• Өнөөдөр 2026-09-08

БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ

2026-09-08,   204

         БНАСУ, ОХУ-ын найрамдалт харилцааны бэлгэдэл болсон анхны авто замын гүүрийг нээжээ. Хоёр тал уг бүтээн байгуулалтыг стратегийн түншлэлийн гүнзгий үе шат хэмээн онцолж байна.

   2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСУ-д айлчлах үеэрээ хоёр улсыг шууд холбосон авто замын гүүр барих тээвэр ложистикийн асуудлыг хэлэлцсэн. Тохиролцсон ёсоор хоёр улсыг холбосон авто замын ажил өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас эхэлж, ийнхүү энэ оны есдүгээр сард дуусаж байна. Үүнээс өмнө Москва болон Пхеньяны хооронд агаарын болон төмөр замын шууд холбоо байсан. Гэхдээ 1959 оноос хойш өнөөдрийг хүртэл тусгай хэлэлцээрийн дагуу ойролцоох төмөр замын гүүр дээр банз дэвссэн байгууламжаар авто машин нэвтрүүлдэг байв. 

       ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин болон БНАСУ-ын Ерөнхий сайд Пак Тэ Сон нар цахим уулзалт хийн авто замыг албан ёсоор нээж үг хэлсэн бөгөөд хоёр эгнээ бүхий 1км урттай гүүрээр туг хатгасан ачааны машин зорчиж авто замын харилцаа нээснийг албан ёсоор мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин "Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлсэн нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө" хэмээн онцоллоо. 
 
     Уг гүүрээр өдөрт 300 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих боломжтой. Гүүр ОХУ-ын холбооны авто замын сүлжээ болон Алс Дорнодын Владивосток хотоос Санкт-Петербург хүртэлх тээврийн коридортой холбогдох юм. Эхний ээлжид ачаа тээвэрлэнэ гэдгийг Оросын Засгийн газар мэдэгдээд байна. Энэ оны эцэст гүүр бүрэн ашиглалтад орж, зорчигч тээвэрт ашиглах боломжтой болох юм. 
 
   Шинэ гүүрийг Улаан армийн цэрэг Яков Новиченкогийн нэрээр нэрлэсэн байна. Тэрбээр 1946 онд БНАСУ-ын анхны удирдагч Ким Ил Сон руу шидсэн гранатыг биеэрээ хааж, амийг нь аварсан гэж Солонгосчууд үздэг аж.
 
 
Эх сурвалж: https://www.reuters.com/
 
С.Энхцэцэг

БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188