• Өнөөдөр 2026-03-06

О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН

2026-03-06,   38

          Гэр амьтай, байгалийн ухаан, физикийн хичээлдээ дуртай, хөл бөмбөгийн хаалгач, инженер болох мөрөөдөлтэй хүүг хэн дэлхийн алдартнуудын урилгаар тайзан дээр гарч, дуугаа продюсерлуулж “Сая үнэхээр амьдаар дуулсан уу” гэж асуух хэмжээний уран бүтээлч болно гэж санах билээ. Тэр бол 20-хон насандаа “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болж, ард түмний хайртай хүүгээр нэрлэгдэж, хоёр ч удаа урилгаар дэлхийн алдартай шоунд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн каунтри дуучин О.Энх-Эрдэнэ.

ХӨЛБӨМБӨГЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ЦЭЭЛХЭН ХООЛОЙТОЙ ХҮҮ

 

           Манайх Эрдэнэтийн айл, ухаан орсон цагаасаа 20 нас хүртлээ тэнд амьдарсан. Аав, ээж хоёр намайг таван настай байхад бусдын адил амьдралаа сайжруулахаар БНСУ-ыг зорьж, би эгчтэйгээ хамт эмээ дээрээ хэсэг амьдрах боллоо. Эмээ маань бага сургуулийн захирал, тэрсхэн өссөн үеэлүүдтэйгээ ёстой л эгнэж сууж байгаад хичээлээ хийнэ. Муу сурах эрх байхгүй л дээ. Мэдээ орсон цагаасаа энэ тэнд дуу чагнаж, дагаж дуулж явдаг хүүхэд байлаа. Их цээлхэн хоолойтой. Жаахан эвлэгхэн дуулчихдаг намайг хөгжмийн багш маань тэмцээн, урлагийн наадамд оролцуулах их дуртай. Юм хурдан тогтоодог байсан даа ч тэр үү ямар ч дууг их хурдан сурчихна. Гэхдээ эвтэйхэн дуулчихдаг л гэж бодож байснаас урлагийн хүн болно гэж зорьж, мөрөөдөж байгаагүй ээ. Эгч бид хоёрын хичээлийн цаг зөрж таардаг болохоор ихэнхдээ гэртээ ганцаараа үлдэнэ. Яг тэр үед телевизээр хөл бөмбөгийн тэмцээн их гарна, тэрийг үзэж суусаар байгаад хөл бөмбөгт дуртай болчихсон. Гэр, сургууль гэсэн хоёрхон маршруттай, даруухан хүүхэд байсан учраас гэртээ өөртэйгөө хөл бөмбөг тоглоно. Хана руугаа өшиглөөд тэрийгээ хамгаалаад л. Яагаад ч юм хөл бөмбөгийн хаалгач нар догь санагдаад хаалган дээрээ тор зүүчхээд өдөржин бөмбөг хааж байна гэж төсөөлж, бэлддэг боллоо. Зорилго, мөрөөдөл нь премьер лигт тоглодог анхны монгол тамирчин болох. Би багаасаа л хийж байгаа, хийхээр зорьсон зүйлээ өөрийнхөө хэмжээнд давтаж, бэлдэж байгаад арай нэг чаддаг, дөртэй болсон цагтаа хүмүүст үзүүлдэг, хийдэг хүүхэд байсан юм. Яг л тэр зангаараа гэртээ бэлдэж, бэлдэж, байгаад найзуудтайгаа тоглоно. Хааяа эгчтэйгээ интернэт кафе орж, хол байгаа аав, ээжтэйгээ ярьж, сэтгэлээ дэвтээнэ. Одоогийнх шиг юм хөгжөөгүй, байнга яриад байж чаддаггүй байсан болохоор нэг ярихаараа уйлж, унжаад бөөн л юм болдог байлаа. Одоо бодоход надаас илүү эгчид маань хэцүү байсан байх. Би бол тэрсхэн үеэлүүдтэйгээ тоглож, наадаад өөрийгөө саатуулчихна. Намайг арван нас хүрдэг жил аав, ээж хоёр буцаж ирж, дахин гэр бүлээрээ хамтдаа амьдарч эхэлсэн дээ.

