• Өнөөдөр 2024-04-26

ЗУРВАС: Орчин ахуйг биш соёл сэтгэлгээг нь түрүүлж харах хэрэгтэй

2022-09-17,   488

           Орон нутгийн театрууд бол бидний соёлыг мэдэрсэн хамгийн анхны орчин. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, “Ламбугайн нулимс” зэрэг үндэсний сонгодог жүжгүүдтэй бид тэнд л танилцсан. Хүний мөн чанар, амьдралын олон өнгөнөөс найруулагч өөрийн олж харснаа, жүжигчний авъяасаар дамжуулан тайзан дээр буулгадаг үзэгдэл бол соёлын нэгэн довтолгоо. Хэрээс талх олоод түүнийгээ бурхан мэтээр тахиж байсан тухай С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” зохиолд өгүүлдэг шүү дээ. Тэгэхээр ийм л харанхуй орчинд гэрэл асаасан гавьяаны нэг бол сумын соёлын төв, орон нутгийн театруудынх.
 
Будагтай шал, улаан хөшиг, эгнэсэн сандлууд гээд үзэгдэх орчин, ахуй соёлоороо манай улсын театрууд хот хөдөө ялгаагүй ижил.
 
    Орон нутгийн театруудын хувьд техник технологиороо л жаахан хоцорч явдгийг эс тооцвол хотын том театруудтай эн тэнцүүхэн уран бүтээлээ туурвиж яваа. Үүнийг бид өнгөрсөн оны “Гэгээн муза” наадмаас тод харж болно. Аймгуудын театрын уран бүтээлчид хэлэх гэсэн санаа, ур чадвараараа илт давуу өнгөлж, шилдэг найруулагч, нэлээд шагнал өвөртлөөд буцсаныг бүх нийтээрээ харсан. Тэр дундаа залуу уран бүтээлчид зонхилж байгаа нь ихээхэн таатай хэрэг биш гэж үү.
 
      Ийм л нэгэн адтай, авхаалжтай, авъяастай атлаа жирийн гэмээр уран бүтээлчид тэнд л оюун санаа, уншсан мэдсэнээрээ өсч суудаг.  Учир нь тэд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Намдаг, Л.Ванган зэрэг зохиолчдоо уншиж, тэдний дайтай сэтгэхийг хичээж байдаг нь нууц биш. Гэтэл шинээр төгсөж буй шинэ залуу уран бүтээлчид орон нутгийн театруудад ажиллахдаа жаахан хойрго. Уг тэнд л бид түүхээ өнгөрснөө илүү таниж мэдэх, унших боломжтой мэт. Хэдийгээр хотын театрууд маань дэлхийн сонгодгуудыг тайзан дээрээ буулгаж, үзэгчдийн оюун санааны шатыг ахиулж байгаа хэдий ч уран бүтээлчид уншиж мэдэх нь маруухан байгаа нь анзаарагддаг. Тиймээс манай уран бүтээлчид орчин ахуйг биш соёл сэтгэлгээг түрүүлж хардаг болчихвол хөдөөгийн буйдад ч сайн уран бүтээлч болон төлөвших боломж байгааг үгүйсгэсгүй.

ЗУРВАС: Орчин ахуйг биш соёл сэтгэлгээг нь түрүүлж харах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188