Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг онцолж байна. Тус аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй бөгөөд тэрбумын хөрөнгөтэй болон хөрөнгө, орлого нь хэдэн зуун саяар өссөн 10 төлөөлөгчийг танилцуулъя. Ингэхдээ тэдний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг оноор нь харьцуулсан болно.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Банзрагчийн Гантулга 2019 онд АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ, өөрийн орлогыг 68 сая, гэр бүлийн орлогыг зургаан сая төгрөг хэмээсэн байдаг. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу 2023 онд түүний орлого 200 сая төгрөг болж нэмэгдсэн бол гэр бүлийн орлого нь 50 сая төгрөг болж, найм дахин өсжээ. Мөн амины нэг, нийтийн нэг орон сууцаа 510 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд нийтийн нэг орон сууц нь хоёр болж, гэр нэмэгдэж 810 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн 194 сая төгрөгийн машин нь 350 сая төгрөгийнх болж, 222 сая төгрөгийн мал нь 830 сая төгрөг болж, бараг дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм. Газаргүй байсан тэрбээр өмчлөх 65 сая төгрөгийн газартай болж, 50 сая төгрөгийн үнэт эдлэл нь хэвээр байна. 2019 онд 117 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол дөрвөн жилийн дараа хадгаламж нь 335 сая төгрөг болон нэмэгдэж, 700 сая төгрөгийн авлагатай болсон байгаа юм. Тоймловол, 2019 онд түүний орлого 1.16 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 2.69 тэрбум төгрөг болон нэмэгдэж, авлага 700 сая төгрөгөө оруулбал 3.39 тэрбум хөрөнгөтэй аж.
Тэрбээр мөн “Сэвүүн уудам тал”, “Тэмүүжин кредит ББСБ” ХХК-ийг 100 хувь, “Батламж аудит” ХХК-ийг 33, “Эй жи си карьер” ХХК-ийг 50 хувь эзэмшдэг хэмээн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогодоо дурджээ.
Төлөөлөгч Дүүрэнбилэгийн Болд-Эрдэнийн өөрийн орлого 2019 онд 82.2 сая төгрөг байсан бол 2023 онд 90 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 27.2 сая төгрөгөөс 96 сая төгрөг болж 3.5 дахин нэмэгдсэн байдаг. Мөн нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай хоёр барилгаа 440 сая төгрөгөөр үнэлж байсан бол дөрвөн жилийн дараа нийтийн нэг орон сууц нэмэгдэж, үйлчилгээний зориулалттай барилга нь гурав болж, 650.7 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн 39 сая төгрөгийн машин нь 99 сая төгрөг, 72.2 сая төгрөгийн мал нь 222 сая төгрөгийнх болж, гурав дахин өссөн. Тэрчлэн 72.5 сая төгрөгийн өмчлөх гурван газар нь 334 сая төгрөгийн эзэмших гурав, өмчлөх гурван газар болон нэмэгджээ. Үүнээс гадна хадгаламжгүй, авлагагүй байсан тэрбээр 2023 онд 15.8 сая төгрөгийн хадгаламжтай, нэг тэрбум төгрөгийн авлагатай болжээ. Ингээд үзвэл, 2019 онд түүний хөрөнгө, орлого 735 сая төгрөг байсан бол 2023 онд 1.5 тэрбум болон хоёр дахин нэмэгдэж, авлагаа оруулбал, 2.5 тэрбум төгрөг болж байна. Тэрбээр мөн “Мөнх сайн үүд” ХХК-ийг эзэмшдэг.
Цэгмэдийн Адъяабаатар төлөөлөгч АТГ-т 2020 онд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ, өөрийн орлогыг 88 сая, гэр бүлийн орлогоо 3.9 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Харин 2023 онд өөрийн орлого нь 83 сая болж буурч, гэр бүлийн орлого нь 50 сая төгрөг болж өсжээ. Мөн 2020 онд нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван барилгаа 876 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд нийтийн зориулалттай орон сууц нь зургаа болон нэмэгдэж, үйлчилгээний зориулалттай барилга нь хоёр болсон боловч эдгээрийг 889 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Түүнчлэн 2020 онд автомашингүй байсан тэрбээр гурван жилийн дараа 228 сая төгрөгийн үнэ бүхий хоёр машинтай болж, 20 сая төгрөгийн өмчлөх ганц газар нь 170 сая төгрөгийн эзэмших хоёр, өмчлөх нэг газар болсон. Харин 200 сая төгрөгийн хадгаламж нь 130 сая төгрөг болон буурчээ. Нийт дүнгээр нь авч үзвэл, 2020 онд хөрөнгө, орлого нь 1.28 тэрбум төгрөг, 650 сая төгрөгийн авлагатай байсан бол 2023 онд хөрөнгө нь 1.66 тэрбум төгрөг болжээ.
Тэрбээр мөн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түвшинмөнх” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани нь 2021 онд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр байрны их засварын 80 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ. Ц.Адъяабаатар 2024 оны Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд дөрөвдүгээр багт АН-аас нэр дэвшиж, “Хийсэн ажлаа үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийг эрчимжүүлнэ. Хувийн эрх ашиг, сонирхол байхгүй” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр газрыг дуудлага худалдаагаар худалдан авч, бүтээн байгуулалт хийдэг гэнэ.
Жүгдэрнамжилын Сүхбаяр төлөөлөгч 2020 онд АТГ-т хөрөнгө, орлогоо тайлагнахдаа, өөрийн орлогыг 58.2 сая, гэр бүлийн орлогоо 47 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2023 онд өөрийн орлого нь 28.8 сая, гэр бүлийн орлого нь 26.2 сая төгрөг болж буурсан байдаг. Өнгөц харахад, орлого нь буурсан мэт харагдавч бусад үзүүлэлтээр нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгаа 250 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд нийтийн орон сууц нь нэг болж цөөрсөн ч 598 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 39 сая төгрөгийн машинаа 60 саяынх болгон шинэчилж, мал нь 99 саяас 32 сая төгрөг болж буурсан байна. Түүнчлэн газаргүй байсан тэрбээр 159 сая төгрөгийн газартай болж, 56 сая төгрөгийн үнэт эдлэл нь 81 сая төгрөг болон өссөн. Тэрчлэн 262 сая төгрөгийн хадгаламж нь 85 сая төгрөг болж буурч, 59 сая төгрөгийн бэлэн мөнгө, 275 сая төгрөгийн авлагатай болжээ. Тодруулбал, 2020 онд 869 сая төгрөг байсан хөрөнгө, орлого нь 2023 онд 1.4 тэрбум төгрөгт хүрч, 536 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэрбээр “Жавхлант мандахнаран” ХХК-ийг 100 хувь, “Тэнгэрийн төгс гүрэн” ХХК-ийг 20 хувь эзэмшдэг.
Рэнцэнгийн Алтаннар төлөөлөгчийн өөрийн орлого 2019 онд 14.2 сая төгрөг байснаа 2023 онд 174 сая төгрөг болж, 12 дахин нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь 39 сая төгрөгөөс 241 сая төгрөг болж, зургаа дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгаа 139 сая төгрөгөөр үнэлж байсан бол дөрвөн жилийн дараа нэг хашаа байшин нэмэгдэж, үйлчилгээний зориулалттай барилга нь хасагдаж, 310 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн өмчлөх нэг газрынх нь хэмжээ нэмэгдэж, 3.5 сая төгрөгөөс 30 сая төгрөг болсон байна. 2019 онд 356 сая төгрөг байсан түүний хөрөнгө, орлого 2023 онд 803 сая төгрөг болж, хоёр дахин нэмэгджээ.
Төлөөлөгч Дорждэрэмийн Гантөмөр нь 2019 онд өөрийн орлогыг 19 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2023 онд 25 сая төгрөг болж, гэр бүлийн орлого нь 18 сая төгрөгөөс 75 сая төгрөг болж дөрөв дахин нэмэгдсэн байдаг. Мөн нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгаа 100 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд гарааш нэмэгдэж, 135 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн газаргүй байсан тэрбээр таван сая төгрөгийн газартай болж, 15 сая төгрөгийн үнэт эдлэл нь 35 сая төгрөг болон нэмэгджээ. Тэрчлэн хадгаламждаа дөрвөн сая төгрөгтэй байснаа 109 сая төгрөгтэй болсон байгаа юм. Түүний нийт хөрөнгө, орлогыг харьцуулж үзвэл, 2019 онд 275 сая төгрөг байснаа 2023 онд 511 сая төгрөг болж, 236 сая төгрөгөөр нэмэгджээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Гомбожавын Мөнхзаяа нь 2019 онд өөрийн орлогоо 14.3 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2023 онд 48.2 сая төгрөг болж, гурав дахин нэмэгдсэн байдаг. Мөн нэг хашаа байшингаа 60 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2021 онд нийтийн орон сууцтай болж, нийтэд нь 117 сая төгрөгөөр үнэлжээ. 2019 онд 500 мянган төгрөгийн малтай байсан тэрбээр 2023 онд 117 сая төгрөгөөр үнэлэх малтай болсон байгаа юм. Түүнчлэн газаргүй, 1.5 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2023 онд 30 сая төгрөгийн газар, 49 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2019 онд 76 төгрөгийн хөрөнгө, орлоготой, 18 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2023 онд хөрөнгө, орлого нь 417 сая төгрөг болж, 109 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Энхбаатарын Энхжаргал нь 2019 онд өөрийн орлогыг 30 сая, гэр бүлийн орлогыг 7.6 төгрөг хэмээн мэдүүлсэн. Гэтэл 2023 онд өөрийн орлого нь 66 сая, гэр бүлийн орлого нь 12 сая төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байдаг. Мөн амины нэг орон сууцаа 80 сая төгрөгөөр үнэлж байсан бол гурван жилийн дараа нийтийн нэг орон сууц авч, нийт үнэлгээ нь 255 сая төгрөг болжээ. Түүнчлэн 26 сая төгрөгийн машинаа 45 сая төгрөгийнх болгон сайжруулж, 123 сая төгрөгийн мал нь 149 сая төгрөг болж өссөн байна. Түүний хөрөнгө, орлого 2019 онд 324.5 сая төгрөг байсан бол 2023 онд 584.8 сая болж, 260 сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрбээр мөн “Замбалын хишиг” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуулийн 20-р тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа юм.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Гантөмөрийн Эрдэнэчулуун нь 2019 онд АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд, өөрийн орлого нь 6.1 сая төгрөг байсан бол 2023 онд 102.5 сая төгрөг болж, 16 дахин нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь 940 мянгаас 21 сая төгрөг болж, 22 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн 86 сая төгрөгийн мал нь 116 сая төгрөг болон өсжээ. Түүнчлэн дөрвөн сая төгрөгийн газар, 10 сая орчим төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээсэн байдаг. Ерөнхийдөө, 2019 онд түүний хөрөнгө, орлого нь 162 сая төгрөг байснаа аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойших дөрвөн жилийн хугацаанд 308 сая төгрөг болж нэмэгджээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Иймаагийн Батсүх нь 2019 онд өөрийн орлогоо 20 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд 46 сая төгрөг болсон байдаг. Харин гэр бүлийн орлого нь 18 саяас 102 сая төгрөг болж, тав дахин нэмэгджээ. Мөн 95 сая төгрөгийн нийтийн нэг орон сууцтай байсан бол үйлчилгээний зориулалттай барилгатай болж, нийтэд нь 285 сая төгрөгөөр үнэлсэн байна. Бусад хөрөнгө, орлогод төдий л өөрчлөлт ороогүй боловч түүний нийт хөрөнгө, орлого 265 сая төгрөгөөс 560 сая төгрөг болон нэмэгджээ. Тэрбээр мөн “Хонх тулга” ХХК-ийг эзэмшдэг.
ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ БОЛОН ОРЛОГО НЬ ХЭДЭН ЗУУН САЯАР ӨССӨН СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ТАНИЛЦ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |