• Өнөөдөр 2024-05-19

Шинжилгээний цэг, цагийг нэмнэ үү, УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд аа

 

Нийслэлийн зургаан дүүрэгт коронавирусийн шинжилгээ авах 36 цэг байгаа ч дөрөвдүгээр сарын 12 хүртэл шинжилгээ өгөх цаг байхгүй

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт дөрөвдүгээр сарын 12, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт дөрөвдүгээр сарын 13-ны 12:00 цаг хүртэл шинжилгээ өгөх цаг дуусчээ. Нэг үгээр бол, иргэд шаардлагатай, яаралтай ажил гарсан ч энэ хүртлэх хугацаанд шинжилгээ өгч чадахгүй гэсэн үг. Гагцхүү ойрын хавьтал болсон тохиолдолд ХӨСҮТ-өөс явуулын баг очиж, шинжилгээ авах юм. Мөн 98 мянган төгрөгийн төлбөр төлж, хувийн эмнэлэгт шинжилгээ өгөх боломжтой. 

18 хоног хүлээж, халдвар авсан эсэхээ мэдэх боломжтой болжээ

Иргэд эрүүл мэндийн шалтгаантай буюу эмнэлэгт үзүүлэх, орон нутаг руу зорчих, ажил олгогчийн шаардлага, шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон, бусад гэх шалтгаанаар eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг захиалах боломжтой. Гэтэл өнөөх сайтад нь шинжилгээ авах цаг ойрын хэд хоногтоо буюу энэ сардаа ч багтаж алга. Бүүр дараагийн сартай золгож, тэн хагасыг нь барсаны дараа арай чүү шинжилгээний цагтай болох нь. Тэгэхээр 18 хоногийн дараагаас коронавирусийн халдвар авсан уу, үгүй юу гэдгээ мэдэх болж дээ. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрсэн ч, эмнэлгийн байгууллагад үзүүлэх шаардлагатай байсан ч шинжилгээ өгч чадахгүй гэсэн үг. 

Шинжилгээний цаг 30-50 мянган төгрөгт хүрчээ

Өдөржин оочер дугаар болж, халдварын эрсдэл үүсгэхгүй гэж үзсэн учраас шинжилгээний цаг өгдөг болсон. Эрсдэл хэдийгээр багассан ч зах замбараагүй цаг өгөлтөөс болж хохирч байгаа хүн олон гэх. Тухайлбал, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өдөрт дунджаар 350-400 дуудлага ирдэг аж.
Үүний ихэнх коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийн хаяг байршил, цагийн хуваарь, цаг хэрхэн захиалах тухай лавлаж, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхийг хүсдэг гэх. Хүссэн хэнбугай ч ямар шалтгааныг сонсоод шинжилгээний цаг авах боломжтой. Гэхдээ цаг авсан хэдий ч шинжилгээгээ өгөхгүй тохиолдол олон гардаг байна. Мөн түүнчлэн иргэд eruul.gerege.mn сайтаас цаг авсан хүнээс шинжилгээний цаг дамлан худалдаж авах болжээ. Тодруулбал, “Улсын Онцгой комисс- УОК” гэх фэйсбүүк группт иргэд “Цаг авна. Шинжилгээний цаг зарна. Зүгээр авахгүй шүү” гэх зарыг олноор оруулах болж. Тэд шинжилгээ өгөх цагийг 30-50 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг гэнэ.
 
Түүнчлэн таньдаг ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд өөрийн ойрын хүмүүсийнхээ регистерийн дугаараар цаг авч, худалдаг борлуулдаг байж болзошгүй аж. Шинжилгээний цэгт цаг авсан хүнийхээ нэрийг хэлээд шууд орох учраас асуудал гардаггүй гэнэ. Тэр бүү хэл шинжилгээний цэгийн ажилтнууд ч цаг дардаг тухай мэдээлэл бий.

С.Энхболд сайд та, шинжилгээний цагийг зөв гольдролд оруулах зохицуулалт хийнэ үү

Эрүүл мэндийн сайд С.Энхболд та, салбартаа зохицуулалт хийж, коронавирус илрүүлэх шинжилгээний цаганд зохицуулалт хийж өгнө үү. Мөн зайлшгүй тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийн асуудлыг шийдэж өгнө үү. Тэд шинжилгээний цаг хүлээж эмнэлгийн байгууллагат үзүүлэх, ажилдаа явахын тулд өнөөдрөөс хойш 18 хоног хүлээх шаардалагтай болжээ.  С.Амарсайхан дарга аа, шинжилгээний цэгээ нэмж, цагаа уртасгана ууИргэдээ халдвар авснаа ч мэдэхгүй, шинжилгээний цаг хүлээж, бусдадаа тараа гээгүй л юм бол шинжилгээний цэгээ нэмээд, цагаа уртасгаад өгөөч, С.Амарсайхан дарга аа. 

Шинжилгээний цэг, цагийг нэмнэ үү, УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188