Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлжээ. Улмаар санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжсэн байна.
Иймээс саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ. Г.Өнөрбаяр нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар долоон жил, Завхан аймгийн Засаг даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Г.Өнөрбаярын хувьд Завхан аймгийн уугуул. Тэрбээр тус аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуульд сурч, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Японы Кюшүгийн их сургуулийн төгссөн. Харин ажлын гараагаа МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн цагийн багшаар эхэлж, дагалдан багш, багш, дэд профессор, Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга, Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүний өнгөрсөн онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шүүж үзвэл, Г.Өнөрбаяр нь 65 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 18 сая, 110 саяын орон сууц, тус тус 50 саяар үнэлэгдэх газар, үнэт эдлэлтэй, дотоодын банканд есөн саяын хадгаламжтай, 29 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД Г.ӨНӨРБАЯРЫГ УЛИРААХААР БОЛЖЭЭ |
|