...Өвөө, эмээ бид гурав Боршувуутын Бор толгойн энгэрт зусдаг байлаа. Намайг сургуульд орсноос хойш өвөө, эмээ хоёр зусландаа түрүүлж буугаад, хичээл амрахаар би араас нь очдог болов. Эмээгээс илүү өвөөгөө санана. Шөнө нь зүүдэлж, өдөр нь үгүйлээд хэцүү байхад өдөр хоног өнгөрч ядахыг яана. Хоёр сар орчим тэднээсээ хол байсан би бэтгэрсэн амьтан гүйж очдог байв. Хоёрдугаар анги төгссөн жилийн намар эмээ минь бурхан болж, өвөө бид хоёр намаржаандаа, өнчирч үлдсэн юм. Дараа жилийнх нь хавар манайх Бор толгойн энгэрээс наахна Хүрлээ ахынхтай айл буув. Манайх гэж дээ, өвөө бид хоёр. Мэдээж аав, ээж, ээжийн эгч, дүү гээд олон хүн биднийг хэд хоноод эргэж тойрдог ч надад бол хоёулхнаа л байвал гоё. Хоёр өдөр өнжөөд хонины ээлж таарна. Өвөө бид хоёр ааруул, өрөмтэй гамбир, цайгаа үүрээд Бор толгой давж, Бор шувуутын ам хүртэл хонио дагана. Бидний ээлжинд л хонинууд жаргалтай, баяртай байх шиг санагддаг байв. Нөгөө ээлжийнхэн биднээс муу хариулдаг ч юм шиг бодогдоно. Тэгж явахдаа өвөө надад өөрийн өвөөгийн тухай домог мэт дурсамж дэлгэнэ. Бас үлгэр ярьж өгнө. “Өвөө нь өвөөгийнхөө мөрөн дээр суугаад, хоёр чихийг нь жолоо болгон залж, “Цоохор морь минь давхи л даа” гэдэг байж билээ. Чихнээс нь угзчихаар өвөө дороо тонгочин, хөлөө дэвсэлж, унгалдаад л гүйдэг сэн” гэж яриад алсыг ширтэн зогсоно.
...Өвөө хаашаа ч явсан намайг үүрээд алхана. Бага байхад гэрийн үүднээс очих газартаа хүртэл үүрээд алхчихдаг байлаа. Эмээ “Хөл, гаргүй юм шиг өвөөгөө ядраагаад. Өөрөө алхаад явахад яадаг юм” гэж үглэнэ. Тэгэх бүрт нь өвөө “Миний Бондгор охины хөл нь өвдчихнө” гээд духан дээр үнэрлэнэ. Сургуульд орох жилийн зунаас л өвөө хэсэг алхсанаа “За, миний хүү өөрөө жаахан гүй, тэнд хүрээд өвөө нь үүрнэ” гэх нь олширсон санагддаг юм.
Эмээгүй зун бид хоёрт нэг л дутуу, эзгүй байв. Өвөө гэрийн хаяанд суучихаад гаанстай тамхи баагиулан алсыг ширтэнэ. Би хажууд нь наалдаж, өвөөгийн хараад байгааг олох гэж зэрэглээтэх талын зүгт хараа сунгавч юу ч эс олно. Хэсэг суугаад гэрт орно. Эзэгтэй нь эзгүй умгар бор гэрийн хоолны эргэнэгийг өвөө, охин хоёр ямар л өөдтэй авч явав гэж. Ааруул, ээзгийхэн үмхээд эргэнэ. Өвөө суусаар л...
Наадмаар ээжийн оёж өгсөн ногоон торгон тэрлэгээр гоёлоо. Таарсан болгон “Дармаа гуайн Бондгор том болжээ. Өвөөтэйгээ ижилссэнийг нь хараад байгаарай” гэнэ. Би “Дандаа ижил дээл өмсөх юм чинь” хэмээн том бодож зогссон минь сэтгэлд тод үлджээ. Уг нь намайг жаахан байхад өвөө морь уяж, наадам гэдэг миний хувьд хэзээ ч үл дуусах, хязгааргүй урт баяр, цэнгэл болдог байлаа. Ирсэн бүхэн надад чихэр өгнө.Ээлжилж ирээд ёс юм шиг духан дээр үнэрлэж, том болсныг гайхдаг сан. Энүү тэрүүгээр нэг хүүхдүүд холхилдовч над шиг сайхан наадамлаж байгаа нь үгүй мэт...
