• Өнөөдөр 2024-04-26

МУГТ Ж.Нарантунгалаг: Дунд охин маань аавыгаа тулаанд ялахыг үзчихээд, ариун цэврийн өрөөнд орчихоод уйлаад л байсан гэсэн

2020-10-28,   1503

Надад энэ спорт, зорьсон зорилгоосоо шантарч, урваж байсан удаа байхгүй

Гал гарсан ширүүн тулаан, ялалт бүрийн ард гурвантаа уухайлдгаараа, “Чингисийн цавчилт” өшиглөлтөөрөө дэлхийд алдаршсан холимог тулаанч бол МУГТ, “Legend FC” холбооны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг юм. Түүний олон ч тулааныг үзэхийн тулд нойроо хасаж, яг л хажууд нь байгаа мэт догдолж суусан мөч бүхэндээ би гавьяатаар бахархаж, омогшдог байлаа. Харин саяхны нэг өдөр Өмнөговь аймгийг зорих автобусанд бид ойрхон сууж таарав. Сайхан учралдаа олзуурахсан би бээр түүнтэй шуудхан л ярилцаж эхэлсэн юм. 
 
-Автобусны бүхээгт танилцана гэж бодсонгүй явлаа. Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай уншигч болон редакцын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Ийм тохиолдолд яриа өгч үзээгүй юм байна (инээв). 
-Та Булган аймгийн хүн байх аа. Багадаа хэр дэггүй хүүхэд байсан бэ? 
-Хэрсүү байснаас дэггүй бол байгаагүй. Айхтар дүрсгүй биш, хэтэрхий даруухан ч биш, эгэл жирийн л хүүхэд байсан санагддаг. Хөдөө мал маллаж, сахилгагүйтэх үедээ сахилгагүйтэж, бусад хүүхдийн жишгээр л өссөн дөө. Цэцэрлэг, сургуулиа Эрдэнэт хотод төгссөн. 
-Тулааны урлагаар хичээллэдэг хүмүүс аль нэг спортын суурьтай байдаг. Таны хувьд бөхийн суурьтай. Багаасаа барилдсан уу? 
-Арван жилийн сурагч байхдаа жудогоор хичээллэж эхэлсэн юм. Тэр үед Дэлгэрбаяр, Раднаабазар, Тэрбиш багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийдэг байсан. Тухайн үед жудогийн тухай гардаг “Генийн жудо” гэдэг киног их үздэг байлаа. Тэр киног үзсэн хүүхдүүд бүгд л бөхөд хорхойсож, жудогоор барилддаг байсан. Ангийн багш маань намайг бөхийн спортод хөтөлсөн гэж болно. Багш хамгийн анх анги дотроо тойрог барилдаан зохиоход нь би түрүүлсэн юм. Тэгээд л намайг “Чи бөхийн секцэнд яв” гээд өөрөө хөтөлж оруулж байсан.
-Тухайн үед тулааны урлаг тийм ч сайн хөгжөөгүй байсан байх?  
-Өнөөдрийнх шиг хөгжөөгүй ч боксоос эхлээд олон тоглолт болдог байсан. Би хэдийгээр бөхөөр барилддаг ч хажуугаар нь тулааны урлаг их сонирхоно. Дотроо бол тулааны урлагт орж үзэх юм сан гэсэн ирмүүн бодолтой. 1990-ээд онд чинь дош, дошны атаманууд ихтэй болохоор гэр рүүгээ явах зам урт. Тэгээд л өөрийгөө болон дүү нараа зодуулчихгүй юм сан, өөрийгөө хамгаалчих юм сан гэж л тэр шүү дээ. Манай үеийнхэн тэр чигтээ л Брюс Лигийн тулаантай киног үзэж, хөл гарын хөдөлгөөнийг дуурайцгаадаг байсан. Тэгээд нэг л мэдэхэд бөх, тулааны спортын сонирхол аль аль нь нийлээд холимог тулаанч болчихлоо. 
-Үргэлж тулааны талбарт зогсож байдаг болохоор тэр юм уу, их л хатуу, ширүүн хүн шиг санагддаг. Гавьяат маань хэр өр зөөлөн хүн бэ? 
-Мэдээж хэрэг тулааны үед бол өрсөлдөгчиддөө сэтгэл зүйн дайралт үзүүлэх, монгол хүний ид хав, сэтгэл зүйг харуулах үүднээс хатуу, ширүүн мэт харагддаг байж магадгүй. Харин дотроо бол ер нь зөөлөн хүн шүү, уяхан талдаа.
-Тамирчид ихэвчлэн чихэвч зүүгээд бэлтгэл хийж харагддаг. Мөн олон улсын тэмцээнийг зорьж нисэхдээ ч чихэвчтэй явдаг юм билээ. Харин та энэ үедээ ямар дуу, хөгжим сонсох дуртай вэ?
-Дээр хэлсэнчлэн өрсөлдөгчөө ширүүн, дорвиун харахаас эхлээд сэтгэл зүйн бэлтгэл маш сайн байх шаардлагатай байдаг. Бусад тамирчид юу сонсдогийг сайн мэдэхгүй. Би дандаа уртын дуу сонсдог. Онгоцонд, буудалдаа уртын дуу сонсож байхад юун тэр тулаан, өрсөлдөгч бодогдох, сайхан Цагаан сар, наадам бодогдоод л явчихдаг.  
-Мартаж чаддаггүй, эргэн эргэн боддог тулаан гэвэл аль тулаанаа нэрлэх вэ? 
-2010 онд болсон Киокүшин каратегийн азийн аварга шалгаруулах тэмцээн тэр чигтээ мартагддаггүй. Эндээс хөлдөө бэртэлтэй очсон, очоод тулалдаж байхдаа хавиргаа хугалуулсан гээд хүндхэн тулаан болсон. Гэхдээ хугархай хавиргатай ч нэгэнтээ зорьж очсон тэмцээн учир гүрийгээд, дахин хоёр тулаанд орж, ялалт байгуулсан. Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Тэр л хамгийн их үнэ цэн, тэсвэр тэвчээрийн үр дүнд гаргасан амжилт. Маш хатуу, бэртэл гэмтэл ихтэй тэр тулаанууд л мартагддаггүй юм. 
-Тэгвэл таны хамгийн их харамсаж явдаг тулаан аль вэ? 
-“Хэдхэн секундын хугацаа байсан бол, жаахан л хичээсэн бол ялалт авах байлаа даа” гэж бодох тулааны ард цөөнгүй гарсан. Тухайлбал, “Legend FC” холбооны аваргын бүсээ хоёр дахь удаагаа хамгаалах тулаанд ялагдсандаа харамсдаг. Малайз Улсад болсон тэр тулаанд барилдах гээд дайрахад нь буруу шийдвэр гаргаж хөлөө хойш нь татчихсан. Тэгээд хөлөө хугалж, ялагдал хүлээсэн. Хөлөө буруу байрлуулсан жижигхэн алдаанаас том гэмтэл авч, ялагдаж байгаа нь тэр шүү дээ. 
-Тулааны спорт бусад спортоосоо илүүтэй бэртэл, гэмтэлд ойрхон байдаг байх. Холимог тулааны спортоо орхих хэмжээнд шантарч байсан үе танд бий юү? 
-Бэртэл, гэмтэл хэдий хэцүү ч тэр түр зуурын л зовлон. Надад энэ спорт, зорьсон зорилгоосоо шантарч, урваж байсан удаа байхгүй. Улам илүү хичээж, бэлтгэлээ тууштай хийдэг. Дуртай болохоороо л тэр байх. Ер нь ингээд бодоход тамирчин хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь гэмтэл юм билээ. Өөрөөр хэлбэл, тэрийг яаж давж гарав, хэрхэн буцаж тулаандаа ирэв гэдгээс цаашдын амжилт шалтгаалдаг мэт санагддаг. Аль болох гэмтэж бэртэхгүйг хичээж тулалддаг. Гэвч тулаан бүхэн хүссэнээр болдоггүй. Бэртэл бол тамирчин хүний бие, сэтгэл зүйн маш том шалгуур. 
-Та холимог тулааны урлагаар амжилт гаргасан цагаасаа хойш дэлхийн олон орноор аялсан. Аль орны, ямар хоол илүү амттай санагдаж байсан бэ?
-Орон орны хооллох соёл, хүнсний аюулгүй байдал зэрэг нь урлаг болтлоо хөгжсөн байдаг. Миний хувьд монгол хоолноос илүү шим тэжээлтэй, сайхан амттай хоол байдаггүй. Ер нь л хамгийн хөлс гарсан хоолыг манайхан хийдэг шүү. Би ханийнхаа хийсэн цуйван, шөлтэй хоолыг л идэх дуртай. Тэгээд сайхан амттай болохоор нь ийм, тийм гэж голохгүй хийсэн хоолыг нь л иддэг дээ. 
-Гадаадад тулалдаад ирэхэд хүүхдүүд нь хэрхэн угтдаг вэ. Мэдээж хэрэг ирэхээс нь өмнө тулааныг нь үзчихсэн байдаг байх? 
-Манайхан нэг дороо цуглаад, голдуу хадмынд бөөгнөрөөд л үздэг юм байна лээ. 2014 онд дэлхийн аваргын төлөө тулалдахад хамтдаа үзэцгээсэн байгаа юм. Дунд охин маань аавыгаа тулаанд ялахыг үзчихээд, ариун цэврийн өрөөнд орчихоод уйлаад л байсан гэсэн. Ирээд тэр тухай нь сонсоход маш сайхан санагдаж байгаа юм чинь. Үгээр хэлж болохгүй тийм сонин мэдрэмж төрсөн. 
-Алдарт “Чингисийн цавчилт”-аа сүүлийн үед хийж харагдахгүй байгаа. Хэцүү техник үү? 
-Тухайн техникийг хийхэд урагшаа уналттай, сальт маягаар хийдэг болохоор кикбокс ч юм уу босоо байрлалтай тулаанд ашиглах боломжтой. Харин холимог тулааны үед хийх нь бага зэрэг  эрсдэлтэй. Учир нь оновчтой болохгүй тохиолдолд би өрсөлдөгчийнхөө дор орж, хэвтээ байрлалд шилжих магадлалтай. Тиймээс холимог тулаанд оролцохдоо нэг ч удаа хийж үзээгүй. 
-“Чингисийн цавчилт” хочийг Д.Дагвадорж аварга өгсөн гэдэг нь үнэн үү? 
-Хүмүүс тэгж л ярьдаг юм. “Энэ Монгол техник үү” гэж асуухад нь Аса аварга “Монгол техник, Чингисийн цавчилт гэдэг юм” гэж хэлж байсан юм гэнэ лээ. 
-Тэртээгээс өдий хүртэл таны жанжин шугам байж, өнөөдрийн таныг бүтээсэн хамгийн эрхэм зан чанар юу вэ? 
-Тууштай зан чанар гэж бардам хэлнэ. Аливаа нэг зүйлд амжилт гаргах, үр дүнд хүрэхэд тууштай зан чанар л хамгийн чухал. Дээрээс нь эцэг эхээс заяасан эрүүл чийрэг бие байна. Энэ л хамгийн давуу тал гэж боддог. 
-Тулаан эхлэхийн өмнө өрсөлдөгч нар бие биетэйгээ тулж, харц мөргөлдөж зогсдог. Тэр үед яг юу бодогддог вэ? 
-Тухайн үеийн байдлаас болж янз янзын л юм бодогдоно. Миний хувьд яг тэр үед харьцангуй тайван байдаг. Өрсөлдөгч тэнд үсчээд, янз бүрээр авирлаад байвал “За чамайг даа” л гэж боддог. Тэр бодлоо тулаандаа харуулахыг хүсдэг дээ. Түүнээс биш яг тэр мөчид кинон дээр гардаг шиг эх орон, нутаг ус харагдаад байна гэж байхгүй (инээв). 
