• Өнөөдөр 2024-05-19

Д.БУМДАРЬ: Ардчилсан нам хоёр талд сонгууль явуулсан нь олон ойлгомжгүй асуудал бий болгож байна

Улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.
 
  -Улс төрийн хоёр дахь томоохон хүчин гэгдэх Ардчилсан нам даргын сонгуулиа зохион байгууллаа. Намын даргыг нийт гишүүдийнхээ оролцоотой буюу ардчилсан зарчмаар сонгодог ганц улс төрийн хүчин гэгддэг. Хэр оновчтой шийдэл юм бэ?
 
-Орчин үеийн улс төрийн намын даргыг сонгох үйл явц ийм зүй тогтолтой. Намын дэмжигч гишүүн, идэвхтэй гишүүн зэрэг гишүүнчлэлийн ялгаварал үл байх замаар нэг саналын хүчинтэй сонгууль зохиох нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг. Намдаа хүлээн зөвшөөрөгдөж байж үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх байх. Нөгөө талаараа томоохон улс төрийн коммуникаци хийж байна гэсэн үг. Намын хувьд оршсоор байна гэдгээ илэрхийлэх зөв шийдэл гэж бодож байна.
 
-Намын даргын сунгааныг зохион байгуулахдаа нэр дэвшигчид хандив цуглуулж, сонгуулийн зардлаа босгосон. Ингэснээр санхүүжилт нээлттэй ил тод байж чаддаг уу.  Нэг талаараа энэ нь  дэвшигчдэд босго тавьж байгаа хэрэг биш үү?
 
-Зөвхөн  нам гэлгүй улс төрийн санхүүжилт үргэлж асуудал дагуулдаг. Улс төрийн санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, улс төрийн намын санхүүжилт зэрэг олон нэр томьёог цэгцэлсэн дүрэм журмыг тодорхой болгож шилэн байлгах хэрэгтэй. Ингэснээр хардлага багасна. Нөгөө талаас улс төрийн үйл ажиллагаа нь маш их зардал дагуулдаг гэдгийг Ардчилсан намын нээлттэй сунгааны мөнгөн дүнгээс мэдэх боломж бүрдсэн. 
 
Монголын улс төр, мөнгө хоёрын харилцан хамаарал маш өндөр болохыг шууд ойлгох бодит жишээ болж байгаа юм. Нэр дэвшигчдэд хандивын босго тавих нь тэгш бус гэж үзвэл намын Дотоод хороод ажиллах хэрэгтэй байх. Түүнээс энэ асуудал нийгэмд байдаг л үзэгдэл мэтээр ойлгогдоод, дөжирсөн байна шүү дээ.
 
-Хэдий Ардчилсан нам даргын сонгуулиа зохион байгуулсан ч дотоод асуудлаа шийдэж чадахгүй хоёр хэсэг зохион байгуулчихлаа. Энэ нь улс төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа намын хувьд ямар үр дагавартай юм бэ?
 
-Дүрмийн хувьд аль сонгууль нь хүчин төгөлдөр байх вэ. Нэг гишүүн хоёр дахин сонгууль өгөх нь шударга уу зэрэг олон ойлгомжгүй, салаа утгатай нөхцөл үүсээд байна. Ардчилсан намын дүрэм дээр хэрхэн заасан үүнийх нь дагуу хуралдаад шийдэх байх. Гэхдээ хоёр даргын сунгаа хийх хүртэл зөвшилцөж чадаагүй тохиолдолд төрийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх нь тодорхой болж байна. Ер нь сөрөг хүчин байх гэдэг нь гишүүдийн их цөөндөө биш. “Сүүдрийн” Засгийн газрын бодлогоо танилцуулаад харьцуулалт хийгээд хяналтаа тавьж улс төр хийх ёстой.
 
-Ардчилсан нам ер нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадаж байна уу. Судлаач хүний хувьд та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү. Цаашид хэрхэх ёстой вэ?
 
-Цар тахалтай холбоотой үйл ажиллагаа, төрийн шийдвэрийн талаар дорвитой бодлогын мэтгэлцээн, хяналт, хариуцлагын асуудал ярихгүй байгаагаас харахад сөрөг хүчинтэй эсэхэд эргэлзэх хэмжээнд байна. Чуулган дээр тодорхой байр сууриа илэрхийлдэг боловч улс төр хийж нийгмийн анхаарлыг татах тал дээр үнэхээр хойрог байгаа. Ирэх сонгуульд суудлын тоог нэмэхийн төлөө явах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжих байх гэж харж байна.
 
-МАН дангаараа Засгийн эрхийг барьж байгаа нь ардчилсан тогтолцоотой манайх шиг улсад ямар нөлөө үзүүлэх бол?
 
-Хуулийн дагуу сонгууль явагдсан, иргэд саналаа өгсөн. Сонгогчид МАН-ыг төр удирдах чадвартай гэж сонгосон. Одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй эсэхэд нь хяналт тавих хэрэгтэй. Түүнээс саналаа өгчихөөд маргааш нь өөр юм яриад байж болохгүй. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дөрвөн жил нэхэх, хянах ажлаа сайн хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Нөгөө талаас итгэл дааж сонгогдсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа анхаарах ёстой. Ардчилсан улс орнуудад үнэмлэхүй нэг нам сонгогдох тохиолдол цөөнгүй гардаг. Гол нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт гэдэг зүйлийн биелэлтийг маш сайн анхаарч сурах хэрэгтэй.
 
-УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Үе үеийн парламент энэ хуульд шинэчлэл хийнэ гэдэг ч гар хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ удаагийн парламент өөрчлөлт хийж чадах уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх зайлшгүй нөхцөл үүссэн. Тиймээс хэлэлцэнэ. Тухайлбал, намын гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгох шаардлага бий. Монгол парламентын засаглалтай улс юм бол улс төрийн нам хэмээх институцийг улам чадамжтай болгох ёстой. Улс төрийн намаас төрийг эмхлэн байгуулах гишүүд сонгогдож байна. Энэ тохиолдолд хэнийг сонгох, бэлтгэгдсэн эсэх гээд шалгуурыг хэрхэн тавих. 

Мөн тухайн нам үндэсний хэмжээнд төлөвшиж чадсан эсэх, зөвхөн дэмжигчдийн тоогоор шалгуур тавих уу, улс төрийн санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэх вэ зэрэг олон асуудлууд байна. Ерөнхийлөн хэлбэл улс төрийн нам хэмээх институци тогтолцоонд голлох байр суурьтай бол хууль нь маш сайн чамбай байж “сайн улс төр” хийх нөхцөл бүрдэнэ.
 
-Нэг нам дангаараа төр барьж байгаа үед дээрх хуульд өөрчлөлт оруулах нь давуу байдал бий болгохгүй юу?
-Нэг нам хэдий ч олон эрх ашиг оршиж байгаа. Тэр утгаараа мэтгэлцээн өрнөх ёстой. Улстөрийн намын тухай хуулийн өөрчлөлтөнд нийгмээрээ анхаарал хандуулах биз. Бид чинь улс төржсөн иргэд шүү дээ.
-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулбал ямар өөрчлөлт хийх шаардлага байна вэ?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын санхүүжилт, бодлогын нам байх, үндэсний хэмжээний дэмжигч гишүүдийн талаар тодорхой гурван том өөрчлөлт орсон. Гол үзэл санаа нь улс төрийн намын зорилго нь юунд оршиж байна гэдэгт төвлөрч байх шиг байна. 

Улс төрийн нам бол сайн дураараа эвлэлдэн нэгдэх байгууллага. Нөгөө талаараа сонгуулиар төрийн эрхийг барих боломжтой институци. Энэхүү байдал нь улстөрийн намаас нийгмийн хөгжлийн бодлогыг уралдуулж чадах бодлого,хүний нөөц, төлөвшсөн байдал, сонгуулиар үзэл баримтлал, итгэл үнэмшлээ зараад байхгүй институжилт, санхүүгийн ил тод байдал, иргэдийн дэмжлэг зэргийг суулгаж өгдөг хуулийн зохицуулалтыг хийх ёстой гэсэн үг. Улс төрийн нам сайн төлөвших нь манай ардчилалтай шууд хамааралтай.

-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт хийснээр одоогийн үүсээд буй нам доторх зөрчилтэй асуудлыг шийдвэрлэж чадах уу?
 
-Нам доторх зөрчил үргэлж л байж байдаг. Нам дотоод ардчилалтай байх нь муу зүйл биш. Нийгэмд ядаж мэдээлэл очих юмдаа. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг товчхондоо ингэж ойлгож болно. Улс төрийн шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг улс төрийн институци бол сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн үзэл баримтлалтай нэгдлийг илэрхийлдэг. Намд нийгмийн өмнө хүлээсэн маш олон үүрэг байдаг. Түүнийгээ биелүүлдэг институци байх талаар тайлбарладаг.
 
Харин хуулиар тайлбарладаг болоод ирэхээр илүү хариуцлагатай, үйл ажиллагаагаа тайлагнадаг, төрийн эрхийг барих чадамжтай, хүний нөөцтэй, бодлоготой, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, төр нийгмийг холбогч байх зэрэг олон шалгуурыг албан ёсоор тавьж байна гэсэн үг. Тэгэхээр улстөрийн намын төлөвшилд илүү нөлөөлөх байх.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 

Д.БУМДАРЬ: Ардчилсан нам хоёр талд сонгууль явуулсан нь олон ойлгомжгүй асуудал бий болгож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188