• Өнөөдөр 2024-04-18

ХЭҮК-ийн гишүүн Б.ЭНХБОЛД:Цэргийн ангийн удирдлагууд манай шаардлагыг биелүүлээгүйн улмаас дахин хоёр ноцтой хэрэг гарлаа

2021-04-15,   4693

           Судалгаагаар цэргийн ангиудад бие махбодын шинжтэй зодох, эрх чөлөөнд халдах, сахилгын байранд хорих, удаан хугацаагаар гадаа зогсоох, гүйлгэх, хүнд ачаа үүрүүлэх, хоол, ундгүй удаан байлгах, ээлжийн бус харуул, жижүүрт удаан хугацаагаар гаргах зөрчил их байгаа нь тогтоогдсон

           Цар тахлын энэ үед охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, өндрөөс үсэрч амиа хорлох тохиодол цөөнгүй гарлаа. Мөн зэвсэгт хүчний байгууллагад хүчирхийлэл, дарамт, яргалал өдгөө ч хэвээр гэдгийг сүүлийн үеийн ноцтой гэмт хэргүүд батлах болсон. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний комисс хэрхэн ажилладаг, цаашид ямар арга хэмжээ авах боломжтой талаар Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболдоос тодрууллаа.

-Хөл хорионы үед охид, эмэгтэйчүүд өндрөөс үсэрч, амиа хорлосон хэрэг цөөнгүй гарлаа. Охид, эмэгтэйчүүдээс ямар нэгэн тусламж хүссэн хүсэлт ирж байсан уу?

      -“Би байнгa хүчирхийлэлд байдаг. Яаралтай надад туслах хэрэгтэй байна. Үгүй бол би амиа хорлоход бэлэн” гэх гомдол, мэдээлэл Хүний эрхийн Үндэсний комисст ирээгүй. Хүний амиа хорлох шалтгаан олон хүчин зүйлтэй холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан баг бүх дүүрэг, хороонд ажилладаг. Хүний эрхийн Үндэсний комисс хамтарсан ажлын хэсэг болон тус нутаг дэвсгэрт хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага үр дүнтэй ажиллаж байна уу, үгүй юү гэдгийг хянадаг. Үүнээс харахад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хамтарсан баг сайн ажиллахгүй байна. Бид холбогдох байгууллага албан тушаалтанд ажлаа эрчимжүүлэх, аливаа гомдол, зөрчилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний комисст ирүүлэх хэрэгтэй гэдгийг дахин зөвлөсөн.

-Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой хамтарсан баг ямар журмаар ажилладаг вэ?

    -Хамтарсан баг ажиллах журмын дагуу дүүргийн Засаг дарга, эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтан, хороодын ахлагч нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Тухайн нутаг дэвсгэрт хэн, хаана оршин суудаг, ямар бүсэд амьдардаг, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл үйлдсэн эсэх, ял шийтгэл авч байсан зэрэг судалгаанд үндэслэн өдөр бүр хянах ёстой.

Үүний тулд иргэдтэй уулзах, иргэдээс мэдээлэл авах, эрсдэлтэй нөхцөлд шуурхай ажиллах, хохирогчийг хамгаалж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх хэрэгтэй.

-Хүний эрхийн Үндэсний комисст ямар төрлийн гомдол их ирдэг вэ?

        -Хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол 50-55 хувийг эзэлдэг. Хууль бусаар ажлаас халагдах, ажлын байранд ялгаварлан гадуурхагдсан, цалингаа бүрэн авч чадаагүй, ажлын байрны бэлгийн дарамтад орсон зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол их ирдэг. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хамгаалахгүй байх, хууль бусаар эрүүгийн хэрэгт гүтгэх, цагдан хорих, хэлс хэрэгт холбогдуулан шалгах гомдол 15-20 хувийг эзэлж байна. Гуравдугаарт, хүүхдийн мөнгө авч чадахгүй байх, тэжээгчээ алдсан болон асран хамгаалах харгалзах хүнгүй болсон, хоол хүнс, орон байраар дутагдсан гэх гомдол 15 орчим хувийг эзэлж байна.

-Игэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

         -Хүний эрхийн Үндэсний комисс аливаа эрхийн хэрэгжилтийг хангах механизмыг зөв ажиллуулах, шинээр бий болгох хяналтыг хэрэгжүүлдэг. 2020 онд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг Монгол Улсын 16 аймагт хийсэн. Жишээлбэл, Ховд аймгийн төрийн бүх байгууллага жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиа хэрхэн биелүүлж байна вэ, жендертэй холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, эмэгтэй албан хаагчдын эрхийг яаж хамгаалж байна, бэлгийн дарамт, ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдгийг ХЭҮК-оос шалгадаг. ,

          Монгол Улсын төрийн байгууллага бүгд Хүний эрхийн Үндэсний комисс шиг ажиллах ёстой. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагад 10 мянган хүн, прокурорт 1000 хүн, шүүхийн байгууллагад 500, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 300-400 хүн ажилладаг. Эдгээр байгууллагын ажилтан бүгд хүний эрхийн эрхийн төлөө ажилладаг юм. Харин ХЭҮК төрийн байгууллагуудыг хуульд зааснаар  хүний эрхийг хамгаалж байна уу, үгүй юу гэдгийг хянаж, ямар нэгэн доголдол гарвал засах чиг үүрэгтэй байгууллага. Мөн иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч, холбогдох байгууллага руу шилжүүлж хуульд заасны дагуу яаралтай шийдүүлж хүний эрхийг хамгаалахаар хамтран ажилладаг.

-Хүний эрхийн Үндэсний комисс зэвсэгт хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

         -Хүний эрхийн Үндэсний комисс эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд түлхүү анхаардаг.Тухайлбал, цэргийн анги, хорих байгууллага, асрамжийн газар, хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний төвд байгаа иргэд хүний эрхшээлд байдаг. Эдгээр газар хүний эрх зөрчигдөх магадлал их. Хүний эрхийн Үндэсний комисс тус объектуудад байнга очиж, шалгах үүрэг хүлээсэн байдаг.

         2006 онд цэргийн ангиудад дүрмийн харилцааны талаар судалгаа хийж, хүний эрхэд алддаг гэдгийг тогтоож, УИХ-д өргөн мэдүүлж байсан. ХЭҮК зэвсэгт хүчний 40 орчим, хилийн зэргийн 37 байгуулагад очиж ажилладаг. Ингэхдээ тусгай төлөвлөгөөтэй шалгалт хийдэг. Заримдаа хүний эрхийн хэрэгжилт ямар байгаа талаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөрчлийг тухай бүрд шийдвэрлүүлдэг. Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран Хүний эрхийн Үндэсний комисс гурван удаа санамж бичиг байгуулахдаа “Зэвсэгт хүчин ба хүний эрх” гэдэг гарын авлага боловсруулж, зэвсэгт хүчний сургагч багш нарт олгосон. Багш нар хүний эрхийн талаар байнга сургалт хийж, тайлан мэдээллээ ХЭҮК руу ирүүлдэг байх ёстой.

-Цэргийн ангиудад дарамт, хүчирхийлэл их байдаг гэдгийг сүүлийн үеийн ноцтой хэргүүд баталж харуулсан. Үүнд ХЭҮК ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?

        -Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр цахим орчинд ахлагч нар нь хоёр цэрэгтэй зүй бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Цар тахлын үед цэргийн албан дахь дүрмийн бус харилцаа даамжрах вий гэх үүднээс Хүний эрхийн Үндэсний комисс зэвсэгт хүчний анги байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.

Гэтэл цэргийн ангийн удирдлагууд шаардлагыг хүлээн авч биелүүлээгүйн улмаас сүүлд хоёр ноцтой гэмт хэрэг гарсан. Одоо зэвсэгт хүчний анги, байгууллагад хийх шалгалтыг эрчимжүүлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын их хурлын хүний эрхийн дэд хорооноос гаргасан тогтоолын дагуу ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссоос хараат бус судалгааны ажил эхлүүлэхээр ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний комисс хамтарч түүврийн аргаар нийт хугацаат цэргийн алба хаагчдыг хамруулсан санал асуулгын судалгааг орон даяар явуулна.

