• Өнөөдөр 2025-04-11

ЗААЛНААС НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ, СЭЛЭНГИЙН ЗАСАГ ДАРГАД ТОМИЛОГДСОН Н.ЛХАГВАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

2024-12-02,   689

          Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томилохоор батламжилсан байна. Ингэснээр Н.Лхагвадорж нь хоёр дахь удаагаа Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байгаа юм. Түүний хувьд Засаг дарга болохдоо хамгийн их дуулиан тарьсан. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Засаг даргад хоёр хүний нэр яригдаж, нэр дэвшилттэй холбоотойгоор маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН олонх болсон учраас  Засаг даргад хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байв.
 
        Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс А.Дашбатын нэрийг дэвшүүлсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж заалнаас өөрийн нэрийг дэвшүүлж, намын бодлогынхоо эсрэг дүрмээ зөрчсөн үйлдэл гаргасан гэх шүүмжлэлд өртсөн юм. ИТХ-ын Анхдугаар хуралдаанд орсон 41 төлөөлөгчийн 21 нь Н.Лхагвадоржийг, 19 нь А.Дашбатыг дэмжсэн. Ийн  Н.Лхагвадоржийн нэрийг Сэлэнг аймгийн засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад уламжлаад байсныг баталгаажуулжээ.
 

Нацагдоржийн Лхагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, эрх зүйч мэргэжилтэй. 2009 оноос Мандал сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, Мандал сумын НАМЗХ-ын дарга, НАМЗХ-ын бага хурлын гишүүн, 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн, Мандал сумын МАН-ын хорооны дарга, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гэх сонгуульт албан тушаалд томилогдож байсан намтартай. 2016- 2020 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байжээ. Үүнээс өмнө тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байв.

      Тэрбээр улс төрд орохоосоо өмнө “Жарвай” мод үржүүлгийн компани байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байсан. “Жаврай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа буюу Зүүнхараад ойн цэвэрлэгээ хийж хорих ангиудад түлээний мод нийлүүлдэг, хөрөө рам ажиллуулдаг, тарьц, суулгацны үржүүлэг хийдэг юм байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд Жаврай ХХК-ийн захиалгаар есөн давхар гурван блок “Шинэ Мандал-2” хотхны ажлыг эхүүлсэн. Үүнээс гадна бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж 40 айлын орон сууцны хотхон барьсан, “Баян суудал” амралтын баазтай гэх мэтээр бүх л салбарт үйл ажиллагаа явуулдаг. Н.Лхагвадорж 2016 онд Мандал сумын Засаг дарга болсноосоо хойш “Жаврай” ХХК-аа төрсөн дүү Н.Отгонбаярынх нь нэр дээр байдаг боловч Н.Лхагвадоржийн эхнэр Т.Жаргал нь удирддаг ажээ.
 
Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн хамаарал бүхий “Жаврай” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнп тарьц, суулгац нийлүүлэхээр 100 мянган ширхэг суулгацны гэрээг байгуулсан байдаг. 2022 онд 49 мянган суулгацыг нь нийлүүлсэн гэх тоон мэдээлэл байна. Тэгвэл “Жаврай” ХХК-ийн түлээний мод дүнз нийлүүлэх тендерт шалгарсан баримт бий.
 
Тодруулбал,
 
УБТЗ ХНН-ийн Дэр мод үйлдвэрлэх зориулалттай сумын дүнз худалдан авах тендер-737 сая төгрөг
УБТЗ ХНН-ийн Дэр мод үйлдвэрлэх зориулалттай сумын дүнз худалдан авах тендер-380 сая төгрөг
Дэр мод дүнз нийлүүлэх 395 сая төгрөгийн тендер
Дэр модны дүнз нийлүүлэх 220 сая төгрөгийн тендерт шалгарсан байна.

ЗААЛНААС НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ, СЭЛЭНГИЙН ЗАСАГ ДАРГАД ТОМИЛОГДСОН Н.ЛХАГВАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188