-Монгол ардын суут" драмын жүжиг удахгүй нээлтээ хийнэ шүү дээ. Таны хувьд суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн дүрд тоглож байгаа юм билээ. Нэрт зохиолчийн дүрд ажиллана гэдэг бахархалтай бас айдастай үйл явдал болж байгаа байхдаа?
- Суут зохиолч Д.Нацагдоржийн дүрд тоглох болсныгоо туйлын азтай хэрэг, их хувь тохиол гэж боддог. УГЗ Б.Баатар найруулагч “Монгол ардын суут” гэх нэрийг өгч байсан юм. Тухайн үед нийгэм хатуу, хэцүү, бүх л зүйл болохгүй байх үед ганц гэрэл гэгээ нь байсан хүн байсан учраас энэ нэрийг өгсөн юм. Д.Нацагдоржийн дүрд тоглож байхдаа хүн эрх чөлөөтэй байхдаа л хамгийн аз жаргалтай байдгийг ойлгож авсан. Тал бүрээс нь шоронд хийх гэж оролдсон, хэлмэгдэлтэйн үед сэтгэл санаа нь ямар тогтворгүй байсныг нь мэдрэх гэж, түүнийгээ гаргах гэж хичээлээ. Анхны жүжгийн тавилтын үеэр миний олгой өвдөж, эмнэлэгт хүргэгдчихээд үхсэн ч гомдолгүй гэсэн бичиг дээр гарын үсэг зурж байж, жүжигтээ тоглож байлаа.
-Тус жүжиг түүхэн баримтат драмын жүжиг гэсэн шүү дээ. Энэ төрлийн онцлог нь юу болж байна?
-Үйл хөдлөл, хэлж байгаа үг бүр нь баримт нотолгоотой. Бүгдийг нь дурсамж яриа, хууч тэмдэглэлээс авч бичсэн зохиолтой. “Монгол ардын суут” жүжгийг Монголын Улсын нэрт уран бүтээлчид хамтран бичиж, найруулсан. Тэдгээр хүмүүстэй хамтарч ажилласандаа баяртай байгаа. Жүжигт маань одоогийн нийгэм, улс төрт хандсан олон үг, эшлэл бий.
	
-Үлгэр, тууж дээр гардаг зохиомол дүр биш түүхэн хүн учраас дүрийн судалгаагаа маш сайн хийж, төлөвлөх хэрэгтэй болсон уу?
-Би ч хилс хэрэгт өртөж байсан учраас надад ойрхон байсан. Д.Нацагдорж шиг хувцаслаад автобусанд суугаад хүмүүс хэрхэн хүлээж авахыг нь харж байсан. Бичиж, тэмдэглэсэн зохион, номуудыг нь уншиж судалсан. Өглөө сэрэхээс орой унтах хүртлээ энэ хүнээр амьдрах гэж хичээж, дүрээ судалсан.
-Хүүхэлдэйн театрын уран бүтээл шүү дээ. Тэгэхээр тус жүжигт хүүхэлдэйгээ хэрхэн оруулж ирсэн бэ?
-УДЭТ-т “Жаргаагүй нар” жүжиг тавигдсан шүү дээ. Тус жүжигтэй зэрэг нээлтээ хийж тавигдсан юм. “Жаргаагүй нар” жүжгээр амьдралынх нь ээдрээ, жаргал, зовлонг нь харуулсан. “Монгол ардын суут” жүжигт бол нас барах мөчийг харуулсан. Тэр үеийн үхэлтэй тэмцэх тэмцэл, Монгол оронд хэрэгтэй, хэрэггүй гэсэн бодол, өөртэйгөө тэмцэх тэмцлийг нь харуулж байгаа.
	.jpg)
-Хүүхдүүд рүү чиглэсэн уран бүтээл гаргахын хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Хүүхэлдэйн театрын жүжигчин учраас хүүхэд насныхаа галт тэргээр аялж байгаа хэрэг. Баавгай, чоно муу дүрийн баатар гээд л төрөл бүрийн үлгэрийн баатрын амилуулна. Хүүхдүүд муу талын дүрийг яг л байгаагаар нь хүлээн авч үзэн ядна шүү дээ. Ахмад жүжигчин мин нэг удаа “ Бид хүүхэд баясгасан учраас бурхан болох юм бол диваажинд очно” гэж байсан юм. Хүүхдийн цагаан гэгээн энерги дунд ажилладаг хамгийн сайхан мэргэжил дээ.
-Та яагаад хүүхэлдэйн театрын уран бүтээлч болсон юм бэ?
-Хүүхэлдэйн театрт амьгүй зүйлийг амилуулдгаараа онцлог. Их сургуулиа төгссөн хэрнээ дахин нэг сурах зүйлтэй болчхож байгаа юм. Тэр үеэс л театрынхаа сайн сайхан бүхнийг мэдэрч, суралцаж, нэг хэсэг нь болсоор 15 жил болсон байна. Миний багийн мөрөөдөл биелсэн гэж боддог. Мөрөөдлийнхөө дагуу жүжигчин болсон. Жүжигчин болсныхоо дараа түүхэн хүний дүрд ажиллахын хүсэж байсан. Энэ мөрөөдөл минь нэрт зохиолч Д.Нацагдоржийн дүрээр биелсэн.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө мөрөөдөл юу вэ?
-хүүхэлдэйн театртаа тэтгэвэрт гарах хүртлээ тууштай ажиллана аа. Мөн кино уран бүтээлүүдэд дахин ажиллахыг зорьж байна. Эх, үрийн холбоог харуулсан нандин дурсамж хөндөх кинонд тоглохыг зорьж байгаа.
| Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН | 
        
        | 
      
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |