Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын тэргүүн байрын эзэн, Г.Сэр-Одын шагналт, Гүн утга уран бүтээлийн нэгдлийн гишүүн, найруулагч, жүжгийн зохиолч, яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалан нь “Хаврын будда” (2017) , П.Батхуягийн хамтаар “ЖИННН..., ЦЭННН...” (2020) , “Хуучин байшингийн үг” (2024) зэрэг шүлгийн түүврүүд хэвлүүлсэн. "ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД шүлгийн түүвэр нь Гүн утга уран бүтээлийн нэгдлээс уншигч олонд барьж буй уран зохиолын ҮҮДЭЛ цувралын ес дэх ном болон хэвлэгджээ.
НОМЫН ӨМНӨТГӨЛ
“Зэвэнд идэгдсэн эрэг боолт
Зүлгүүрт дулаацах мэт...”
Орчин үеийн залуусын шүлгээс тэдний дотоод ертөнцийг харж болно гэж боддог юм. Бас чөлөөт байдлыг ч харж болно. Магтаал, сургаалийн уламжлалт шүлгүүд цаг үеэ дагаад өнгө төрхөө хувиргасанг бид анзаарахгүй байх шиг санагддаг. Ер нь шүлэг бүхний цаана үзэл санаа нуугдмалаар байж л байдаг. Тэр утга санааг мэдрэх л гэж уншигчид шүлгийг уншдаг гэж энгийнээр хэлж болно. Энэ чинь таашаал бөлгөө. Уйтгар гунигын шүлгээс ч үүнийг хүртэж болно.
Яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалангийн шүлгүүдийг хотын шүлэг, суурийнгийн гэж ангилмаар санагдсан шүү. Энэ нь түүний шүлгүүд дотогшоогоо болж байна даа л гэсэн санаа. Цаг үе бүхэн өөрийн өнгө, төрх, гуниг, баяртай байдаг хойно доо. Хувь хүн ч гэсэн бас л ийм бөлгөө. Тиймээс шүлэг хэмээх нь ихэд хувийн байдагийн учир ч энэ биз. Өнөөдөр өөр цаг, өөр үнэлэмж, өөр сэтгэлгээ.
“Зэвэнд идэгдсэн эрэг боолт
Зүлгүүрт дулаацах мэт...” түүний шүлгийг уншвай. Метафорууд нь таалагдсан хэмээвээс магтсан болохгүй байлгүй дээ. Энэ чинь л магадгүй шүлгийг “уран” болгодог байж мэднэ. Шүлэг дотогшоо болох тусам...
О.Содномпил
2024.7.28
( Энд тэндгүй “100 жил ” болох цаг дор
Энэ ч яахав. Шавалхан жаахан монгол
бүсгүй Парист олимпийн “алт”-ын
төлөө тулалдсан өдөр)
“ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД” НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
* * *
Ээрүүлд ороосон утас
Юунд зориулагдах эсэх нь чухал биш байдаг ч
Бүтээл болсон хойноо
өнгө нь бишрэл төрүүлдэг шиг
Аж төрөхүйг гүйцээж бичгийн хүн байна гэдэг
Авгалдай хэрнээ өндөг гаргах гэж
зөрүүдлэхтэй ижил.
Аяндаа өдөр хоногууд бидэн дээр өндөглөж
Аар саархан зовлонд нүдний гэрэл унана.
Арайхийж шүд зуусан ч эгэл юмс гараас уяа,
эсвэл салхи мултрахтай ижил.
Амсхийх зуурт нөгөө ертөнцөд очсон мэт
Дув дуугүй холын холд одсон байнам, МЭДРЭМЖ.
Нил ягаан өнгийг бид одоо ч бүрэн таниагүй
Нэг яруу найрагч,
нэг гэрэл зурагчин, нэг сэхээтэн байхад ч
Цөмөөрөө цөмсөн самрын ясан дотор буй
Өнгийг л нэрлэж чадаагүй санагдсан.
Тиймхэн жижиг хөөр дээрээс л
Шүлгийг хувцаслаж байгаа ч
Эхэнд хэлсэн шүү дээ,
Аж төрөхүйг гүйцээж бичгийн хүн байна гэдэг
Авгалдай хэрнээ
өндөг гаргах гэж зөрүүдлэхтэй ижил.
