Монголын боксчдоос анх түрүүн олимпын их наадмаас медаль хүртсэн тамирчин бол “Сөүл-1988” олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, “Том” хэмээх Нэргүйн Энхбат агсан юм. Тэрбээр 1962 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төржээ. Түүний бага нас 11-р хороолол болон, Төмөр замд өнгөрсөн байдаг. Н.Энхбат 1979 онд нийслэлийн арван жилийн “Ганзам” хэмээх хорьдугаар дунд сургууль, 1985 онд МУИС-ийн Эдийн засгийн ангийг тус тус төгссөн юм билээ. Н.Энхбатыг долдугаар ангид, II сургууль сурч байх үед нь МУГД Д.Банди багш ирж, ангиудаар орж боксын спортын талаар танилцуулга хийж, хүүхдүүдийг шалгаруулж авсан гэдэг. Тэр шалгаруулалтад 150 гаруй хүүхэд орж, Н.Энхбат ч тэнцжээ. Тэгээд л боксын секцэд ороод долоо хонож байтал хоолой өвдөж, улмаар хичээлийн шалгалт ч таараад гурав хоног секцэндээ очилгүй тасалчихсан байна. Гурав хоногийн дараа очтол “Бэлтгэл тасалдаг хүүхэд ахиж битгий ир” гээд секцнээсээ хөөчихсөн гэдэг. Ингээд ахиж боксын секцэнд оролгүй явсаар 1979 онд аравдугаар ангийн сурагч болжээ.
Нэг өдөр хичээлдээ сууж байтал нь боксын ОУХМ Н.Нарантуяа дууджээ. Н.Нарантуяа “Замчин” нийгэмлэгийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Чи бокс сонирхдог, тэмцээн их үздэг, хөдөлгөөний эвсэлтэй юм чинь тэмцээнд орчих” гэжээ. Тэгээд Н.Нарантуяа мастерыг дагаж очоод жингээ үзүүлтэл 57 кг байж. Н.Нарантуяа “Жингээ хас. Тэмцээн болоход хоёр хоног дутуу байна” гэснээр 2-3 кг хасуулаад 54 кг-д оруулжээ. Д.Банди багш тэр үед Н.Энхбатыг тэмцээнд оруулахгүй гэж хөөж, туугаагүй гэдэг. Хэрэв тэр үед Д.Банди багш “Чи секц таслаад хөөгдсөн хүүхэд, чамайг тэмцээнд оруулахгүй” гэсэн бол Н.Энхбат ахиж боксоор хичээллэхгүй байхаар шийдсэн байсан юм билээ. Ингээд “Замчин” нийгэмлэгийн тэмцээнд спортын нэгдүгээр зэрэгтэй Батболдтой финалд шалгарч, түүнийг 3:0-ээр хожоод түрүүлчихдэг юм байна. Д.Банди багш тэмцээний дараа Н.Энхбатыг зочид буудалд байрлаж бэлтгэл хий гэж хэлжээ. Түүнд нь Н.Энхбат их баярлажээ. Залуучуудын УАШТ-д орох юм бодоод бэлтгэл хийж эхэлсэн гэсэн. Гэтэл түүнийг биш, түүнд хожигдсон Батболдыг залуучуудын УАШТ-д оруулчихжээ. Н.Энхбатын хор шар нь хөдлөөд VI сургуулийн сурагч гээд “Хоршоолол” нийгэмлэгийн, V сургуулийн сурагч гэж хэлээд “Барилгачин” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлж байсан гэдэг. Ингээд УАШТ-д түрүүлж 1979 онд 17 настайдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаас хойш тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдах зам нь нээгдсэн түүхтэй юм билээ.
Монголын спортын сүлд дуу болтлоо түгсэн “Тамирчны алдар” дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан, найз Н.Энхбатыгаа 1988 оны Сөүлийн олимпоос хүрэл медальт хүртэх үед нь зориулан зохиож байсан юм билээ. Мөн түүнийг олимпын наадмаас Монголын боксчдын анхны медалийг хүртсэн хэмээн Монгол шуудангийн марканд дүрийг нь мөнхлөн үлдээсэн байдаг. Н.Энхбат 1979-1989 онд Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд Спорт сургалтын төв, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд МҮОХ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэрбээр нийт 312 тулаанд оролцож, 240 ялалт байгуулж байжээ.
Тэр үеийн БНМАУ-ын Засгийн газар, БТСУХ-оос тэмцээний зардал, мөнгийг нь шийдэж чаддаггүй байсан учраас МУГТ Н.Энхбат олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төдийлөн оролцож чаддаггүй байж. 1984 онд АНУ-ын Лос Анжелес хотод “Лос Анжелес-1984” олимпын наадамд тухайн үеийн социалист системийн 15 улс оролцохгүй бойкот, хориг тавьсан юм. Социалист системийн орнууд олимпын наадамтай ижил зэрэглэлтэй “Найрамдал- 84” их наадмыг зохион явуулсан юм. Спортын 28 төрлийн тэмцээнийг өөр, өөр улсууд явуулсан. Боксын төрлийг Кубын Гаванад зохион байгуулжээ. Тус тэмцээн 16 мянган хүний суудалтай “Cidad Deporeiva”ордонд болж. Н.Энхбат тус тэмцээний аваргын төлөө Кубын боксчин 1976, 1980 оны олимпын хошой аварга Анхель Эррератай тулалджээ. Тэр тулааныг Кубын удирдагч Фидель Кастро хүрэлцэн ирж үзсэн байдаг.