КАУНТРИ УРСГАЛТАЙ ТАНИЛЦСАН НЬ

 

            Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж өдрийн ихэнх цагт нь хичээлээ хийж, үлдсэн хугацаанд нь хөл бөмбөг тоглоно. Яах вэ, нөгөө хүмүүсийн хэлдгээр “Хөөрхөн дуулчихдаг” нь хэвээрээ, дуулах ч дуртай. Гэтэл өсвөр нас эхэлж, миний хоолой бүдүүрээд эхэлсэн. Өмнө нь дуулдаг байсан дуунуудаа дуулах гэхээр хоолой хүрэхгүй байгаа ч юм шиг санагдаад дуулж чадахгүй. Тэгсэн нэг өдөр аав гитар аваад ирсэн. Зарим хоолой хүрэхгүй байгаа дуунууддаа өөрийнхөө хэмжээнд оруулж, дуулах боломж нээгдэж байгаа юм. Өмнө нь хоёр жил морин хуур сурч байсан туршлагатай учраас гитарын учрыг хамаагүй амархан олсон. Тэгсэн ч өөрт тохирох, өөрийнхөө дуулж чадах дууг олоогүй хэвээрээ л. Аавын нэг найз байсан юм, дуулах дуртай, дуу хөгжмийн талаар хавьгүй сайн мэдлэгтэй. Тэр ахын ярианаас жазз гэдэг урсгал байдгийг мэдэж, даруй youtube-ээс хайж, сонсож эхэлж байгаа юм. Хичээл дээрээ л үзсэн англи хэлний мэдлэгтэй хүү, дууныхаа утгыг сайн ойлгохгүй. Гэхдээ л дуучных нь дуулж байгаа байдал, царай хувирал, хоолойны өнгөнөөс нь ямар утгатайг нь бага ч гэсэн гадарлана. Ингэж л анх жазз хөгжимд татагдаж, байнга сонсдог болсон. Нэг өдөр тун санаандгүй байдлаар Amarillo By Morning дууг сонгож, сонссон. Тэр олон дуунаас ямар хувь заяагаар олж сонссоныг нь бүү мэд. Тэгж л анх каунтри дуутай танилцаж, сайхныг нь мэдэрсэн. Байнга хүмүүсийн амьдаар дуулж байгаа бичлэгийг олж сонсдог байлаа. Юм мэдэхгүй шүү дээ, хүмүүс дуулж байгаад алдсан бол засаж, янзлаад эффект нэмээд youtube-т оруулдаг байсныг нь. Яаж тэр хүмүүс шиг алдахгүй ингэж гоё дуулдаг болох уу л гэсэн өдрийн бодол, шөнийн зүүдтэй. Бэлдээд л байна, дуулаад л байна. Байнга тэгж гэртээ дуулаад эхлэхээр гэрийнхэн хорихгүй ч залхаж эхэлнэ. Намайг өрөө рүүгээ явахаар л ээж, эгч хоёр “Ёооё” гэдэг болчихсон байсан. Хөөрхий тэднийгээ бас залхаачихгүй гээд хэд, хэдэн өөр дууг ар араас нь дуулна. Гол зорилго нь л сонсож байгаа дуучид шигээ алдаагүй, тийм лаг дуулдаг болох. Гэхдээ дуучин болно гэж огт бодохгүй. Хүмүүс надаас “Аав, ээждээ хайртай юу” гэж асуувал би эргэлзээгүй “Хайртай” гэж хэлнэ, харин шалтгааныг нь асуувал хэлэх үггүй болох байх. Энэ асуултын хариулт нь шалтгаангүй шиг би яагаад ч юм дуу хөгжимд хайртай, дуулах дуртай. “Би дуулах дуртай юм байна” гэж бодох ч завдалгүй, шалтгаангүйгээр цаанаасаа л дурласан байх.

ҮЕЭЛ АХЫН ЛОУНЖНААС АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУДЫН ТАЙЗ ХҮРТЭЛ