ЧАМАЙГ ЭЗГҮЙ ХОЙГУУР
СУУРИНД ЧИНЬ БИЧСЭН ШҮЛЭГ
I
Манай сууринд морин тэрэгтэй өвгөн усанд явдаг
Малын хашааны тэнд сар нохойг орлож хэвтдэг
Маш хөөрхөн,
сайхан шилбэтэй охид усанд явахад зөрдөг
Машины гэрэл одны хажуугаас анивчдаг
Мойл, Гэрэл.., миний дурлалт охид тэнд суудаг
Маргаангүй тэд л хамгийн ариун санагддаг
Мойл жимс сагсайж, модны үнэр анхилдаг!
Маргааш, нөгөөдөр би тэнд
ахиад л хүү болон төрнө
II
Танай энэ аж ахуй яг нэрэндээ таарсан аж.
Таарсан хүн болгон мэнд усгүй, зэвэргэн
Тас хар гараараа аль нэгийг сарвайж зарах гэсэн
Тааламжгүй төрсөн үеэл нь хүртэл
хашааны гаднаас хандах
Танил бус,
татарганы эм уусан мэт хагас орон гаран хүмүүс
Таагүй байна. Танай ээж унд ч хийж өгсөнгүй
Тал шил хараанаас өөр нүд хужирлах зүйлгүй
Тамын халуун, тариачны л зүдрүү суурин байна.
III
Том шар нар цухал бараад, том хар хөл муутай
Тугал цухал бараад, үхрийн нойтон баас ханхийж
Түүн дээр нь бяцхан хүүхдүүд шумбаж, умбаж
Түймэр мэт халзан уулс намайг ирж ноолоод
Тиймээ их сонин байна!
Тэгээд би гайхаш тасарч байна.
Тэлмэн бид хоёр хашааны шон мэт
Тэгээд танай бариул мэт энд нам гацаад
Тэсэлгүй бие бие рүүгээ
том, том хараад сууж л байна.
IV
Харин энд гүзээлзгэнэ ургадаг гэнэ.
Хачин юм шүү! хайран жимс, энд!
Хамгийн адайр чөтгөр намайг
Хаалгаар нь бүдэрч орж ирэхэд
Хаан мэт залаагүй ч хашхичин зайлуулж
Хар ус, давстай хамт араас минь цацаагүй юм!
Хорвоогийн хамгийн хогийн хулгайч
Хаяанд нь буухад ноход мэт эрс нь
Харин чамайг минь харамлаагүй юм!
V
Манай сууринд чиний нэртэй гүнж дутаад
Миний ээжийн зэхсэн жимсний бортог тоос дараад
Танай сууринд миний нэртэй албин чөтгөр үгүйлэгдэж
Танай эцгийн зэлний чагтага тасарч дээ! гэж
Тайтгарч бодох танай сууринд, би...
2023.07.28
УРТ ЦАГААНГҮЙ УЛААНБААТАР
I
Улсын их дэлгүүрийн хамгийн дээд давхар дахь
жижигхэн цайны газарт
Улаан чинжүүтэй соусаар
ширхгийн хоолыг хачирлаж суухад,
Улаан гэрэл согтуу хүний цохон дээр
мэргэн буучийн гэрэл шиг туссан.
Угтаа тэр сайхан өдөр анхны хайр,
улигт энэ байшин хоёр нураагүй байсан юм.
Уусан ч ном уншиж,
сэрсэн ч урлагийн сургууль руугаа шогшиж
Урдах Нацагдоржийн номын сан руу
хүрээд очдог, зориод уудаг,
Умар зүгийн сургууль,
сумын төвийн амьдрал, өөрийн ном ч үгүй
Уйтгараар дүүрэн,
түрээсийн зохиолоор баян явсан үе.
Уралын нуруу, Отгонтэнгэр,
Улиастайн гол, Гоолингоо,
Усан нүдтэй, чулуун зүрхтэй,
хаздаг хав шиг архирч дайрдаг нас...
Улмаар энэ дурсгалт балгас
амьд хэвээрээ байсан юм.
II
Нэмэх хорин нэгийн дэлгүүрт
хийлдэг хүүхний үнэ асуусан
Нээрэн тэр хүү одоо хаа яваа бол,
тэр ч бас түүхийн гэрч.
Номын худалдаа, хуучин нь шүү гэж
захисан багшийнхаа
Найдаж харсан харцыг хоёр хүнхэртээ зүүчихсэн
Навсайсан цагаан байшингийн зүүн урдуур
Намаг шиг заваан
дөрвөлжин булш шиг чулуун дунд
Намсаж алхсан тэр сайхан өдөр эргэж тохиохгүй ээ.
Нарийхан давчуу өгсүүр шат нь үргэлж урдаас
Нэхэн, нэхэн хэрэлддэг
худалдагч авгай шиг дуу гаргах
Нулимстай сайхан дурсамж, түүх боллоо, чи нурлаа.
Намайг чи үзэхгүй нь ээ,
чиний голд би хөшихгүй нь ээ.
Нас ахих тусам чамайг дурсана, чамаас үлдсэн
Настай, тоосгон шагнал үнэд хүрэх нь ээ, чи алга.
Нэмээд хэлэхэд хэдэн түүхч, зураачид чиний тухай
Нэрмэл дарсны ард нулимстай ярьж суух нь ээ.
Надад хамаагүй л дээ, гэвч чамайг би танина,
Навсгар саарал, урт цагаан чи, цагаан тоосон дунд
Номин ногоон өнгөөр уйлах өдөр тохиох нь ээ.
2024.01.19
* * *
Хөршийн цөөн тахиа,
дуу хураагч үүлэнд хоолойгоо бичүүлээд
Хувьсагч тэнгэрийн нөлөөнд муухай өвснүүд гандаад
Хуучин дээлийн өнгө, үнэрээ саанаасаа салгаагүй
Хумсаа мэрэгч охин гоо сайхнаа зарлаагүй өдөр.
Олон удаа угааж индүүдсэн цамцны зах, ханцуй шиг
Олгойдон гүвээ үүсгэх,
нэрийг нь үл мэдэх жижиг нууранд
Олон амьтад үржиж, үрээ өсгөж,
үхэл хагацал тохиолдож
Ойсон сарны гэрэлд үйлийн үр цацаж,
тариа мэт ургуулсан шөнө.
Хамгийн дорой зүүднийхээ дороос нүдээ нээж
Ханаар баримжаалж,
сэрсэн хөшигний эвшээх амыг таглаж
Харанхуй тэнгэрээс унжсан харилцуурыг шүүрч
Хааны үг, цас шүүрдэгчийн гуниг аль алинг нь
Хаван сунайлгаж хэн нэгэнд хожим таарах
Хэврэг ч гэлээ нөмрөг бүтээх хальшгүй сайханд
Ховсдуулан суухад монголын талаар..,
Хоосон салхи хоёр талдаа ганзагатай эмээл дээр
"Өвгөн шувууг" дуулан холдох ч үгүй,
ойртох ч үгүйд
Харсаар байтал шүлгэн дундуур минь
"хө"- өө унагаад хатируулав...
Хаан хүний дуун дээр харц хүний хоолой таараад
Хамгийн ариун өдөр бол жирийн л нэг өдөр аж.
2023.12.19
* * *
...нэг л өдөр бишрэн шүтэгчийнхээ хувьд
чи хэн ч биш болон хувирч
Нөгөө нэгний өндгөн хальс тэмтчин байхыг үзнэ.
Амтлаг ийм агшин зуурын төлөө
араатан гэдгээ мартсан
Араа шүдээ булга татаагүй ч хувраг гэдгээ чи санана.
Маргааш нь эхнэрийнхээ
дотоож юуг өөр өнгөөр солиод
Манайх... танайхаас хол байжээ гэж чи түүнд хэлнэ.
Маргаангүй юм ярьж буйд минь битгий эгдүүц,
зүгээр л ажигла,
Анхаар! зай барь! гэж бичсэн ч нүд чинь
бүжигчин охины бошинз юуг
аль хэдийн тайлж орхино.
Зүрх, ходоод, элэг, бөөр бүгд
Зөнөх дөхсөн эмгэний буйл шиг гэмгүй, өрөвдөм!
Зүүд, зөн, хүлээлт, ховсдолт, сэтгэл л харин
Зүү шиг нарийхан,
тэгсэн хэр нь ээ уртаас урт шүдтэй,
Яг л эвшээх дүр үзүүлээд гэтэж, гэтэж
Гэнэт дайрч, нэвт сүлбэж зуудаг муурын
сэтгэлзүй шиг өршөөлгүй ээ!
ЯРУУ НАЙРАГЧ Т.АМАР-АМГАЛАНГИЙН “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД” НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |