҮЙГЭЭР ЭРХЭЭ ЭДЭЛДЭГ ЮМ. ЭНЭ ӨДРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ӨГӨӨЧ” ГЭЖ ХЭЛЭХЭД НЬ ГИШҮҮД АЛГА  ТАШААД МАРТЫН-8-НЫГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСОН ГЭДЭГ

     -Гишүүн болсноос нь хойш улс төрийн томчууд танайхаар их орж гарна биз?

    -Тэгэлгүй яах вэ. Манайх хөдөөнөөс нүүж ирээд Сансарт гурван өрөө байранд амьдардаг байлаа. 3А байрны гишүүд манайхаар их ирнэ. Ээж байнга л хоол унд хийж, олон хүн үймдэг байв. УИХ-ын гишүүдийг өглөө нэгдсэн автобусаар ирж авдаг, хааяа нэг автомашин өгдөг байв.  Аав алхах дуртай. Ихэнхдээ гэрээс ордон хүртлээ алхчихдаг байлаа. Дээлээ цэмбийтэл өмсөөд гутлаа гялалзтал тослоод нуруугаа үрээд алхчихдаг юм.  

    -Чуулганы хуралдаандаа цагтаа ирдэг хариуцлагатай гишүүдийн нэг байсан гэдэг. Энэ тухай нь та мэдэх үү?

     -Аавыг гишүүн байхад би хүүхэд байсан. Нэг удаа ажил дээр нь ирж байснаа бүүр түүрхэн санадаг юм. Чуулганы хуралдаан дээр тэр болгон үг хэлээд байхгүй, нэг хэлэхээрээ жинтэй дуугардаг байсан гэлцдэг юм. Тухайн үеийн УИХ-ын дарга Н.Багабанди гуай аавыг гар өргөхөөр байнга үг хэлэх эрх өгдөг байсан хэмээн нөхөд нь дурссан байдаг. Гишүүнээр ажиллаж байхад нь Мартын 8-ныг зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяртай хамт тэмдэглэх шийдвэр гарч, “Эх үрсийн баяр” болгож байсан юм билээ. Ингээд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байхад нь аав “Миний эхнэр жилийн 365 хоногийн энэ өдөр буюу Мартын-8-ны ганц өдөр хөрзөн, баасаа арилгахгүй, мал гэж зовохгүйгээр эрхээ эдэлдэг юм. Энэ өдрийг хэвээр үлдээж өгөөч” гэж хэлэхэд нь гишүүд алга ташаад Мартын-8-ныг бүх нийтийн амралтын өдөр болгож, монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэг өдрийг бий болгосон гэдэг юм.

    -Нэгдлийн мал харж байгаад улсад хувьчилж өгсний дараа улс төрд орчихсон. Тухайн үед гишүүдийн цалин амьдралд хүрэлцдэг байсан уу?

     -Тухайн үед гишүүний цалин бага байсан. Улсаас гаргаж өгсөн байранд бид амьдардаг байлаа. Гишүүдийн цалин тухайн үед бага байсан. Хангамж гээд байх зүйл ч байгаагүй.

        УИХ-ын гишүүнээс буусных нь дараа байраа хүлээлгэж өгсөн юм. Гишүүнээс буусныхаа дараа  тухайн үеийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажилладаг байлаа. Тэтгэвэрт гараагүй, Хөдөлмөрийн баатрынх нь мөнгө гэж цөөн хэдэн төгрөг ордог байсан. Ээж минь бас насаараа мал дагасан. Гэхдээ ээж минь Ардын эрх сонины байрны үйлчлэгчээр олон жил ажиллаж, есөн хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн.

          -Аав тань хүүхдүүддээ юу захиж сургадаг байв?

    -1996 онд УИХ-ын гишүүнээс буугаад, аав ээж хоёр нь “ Бид өөрсдийгөө бодвол нутагтаа очиж малаа маллаж амьдармаар байна. Та есийг бодож, Улаанбаатар хотод үлдэхээр шийдлээ. Та нарт 100 хонь хоттой үлдээх үү, 100 хонины дайтай боловсрол толгойд чинь хийж өгөх үү гэсэн сонголтын өмнө ирж байна. Хүнд боловсрол хамгийн чухал нь юм байна. Тиймээс та нарыг боловсролтой хүн болгохоор эндээ үлдэж байна” гэж байлаа.

