• Өнөөдөр 2024-03-28

ХАЙРЫН ХАРЦ

2022-07-09,   338

Ханш нээсэн хаврын нэгэн өдөр хурц улаан нарны туяа цонхоор нэвт тусна. Найз минь манаран, царай зүс улайж сууна. Онгорхой салхивчаар салхи сийгэж, моддын шинэхэн үнэр ханхална. Мөр зэрэгцэн сурч буй ангийн хүүхдүүд хичээлдээ анхаарна. Харин миний ширээний найз шанаагаа тулж, цонхны цаана цайвартах тэнгэрийн гүн рүү  ширтэж өөр ертөнцийн тухай бодож буй гэлтэй. Түүнийг өөр ертөнцийн тухай бодож суугааг нүднийх нь харц илтгэх шиг. Багш бидэнд хаврын тухай, хайрын тухай, байгалийн тухай ярьж байлаа.  Удалгүй завсарлагааны хонх дуугарч хүүхдүүд ангиасаа гарч одов.
 
Тэнгэрийн хаа нэгтэйгээс нэг цэг олоод түүнийгээ нэвт хатгаж буй мэт харцны гүнд юу байгааг үл тааж  мэднэ. Найзыгаа хэсэг чимээгүй харж суулаа. Түүний ид шидийн гэмээр харцанд салхины эрчлээс, үүлсийн нүүж байгааг харж болохоор тунгалаг. Гэвч үнэн хэрэгтээ тэр гуниглаж л суугаа хүн. Харин гуниглаж байгаа мэдэхийн аргагүй. Тиймээс  найзаасаа аяархан гуниг хаанаас эхэлдэг вэ гэж асуулаа. Тэр харин хавраас гэж хариулав. Яагаад тэгж хариулсныг сайхан мэдэхгүй юм. Хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн хувьд хавар үргэж шинэ зүйлсийн эхлэл байсан. Энэ л улиралд модод гөлөглөж, үндэс ногоо соёолж, үр жимс боловсрох суурь тавигддаг. Ан амьтад ичээнээсээ гарч нарын халуун илчинд биесээ энхрийлдэг хайр дурлалын улирал гэж би боддог. Тиймээс түүний хэлсэн учир битүүлэг хариултыг хайж эхэллээ. Хавар гэдэг хамгийн сайхан улирал гэж олон хүн боддог бас бичдэг. Хаврыг хайртай хослуулж бичээгүй зохиолч бараг байхгүй биз. Хавар болохоор хайр ирдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь  ч байж магад шүү дээ. Гэтэл найзын минь харц юуг илэрхийлж байгааг мэдэх аргагүй байв. Тиймээс “юунд ингэтлээ гөлөрсөн бэ” гэж асуухад тэрбээр над руу усны мандал дээр сар хөвж буй мэт харцаар хараад “Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй” гэж найз нь сонсож байсан юм л даа. Утга учрыг нь хайж тэнгэр ширтэж л сууна. Гариг эрхэс, ертөнцийн бүхий л зүйлс өөрийн зүй тогтолтой. Харин ганц л зүйл зүй тогтолгүй юм байна. Тэр бол хайр, тэр бол хавар. Хэн нэгний хайр мөхөж байхад өөр нэгний зүрхэнд хайр яг л цэцэг шиг дэлбээлж байдаг аж. Хаврын улирал бүхий л зүйлсийн зааг юм уу даа. Асар олон зүйлс үхэж бас сэргэн манддаг юм байна. Гэвч би миний хавар хаана байгааг мэдэхгүй байна. Миний үзэхийг хүссэн хавар, туулахыг хүссэн амьдрал хаана байгааг ойлгохгүй байна” хэмээгээд ангиас гарч одсон юм. Түүний энэ яриаг тухайн үед сайн ойлгоогүй ч нэг л зүйлийг сайн мэдэж байлаа. Түүний хүссэн хавар, хайр харцанд нь явааг...

ХАЙРЫН ХАРЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188