-Та анх самбо бөхөөр анх хичээллэх болсон түүхээсээ хуучлахгүй юу?
-Би дунд сургуулийн сурагч байх даа самбо бөхийн дугуйланд орох гэж олон багш дээр очиж үзсэн. Тэд намайг “Жижиг биетэй, туранхай, туниа муутай хүүхэд байна. Том болоод, хүч тамир суугаад ирээрэй” гээд голоод болдоггүй. Энд тэнд очиж, дасгалжуулагч нараас гуйж явсаар МУГД Д.Баатаржав багштайгаа учирсан. Багш намайг “Хичээгээд үз, сайн бөх болох, болохгүй нь яах вэ. Харин сайн эр хүн болно шүү. Бэлтгэл сургуулилалтаа таслахгүй яваарай. Амжилт гаргахын үндэс нь уйгагүй хөдөлмөр, хичээл, зүтгэл юм шүү дээ. Спорт эрүүл мэндэд чинь хэрэгтэй” гэж хэлж билээ. Д.Баатаржав багшийн тэр үг надад маш их урам зориг, сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар хайрласан. Намайг голж байсан багш нарт гайхуулахаар сайн бөх болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Жилийн дараа өсвөр үеийн тэмцээнд 46 кг-ын жинд түрүүлж сэтгэлд бага боловч “нар” гийсэн. Дунд сургууль төгсөх үед минь МУГД Гэлэг багш өөрийн “Хүч” нийгэмлэгт тамирчнаар авлаа. 1979 онд анх удаа зохиогдсон самбо бөхийн залуучуудын УАШТ-ний 48 кг-ын жинд түрүүлж амжилтын минь гараа эхэлсэн.
-Таны сэтгэлд хоногшиж үлдсэн хамгийн их дурсамжтай тэмцээн гэвэл?
-Тэмцээн бүхний ялалт баяр хөөр дүүрэн гоё, мэдрэмж төрүүлдэг байв. Мөн ялагдал бүхэн харамсалтай ч алдаагаа олж харах, ухаарах, ухаан хайрладаг болохоор дурсамжтай санагддаг. 1985 онд Испанийн Бильбао хотод болсон залуучуудын ДАШТ-д Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёр түрүүлж дэлхийн аварга цолыг хүртэж байлаа. Нэг нийгэмлэгийн хоёр бөх, нэг жил анх удаа хоёулаа дэлхийн аварга болсон нь сайхан байсан. Тэр тэмцээн их бэлгэ дэмбэрэлтэй тэмцээн байсан л даа. Б.Бат-Эрдэнэ аварга тэр үед тамирчин цэрэг байлаа шүү дээ.
-Манай самбочдаас жилд 2-3 бөх дэлхийн аварга болдог байсан. Сүүлийн жилүүдэд самбо бөхийн хөгжил зогсонг болчихсон юм шиг санагдах юм?
-Монголд самбо бөхийн хөгжил зогсоогүй. Харин хөгжлийн хурд нь жаахан саарсан байж магадгүй. Энэ бүхэн спортыг хөгжүүлэх улсын нэгдсэн бодлого алдагдсантай шууд холбоотой. Намайг барилдаж байх үед улс анхаарал тавьж бодлогоор хөгжүүлдэг байв. Гэтэл одоо олимпын бус төрөл гээд нэг их тоохоо болиод байгаа. Олимпод амжилт гаргах зургаан төрлөөс бусад нь спорт биш гээд гудамжинд гаргаж болохгүй шүү дээ. БТСУХ-ны төсвөөс авах мөнгө жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэр мөнгийг спортын төрлүүдийг хөгжүүлэхэд биш хурал, цуглаан, уулзалт семинар, зөвлөгөөн гээд үр ашиггүй зүйлд дэмий урсгаад дуусгах юм. Олон хурал цуглаан хийснээр тамирчдын амжилт сайжрахгүй байлтай билээ.
-Самбо, жүдо гэж шигшээ багийг салгаснаар самбын хөгжлийн хурд саарсан гэж үзэж болох уу?