         Дуулах дуртай, гэхдээ тэрийгээ чөлөөт цагаараа хийх хобби болгочихсон байсан юм. Физикийн хичээлдээ дуртай учраас инженер болохоор шийдчихсэн үе. Аймагтаа сурлагаараа тэргүүлж,  ШУТИС-ийн нисэх, техникийн механикийн ангид элсэх ганц хуваарийг нь авч, их сургуульдаа орсон. Улаанбаатарт нэг жил сураад буцаад Эрдэнэт хотдоо шилжин ирж, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерээр сурч эхэлсэн. Бүтэн жил “Нисэхийн салбар хэцүү, уул уурхай ирээдүйтэй” гээд үглүүлчихсэн хэрэг л дээ. Аав есөн хүүхэдтэй айлын бага хүү, том үеэл дүү нь бараг л манай гэрт өссөн, миний төрсөн ах шиг хүн байдаг юм. Тэр ахынхаа ажиллуулдаг лоунжинд дуулж эхэлсэн. Өглөөнөөс орой хүртэл дуулна. Миний амьдралын эргэлтийн цэг, хамгийн сайн бэлтгэл хийсэн үе тэнд л байсан байх. Нэг өдөр үеэл ах эгчтэй хуйвалдаж байгаад миний иргэний үнэмлэхийг авчруулаад, хамтдаа Эрдэнэтийн Хас банк орж, “Авьяаслаг монголчууд” шоунд бүртгүүлсэн. Тухайн үед надад цаг нь биш юм шиг санагдаад ахдаа хэлж байсан юм “Хичээлээ ч завсардуулаад, дуундаа ч сайн анхаарч чадахгүй дэмий юм болно” гээд л. Гэхдээ цаанаасаа л орох ёстой юм шиг санагдаад байгаа юм.

Тэр үед ах минь ч, би ч төсөөлгүй байх, “Авьяаслаг монголчууд” шоу, ахын минь шийдвэр хоёр амьдралыг минь өөрчлөх эргэлт болно гэдгийг.

            Шоу эхэллээ, өмнөх улирлыг нь үзэж байсан учраас өөрийгөө муу дуулдаггүй гэдгээ гадарлаж байсан, ямар ч байсан эхний шатандаа тэнцэнэ гэсэн итгэлтэй. Өдөр бүр өрөөндөө дуулдаг, дуугаа нэг түвшнээр сайжруулах гэж хичээдэг байсан болохоор тайзан дээр гарахаасаа өмнө арай бага сандарна. Харин тайзан дээр гарсан бол зөвхөн сайн дуулахад л анхаардаг. Аав, ээж хоёрт ч хэлэлгүй шоуныхаа эхний шатанд оролцож, тэнцсэн. Шилдэг 32 оролцогчийн нэг болсныхоо дараа л хэлсэн санагдаж байна. Тэр хоёр маань “Урлагийн хүн хэцүү, дуулахаа зүгээр хобби болгосон нь дээр” гэж хэлдэг байсан юм. Аргагүй ч үгүй байх аль, аль талд нь урлагийн хүн байхгүй шүү дээ. Гэхдээ аав, ээж хоёр хэцүү гэж ярьдаг ч хорьдог байгаагүй ээ. Шилдэг 32 оролцогчийн нэг болчхоод хэсэг шоуны зураг авалтаас болоод хэсэг Улаанбаатарт байх ёстой болсон юм. Яг хичээлийн үе таарчихсан учраас хичээлээсээ түр чөлөө авсан, гэхдээ завсардуулахгүй гэсэн зүтгэлтэй. Монгол HD-ийн дууны найруулагч ахтай хэрхэн дуулах талаар ярилцаж, үзүүлбэрээ бэлдэнэ. Гэтэл хагас финал хүртэл л явж чадах байх гэж бодож байсан хүн чинь ялагч болчихсон. Гайхалтай шүү, одоо бодсон ч зүрх хүчтэй цохилдог хэвээрээ. Намайг хэзээ ч төсөөлөөгүй замаар минь алхуулж, амьдралыг минь бүрэн өөрчилж, хамгийн гайхалтай хаалгыг нээсэн. Ёстой л амьдралын минь эргэлтийн цэг.  Хүмүүс төрөлхийн авьяастай учраас ялсан, бэлдэх шаардлагагүй, амархан байсан байх гэж ярьдаг. Би бол надад ирсэн жаахан өгөгдөл дээр өдөр бүрийн бэлтгэл, тасралтгүй сайжрах гэсэн оролдлого л намайг бүтээсэн гэж боддог. Ганцхан дууг хүнд таатай сонсгохын тулд дахин дахин дуулаад л, өөрчлөөд тэрийгээ ойлгож, сайжруулаад л байна.