-Их спортын хажуугаар гэр бүлдээ цаг гаргаж чаддаг уу. Та хэр халамжтай хань, сайн аав бэ? 
-Ханийн түшиг, эцгийн хайраар дутаадаггүй гэж боддог. Энэ бүхний төлөө их ч хичээдэг. Гэр бүлдээ цаг их гаргана. Манай гэр бүлийнхэн кино үзэх их дуртай. Хаана, ямар кино гарна, бүгд шуугьж очоод л үзчихнэ. 
-Та тулаанд хэний ч өмнө өвдөг сөгдөхгүйн төлөө үргэлж хичээдэг байх. Тэгвэл танд тулалдахгүйгээр өмнө нь очиж өвдөг сөхрөх хүн бий юү. Өөрөөр хэлбэл, таны энэ их бяр чадал хэний өмнө дарагддаг вэ?
-Ээж минь амьд сэрүүн байсан бол хамгийн түрүүнд ээждээ л сөгдөх байсан байх. Одоо надад байгаа бурхан гэвэл миний хань. Дөрвөн сайхан хүүхдийг минь төрүүлж өгсөн ханийнхаа өмнө л сөгдөнө дөө. 
-Хэцүү асуулт асууж буйд уучлаарай. Хүн бүхэн эцэг, эхээ өөд болсон ч гэсэн санан дурсаж байдаг. Таны хувьд ээжийгээ хамгийн их санаж байсан цаг мөч хэзээ вэ? 
-Хүн чинь ер нь тэгээд санасан ч нэг их тоодоггүй юм билээ дээ. Эргээд надад ирэхгүй болохоор ч тэр юм уу. Харин яг гавьяат цол авчихаад “Ээж маань энийг харсан бол” гэж бодогдсон шүү. Тэр үед ээжийгээ илүү их санасан даа. Дараа нь гавьяат цолныхоо найрыг хийж суухад ч тэр бодол л ээрээд байсан. 
-Тэмцээний өмнө болон дараа уухайлдагт учир байх шиг байна. Эрч хүч аваад байна уу, эсвэл арай л өөр мэдрэмжид хөтлөгдөөд байна уу? 
-Ихэвчлэн ялалтынхаа дараа уухайлдаг. Гаднын улсуудыг хар л даа. Хачин муухай орилоод байдаг биз дээ. Би ямар тэгж орилолтой нь биш. Гэхдээ цээжинд нэг юм зангираад, тэр их баяр, жаргалыг хуваалцмаар, гаргамаар болдог. Тэгээд л уухайлдаг даа. Дараа нь бие сэтгэл хөнгөрөөд сайхан болчихдог юм. 
-Холимог тулааны дэвжээнд гаргах цаашдын амжилт, ойрын зорилгоор тань яриагаа өндөрлөе? 
-Би нэг их холыг яримааргүй байна. Эхний ээлжинд “One championship” холбоотойгоо гэрээгээ дуустал ажиллахыг л хүсэж байна. Өөрөөр хэлбэл, нэг ёсны би тус байгууллагад ажилтнаар орчихлоо шүү дээ. Тулааны тамирчнаар. Тэгэхээр тэндээс тавьсан хүсэлт буюу ажил олгогчийн саналаар амжилттай тулалдаж, гэрээгээ дуусгахыг л зорьж байна. Монгол хүн гэж ямар байдгийг би тэдэнд харуулах ёстой. Мөн дараа дараачийн монгол залуучуудынхаа боломжийг хязгаарлахгүйн тулд би гэрээгээ дуустал сайн ажиллах ёстой. Гэрээ дууссаны хойно л яахаа шийднэ дээ. Сүүлийн жилүүдэд өөрөө гэхээсээ илүү залуу хойч үе, шавь нараа бэлтгэхэд илүү их анхаарч байгаа. 
 

МУГТ Ж.Нарантунгалаг: Дунд охин маань аавыгаа тулаанд ялахыг үзчихээд, ариун цэврийн өрөөнд орчихоод уйлаад л байсан гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188