• Өнөөдөр 2025-02-06

Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэж, тэдний тоглолтод нь амжилт хүсье

2024-11-13,   474

       МУСТА "Х-ТҮЦ" продакшны жүжигчин З.Ононгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд СУИС-ийн оюутан байхаасаа "Х-ТҮЦ" продакшнд ажиллаж, хошин урлагийн олон сайхан номерт сэргэлэн цовоо охин, дур булаам эмэгтэй, хэрсүү эгч, эхнэрийн дүрд тоглосон. 
   Харин дэлгэцэд, “Учиртай гурав”, “Нууцын нууц”, “Манайд нэг удаа”, "Бүтэн амьдрал", "Манайд ирсэн дурлал" зэрэг киноны дүрийг бүтээсэн. Мэргэжлээрээ ажиллахаас өмнө тэрбээр оюутан байхдаа МҮОНРТ-ийн "Шигтгээ" нэвтрүүлгийг хөтөлж байсан гэдэг.
 
      Жүжигчнээс гадна тэрбээр нийтийн дууны ертөнцөд мөн авьяас билгээ сорьж байгаа бөгөөд хань болох  МУСТА, П.Идэржавхлантай хамтран "Чи бид хоёр", "Хайр байдаг", "Жаргалтай шинэ жил", "Нандин-Эрдэнэ", "Амрагхан чамдаа" зэрэг дууг шинэчлэн дуулсныг нь ч бид мэднэ. Тэгвэл тэд хамтарсан "ЧИ БИД ХОЁР" тоглолтоо арваннэгдүгээр сарын 22-нд "UB palace"-ийн тайзнаа хийхээр товложээ. Жүжигчин, дуучин хоёр хүний нэгдсэн тоглолт учир давуу тал ихтэйг ч тэд онцлоод буй. Тухайлбал, тоглолтонд нь "Х-Түц" продакшны уран бүтээлчид оролцож, номер үзүүлбэр тоглох бөгөөд мөн уран бүтээлчидтэй хамтарсан дуунуудаа ч хүргэх байна.
 
Түүгээр ч зогсохгүй үзэгчдийн хайртай гурван ч уран бүтээлчээр хөтлүүлэх болсноо сошиал орчинд сонирхолтойгоор мэдэгдээд буй. Ер нь ч уран бүтээлээс гадна сошиал хуудсаараа дамжуулан эерэг хөгжилтэй бичлэгийг хүргэдэг. Өнөөдөр гэхэд гурван охин нь "Аавдаа баярлалаа" дууг аавдаа зориулан дуулсан хайр дүүрэн бичлэг цахим орчинд түгээд байна.
 
   П.Идэржавхлан, З.Онон нарын хувьд оюутан байхаасаа үерхэж, хамт амьдарч эхэлсэн гэдэг бөгөөд П.Идэржавхлангийн анхны уран бүтээлүүдийн нэг болох  "Ижий энтэй эгч" дууны клипэнд СУИС-ийн жүжигчний ангийн оюутан З.Онин тоглосон байдаг юм. Тус дуучныг бид "Аавыгаа санахаар", "Дорнын бүсгүй", "Хөөрхөн чамтайгаа", "Хайрын дуу", зэрэг олон арван хит дууны эзэн даруу төлөв уран бүтээлч гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Өдгөө тэд хэдийн 17 жил амьдарч, гурван охины аав, ээж болсон тэд олон жил хүсэж мөрөөдөж ирсэн уран бүтээлийн тоглолтоо ийнхүү үзэгч, сонсогчдодоо тоглохоор товлоод байна. Тэдний хайр, хөдөлмөр, авьяас билиг дүүрэн гэгээн ертөнцөд саатаж, уран бүтээлийн тоглолтыг нь зорьж очоорой.
 

Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэж, тэдний тоглолтод нь амжилт хүсье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188