• Өнөөдөр 2025-04-20

Х.НЯМБААТАРЫН ЭХЛҮҮЛСЭН “МАНАН”-ГИЙН ТЭМЦЛИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТӨГСГӨЛ

      Х.Нямбаатар Хууль зүйн яамнаасаа авчирсан Л.Хосбаяр, Хөгжлийн банкнаас авчирсан Н.Мандуул гэх хоёр орлогчоо НИТХ-ын төлөөлөгч болгосон. Гэхдээ Л.Хосбаяр, Н.Мандуул хоёрыгоо орлогчоороо улираасангүй. Тун удахгүй тэдэнд нэг, нэг дүүрэг өгч, Засаг дарга сураг дуулдаж эхэллээ. Л.Хосбаяр л гэхэд ХУД-ийн Засаг дарга болох шуум гарч байна. 

НИТХ-ын төлөөлөгч, Хотын дарга Х.Нямбаатарын шинэхэн орлогч А.Амартүвшин

А.Амартүвшингийн аав Цэвэгмидийн Амгаланбаяр нь Бригадын генерал цолтой, МАН-ын дарга асан М.Энхболдын үй зайгүй найз хүн бий. Тодруулбал,  Ц.Амгаланбаяр М.Энхболдыг Хотын дарга байх хугацаанд буюу 2000-2006 онд зургаан жил Замын цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2007 оны арванхоёрдугаар сард М.Энхболд Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга болж, хэдхэн хоногийн дараа ОБЕГ-ын даргаар Ц.Амгаланбаярыг томилж байв. ОБЕГ нь Шадар сайдын харьяанд байдгийг тайлбарлах хэрэггүй мэдэх байх. Ингээд 2012 онд М.Энхболд Шадар сайдаас бууж, Ц.Амгаланбаяр ч ОБЕГ-ын даргаас чөлөөлөгдөж байлаа. Дараа нь, 2016 онд МАН үнэмлэхүй ялж, М.Энхболд УИХ-ын дарга болж, улмаар Ц.Амгаланбаярыг ШШГЕГ-ын даргаар ажилласан. Гэвч 2019 оны хоёрдугаар сард Цагдах хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Гавьяат шүүгч Л.Бямбаа амиа хорлосон. Улмаар сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сард Ц.Амгаланбаярыг ШШГЕГ-ын даргаас чөлөөлж байв. Гэсэн ч Ц.Амгаланбаяр 2020 оноос Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Тэргүүлэх профессороор ажиллаж байгаа. 

Харин Хотын орлогч А.Амартүвшингийн тухайд, өмнө нь дурдсанчлан 2016 онд М.Энхболд УИХ-ын дарга болж, А.Амартүвшинг нь УИХ-ын Тамгын газрын зөвлөх болгосон. Ингээд хэдхэн сарын дараа буюу 2016 оны намар А.Амартүвшин ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн орлогчоор томилогдон очиж байв. Ингээд А.Амартүвшин ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн орлогчоор найман жил ажиллаад НИТХ-ын төлөөлөгч, Хотын дарга Х.Нямбаатарын орлогч болж байна. Сонирхуулахад, Ж.Алдаржавхлан Увсынх, А.Амартүвшингийн аав Ц.Амгаланбаяр бас Увсынх. 

НИТХ-ын төлөөлөгч, Хотын дарга Х.Нямбаатарын шинэхэн орлогч Т.Даваадалай

Т.Даваадалай “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч, Х.Нямбаатарын орлогч боллоо. Тэгвэл Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай Х.Нямбаатарын хэрэгжүүлж эхлээд буй “Улаанбаатар метро”-ны төслийг удирдаж буй. Өөрөөр хэлбэл, ах Т.Даваадалай Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, дүү Т.Мөнхдалай нь Х.Нямбаатарын “Улаанбаатар метро”-ны төслийг менежер. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Х.Нямбаатар төрсөн ах дүү хоёроор баруун, зүүн гар хийж, өөртөө хүчин зүтгүүлж эхэллээ. Төрийн түүхэнд ийм тохиолдол олон байсангүй. 

НИТХ-ын дарга А.Баяр

А.Баяр 2014 оны нэгдүгээр сард одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяа, УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг, Б.Наранхүү хоёрын дүү Б.Одончимэг нартай “Сингапурын боловсролын групп” ХХК-ийг байгуулсан байдаг. Ингээд болоогүй, 2014 оны хоёрдугаар сард А.Баяр, Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяа, Б.Саранчимэг, Б.Наранхүү хоёрын төрсөн дүү Б.Одончимэг, ээж Д.Сэржмядаг нар нь “Интернэйшнл клиндер гарден” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. “Сингапурын боловсролын групп” ХХК болон “Интернэйшнл клиндер гарден” ХХК-ууд нь байгуулагдсан цагаасаа Б.Саранчимэг, Б.Наранхүү хоёрын дүү Б.Одончимэгийн “Сингапур хэльткейр” ХХК-тай нэг хаяг дээр бүртгэлтэй явж ирсэн байдаг. Эргэн санавал, “Сингапур хэльткейр” ХХК нь ЖДҮ-ээс 800 саяын зээл авсан нь 2019 онд ЖДҮ-ийн дуулианаар илчлэгдэж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Наранхүү “Эрдэнэт мэт дүүгийнхээ зээлийг эргүүлээд төлчихнө. Бас дүүдээ хувиасаа 2 тэрбум төгрөг нэмээд өгнө” гэж даналзаж байлаа. 

Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга А.Баяр нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг, Б.Наранхүү нартай шууд холбоотой нь харагдаж буй байх. Тэгээд болоогүй, А.Баяр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан эхнэр Б.Заяатай өмнө дурдсан хоёр компанийг эзэмшихээс гадна Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад БЗД-ийн ИТХ-ын дарга болсон нэгэн. Харин Э.Бат-амгалангийн тухайд Б.Саранчимэгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга байх үед орлогч дарга нь байсан. Дараа нь, Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатарыг “Чингис хаан” нисэх буудлын дарга байх үед Э.Бат-Амгалан “Чингис хаан” нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга байсан хүн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Э.Бат-Амгалан нь УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг, Б.Наранхүү нартай холбоотой. 

Харин Б.Наранхүүгийн тухайд, БЗД-ийн Дүнжингарав худалдаа төвөөс баруун тийш Олимпын гүүр хүртэлх бүх газрын эзэмшдэг байснаа хувааж худалдсан. Одоо Б.Наранхүү Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх бүх газрын эзэмшдэг. Энэ бүх газруудыг М.Энхболд, Т.Билэгт нар олгосон түүхтэй. 

Харин Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хоёр тэртээ 2011 онд “Мүүнрөүд” ХХК-ийг хамтран байгуулж, эзэмшиж байгаад төрд томорцгоосныхоо дараа татан буулгасан түүх бий. Магад, А.Баярыг НИТХ-ын дарга болгосны цаадах шалтгаан энэ байж болно. 

Ингэж харвал, НИТХ-ын дарга А.Баярын ашиг сонирхол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нараар дамжиж МАН-ын дарга асан М.Энхболд дээр тулж очих нь. Тэгэхээр Х.Нямбаатарын 2019 онд эхлүүлсэн М.Энхболдын эсрэг “МАНАН”-гийн тэмцэл юу болж хувирах вэ, өнгөрсөн онд Хотын дарга болмогцоо эхлүүлсэн М.Энхболдын эсрэг газрын наймаа нээлттэй сонсгол юу болж хувирах вэ. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин 

Б.Ану-Үжин нь хадам аав Д.Баярсайханыхаа эзэмшдэг “Рийч пойнт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгвэл хадам аав Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Төрийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж байгаад авлига, албан тушаалын хэргээр хоёр жилийн хорих ял авч, төрд ажиллах эрхээ хасуулсан хүн бий. Гэхдээ Д.Баярсайханы эрх баригч нам дахь нөлөө алга болоогүйг А.Ану-Үжингийн төлөөлөгч болсон жишээ баталж байна гэж харж болхоор байна. 

Тодруулбал, 2006 онд тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилсон байдаг. Учир нь Д.Баярсайхан нь 1996 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яаманд буюу Ц.Нямдоржийн удирдлага доор газрын даргаар ажилласан байдаг. Ингээд Д.Баярсайхан 2006-2014 онд найман жил Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан. Улмаар 2016 онд МАН үнэмлэхүй ялж, сонгуулийн дараахан буюу 2016 оны есдүгээр сард Д.Баярсайханыг Төрийн банкны Ерөнхий захирлаар томилсон байдаг. Гэвч Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлын эрх мэдлээ урвуулан ашиглаж, БНХАУ-ын алдарт “Шинжиан Шинфа” компанид ямар ч барьцаагүйгээр ганцхан өдрийн дотор 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон. Улмаар Д.Баярсайханы хэрэг хоёр жил дамнан хууль хяналтад шалгагдаж, хэвлэлүүдийн дуулиан болсны эцэст 2019 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Баярсайханд хоёр жилийн хорих ял оноож, төрд ажиллах эрхийг нь дөрвөн жилээс хассан. 2020 оны долдугаар сард Улсын дээд шүүх Д.Баярсайханы хэргийг хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээсэн байдаг. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Жавхлан