-Яг ч тэгэж хэлж болохгүй. Гэхдээ хамт байсан бол илүү амжилт гаргах бөхчүүд төрөн гарах байсан байх. Монголд жүдогийн шигшээ баг гэж байгаагүй. Самбочид жүдогийн олимп, ДАШТ-нд оролцож медаль хүртдэг байсан. Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд, Б.Батхишиг, М.Бундмаа гээд бүгд л самбо бөхийн дэлхийн аваргууд.Ч.Насантогтох багш хүртэл самбо бөхийн гавьяат дасгалжуулагч хүн. О.Балжинням аварга. Д.Баттулга нар самбо бөхөөр барилддаг байх даа, 1989 онд жүдогийн ДАШТ-ээс анхны мөнгө, хүрэл медалийг хүртэж байлаа. Ер нь тэнцүүхэн өрсөлдөгчид, шигшээ багт олон байж гэмээн сайн тамирчдыг төрүүлдэг. Дотооддоо Монголынхоо дэвжээн дээр ширүүн өрсөлдөөн өрнүүлж байж л дэлхийд өрсөлдөх бөхчүүдийг төрүүлж гаргана.
-Та “Их шавь” дээд сургуульд багшаар ажиллаж байхад Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд, Б.Батхишиг нар оюутан байсан. Тэд таны гарын шавь мөн үү?
-Би тэдэнд самбо, жүдогийн хичээл зааж байсан гэдэг утгаараа яах аргагүй багш нь мөн л дөө. Гэхдээ бөхчүүдэд бөхийн эрдмийн анхны “А” үсэг заасан багш нь хамгийн эрхэм хүн нь байдаг. МУГТ Д.Цэрэнханд, Х.Эрдэнэт-Од нарын анхны багш нь МУГД Ч.Машбат агсан. Тэд намайг багшаа гэж дуудахад нь би их баярладаг. Миний гарын отгон шавь нар гэвэл самбын дэлхийн аварга Д.Амартүвшин, жүдо, самбо, кураш бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг нар гэж хэлэх байна.
-Манай улсад самбо бөхийн бараг 40 гаруй дэлхийн аварга бөх байгаа байх. Гэтэл бусад бөхийн төрлөөр ийм олон дэлхийн аварга төрөөгүй нь юутай холбоотой юм бол?
-Самбо бөх босоо барилдаантай. Үндэсний бөхийн бүх төрлийн мэхийг хийж болдог. Самбо бөхийн анх монгол үндэсний бөх, Дундад Азийн Узбек, Казах, Татар, Киргизийн кураш буюу хүрээ барилдааны мэх техник дээр суурьлан хөгжүүлсэн байдаг. Барьц болон барилдааны дүрэм нь манай бөхчүүдэд их таардаг. Бусад бөхийн төрлийн техник, дүрэмд манай бөхчүүд удаан дасдаг тал бий. Ер нь монгол хүн зогсолт, хөл, нурууны тамир сайтай болохоор босоо барилдаантай бөхөөр илүү сайн барилдаг. Сүмо бөх босоо барилдаантай болохоор монгол сүмочдод таарч амжилт үзүүлж байна. Энэ бүхэн монгол үндэсний бөхийн гайхамшигт уламжлалтай салшгүй холбоотой. Сүүлийн үед үндэсний бөхийн уламжлал алдагдаад байгаа. үндэсний бөхийн дүрэмд зарим нэг буруу заалт байгаа учраас шахааны барьц хүлээдэг уяа бөхчүүд олширсон. Бөхийн холбоог тойрсон байнгын хэрүүл маргаан, допинг, сэргээш, начны найраа, албан тушаалын зөрчилдөөн зэрэг нь бусад бөхийн төрөлд ч муугаар нөлөөлж байгаа. Үндэсний бөх хэзээ сэргэнэ тэр цагт манай бөхчүүд, монгол барилдааны арга барил дэлхийд ноёрхож чадна.
Ж.Баярсайхан: Намайг голж байсан багш нарт гайхуулахаар сайн бөх болох юмсан гэж мөрөөддөг байлаа |
|
2024-12-13 15:24:45
2024-12-13 14:29:52
2024-12-13 11:03:15
2024-12-13 10:07:47
2024-12-13 09:13:29
2024-12-13 08:58:06
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-12 16:04:06
2024-12-12 15:31:31
2024-12-12 15:17:51
2024-12-12 12:55:54
2024-12-12 12:04:23
2024-12-12 11:50:04
2024-12-12 11:14:10
2024-12-12 08:26:00
2024-12-12 08:17:27
2024-12-12 07:00:56
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |