• Өнөөдөр 2025-02-08

"Тунгалаг тамир"-ын Дулмаа буюу жүжигчин Ш.Дэлгэржаргал

2024-07-03,   838

         Хүүгээ цэрэгт мордуулаад бэр, ач хоёртойгоо үлдэх хэрсүү басхүү чанга хөгшний дүрийг тэр "Зүрхэнд шивнэсэн үг"киноны Хандаар тамгалж чадсан. Уран бүтээлээрээ үзэгчдийнхээ сэтгэлд амьдарч, өдгөө ч түүгээрээ дуудуулан явна гэдэг ховор ч тохиол болов уу. Угаас МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай "Тунгалаг тамир"-ын Дулмаагаас эхэлж, "Хүний төлөө" -гийн нарийн бичгийн дарга, "Тууврын замд" киноны сурвалжлагч, "Үүрийн цолмон"-гийн Цэрмаа, "Гэрлэж амжаагүй явна" киноны галт тэрэгний үйлчлэгч, "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эхнэр "Ээждээ л үнсүүлэхсэн" Байгалийн ээж, "Бодлын хулгайч" зэрэг олон сайхан бүтээлийн дүр бүтээсэн билээ. Цөм үзэгчдийн сэтгэлд дотно дулаан, цөөн боловч жинтэй.

        Тэрбээр анх Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийнхээ гарааг эхэлж, Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцан төгсөж, Хүүхдийн театр, Дархан хотын "Залуучууд" театрт ажиллан, кино болон драмын жүжгийн олон сайхан дүрийг бүтээсэн. “Мюзик холл” Театр, кино, хөгжмийн дээд сургууль, “Бэрс” хэвлэл мэдээлэл, театр, киноны дээд сургууль, КУДС-д багшилж, Эх орон телевизэд “Өглөө” хөтөлбөр, “Ерөөлтэй орчлон” нэвтрүүлэг хөтөлж, FM 104.5 радиогийн хөтлөгчөөр ч ажиллаж байжээ.

     Анх жүжигчин мэргэжлийг сонгохоор шийдсэн тухай тэрбээр "Дунд сургуулиа төгсөөд Москва хотод инженерийн сургуульд явсан ч ар гэрийн гачигдлаар төгсөж чадалгүй ирсэн юм. Ирээд удаагүй байж байтал тухайн үеийн Пионерийн ордны дугуйлангийн жүжиг ангийн багш Ш.Чүлтэмжамц, С.Дугар гэдэг хоёр хүн “Чи ерөөсөө жүжигчин болох хүн. Чамайг театрт оруулна” гээд Драмын театрт шалгуулсан. Т.Цэвээнжав гуай, Г.Гомбосүрэн багш, Э.Оюун гуай, Н.Цэгмид багш, Р.Доржпалам найруулагч гээд дандаа томчууд сууж байсан. Р.Доржпалам найруулагч “Эх, хүүгийн түүх” гэдэг жүжиг хийх гэж байсан үе. Шалгуултал болмоор санагдсан уу, яасан “Маргааш өглөө хоёр сайхан ардын дуу бэлдээд ир” гэлээ. Дуунд муу болохоор санаа зовж “Ерөөсөө тэнцэхгүй юм байна” гэж бодоод Хүүхэд залуучуудын театрт очоод шалгуултал бас л томчууд сууж байна. А.Очирбат гуай, Ц.Төмөрбаатар, Г.Энхтуяа эгч, Д.Маамхүү найруулагч гээд. Шалгаж дуусчихаад “Маргаашнаас шууд ажилдаа ороорой. Дагалдан жүжигчнээр авлаа” гээд л жүжигчин болсон доо. Тухайн үед дагалдан жүжигчин зургаан сарын хугацаатай байлаа. Дагалдангийн хугацаа дуустал театр намайг сургуульд оруулна гээд Соёлын яаманд бичиг хийгээд өгчихсөн. Бичгээ бариад яаман дээр иртэл хүлээж авдаггүй. “Зургаахан сар ажилласан чи байтугай, зургаа, долоон жил ажилласан хүнээ оруулж чадахгүй байна” гээд болдоггүй. Сургуульд орохоосоо өнгөрлөө гэж бодоод гуниглангүй явж байсан чинь Л.Цогзолмаа гуай таараад “Чи юу хийж явна. Сургуульд орох нь уу” гэхэд нь болсон учрыг хэлбэл “Яалаа гэж тийм юм байдаг юм. Чи шалгалтад орно шүү” гээд л яваад өгсөн. Тэгээд шалгалтаа өгч тэнцээд оюутан болсон" гэж ярьсан байдаг.

     Харин өнөөх алдарт "Тунгалаг тамир"-ын Дулмаад тоглосон тухайгаа "Оюутан байхдаа жирэмсэн болчихоод кино үйлдвэрт явж байтал Л.Доржпалам гуай тааралдаад “Сахилгагүй оюутан. Кино эхлэх гэж байхад” гээд яваад өгсөн. Би ч учрыг нь сайн ойлгосонгүй, гайхаад л хоцорсон. Дөнгөж төрчихөөд эмнэлэгт зургаа хоноод, гэртээ гараад байж байсан “69”-тэй баахан хүн хүрээд ирлээ. Р.Доржпалам найруулагч, зураач П.Цогзол, А.Баттулга зураглаач, Ч.Долгорсүрэн гуай, Д.Элбэгсайхан нар ороод ирсэн. Тэр томчуудыг хараад хүүхдээ хөхүүлж байсан би салганаад юун хүүхдээ хөхүүлэх манатай. Р.Доржпалам гуай, А.Баттулга зураглаач хоёр тал талд гарч хараад бүр сонин болгочихлоо. Найруулагч “Одоо долоо хоноод кино үйлдвэр дээр ирж пробонд ороорой” гэж хэлээд л гараад явчихсан. Маргааш нь хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтээд ес хоночихлоо. Ирж пробонд ороорой гэж хэлснийг нь ч мартчихаж. Хүүхдээ тэнхрүүлж аваад эмнэлгээс гараад байж байсан автобустай хүмүүс гадаа ирээд зогсчихлоо. Тэгээд намайг чинь шууд авч явна гээд, манай аав “Нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнийг хээр хөдөө авч явах гэлээ” гэж дургүйцсэнд “Бид нар охиныг чинь гам алдуулахгүй. Тусдаа гэр барьж өгнө. Дандаа шинэ хонины шөл уулгана. Харин ч сайхан тэнхрүүлнэ. Хүүхдийг нь асрах хүнтэй аваад явна” гэж ятгасаар байгаад миний төрсөн дүүг аваад явсан. 16-хан хоногтой нялх биетэй натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан шүү. Нэг өдөр Ч.Лодойдамба гуай натурт ирлээ. Би гэж хацар дээр нь хатиг гарчихсан, нөмгөн дээлтэй, хүүхдээ хөхүүлчихсэн, нүүр нь сэвхтэй хэн ч харсан пробонд таарах хүн биш. Тухайн үед натур дээр байсан бүх хүн намайг буцаах саналтай байсан. Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй миний нүдэн дээр “Доржпалам, танай Дулмаа биш ээ. Би танай зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш” гэж найруулагчид хэлж байсан. Би ч их эмзэглэсэнгүй, болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодлоо. Уг нь би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн шүү дээ. Тэгээд тоглох ёстой болоод л тайван байгаад байсан юм байлгүй. Тахартай ноцолддог хэсэг, тэргэн дээрх хэсгийн зургийг авч Ч.Лодойдамба гуайд үзүүлтэл “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж хэлсэн юм билээ" гэжээ.

   Ш.Дэлгэржаргал жүжигчин мэргэжлээ хайрлаж явахыг, жүжигчин ямар байхыг шавь нартаа хэлж, ярьж ирсэн уран бүтээлч. Энэ ч утгаараа "Мэргэжлээ бид нар хайрлаж явах ёстой юм. Мэргэжлээ хайрлаж байж хүний зүрх сэтгэлд өгч, өөрөө зүрх сэтгэлээ тэжээж явна гэж надад бодогддог. Энэ бол бүгд л манай ахмадуудын надад хэлж өгсөн зарчим шүү дээ. Багш нарынхаа заасан бүхнийг өртөөлөн цааш нь дамжуулах гээд хэлээд байна. Энийг бас дараа үеийнхэн нь авах учиртай юм. Мэргэжилдээ ханаж болохгүй гэж багш найруулагчид маань их сургадаг байсан. Ямар ч уран бүтээлд оролцохоос хоёр цагийн өмнө бүгд цугладаг байлаа. Тэгээд бие, сэтгэл санаагаа бэлдээд тайзан дээр их тайван гардаг. Гомбосүрэн багш л гэхэд байнга дүрдээ орчихсон байж байдагсан. Театр бол галзуугийн больниц гэгддэг байлаа. Хаа сайгүй дүрээ бодоод, бэлдээд, тэр сайхан бэлтгэлээрээ тайзан дээр гарахаар сэтгэлд их хөнгөн байдаг юм. Тэгэхгүй гялс ярьж байгаад л гялс гарахаар дүрийнхээ гүн гүнзгий утга санааг хэлж гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал гарна биз дээ” гэж мэргэжлийнхээ онцлогийн тухай ярьсан нь ч бий юм.


"Тунгалаг тамир"-ын Дулмаа буюу жүжигчин Ш.Дэлгэржаргал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 18:39:01
    Зочин: Сайхан даруухан эмэгтэй, энгийн атлаа маш сайн дүрээ гаргасан байдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188