Аав минь 54 насандаа хорвоог орхисон. Миний хоньчин аав үзэгдээд өнгөрөх үдийн нар шиг богинохон хугацаанд амьдарсан ч ард түмнийхээ төлөө бүхнээ зориулсан даа. Аав минь өдийд байсан бол 76 настай ануухан буурай байх байлаа. Нэг талдаа аавыгаа яг л хүүхдүүд нь том болоод жаргах насан дээрээ буцчихжээ гэж харамсдаг юм. Хүн болгоны аав баатар биш. Тэр нэр алдрыг бид сэвтүүлчихгүй явахсан гэж хичээдэг.  

        -Аавынхаа үйл хэргийг үр хүүхдүүд нь хэрхэн үргэлжлүүлж байна вэ?

       -Аавыгаа бурхан болсноос хойш сумын сургуулиа Хөдөлмөрийн баатар Ц.Нямхайнямбуугийн нэрэмжит болгосон. Сум орон нутагтаа хөшөө дурсгалыг нь мөнхжүүлж, аавынхаа нэрэмжит санг байгуулсан. Энэ сангаараа дамжуулж, 10-16 насны хүүхдүүдийг "Малд нүдтэй хүүхэд" шагналаар шагнасан. Үүнийгээ улсынхаа хэмжээнд хүргэчих юмсан гэж боддог юм. Хоёр баримтад кино, гурван дуу, дурсамжийн гурван ном гаргасан. Аавын минь үлгэр дуурайллаар малаа малладаг олон шавь бий. Энэ л аавын минь улсдаа үлдээсэн том хувь нэмэр гэж бодож байна.

     -Цаг гарган ярилцсан танд баярлалаа

     -Баярлалаа.

 


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.НАМХАЙНЯМБУУГИЙН ХҮҮ СОДНОМДАРЖАА: Миний хоньчин аав үзэгдээд өнгөрөх үдийн нар шиг богинохон хугацаанд амьдарсан ч ард түмнийхээ төлөө бүхнээ зориулсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 20:34:32
    Зочин : Завханы Адарсүрэн Намхайнямбуу 2 цагаа олж төрсөнгйү дээ ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 20:33:24
    Зочин : Яа гээд байгаа юм бэ? 1 хөдөлмөрийн баатар чинь 9н хүүхэд өсгөж байхад 3н өрөө байрыг нь өгчихгүй дээ.даан ч яавдаа... цалин нь ч амьдралд нь хүрэлцэхгүй , байрны жижүүр хийлгээд байхдаа ч яахав дээ...арай²
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 20:32:49
    Зочин : Яа гээд байгаа юм бэ? 1 хөдөлмөрийн баатар чинь 9н хүүхэд өсгөж байхад 3н өрөө байрыг нь өгчихгүй дээ.даан ч яавдаа... цалин нь ч амьдралд нь хүрэлцэхгүй , байрны жижүүр хийлгээд байхдаа ч яахав дээ...арай²
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 20:32:48
    Зочин : Яа гээд байгаа юм бэ? 1 хөдөлмөрийн баатар чинь 9н хүүхэд өсгөж байхад 3н өрөө байрыг нь өгчихгүй дээ.даан ч яавдаа... цалин нь ч амьдралд нь хүрэлцэхгүй , байрны жижүүр хийлгээд байхдаа ч яахав дээ...арай²
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 13:22:38
    Зочин: Буян хийж амьдарсаар бурхны оронд очжээ. Улсад, нэгдэлдээ 500 хонийг 10000 болгож өсгөж өгсөн их хөдөлмөр зүтгэлийг нь ч үнэлээгүй шахам юм. Ядаж Завханаас гарсан 2 ч ерөнхийлөгч нь дэм болж ахуй амьдралд нь нэмэр тус үзүүлчихгүй дээ. ХүДС ийн захирал асан Нямзагд жижүүрээр ажилд авч байсан байх. Завханы хүн шиг санагдсан. Нямзагд, эхнэр Батсэрээдэнэ хоёр. Баатар маань ариун цагаан хөпөлмөрөөрөө нэр бүтэн, нүгэлгүй амьдарч дээ . Ийм буянтай хүн эргэн төрж, сайн төрлөө олсон байх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-29 00:18:13
    Сүхбаатар сүүеэ: Намхайнямбуу баатартай айл саахалт нутагладаг байлаа.Бэлчээр нэг доор тул малын бэлчээрээр уулзалдана хүүхэдтэй их тоглоом хийдэг мэддэг чаддаг зүйлээ их хуваалцдаг хүн голдоггүй найзархуу сайхан хүн байсан даа.Цэцэн хайрханы араар Цэгээн нууранд малаа услаж хужирлаад явахдаа манайхаар заавал бууж цай хоол болоод явдаг байж билээ. 1986 оны намар Хосын үзүүрт саахалт намаржиж байгаад өглөө эрт цасан шуурагнаар хонио хотноосоо алдаад араас нь хөөцөлдөөд явтал Баатар хоньчин хотондоо нийлүүлээд ээрч байж билээ. Айгаад очсон чинь моньд минь манайд орж манай хүүхдүүдтэй тоглож өнж. Ах нь аавд нь хэлээд тэнгэр хийхээр ялгая гээд л шилбүүрээ бариад инээгээд зогсож байж билээ.Учир нь хонь нийлүүлэх маш дургүй хайлган цагаар ширүүн хөдөлгөх бүр ч дургүй л хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 17:26:21
    Даваагэрэл : Намайг хүүхэд байхад хоньчин хүн Хөдөлмөрийн баатар болж УИХ-н болж байна гээд л Ордонд Монгол дээлтэй гишүүн суудаг байж билээ би Хоньчин хүн байж УИХ-н гишүүн болдог ямар мундаг хүн бэ гэж их биширдэг байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 23:26:05
    зочин: Ёстой жинхэнэ малч удмын амьдралын ухаантай монгол хүн мөнөөсөө мөн байсаан. Бараг хүн бүр хоньчин баатар гэж мэддэг байсан. Олон сайхан хүүхдээсээ заримыг нь мал дагуулсан бол зөв болох байсан байхдаа. Хөгжлөө хөгжлөө гээд монгол ахуй хэвээрээ малчин удмаа таслахгүй л байх ёстой юм байгаан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 23:22:30
    зочин: Ёстой жинхэнэ малч удмын амьдралын ухаантай монгол хүн мөнөөсөө мөн байсаан. Бараг хүн бүр хоньчин баатар гэж мэддэг байсан. Олон сайхан хүүхдээсээ заримыг нь мал дагуулсан бол зөв болох байсан байхдаа. Хөгжлөө хөгжлөө гээд монгол ахуй хэвээрээ малчин удмаа таслахгүй л байх ёстой юм байгаан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 18:02:54
    Баасан овогтой Бямбасүрэн Архангай Жаргалант сум : Сайн байна уу Дурсамж Ярилцлагыг шимтэн шимтэн уншлаа Үнэхээр бахархахгүы байрын аргагүй Гэр бүл үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайнн сайхан бүхнийг хүсьe Гайхалтай Ураантай Эгэл Даруухаг Эрдэмт Хүн байжээ Мөргөмүй Биширмүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 15:50:53
    Мягмарсүрэн.Г: Намайг хүүхэд бхд олон хогьтой айл манайхныг дайраад тэртээ нүүгээд хавар цас хандраад ирэхээр тхрган тавтай схн өвөлжөөд ирлээ гээд буцаад л дайрахд нүүдэг бж .Манай хөгшин ээж Намхайнямбуу өаатар 2 их схн хуучилж сүүлд нь хөгшин ээж минь их л магтаж бидэнд ярьдаг байжээ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 15:30:31
    Зочин: Хөдөөний малчин хүнийг гишүүн болгож авчраад буухаар нь байрыг нь хураадаг гэнэ ээ. Ийм л өөдгүй муухай нийгэмд энэ хүн удаан амьдарч чадаагүй биз дээ. Дэндүү сайн сайхан хүн байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 08:35:38
    Зочин : Сайхан мундаг хүн байжээ. Яагаад ийм богино насалсан юм болоо? Гэтэл Улс орноо тонон хулгайлж хөлжсөн МАН+АН гэх луйварчдын хөгшин төгцөг нүүд үрчийж хорчийсон заваан юмнууд үхэж далд орохгүй байгаад л байхийм!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188