             Шоу ч дуусаж хичээлдээ анхаарах гэж байтал 2018 онд Америкаас “World’s Best” шоуны урилга ирж, хэсэг гадаад амьдрах хэрэгтэй болсон. Сургууль маань онлайнаар диплом хамгаалуулахгүй гэсэн учраас төгсөж чадахгүй ч багш нарынхаа дэмжлэгээр хичээлдээ суугаад, хичээлээ нөхөөд л байлаа. Сургуулиа орхино гэж огт бодолгүйгээр боломж хайж, хичээсээр их сургуульд орсноосоо хойш долоон жилийн дараа сургуулиа төгссөн дөө. Тэр хугацаандаа дуулалтдаа ч анхаарч илүү сайн дуучин байхыг хичээсэн. “World’s Best” шоунд урилгаар оролцохоор явахад миний дотор бодогдож байгаа бодол, сэтгэлдээ тээх тээш огт өөр болчихсон. Тэнд ганцхан О.Энх-Эрдэнийн нэр гарахгүй шүү дээ, Монгол Улсын нэр гарна. Илүү сайн байх хэрэгтэй, хариуцлага нь огт өөр мэдрэгдэж байлаа. Гэтэл хэдий урилгаар оролцож байсан ч шоуны багийн зүгээс хоёрдугаар шатнаас намайг боловсноор шахаж эхэлсэн. Манай монголчууд youtube-т мөнгө төлдөггүй, тэгэхээр миний үзүүлбэрээс олох ашиг нь бага. Шоу ертөнц шүү дээ, дуулахаар сонгосон дууг минь дуулуулахгүй. Бүгд цаанаасаа зохиолтой. Монгол тэдний хувьд тийм ч ашигтай байгаагүй байх. Зургаан жилийн зайтай тэдний урилгаар хоёр тэмцээнд нь оролцохдоо өөрийнхөө дуулахыг хүссэн дуугаа дуулж чадаагүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт амьд хөгжмийн хамтлагтай, илүү том тайзан дээр “Moon river” дууг өөрийнхөөрөө хүмүүст хүргэх үе ирнэ гэдэгт огт эргэлздэггүй.

Дуулж байхдаа авсан мэдрэмжээ тэр хэвээр нь хүмүүст хүргэхийг хүсдэг. Сайн эсвэл муу дуу гэж байхгүй, зүгээр л хэн, ямар сэтгэлээр дуулж байгаагаас л шалтгаална.

УНАЛТЫН ҮЕ МЭТ САНАГДАЖ БАЙГАА ӨДРҮҮД ДАРАА НЬ БОДОХОД ОРГИЛ НЬ Ч БАЙХ ЮМ БИЛҮҮ

            Анх намайг үеэл ах минь урлагтай холбосон бол тэр холбоог илүү бэхжүүлсэн хүмүүс нь New nomad record-ийн уран бүтээлчид. Тэдний ачаар урлагт илүү дурлаж, өөрийгөө тасралгүй сайжруулах боломжтой болсон. Харин урлагийн холбоог минь илүү бат бөх болгож, гагнаж өгсөн хүн нь Э.Цолмонбаяр ах. Ахынхаа ачаар гадаадад илүү сайн ажиллаж чадаж байгаа. Шантраад нуугдмаар үе, бүгдийг нь орхиод явчихмаар үе олон гарч ирж байна. Гэхдээ нэг зүйлийг л зориод явж байгаа, ирээдүй минь нэгэнт шийдэгдсэн учраас эцсийг нь үзнэ. Одоо хоёрдох цомог дээрээ ажиллаж байна. Америкчуудтай хамтарч эхэллээ, гэтэл тэд чинь биднээс огт өөр системээр ажилладаг хүмүүс. Хэмнэлтэй нэгдэх гэж бага зэрэг хугацаа алдсан. Одоо илүү идэвхтэй байхыг хичээж, өөрчлөгдөж байна. Амьд хөгжмөөр уран бүтээл хийнэ гэдэг ажил ихтэй, тиймээс санаж, төсөөл шигээ ар араас нь уран бүтээлүүдээ гаргаад байж чадахгүй. Туйлын зорилго нь чанартай уран бүтээл гаргах. Магадгүй одоо миний уналтын үе байх. Гэхдээ тийм байлаа гээд хийж байгаа зүйлээ зогсоож болохгүй гэдгээ мэдэж байгаа. Би уулын оргил руу яаж ч гарч болно. Гол нь оргилдоо хүрэх нь л чухал. Мөрөөдөл минь тэр оргил дээр байгаа цагт мөлхөж, алхаж, заримдаа гүйнэ. Золиосолж байгаа зүйл бий. Тэр бүр тэртээд гэрэлтэх мөрөөдлийн минь төлөөх гишгүүр байх болно.

 


О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188