Д.Жавхлан нь БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн эхнэрийнх нь төрсөн ах буюу хадам ах нь. Ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2019 онд алдарт ЖДҮ-гийн дуулианд холбогдож, улмаар ЖДҮХС-гаас “Рич холдинг” ХХК-д 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгуулсан асуудлаар ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ЖДҮ-чин хочнуудын нэг  болгосон “Рич холдинг” ХХК-ийг түүний хадам ах, НИТХ-ын шинэхэн төлөөлөгч Д.Жавхлан эзэмшдэг. 

НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан

Г.Батсайхан төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хоёр компани хамтран эзэмшдэг, тухайн компаниудаараа ХУД болон БГД-т хаус хотхон, орон сууцны барилгууд барьж ирсэн нэгэн. Тэгвэл Г.Батсайханы төрсөн ах Г.Энхтүвшин нь Байгаль орчны яаманд газрын дарга, Баянгол дүүргийн Тамгын газрын дарга, Д.Дэмбэрэлийг Хөдөлмөрийн сайд, УИХ-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Сүүлд МАН-ын Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Өөрөөр бол, Г.Энхтүвшин нь МАН-ын гал тогоонд нөлөөтэй байж ирсэн нэгэн. Тиймдээ ч Гаалийн ерөнхий газарт Хүний нөөцийн хэлтсийн дарга байсан Г.Батсайхан 2016 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Д.Алдаржавхлангийн орлогч болж, улс төрд орж ирсэн байдаг. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нийслэлчүүдэд шинэ хүн боловч, улс төрийн томчуудад бол шинэ хүн биш. НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар “Циркон майнинг” ХХК, “Коллекшн цент” ХХК, “Мон бийф катл” ХХК-уудыг эзэмшдэг. Б.Мөнхбаатарын энэ компаниудынх нь гүйцэтгэх захирлаар Ёндонгийн Ууганбаяр гэх залуу ажилладаг. Өөрөөр бол, Б.Мөнхбаатарын хувийн компаниудыг нь хариуцдаг цэрэг нь гэсэн үг. Тэгвэл Ё.Ууганбаяр гэгч нь Хотын дарга Сү.Батболдын туслах байсан залуу. Харин Сү.Батболдын тухайд М.Энхболдын “Хотын франк”-ын гол төлөөлөл. 

Сонирхуулахад, Б.Мөнхбаатар 2010-2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уурхайн дарга, Ерөнхий инженер, Уул уурхайн газрын дарга, орлогч захирлаар ажилласан намтартай. Тэгвэл Б.Мөнхбаатарын хувийн компаниудыг хариуцдаг Ё.Ууганбаяр гэгчийн нэр дээр “Арвин хишиг логистик” ХХК, “Биг фрейт” ХХК, “Голден фрейт” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, өнгөрсөн онд болсон нүүрсний хулгайн нээлттэй сонсголын үеэр Ё.Ууганбаярын “Голден фрейт” ХХК нь 2911 тонн, “Арвин хишиг логистик” ХХК нь 278 тонн нүүрс тус тус гаалийн бүрдүүлэлтгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан гэж зарлагдсан байдаг. 

Ж.Энхжаргалан нь СХД-ийн ИТХ-ын дарга асан С.Баяртын хүргэн. Тиймдээ ч Ж.Энхжаргалан сая НИТХ-д нэр дэвшихдээ хадам аав С.Баяртаараа өөрийгөө магтуулсан ярилцлага өгүүлж, нэвтрүүлэг хүртэл хийгээд амжсан. Тэгвэл хадам аав С.Баярт нь 2008-2010 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Х.Нямбаатар СХД-ийн Хуулийн зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга байлаа. 2012 онд Х.Нямбаатар СХД-ийн ИТХ-ын дарга болсныхоо дараа СХД-ийн “Хүндэт дэвтэрт”-т С.Баяртын нэрийг бичсэн батламж гардуулж, хүндэтгэлээ илэрхийлж байв. Тиймдээ ч тэр үү, Х.Нямбаатар энэ оны дөрөвдүгээр сард Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирлаар томилж байлаа. 

НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг 

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул буюу Х.Нямбаатарын нутгийн дүү. Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан. Улмаар Г.Батзориг 2019 онд СХД-ийн Газрын албаны дарга, 2020 оноос Нийслэлийн газрын албаны дарга, 2021 оноос Нийслэлийн газрын албаны дарга, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандарт хяналтын газрын дарга, хотын Ерөнхий архитектор, Х.Нямбаатарыг Хот байгуулалт, газрын харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж ирсэн. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр

Д.Ихбаяр 2008 оноосх ойш ЗГХЭГ-ын дарга Н.Учралын аавын “Их засаг” их сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтнээр нэг жил, “Их засаг” их сургуулийн Лицей сургуулийн захирлаар дөрвөн жил ажилласан. Улмаар 2016 онд Н.Учралын тойрог буюу СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон очиж байв. Мөн Н.Учралын зөвлөхийн үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн. Ингээд 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болж, дараа нь Д.Сумъяабазарын орлогчоор дэвшиж байв. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн

Ж.Сандагсүрэн 2013 онд Д.Сумъяабазарын туслах болж, гурван жил цүнх, цувыг нь барьсан. Улмаар шууд 2016 онд СХД-ийн Засаг даргаар томилогдсон байдаг. Тэр цагаас хойш Хангарьд ордноос холдохгүй яваа. Төрд ажилласан туршлагагүй туслахаа Засаг дарга болгосон жишээнүүд хэд хэд бий. Жишээ нь, Т.Бадамжунай Ё.Баатарбилэгийг туслахаараа нэг жил ажиллуулж байгаад 2012 онд Архангай аймгийн Засаг дарга болгосон. Л.Оюун-Эрдэнэ Э.Болормааг Ажлын албаны даргаараа нэг жил ажиллуулаад 2022 онд Ховд аймгийн Засаг дарга болгосон. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Х.Нямбаатарын нутгийн дүү. Хэнтий аймгийн оюутан залуучуудын холбооны тэргүүн, Хэнтий аймгийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын туслахаар ажиллаж байгаад 2013 онд СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд сургагч багш болсон. Улмаар 2014 онд Д.Сумъяабазарын СХД дэх бие төлөөлөгч болж, 2016 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд 2020 онд СХД-ийн ИТХ-ын дарга болж, өнгөрч тавдугаар сард СХД-ийн Засаг дарга болж дэвшсэн дардан намтартай. 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баттөр

Ц.Баттөр Х.Нямбаатарыг Орхон их сургуулийн багш байх үед шавь нь байсан. Дараа нь, Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед Ц.Баттөр СХД-т мэргэжилтэн байлаа. Дараа нь, Ц.Баттөр 2017-2020 онд гурван жил Х.Нямбаатарын туслах, зөвлөхөөр ажиллаад 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болж байв. 

НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар

Ө.Сумъяабаатар Архангай аймгийн уугуул бөгөөд “нүүрсний хулгай”-н хэргээр “шувуу” болсон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 10 жилийн ч, их сургуулийн ч найзууд. Тэд МУИС-ийг төгсмөгцөө, Ж.Мөнхбат нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар, Ө.Сумъяабаатар Ерөнхий сайд асан С.Баярын туслахаар төрд орж ирж байв. Сүүлд, 2016 онд Ж.Мөнхбат ЗГХЭГ-ны дарга болмогцоо, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргаар Ө.Сумъяабаатарыг томилж байв. Харин 2020 оноос хойш УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт “хүчин зүтгэж” буй. 

НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр

Г.Батбаяр улс төрд Н.Энхбаярын хүн. 2018 онд МАХН-д элсэж, Н.Энхбаярын ивээлд багтсан. Улмаар 2020 оны НИТХ-ын сонгуульд МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Н.Энхбаярын туслах Б.Тулга болон Г.Батбаяр нар нэр дэвшээд унаж байв. 

Г.Батбаярын “Ханан шишгэд” ХХК нь 2022 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн “Ханан шишгэд” ХХК нь гэр хорооллыг орон сууцжуулах “Түмний байр” төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байгаа. 

НИТХ-ны төлөөлөгч Э.Энхтөр

Э.Энхтөр 2010-2016 онд Су.Батболдын туслахаар ажиллаж байсан. Шагналд нь 2016 оноос хойш нийслэлийн өмчит “Асралт” үйлдвэрийн захирлаар ажиллаж ирсэн. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар

Б.Сэргэлэнбаатар нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед Ажлын албаных нь мэргэжилтэн байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц зөвлөхөөр нь томилогдож байв. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн

Д.Отгонсүрэн нь Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч боллоо. Тэгвэл Д.Отгонсүрэн нь ИТХ-ын дарга, Засаг дарга асан Лувсаншаравын Дамдинсүрэнгийн хүү.

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан

Э.Хулан нь МАН-ын дарга асан М.Энхболдын ганц охин. 

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө 

З.Төмөртөмөө нутгийн ах буюу Г.Занданшатарын туслах, зөвлөхөөр 2016 оноос хойш ажиллаж, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, 2021 онд Д.Сумъяабазарын орлогчоор томилогдож байв. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан

Ж.Батбаясгалан 2004 оноос хойш Хотын ерөнхий менежер асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн туслахаар, 2006 оноос хойш Т.Бадамжунайн эхнэр Ц.Сарантуяагийн “Алтан хот” ББСБ-ын хувьцаа эзэмшигч, захирлаар ажилласан нэгэн. Тиймдээ ч 2008 онд Т.Бадамжунайн шууд татаасаар НИТХ-ын Ажлын албаны даргаар томилогдож, 2016 оноос Су.Батболдын орлогч, 2020 онд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч, 2020 оноос НИТХ-ын даргаар ажиллаж ирсэн нэгэн. 

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг

Ч.Батзориг Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр хоёрын “Улаанбаатар эрдэм” дээд сургуулийн шавь. Тиймдээ ч Ч.Батзориг багш Ж.Сүхбаатарыг Түгжрэлийн сайд байх хугацаанд Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар ажиллаж, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар багш Б.Энхбаярынхаа сонгуулийн штабыг ахалж ажилласан. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан

Д.Бадарсангийн аав М.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, АН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр Японд автомашины ченж хийж байгаад 1999 онд монголд ирж, улмаар Д.Бадарсангийн аав М.Даваасүрэнд хадаг сүүтэй очиж шавь орсноор АН-д элсэж, 2000 онд улс төрд орж ирсэн түүхтэй. Өөрөөр бол, Лу.Гантөмөрийг улс төрд хөтөлж оруулсан ачтан нь Д.Бадарсангийн аав М.Даваасүрэн агсан. Тиймдээ ч Лу.Гантөмөр 2004 онд АЗХ-ны ерөнхийлөгч байхдаа Д.Бадарсанг СБД-ийн АЗХ-ны тэргүүн болгож, 2012 онд СБД-ийн Засаг дарга болгосон түүхтэй. 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү

Ц.Төрхүү Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Тиймдээ ч Х.Нямбаатар Хотын дарга болж, багаа бүрдүүлэхдээ Ц.Төрхүүг Хотын Ерөнхий менежерээр томилсон байдаг.  Сонгуулийн өмнөхөн Ц.Төрхүү “Би олон жил төрийн албанд ажиллахдаа Х.Нямбаатар дарга шиг ажилладаг хүн хараагүй. Тэр аяга цай ч уух завгүй, хуруу, нуруугаа таттал хотын төлөө ажиллаж байна” гэж магтан дуулсан байдаг. 

 

Х.НЯМБААТАРЫН ЭХЛҮҮЛСЭН “МАНАН”-ГИЙН ТЭМЦЛИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТӨГСГӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 23:50:43
    Шүүмжлэгч: Бүгдийг нь бичсэн юм байх гэсэн чинь халтуурдсан байна. Бичвэл бичсэн шиг бич.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-17 13:50:40
    S: SHAAX ERD XUSSEN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-17 12:10:49
    ММ: Гарчиг нийтлэл хоёр өөр байна. Гарчгаа тайлбарлаж, нийтлэлээ дүгнэсэн 1 цогцолбор баймаар. Яагаад эмгэнэл гээд байгааг чинь уншигч бодож биш та задлан шинжилж бичих ёстой баймаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-17 11:22:36
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-17 10:02:16
    Зочин: Монгол ЦҮНХ баригч нарын орон болжээ. Хаа сайгүй л цүнх баригчдаа дэвшүүлээд явчихдаг. Цүнх баригчийн гол онцлог даргадаа тааруулж харьцдаг /долгинож, долоож, дулдуйдаж/, тиймэрхүү зан ааштай. За тэр тэгээд нөгөө цэргийн дэг гдг шиг дамжаад, залгаад явчихсан. Даргаа долоодог нөхөд чинь өөртөө долоодог нөхөр л ойртуулна, тийм нөхөдүүдтэй шадарлана. Долоогч нар нь чадваргүй л юмнууд болоод цүнх баригч, долоогч хийнэ. Тэгэхээр эцсийн бидний байж бгаа царай хөгжихгүй, дэвшихгүй дээр нь булай, булхайд живчихсэн. Ийм л бна даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188