• Өнөөдөр 2026-03-07

“Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 21-нээс дахин тоглоно

2025-11-19,   440

       Найруулагч М.Батболд дөрвөн жилийн өмнө дэлхийн хэмжээний сонгодог Ф.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болголоо гэдэг мэдээ урлаг сонирхогчдын анхаарлыг хүчтэй татаж байлаа. Учир нь “Гэм зэм” бол аль ч хэл дээр 1000 орчим хуудастай зузаан роман. Уншихад ч оюуны хөдөлмөр хэрэгтэй. Ф.Достоевскийн бусад романуудтай харьцуулахад урт диалоги, философийн дотоод өгүүлэмж багатай ч хүндэд тооцогдоно. Үүнийг яаж жүжиг болгох юм бэ, ямар зоригтой юм бэ гэдгээс бүх зүйл эхэлсэн.
 
  Харин М.Батболд хүлээлтийг давж, “Орфей” театрыг энэ салбарын зах зээлд тунхаглаж чадсан билээ. 
 
Тэр өдрүүдэд бүхий л сэхээтэн хүрээлэл, урлаг сонирхогчид, хэвлэл мэдээлэл, нийтлэлчид, сэтгүүлчид, шүүмжлэгчид “Гэм зэм”-ийг ээлж дараалан үзэж, сэтгэгдлээ бичицгээж байлаа. Сошиал дахь сэтгэгдлүүд “Гэм зэм”-ээр дүүрч, Улаанбаатар тэр аяар урлагаар, театраар, Ф.Достоевскийн үзэл санаагаар амьсгалж байсан. Харин одоо дөрвөн жилийн дараа “Гэм зэм” тайзнаа эргэн ирж байна. Гэхдээ аравхан удаа тоглоно. Энэ бол сүүлчийн удаа юм. Үүнээс хойш “Гэм зэм”-ийг дахиж хэзээ ч тайзан дээр тоглохгүй гэдгийг “Орфей” театрын зүгээс хэлжээ. Тийм учраас дөрвөн жилийн өмнөх тэдгээр өдрүүд, тэр уур амьсгалыг дахин мэдрэх сүүлчийн боломж тохиож байна. Мөн үзэж амжаагүй үзэгчдийн хувьд ч олзуурхууштай явдал мөн болов уу. 
 
  Тус жүжгийг Тусгаар тогтнолын ордны тайзнаа  энэ оны арваннэгдүгээр сарын 21-30-ныг хүртэл тоглоно.
 
Тасалбарыг https://ticket.mn/event/2764/ -ээс аваарай.

“Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 21-нээс дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188