Н.Энхбатыг рингэнд гарахын өмнө В.Батбаяр багш нь “Миний хүү ялалт авч чадахгүй байх аа. Наад Эррера чинь зодог тайлж байгаа юм байна. Нутгийнхаа дэвжээнд ялалт авах нь тодорхой” гэжээ. Харин Н.Энхбат “Яах гэж энэ тэмцээнд орсон юм. Ийм шударга бус шүүж болохгүй шүү дээ” гээд өөрийн мэдэлгүй дэвжээ рүү нулимчихсан гэсэн. Багш нар нь “Миний хүү тайван бай. Нутгийнх нь дэвжээ шүү дээ. Кубын удирдагч Фидель Кастрогийн нүдэнд дээр ялалтыг чамд юу гэж өгөх вэ дээ” гэсэн гэдэг. Шүүгчид ч 3:2-оор Эррерад ялалтыг заажээ. Тэр тулаанд харин Кубын алдарт боксчин Эррера, Н.Энхбатын хүчтэй цохилтуудад оногдож, хөл дээрээ арай ядан зогсож байсан гэх нь бий. Кубын боксын үнэнч, шударга хөгжөөн дэмжигчид Н.Энхбатыг ялсан гэж заал, танхимыг нүргэтэл “Mongolia, Mongolia, Mongolia, Enkhbat” хэмээн шүүгчийн шударга бус заалтыг эсэргүүцэн хашхирч байсан гэнэ билээ. Кубын бокс сонирхогчид Н.Энхбатын цээж, хөлийн уран гоё хөдөлгөөн, гарын оновчтой, хурдан шаламгай цохилтуудыг одоо хүртэл дурсан ярьдаг гэсэн.
Н.Энхбат өрсөлдөгч боксчны цохилтод оногдоггүй, оноо алдаггүй гайхалтай авьяаслаг тамирчин байсан учраас түүнийг тухайн үеийнхэн “Рингэний бүжигчин” хэмээн нэрлэдэг байсан юм билээ. Н.Энхбат Герман Улсын Халле хотод болдог “Химийн цом” олон улсын тэмцээнээс 1983, 1986 онд алт, 1985 онд мөнгөн медаль, Румын Улсын Бухарест хотноо болдог “Алтан бүс” олон улсын тэмцээнээс 1984, 1986 онд алт, 1983 онд мөнгөн медаль авсан байдаг. Монгол Улсын таван удаагийн аварга. 1981, 1982, 1984, 1985,1986 онд УАШТ-ээс алтан медаль хүртжээ. Монголын бүх ард түмний VII спартакиадын аварга, тэр үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын бүх ард түмний спартакиадын хүрэл медальтай. 1987 онд Кувейт Улсын Эль-Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд мөнгөн медаль авсан байдаг. Харин 1989 онд Хятадын Бээжинд ААШТ-ий 63.5 кг-ын жинд түрүүлж Ази тивийн аварга болж байжээ.
1988 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод болсон “Сөүл-1988” олимпын 60 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртжээ. Тус олимпын эхний тойрогт хийлж, ялалт авчээ. Түүний дараагийн тойрогт Унгарын тамирчин И.Туруг ялжээ. Улмаар шөвгийн наймд Мароккогийн боксчин Х.Маржуанег 5:0-ийн харьцаагаар илт давуу ялсан байдаг. Олимпын хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө Шведийн Г.Крамнед тэнцүү тулаанаас 3:2 гэсэн шүүгчдийн заалтаар оноогоор хожигдсон байдаг билээ. Ер нь тэр үед боксчдыг Азийн аваргад цөөн явуулдаг байж. Хэрэв жил болгон явуулж байсан бол манай боксчдоос олон Азийн аварга төрөх боломжтой байсан үе. Тухайн үеийн боксчид тэр үеийнхээ спортын алдаатай бодлогын золиос болоод өнгөрчээ.
1986 он Н.Энхбатын бэлтгэлжилтийн оргил үе байсан гэх нь бий. 1986 оны боксын ДАШТ АНУ-ын Рено хотод болж. Тэгсэн МАХН-ын Улс төрийн товчооноос “ Боксын ДАШТ хөрөнгөтөн оронд зохиогдох юм байна” гээд явуулаагүй ажээ. Манай улсаас бусад бүх социалист системийн орнууд 1986 оны дэлхийн аваргад орсон байдаг. Дэлхийн аварга Кубын Адольфо Орто “Монголын тамирчин Н.Энхбат ирээгүй бол би дэлхийн аварга болох нь тодорхой” гэж хэлээд түрүүлж байжээ. Дэлхийн аваргын тэмцээнээс сарын өмнө Н.Энхбат Европын цуврал Германы “Химийн цом”, Румыны “Алтан бүс” гээд хоёр том тэмцээнд дараалан А.Ортог ялчихсан байсан юм билээ.
Мөн тэр тэмцээнд Н.Энхбатад ялагдаж байсан Венесуэлийн Энгелье Петроса дэлхийн аваргаас мөнгө медаль, Румыны Емил Чупренки хүрэл медаль хүртсэн байдаг. Н.Энхбатад сарын өмнө ялагдаж байсан гурван тамирчин ДАШТ-ээс медаль хүртсэн болохоор Н.Энхбатад дэлхийн аваргаас медаль хүртэх боломж байж дээ гэж боддог.
БОКСЫН РИНГЭНД “УР ЧАДВАРААР БҮЖИГЛЭГЧ” Н.ЭНХБАТ |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |