• Өнөөдөр 2024-05-17

"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ

2024-05-05,   13031

     "ХАВХЫН ГОЛЫН ЭХЭНД АХЫН МИНЬ ОРОГНОЖ БАЙСАН АГУЙ БИЙ"

    Уулын Төмөр гэж цагдаа, хууль хүчнийхнээр 10 гаруй жил чулуу хөөлгөсөн шилийн сайн эр байлаа. Түүнийг машинтай туулгаад ч, явган хөөгөөд ч барьж чаддаггүй, буудаад ч онодоггүй байсан гэдэг. Цагдаа нар түүнийг гарах гарцгүй болтол бүсэлчихээд байхад л газрын гаваар орсон мэт алга болчихдог байсан тухай үлгэр домог мэт яриа олон бий. Б.Төмөр арга мухардсан үедээ ширүүн урсгалт гол руу үсэрч шумбаад, нарийхан гуурсаар амьсгалчихдаг, газар ухаад өөрийгөө булчихдаг, өвөлдөө Тува руу зугтчихдаг яггүй эр байсан гэдэг. Цэргээс халагдаад буцах замдаа найздаа уруу татагдаж, айлын аргамжаатай морь хулгайлсан хэргээ хүндрүүлсээр сүүлдээ хүн амины хэрэгтэн болсон Бавааны Төмөр уулын Төмөр болтлоо Хөвсгөлийн тайгад бүгсэн үнэн түүхийг та бүхэнд хүргэж байна. Шоронгоос оргоод ууланд хэсүүчлэн амьдрах болсон түүнийг нутгийнхан нь цагдаа нараас нууж, морь, малаа "Шилж бариад унаад яв" гээд өгчихдөг байсан гэдэг. Тэр ч бусдын тусыг марталгүй хар, бор ажлыг нь хийж өгдөг, махгүй болсон нэгнийд нь ангийн мах дөхүүлчихээд давхичихдаг байсан гэдэг. Сар, жил өнгөрөх тусам түүнийг барьж чадаагүйдээ цагдаа нар шантарч, сүүлдээ түүний хойноос хөөхөө больжээ. Харин Б.Төмөр тэдний сиймхийгээр сумын төв ороод кино үзчихсэн, сонгуульд санал өгчихөөд явчихдаг байсан гэх яриа ч байдаг. Ингээд түүнийг ямархан зүрх зоригтой, дуулиант эр байсан тухай нь зээ дүү Д.Оюунгэрэлтэй нь ярилцлаа. 

-Та сайн сууж байна уу. Нутгийнхандаа шилийн сайн эр хэмээн хүндлэгдэж, олноо Уулын Төмөр хэмээн үлгэр, домог мэт яригддаг Б.Төмөр ахынх нь тухай ярилцахаар холбогдож байна. Ах нь ямар хэргээс болж  уулын хүн болтлоо тайгад бүгсэн тухай та манай уншигчдад ярьж өгөхгүй юү?

     -Б.Төмөр ах Улаанбаатар хотын барилгын ангид цэргийн гурван жилийн алба хаасан юм билээ. Хэдэн онд цэргээс халагдсаныг нь би сайн мэддэггүй юм. Ямартай ч зун халагдсаныг санаж байна. Ахыг халагдаж ирэх үед бороо их орсны улмаас гол үерлэсэн байсан. Улмаар аймгийн төвөөс сум руу машин явах боломжгүй болж, Мөрөн дээр буусан цэргүүд үер, ус татрахыг хэсэг хүлээх хэрэгтэй болсон юм билээ. Харин ах аймгийн төв дээр таньж, мэдэх айлгүй тул цэрэгт хамт татагдсан, багын найз Сэмжидтэйгээ голын хөвөөгөөр гиюүрч явсан гэдэг. Гэтэл найз Сэмжид нь "Хоёулаа тэнд харагдаж байгаа аргамжаатай хоёр морийг унаад сум руугаа явъя" гэж ятгасан байгаа юм. Ах гэр рүүгээ яарч байсан болоод ч тэр үү найзынхаа саналыг зөвшөөрч, хулгайн мориор нутагтаа очиж амжсан гэдэг. Тэгээд хоёр цэрэгтэй хамт хоёр морь алга болсон учир тэднийг морины хэрэгт хардах нь ойлгомжтой. Тэд морь хулгайлсан хэргээсээ айж, зунжингаа уул, хадаар орогнож, цагдаа нараас зугтаж байгаад намар цас орох үеэр Тува руу зугтахаар тохиролцсон гэдэг. Олон хоног уул, хадаар явсан тэд ядарч, Сэмжид нь "Хоёулаа Тува руу гарахаа больё. Цагдаа нарт бууж өгье" гэхэд нь ах зөвшөөрөөгүй юм билээ. Гэтэл Сэмжид уурандаа ахыг буудаад шархдуулчихсан гэдэг. Харин ах зөрүүлж буудахдаа түүнийг хөнөөчихөөд Тува руу ганцаараа гарсан гэдэг юм билээ. Ах тэнд намаржиж, өвөлжчихөөд, хавар нутагтаа орж ирээд найзыгаа хөнөөсөн хэргээр ял сонссон.

"Б.ТӨМӨР АХ АВДРАНТЫН ХОРИХООС ДҮҮЖИЙ ГЭХ НАЙЗТАЙГАА ОРГОЖ, НУТАГТАА ИРСЭН ГЭДЭГ"

-Тувагаас өөрөө орж ирсэн юм болов уу. Цагдаа нар баривчилж авчирсан юм уу?

    -Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Цагдаа нар ахаас Сэмжидийг асуухад нь Намар Тува руу надтай хамт гарахгүй гээд үлдсэн” гэж худлаа мэдүүлсэн гэдэг. Гэсэн ч цагдаа нар ахыг Сэмжидийг хөнөөсөн гэдгийг нь мэдээд, цогцсыг нь хайж, анчны отгоос ясыг нь олсон байдаг. Тэгээд ах минь Авдрантын хорих ангид хүн амины хэргээр орсон. Ял эдэлж байх хугацаандаа Дүүжий гэдэг найзтайгаа шоронгоос оргосон байдаг. Тэд оргохдоо зүг чигийн баримжаагаа алдаж, говь руу хэсэг явсан гэдэг. Хөлийнхөө улыг эргэтэл алхаж, айлын морь барьж унасаар Шишгэдийн гол арайхийж гаталж явтал найзынх нь морь үргээд унагачихсан гэдэг. Ах моринд эрэмгий байсан тулдаа бэлчээрээс морь бугуйлдаад найзыгаа унаатай болгосон байх жишээний. Тэднийг тал хээр, хөвч тайгаар унаатай, унаагүй явахад нь сүрэг чоно, араатан амьтад тааралдахыг алийг тэр гэх вэ. Эрийн сайндаа л араатан амьтан, араас хөөж яваа цагдаа нараас мултарсаар байгаад тайгадаа ирсэн гэдэг. Тэр өдрөөс л ахын минь уулын Төмөр болох хувь тавилан эхэлсэн байдаг. Харин Дүүжий найз нь удалгүй ахаас зам салсан гэдэг шүү.

-Шоронгоос оргоод нутагтаа ирэхдээ хэнийд анх очсон бол?

    -Хамгийн анх найз Төмөрийнхөө ээжийнд очсон гэдэг. Тэднийхээс тайгад амьдрах бэлтгэлээ базааж, тогоо, шанага цуглуулаад явсан гэх юм билээ. Ах минь тайгад орогнож байхдаа тогоо шанагаа бүгдийг нь хэлхчихсэн нэгийг нь шүүрэхэд л бүгдийг нь авдаг, мориндоо тохоод давхихад бэлэн болгож холбосон байсан гэдэг юм.

-Хөвсгөлийн тайгад 10 жил бүгсэн гэдэг нь үнэн үү. Эсвэл хэтрүүлэгтэй яриа юу?

     -Хөвсгөлийн тайгад есөн жил зургаан сар бүгсэн нь үнэн. Тэгэхээр 10 жил гэсэн үг биз дээ. Гэхдээ дандаа уул, хадаар амьдраагүй. Ихэвчлэн нутгийнхнаараа байсан. Нутгийнхан нь ч ахыг цагдаад хэлнэ, барьж өгнө гэж байхгүй. Ах, дүүгийнхээрээ ч орж, гарч л явсан. Ах их соргог, мэдрэмжтэй байсан болохоор хэнийд хэзээ очиж, хэзээ явахаа мэддэг байсан гэдэг юм. Төмөр ахыг "Явахгүй бол болохгүй нь" гээд мордоход л удалгүй эрлийн багийнхан нөгөө айлд ирдэг байсан гэдэг. Нутгийнхан энэ талаар сайн мэднэ. Ах хүнд ямар ч гэм хоргүй, айлын хар, бор ажлыг нь хийж өгдөг, хоолгүй болсон айлд ангийн мах дөхүүлээд өгчихдөг тусархуу хүн байсан гэдэг юм. Шоронд байхдаа ч тэр л зангаараа, өглөгч, тусархуу нэгэн байсан гэж хүмүүс ярьдаг юм. Тийм болохоор нутгийнхан нь ахад муугүй байх нь ойлгомжтой. Бас морь, малаа харамлахгүй хөл залгах унаатай болгоод л явуулчихдаг байсан гэдэг. Ах чийрэг биетэй, малд иртэй байсан болохоор аль сайныг нь барьж аваад давхидаг, унасан морио эргүүлж заавал өгдөг байсан гэдэг. Тийм тулдаа 10 жил уул, хадаар бүгэж, зарим өдөр, хоногийг нутгийнхаа айлуудаар өнгөрүүлдэг байсан байх. 10 жил тасралтгүй уул, тайгад амьдарна гэдэг бараг боломжгүй шүү дээ. 

-Та ахаасаа уул, хадаар орогнож тайгаар амьдрахдаа юу үзэж, туулсаныг нь асууж байсан уу?

    -Ах энэ тухайгаа бидэнд огт ярьдаггүй байсан. "Би сайхан түүхтэй хүн биш" гээд элдэв юм ярих дургүй. Биднээс өөр хүмүүс асуусан ч барагтай бол хэлэхгүй. Шоронд хамт байсан хүмүүсдээ л ярих юмаа ярьдаг байсан байх. Биднийг бага байхад "Том хүний ярианд хүүхэд оролцож болохгүй. Гадаа тогло" гээд л гаргачихдаг байлаа шүү дээ.

-Ахынх нь отоглож байсан газар Рэнчинлхүмбийн тайгаар олон байдаг байх. Танд очиж үзсэн газар бий юү?

    -Цагааннуур, Рэнчинлхүмбийн тайгаар ахын минь отоглож байсан газар олон бий бий. Хавхын голын эхэнд орогнож байсан агуй нь байдаг гэж ярьдаг. Гэхдээ би очиж үзээгүй. Баруун тайга буюу цаатнуудын амьдардаг тайгад  ч бас агуй нь байдаг гэж ярьдаг юм.

-Анх цагдаа нараас зугтахдаа Тува руу гарсан гэдэг юм билээ. Түүнээс хойш дахин хил давсан болов уу?

    -Төмөр ах шоронд байхдаа орос, монгол толь бичиг үздэг байсан гэдэг. Хойд аав нь тува хүн байсан болохоор ах тувагаар ярьдаг байсан. Тийм болохоор ахыг өвөлдөө Тува руу гарчихдаг байсан гэж ярьдаг шүү. Яаж гардаг байсныг нь мэдэхгүй. Бас толь бичиг үзсээр байгаад оросоор ойр зуурын юм ярьчихдаг болсон байсан.

-Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбийн тайгыг 10 хуруу шигээ мэддэг хүн ховор байсан байх. Харин цагдаа нар эрлийн ажиллагаагаа яаж явуулдаг байсан бол?

    -Ах бол тайгыг өдөр, шөнийн алинд нь ч гаргаахгүй мэднэ. Тэр тайга чинь ахын гэр гэсэн үг шүү дээ. Цагдаа нар ч ахын хойноос их хөөсөн. Яаж ч хөөгөөд тайгаас нь барьж чадаагүй дээ. Бүр ахтай хамт зугтаж байсан Дүүжий гэх хоригдолд “Төмөрийг барьж ирвэл хэргийг чинь цагаатгана” гээд тайга руу явуулж байсан гэдэг. Тэр хүн хоёр, гурван удаа ахыг барих гэж оролдоод чадаагүй юм билээ. Тэр үед ахын хойноос хөөцөлдөж байсан цагдаа нар цалингаа хасуулж, цолоо хураалгуулж байсан болохоор олон хүний уурыг барсан байх.

    Ялангуяа Рэнчинлхүмбэ сумын ахмад цолтой Барням гэх цагдаа ахыг барьж чадалгүй олон жил болсондоо хорсож, өс хонзон санаж явсан гэдэг. Шүүх, прокуророос ахыг минь "Ялаа эдлэх хугацаандаа оргож, өөрийгөө зовоосон" хэмээн үзэж, цагаатгах бичиг сумын цагдаа руу явуулчихсан байсан юм билээ. Ах тэр тухай нутгийнхнаасаа сонсчихоод өөрийгөө цагаадсан хэмээн баярлаж, сумын төвд архидаж яваад Барнямд баригдаж бахыг нь хангасан байдаг. Нөгөө цагдаа ч сумын төвөөс ахыг согтууд нь барьчихаад ихэд баярлаж, бүр цол ахиж байсан гэдэг. Түүний олон жилийн өс хонзон тэгж л тайлагдсан байх. Ахыг цагаатгасан бичиг сумын цагдаад ирсэн ч гэлээ ах өргөдөл, гомдол бичиж, албан ёсоор гарын үсэг зурах ёстой байсан юм билээ. Гэхдээ тэр цагдаа ахыг зүгээр явуулахгүй байсан нь мэдээж. Ах өөрийн буруугаас болж дахин 12 жилийн ял сонссон нь харамсалтай санагддаг.

-Тэгээд ялаа бүрэн эдэлж чадсан уу?

     -Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Ёндон гэж хүн ахын хойноос хөөцөлдөж байж ялыг нь зургаан жил болгосон гэдэг. Ах ч бас зүгээр зургаан жил суугаагүй байх. Илүү цагаар ажиллаж байгаад 12 жилийн ялаа зургаан жилд багтааж эдлээд албан ёсоор цагаадаж, гарч ирсэн.

-Ах нь гэр бүлтэй байсан уу. Шоронгоос суллагдаад хаана, хэнтэй амьдарсан бэ?

      -Ах минь гэр бүлтэй болж чадаагүй, үр хүүхэдгүй болохоор шоронгоос гарч ирээд манайд амьдарсан. Төмөр ах айлын том. Шархүү, Долгор гэж хоёр дүүтэй. Тэд Баваа гэж хойд эцгээрээ овоглодог байсан. Ээж нь тэднийг багад нь нас барсан учир Шархүү ахыг айлд өргүүлсэн юм билээ. Шархүү ах хэдхэн жилийн өмнө бурхан болсон. Төмөр ахын талаар сайн мэдэх хүн манай ээжээс өөр байхгүй. Ээж минь 80 хүрч байгаа болохоор ухаан санаа нь орж гардаг, чих нь хатуу. Тийм болохоор хүнтэй ойлголцож чаддаггүй юм. 

-Ах нь ямар зан чанартай хүн байсан бэ?

     -Бидэнд янз бүрийн ааш авир огт гаргадаггүй байсан. Бид ахынхаа олж ирсэн ангийн махыг хүнсэндээ хэрэглэдэг байлаа. Бор гөрөөс, зэрлэг гахай, хандгай, баавгай гээд загаснаас бусдыг нь л идсэн. Ах ан хийх дуртай, зүгээр сууж чаддаггүй ажилсаг, дандаа л уул, хадаар явдаг, ажилд махруу, сэргэлэн хүн байсан. Заримдаа ах бид хоёр Төмөр ахтай мод, түлээнд хамт явна. Одоо бодоход бид хоёрыг ямар ч ажил хийсэн цэрэгжилтийн байдалтай хийлгэдэг байсан нь амьдралд их хэрэг болдог доо. Хүмүүс ахыг том хүн байсан гэж төсөөлдөг юм билээ. 165 сантиметрээс өндөргүй хүн байлаа.

-О.Бат-Өлзий жүжигчний найруулсан “Уулын Төмөр” хэмээх кино байдаг. Кино багийнхан та бүхэнтэй уулзаж, ахынх нь талаар тодруулж, бодит түүхээс нь сэдэвлэж тус киног хийсэн үү?

     -Биднээс ахын талаар хэн ч асууж, тодруулж байгаагүй. Тэр киног бусдын ам дамжсан яриагаар сэдэвлэж хийсэн байх. Ахын минь амьдралаас огт өөрөөр хийсэн байна лээ. Төмөр ахыг тэр кинотой харьцуулшгүй гэсэн үг. Тухайлбал, ахын ээж нь буюу миний эмээ хүүхдүүдээ сургуульд ороогүй байхад нь нас барсан гэдэг. Кинон дээр ээж нь хүүгээ хүлээж байгаагаар хийсэн байдаг. Бас уулын Төмөр цагдаад буудуулдаг шүү дээ. Харин ах минь оргож явахдаа хэнд ч буудуулж үзээгүй. Харин морио буудуулж байсан гэдэг. Энэ мэтчилэн ахын үзэж, туулсан амьдралаас зөрдөг үйл явдал тэр кинонд олон бий.

-Ахыг нь Рэнчинлхүмбэ сумын Хороогийн голын хөвөөн дээр архи ууж суугаад амьсгал хураасан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

    -Ахыг шоронгоос гарсны дараа хүмүүс их очдог байсан. Одоогийнхоор бол ахаас гарын үсгийг нь авах гэж л хүмүүс очдог байлаа шүү дээ. Хүн болгон архитай ирдэг байсан болохоор ах хэдэн жил тасралтгүй уусан. Түүнээсээ болж улаан хоолой нь шархалж, эмчилгээ хийлгэсэн ч оройтчихсон байсан. Хоригдлууд шоронгоос гарсан даруйдаа л ахыг сураглаж ирдэг байлаа. Тийм л олонтойгоо хүн байлаа даа, ах минь. Насаараа оргож, даарч, хөрж явсан болоод ч тэр үү 1991 оны өвөл 51-хэн настайдаа өвчний улмаас бурхан болсон доо, ах минь.


"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 06:03:38
    Сундуйсүрэн: Энэ Төмөрийн талаар худал ярьж ашиг хайгчид болимоор юм даа..Бодит болсон явдлыг баримтаар нь ярихгүй санаанаасаа их Пан авах юм. Бодит үнэнийг гуйвуулж кино хийгээл. Мөнгө олох гэж ядсан арчаагүй хүмүүсийн л ажил юм байх даа.Энэ талаар бодит үнэнийг ярих хүмүүс амьд,хавтаст хэрэг нь Хөвсгөл аймгийн архивт байхад олж үзээд үнэн бодитойхон юм бичвэл дээрсэн.Энэ сэтгүүлч ч гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-05 09:39:42
    Irgen: Jinhen sain eriin hugarhai baisan yum shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-04 09:15:11
    irgen: Sain hulgaich bj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-02 13:14:52
    Тулга: жинхэнэ эрийн хугархай байсан юм биш үү ххх
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188