       Гарсан дүгнэлтэд үндэслэн цаашид цэргийн анги байгууллагуудад ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ гэдгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, холбогдох Байнгын хороо, хууль санаачлагчдад хүргүүлж ажиллана. Цэргийн ангиудад түүврийн аргаар шалгалт хийх ажлын хэсэг гарсан.

-Зэвсэгт хүчний байгууллагад хийсэн 2006 оны судалгаагаар ямар гэмт хэрэг олон бүртгэгдсэн байна вэ?

       -Судалгаанаас харахад цэргийн ангиудад бие махбодын шинжтэй зодох, эрх чөлөөнд халдах, сахилгын байранд хорих, удаан хугацаагаар гадаа зогсоох, гүйлгэх, хүнд ачаа үүрүүлэх, хоол, ундгүй удаан байлгах, ээлжийн бус харуул, жижүүрт удаан хугацаагаар гаргах зөрчил их байсан. Цэргийн ангиудад зөрчил арилгах үүднээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг ч  бие махбодын шинжтэй зөрчил одоо ч арилаагүй байна. Ингээд зогсохгүй цэргийн ангийн дарамт, хүчирхийлэл дансаар мөнгө авах зэрэг далд хэлбэр рүү хувиран өөрчлөгдөж, сэтгэл зүйн дарамт учруулж байгаа нь тогтоогдсоор байгаа. 


ХЭҮК-ийн гишүүн Б.ЭНХБОЛД:Цэргийн ангийн удирдлагууд манай шаардлагыг биелүүлээгүйн улмаас дахин хоёр ноцтой хэрэг гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-25 16:38:50
    Бодит үнэнийг ил болго.: Энхболдоо хэдэн зуун мянган цэргүүдийн дунд жилд ганц, нэг зөрчил гарахад нийгмээрээ түгшдэг мөртлөө цэрэг яваагүй цэргийн насны залуучууд 7хоног бүр асуудал гаргаж байхад хэн ч тоохгүй байгааг харж байна уу. Судлаач хүний хувьд энэ талаар судлаад нийгэмд зөв ойлголт өгмөөр бна. Жишээ. Цэрэг яваагүй залуу, аваар осол, гэмт хэрэгт холбогдох магадлал цэргийн залуусаас 20-30 дахин их байгааг судалгааны үндсэн дээр батлаад хэлчихээд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-16 07:18:12
    Зочин: Эргүү лалар минь хүний эрх гэж ойлгодог юм уу чи.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 15:48:06
    зочин: тэгээд яахын бэ? өдөр оройгүй хэвтүүлээд халуун тосоор гулгаа нтр хийлгэх юм уу. Цэрэг бол цэрэг. Бие нь үнэхээр дийлэхгүй үхэж байгаа бол байлдааны талбар суманд оногдохгүй буун дуунаар чад хийх юм байна л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 14:04:46
    Зочин: Хүчирхийлэлээс хүчирхийлэл үйлдэгддэг гэдэг юутай үнэн.Ахлагч офицерууд бэлтгэгдэж байхдаа ёс зүйн сургалтыг сайн оруулж нам дагасан томилгоогоогоо зогсоохгүй бол арми арми биш болж бна гэж харагдаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 13:14:30
    Офицер: Цэргийн ангид сахилгын байр байхаа болиод 15, 16 жил орчим болж байна. Цэргийн сургалтанд сэтгэл зүйн бэлтгэл олгох зорилгоор 25-30 кг ачаатай 30км зам туулдаг. Өглөө, өдөр, оройн нэгдэлт, оройн тоо, нэгдсэн ажиллагаанд хамруулахын тулд жагсдаг. Цэргийн сүр жагсаалдаа гэдэг сургалтын 1 хэлбэр юм даа. Хоол бол 3 удаа 4 халуун хоол иддэг газар цэрэгт байдаг. Хоол хоорондын зай 6-7 цаг. Харуул, хоногийн манаа бол тайван цагт гүйцэтгэж буй байлдааны үүрэг. Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрмээр зохицуулагддаг. Уг дүрэмд 24 цаг амарсны дараа дахин томилгоонд оруулахыг зөвшөөрдөг. Иймд мэдэхгүй салбарынхаа үйл ажиллагаанд мэддэг юм шиг дүгнэлт гаргах нь туйлын буруу юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188