Сургууль цуглах болж, бид сумын төв рүү нүүлээ. Хичээлдээ явахад өвөө мод хөрөөдөөд үлдэнэ. Ирэхэд хөрөөдөж л байна. Хэд хоногийн дараа хичээлдээ явахад хөрөөдсөн модоо хагалаад үлдэнэ, ирэхэд ч хагалаад сууж байна. Асуухаар “Уйдаж суухаар ээжийн чинь галыг залгуулж л байя” гэнэ. Намрын сүүлч сар гэхэд хөрөөдөж, хагалах мод үлдсэнгүй. Хойд пин жижиглэж, хагалсан модоор дүүрчээ. Өвөөгийн хийсэн ажил. Одоо бодоход би өвөөгөө их ганцаардуулдаг байж дээ...
Цагаан сар болохоос өмнөхөн санагдана. Би сургуулийн шатрын аварга болж, яруу найргийн наадамд ч тэргүүн байр эзлээдэхэв. Өвөөгийн магнай тэнийж, орж, гарсан хүн болгонд охиноо магтана. Яруу найргийн наадамд түрүүлсэн хүүхэд Зүүнхараад жил бүр болдог “Дунгийн эгшиг” наадамд оролцдог гэх мэдээг дуулгахад “Болж миний хүү, хоёулаа явна аа” гээд духан дээр үнэрлээд, гудамжны төгсгөлд байдаг найздаа дуулгахаар яаран гарч явсан нь одоо ч нүдэнд харагддаг.
“Цааргалах аргагүй үнэн энэ хорвоод байдаг юм бол
Цаглашгүй их бурхад хүн бүрийг ивээдэг юм бол
Алтан дэлхийд ахиад заяахгүй
Амин хайртай өвөөг минь амьд байлгаж хайрлаач
Бичсэн шүлгээ уйлан байж
Би өвөөдөө уншиж өгөхөд
“Битгий зов доо охин минь” гээд
Буурайгийн нүдэнд нулимс цийлэгнэв.
Өргөн дэлхий даахгүй юм биш
Өчнөөн олон гээд багтаахгүй юм биш
Өвөө бид хоёрыг
Өнө мөнхөд хамт байлгаач, бурхан минь” гэж сүүлчийн шатанд уншаад, гуравдугаар байрт шалгарав. Баярын бичиг, 5000 төгрөгийн шагнал бариад тайзнаас буусан охиноо өвөө нулимстай нүдтэй угтахад нь уйлж байна гэж бодсоноос өвөөгийн нулимс хэмжээлшгүй үнэтэй гэдгийг огтхон ч ойлгоогүй билээ. Зочилсон айл бүртээ өвөөд зориулсан шүлгээ чанга дуугаар уншсаар тэр жилийн Цагаан сар өнгөрлөө.
Өвөө миний нурууг орой болгон илж өгнө. Эмээгийн бор авдар өвөө, бид хоёрын мэдэлд ирсэн болохоор дуртай цагтаа чихэр иднэ. Авдарт байдаг цэнхэр цаастай “Хөхөө” чихэр ердөө дуусахгүй. Өвөө намайг байсхийгээд л үнсэнэ. Тэгэхдээ “Бондгороо, хурдан үнсүүлэхгүй бол хошуу дууслаа шүү” гээд л уруулаа цорвойлгоно. Би хошуу нь үнэхээр л дуусчихдаг юм болов уу гээд сандран гүйж очоод хацраа өгнө. Хүсэн хүлээсэн хавар ирлээ. Өвөөгөөс гэрийнхээ хураалттай эсгийг хэзээ сэврээх тухай асуутал “Хоёулаа энэ жил төвд зусна аа” гэв. Бие нь чилээрхээд байгааг мэдэж байсан болохоор олон юм асуусангүй.
Наадам дөхөж, өвөөтэйгээ цагаан тэрлэгээр гоёхоор тохиров. Ээжид захиалга өгч, эртхэн оёж дуусгахыг үүрэгдлээ. “Өвөө, наадам хурдан болоосой тэ, Гончиг гуай наадмаар эндээ байх болов уу” гэхэд “Удахгүй болно доо, миний охин юухан байх вэ” гэнэ. Наадам болохоос гурав хоногийн өмнө өвөөгийн бие нэлээд чилээрхэж, эмч дуудав. Эмч хэд хоног тариа хийлгэх шаардлагатайг зөвлөөд, эмийн жор бичиж үлдээв. Өвөөгийн хажуунаас холдохгүй суух намайг ээж “Өвөөгөө ядраачихлаа. Хойд гэрт ор” гэж зэмлэнэ. Тэгэхэд нь өвөө сөөнгөтсөн хоолойгоор “Миний Бондгорыг битгий загнаад бай. Миний охин жаахан амар” гэнэ. “Би тантай л унтана” гэж зөрүүдэлнэ.
Дэлхийг харанхуй нөмөрч, хамгаас эрхэм, хамгаас хайртай, хамгийн том өмгөөлөл минь тэнгэрийн өмч болсон тэр өдөр наадмын өмнөх өдөр байлаа. Өглөө сэртэл би аавын гэрт унтаж байв. Хамаатан саднынхан, таних танихгүй олон хүн ирчихэж. Өвөөгийн маань ганц найз Гончиг гуай ч сууж байна. Хүн болгон над руу өрөвдсөн харцаар харах шиг. “Энэ муу амьтан яана даа” ч гэж дуулдах. Зарим нь нулимсаа арчина. Гончиг гуай “Миний охин өвөөдөө ир, өвөр дээр суу” гээд хошуугаа цорвойлголоо. Нойрмог нүдээ нухлан, очиж үнсүүлчихээд, гэр рүүгээ орохоор эргэв.
Аав намайг тэврээд “Миний охин цайгаа уу. Өвөө нь унтаж байгаа, сэрээчихнэ” гээд хойд гэрт буцааж оруулав. Ээжийг нүдээ бүлцийж, хавдтал уйлсан байхыг хараад өвөөгийн бие улам муудсаныг таамаглалаа. Намайг гэрт минь оруулсангүй. Хүмүүсийн нүд хариулж, сэмээрхэн гараад байшингийн хойгуур тойрч, хүнд харагдахгүй явсаар гэрийнхээ баруун хойгуур тойроод орлоо. Гэр минь биш санагдав. Хойморын авдар дээр зул хөгжөөжээ. Бүгдийг ойлгосон болоод ч тэр үү бүх бие минь чичирч, хамгаас хайртай өвөөдөө хүрч чадахгүй уйлан, харж зогслоо.
Гэрээс гарч байшингийн хойд буланд суугаад хэнд ч мэдэгдэхгүйгээр зөндөө уйлсан. Харсан бүхэн минь худлаа юм шиг санагдаж, буцаад орох гэсэн ч зүрх хүрсэнгүй...
Орчлонд би бүтэн өнчин болж, нурууг минь илж, уруулаа цорвойлгон үнсээд өвөртөлж унтах өвөөгүй болов. Өмгөөлж хамгаалах хэн ч үгүй болов. Би л унтаж байгаад өвөөгөө бурхан болгочихсон юм шиг санаж, өөрийгөө зэмлэж, зүхэж суув. Хэрвээ би унтаагүй бол...
Гэрийнхэнтэйгээ анхнаасаа ойр байгаагүй би тэр өдрөөс хойш бор ширээний дор бараг амьдардаг болсон. Тэр том болтлоо ямар ч хоолыг хүлхэж иддэг байсан болоод тэр үү, аягатай хоолоо бариад л ширээн дороо орчихдог байв. Өвөөгийнхөө сүүлийн гурван жил гэрт, гадаагүй өмссөн саарал тэрлэгийг нөмөрч унтана. Хөнжил нөмөрсөн ч саарал тэрлэгээ заавал давхарлана. Дээлийнх нь энгэрт шингэсэн тамхины утааг үнэрлээд орондоо хэнд ч мэдэгдэхгүй уйлна.
Тэр өдрөөс хойш намайг хэн ч Бондгор нэрээр минь дуудаагүй. Одоо бол энэ нэрийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хаанаас ч юм өвөө минь буян заяаг минь тэгшитгэж, намайг дэлхийгээс том хайрласан хэвээрээ л суугаа гэдэгт огт эргэлздэггүй билээ. Өвөөгийнхөө өмсөж амжаагүй наадмын гоёлыг одоо ч би хадгалдаг. Эзэн нь нэг ч өмсөөгүй тэр дээлнээс өвөөгийн минь үнэр ханхалдаг нь сонин.
Намайг өнчрүүлж үлдээсэн тэр өдөр бол 1999 оны долдугаар сарын 9. Тэгэхэд би 12 настай байжээ. Өвөөгүй 22 дэх наадам болох нь. Энэ өдрүүдэд хүмүүс баярлаад, сайхан байдаг ч миний хувьд хамгийн хэцүү өдрүүд өнгөрдөг...
Тэртээ нэгэн цагт өвөө минь надад өвөөгийнхөө тухай домог мэт яриа дэлгэдэг байсан шиг өнөөдөр би бага насыг минь өвчсөн жаахан хүүдээ өвөөгөө дурсан ярьдаг юм. Бяцхан үрд минь тэр яриа үлгэр, домог шиг л санагддаг байх даа.
Өвөө “Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий боллоо доо
Ай, ай, ай л хөөрхий минь дээ хө өө” гээд л намуухан, хүнгэнэн дуулдаг сан... Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа...
ӨВӨӨГҮЙ НААДАМ |
|
2025-03-06 20:31:47
2025-03-06 16:52:26
2025-03-06 16:32:25
2025-03-06 13:22:28
2025-03-06 13:16:59
2025-03-06 12:27:43
2025-03-06 10:33:21
2025-03-06 09:23:41
2025-03-06 09:15:19
2025-03-06 07:11:33
2025-03-06 07:00:02
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |