Тим Бертон бидэнд шинэ, гайхалтай зүйлсийг харуулахын тулд зоригтой тэмцдэг гайхалтай найруулагч юм. Холливуудад Тим Бертон урьд өмнө хэзээ ч харагдаж байгаагүй бүтээл бүтээхийн тулд тусгай эффект, харааны арга хэрэглэдэг. Түүний бүтээлүүд харанхуй бараан, этгээд, өвөрмөц гол нь үзэсгэлэнтэй болж чаддаг. Үүний нэг том жишээ бол 1990 онд нээлтээ хийсэн "Хайчан гарт Эдвард" кино юм. Эмээ нь хайрт ач охиндоо цас хаанаас ирдгийг тайлбарлаж ганцаардал, үл нийцэх байдал, жижиг оюун санааны дарангуйллын тухай харанхуй, түгшүүртэй зүйрлэл болсон киног тэр найруулжээ.
Эмх цэгцтэй, өнгө алагласан нутгийн иргэдийн амьдардаг газраас холгүйхэн уулан дээр аварга том цайзад ганцаардмал зохион бүтээгч амьдардаг. Тэрээр нэг өдөр өөрийн жигнэмэг хийдэг бяцхан үйлдвэрээсээ санамсаргүй хүний дүрс олж харснаар Эдвардыг зохион бүтээх ажилдаа орсон юм. Түүнд яг л хүүхэд шигээ хандаж ном уншиж өгч, яруу найраг, хөгжим сонсгон мэдлэгийг нь тэлдэг байв. Харамсалтай нь зохион бүтээгч Эдвардын гарыг хийж өгөхөөсөө өмнө нас барснаар Эдвардын ганцаардмал амьдрал эхлэсэн юм. Пег Боггс ирэх хүртэл тэр сонингоор хайчилбар хийж, гадаа талбай дахь мод, бутыг арчилдаг байлаа. Пег Эдвардыг ганцаардмал, хэнд ч хор хөнөөл учруулж чадахгүйг нь мэдээд гэр лүүгээ дагуулж явах санал гаргаснаар түүний амьдралд том өөрчлөлтүүдийг авчирдаг.
Эдвард бол цав цагаан, царайгаараа дүүрэн сорвитой, тас хар үстэй, гарныхаа оронд хайч, хутгатай хэн ч харсан мангас шиг харагддаг ч эелдэг зөөлөн зан чанар нь түүний гадаад төрхтэй зөрчилддөг. Эдвардын хайчин гар нь үүнээс хамаагүй илүү төвөгтэй ч түүний авьяас чадварын нэг хэсэг юм. Хэдийгээр тэр нүднээсээ нулимс дуслуулж чадахгүй ч мөсөөр сахиусан тэнгэрийг сийлж, ширхэгээр нь цасгүй газарт цас оруулдаг, салатны навч хэрчиж, пудель төдийгүй хүний үс засдаг. Хийсэн бүтээл, чимэглэлийг нь ажиглавал Эдвард маш нээлттэй, өвөрмөц сэтгэлгээтэй байсан нь харагдах болно. Тэрээр хайчин гараараа бусдад хүрч чадна, гэхдээ зөвхөн уран бүтээлээрээ дамжуулж л шүү дээ. Жонни Депп өөрийн чимээгүй, бүрэг ичимхий дүрээ гайхалтай гаргаж чадсан нь Тим Бертон болон Жонни Деппийн анхны гайхалтай хамтрал болсон.
Хайчин гарт Эдвардын гол сэдэв нь өөрийгөө нээх, тусгаарлах, гадуурхалт, хууран мэхлэлт, ашиг хонжоо, хайр дурлалын бэрхшээл юм. Эдвард гадаад төрхөөсөө болж Кимийг хайрлаж чадахгүй байгаа нь "Араатан ба гоо үзэсгэлэн" зохиолыг санагдуулна. Бусдын дарамт шахалт, гадуурхалтаас болж Эдвард, Ким хоёр хагацахаас өөр аргагүйд хүргэсэн ч өвөл орох цасан ширхэгүүд тэднийг үүрд холбох мэт үзэсгэлэнтэй. Тэд хамтдаа төгсөж чадаагүй ч гэсэн хамгийн зөв төгсгөлөөр дууссан.
Этгээд дүрслэл, өнгийн хоршил, дурсамж сэргээм сүнслэг ая, шинэ жилийг санагдуулам бүтээл нь олон хүний сэтгэлд дулааныг мэдрүүлж чадсан бүтээл юм.
Б.СУВДАНЦЭЦЭГ