• Өнөөдөр 2024-10-06

ЭЦЭСТ НЬ “НҮҮРСЧИД” ЯЛАВ УУ

       “Нүүрсний хулгайчид”-ын нэрийг нийтэд зарлахыг шаардсан жагсагчид төв талбайг “хотолзуулж”, Төрийн ордны хаалгыг хэмхчиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү хамрын цацлага, хоолны сэрээ шидлэж асан цаг саяхан. Тэр үед “Нүүрсний хулгай”-н хэргийг илчлэх, иргэдэд ил тод болгох ажиллагааны автор, Ажлын хэсгийн ахлагч нь Х.Нямбаатар байлаа. Тухайн үед Х.Нямбаатар “Бид өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг олборлосон, тээвэрлэсэн, гэрээ байгуулсан бүх компаниудын цаад эздийг тогтоохоор нэг бүрчлэн шалгаж байгаа. Тэр байтугай, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж байгаа 9000 гаруй автомашины улсын дугаар, эцсийн өмчлөгчдийг ил болгож, иргэдэд зарлана” гэж цамнаж байв. 
 
Өөрөөр бол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг тоносон “нүүрсчид”-ийг нэр ус, нутаг хошуутай нь нэвт мэдэх хүн бол Х.Нямбаатар. Хэдий Хууль зүйн сайдын сэнтийгээ Хотын даргын сэнтийгээр сольж, нүүрс биш бордюр ярьдаг болсон ч тэр “нүүрсчид”-ийг нэр, зүсээр нь таних л ёстой. Атал Х.Нямбаатарын зүсэлж НИТХ-д нэр дэвшүүлсэн нэр дэвшигчид дунд нүүрсний асар арвин түүхтэй, бүр "нүүрсчид"-ийн гол тоглогч, толгойлогч ч байж болзошгүй нэг залуу орж иржээ. 
 
     Тодруулбал, Хотын МАН-ын дарга Х.Нямбаатар НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс Батбилэгийн Мөнхбаатар гэх нэр, намтар нь нийтэд танил бус залууг нэр дэвшүүлжээ. Б.Мөнхбаатар нь ч МАН-ын ах нарынхаа тогтоосон жишиг, уламжлалын дагуу “Танайд хоноё”, “100 асуулт” нэвтрүүлгүүдэд угсруулан оролцож, эмээ, өвөөтэйгөө өссөн, эгэл айлын хүүхэд гэдгээ онцлоод, мал маллах, мод тарих дуртайгаа дурдаж, төгсгөлд нь Улаанбаатар хотыг чин сэтгэлээсээ хөгжүүлмээр байгаа тухайгаа ярьжээ. Мөн Батбилэгийн Мөнхбаатар нэртэй хоёр сошиал хуудас зэрэг хөтөлж, өглөө бүр цаг агаарын мэдээ нийтэлж, нэг үгээр НИТХ-ын төлөөлөгч болохыг үнэхээр хүсэж буй ажээ. 
Судалж үзвэл, Б.Мөнхбаатар нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулагдсан цагаас нь хойш удирдах албан тушаал хашсан нэгэн ажээ. Тодруулбал, Б.Мөнхбаатар 2010-2016 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхай инженер, 2016-2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Ерөнхий инженер, Уурхайн дарга, Уул уурхайн газрын дарга, орлогч захирлаар тус тус ажиллажээ. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард нийслэлийн өмчит нүүрсний компани болох “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Харин энэ оны нэгдүгээр сард “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, өдгөө өөрийн “Мон бийф катл” ХХК-аа удирдан, Булган аймгийн Сэлэнгэ суманд үхрийн ферм ажиллуулж буй нэгэн ажээ. Гэвч үнэн хэрэгтээ Б.Мөнхбаатарын үхрийн ферм нь халхавч төдий буюу тэр “нүүрсчид”-ийн гол тоглогч, бүр толгойлогч ч байж болзошгүй ноцтой баримтууд байгааг танилцуулж байна. 

Б.МӨНХБААТАРЫН ҮХРИЙН ФЕРМИЙГ ХАРИУЦАЖ БУЙ Ё.УУГАНБАЯР ГЭГЧ НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭДЭГ ГУРВАН КОМПАНИЙГ ЭЗЭМШДЭГ БӨГӨӨД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ БУЮУ ХУЛГАЙГААР НҮҮРС ГАРГАЖ БАЙЖЭЭ

     Б.Мөнхбаатар нь “Циркон майнинг” ХХК, “Коллекшн центр” ХХК-уудыг өөрийнхөө нэр дээр эзэмшдэг. Энэ компаниудынх нь гүйцэтгэх захирлаар Ёндонгийн Ууганбаяр гэх залуу ажилладаг. Мөн Б.Мөнхбаатар 2013 онд “Монгол уурхайчид түншлэл” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2023 онд татан буулгасан. “Монгол уурхайчид түншлэл” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар Ёндонгийн Ууганбаяр ажиллаж байсан. Хамгийн сүүлд, Б.Мөнхбаатар өнгөрөгч 2023 онд үхэр үржүүлгийн “Мон бийф катл” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрөө ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаа. Харин “Мон бийф катл” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар мөн л Ёндонгийн Ууганбаяр ажилладаг. Судалж үзвэл, Ё.Ууганбаяр гэгч нь  2016 оноос хойш одоог хүртэл Б.Мөнхбаатарын хувийн компаниудыг хариуцаж байгаа үнэнч “цэрэг” нь ажээ. 
 
      Гэтэл Ёндонгийн Ууганбаяр нь Б.Мөнхбаатарын "цэрэг" болсныхоо дараагаас буюу 2019 оны тавдугаар сараас хойш “Арвин хишиг логистик” ХХК, “Биг фрейт” ХХК, “Голден фрейт” ХХК-уудын өөрийн нэр дээр үүсгэн байгуулж, эзэмшигч нь болсон. Хамгийн ноцтой нь, Ё.Ууганбаярын эзэмшдэг Арвин хишиг логистик” ХХК, “Биг фрейт” ХХК, “Голден фрейт” ХХК-ууд нь 2019 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамгийн том нүүрс тээвэрлэгчид болсон байх ажээ. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д Уурхайн дарга, Уул уурхайн газрын дарга, орлогч захирлын албан тушаал хашиж байх хугацаанд үнэнч “цэрэг” Ё.Ууганбаярынх нь гурван компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөж томорсон гэсэн. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн сангаас шүүж үзвэл, “Арвин хишиг логистик” ХХК нь 2019 оноос хойш 177.1 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Харин “Голден фрейт” ХХК нь 566.4 мянган тонн нүүрс тээвэрлэсэн байна. 
 
Илүү ноцтой нь, өнгөрсөн онд болсон “Нүүрсний хулгай”-н УИХ-ын нээлттэй сонсголын үеэр Ё.Ууганбаярын эзэмшдэг “Голден фрейт” ХХК-ийг 2911.85 тонн, “Арвин хишиг логистик” ХХК-ийг 278.75 тонн нүүрс тус тус “Эрдэнэс тавантолгой” ХК-аас гаалийн бүрдүүлэлтгүй буюу хулгайгаар хил давуулсныг шинжээчид тогтоож байжээ. 
Тайлбар: 2019 он, Нүүрс тээврийн компаниудын захирлууд хэвлэлийн хурал хийв. "Арвин хишиг логистик" ХХК, "Голден фрейт" ХХК, "Биг фрейт" ХХК-уудыг эзэмшигч Ё.Ууганбаяр
Тайлбар: 2024 он, Б.Мөнхбаатарын "Циркон майнинг" ХХК, "Коллекшн центр" ХХК, "Мон бийф катл" ХХК-уудын гүйцэтгэх захирал Ё.Ууганбаяр

Б.МӨНХБААТАР НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ “ЭРДЭНЭС БАЯНБОГД” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН КОМПАНИТАЙ 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

     Б.Мөнхбаатар 2022 онд нийслэлийн өмчит “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. “Эрдэнэс баянбогд” ХХК нь нийслэлийн өмчит нүүрсний компани гэгдэж эчнээ танигдсаныг санаж буй байх. Тодруулбал, “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн 66 хувийг нийслэл буюу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, 34 хувийг нь “Эрдэнэс монгол” ХХК эзэмшдэг. “Эрдэнэс баянбогд” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Богд уул” нэртэй XV-022117 дугаартай нүүрсний хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хэрвээ “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн эзэмшиж буй “Богд Уул” ордын нүүрсний нөөцийг эцэслэн тогтоочихвол эдийн засгийн эргэлтэд оруулах буюу нүүрсийг нь ухаж олборлох замаар нийслэлийн метроны төслийг санхүүжүүлэхээр яригдаж байсан. Харин саяхнаас “Богд Уул” ордоор нийслэлийн тойрог замын төслийг санхүүжүүлэхээр яригдаж буй гэх. 
 
Хамгийн ноцтой нь, Б.Мөнхбаатар “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн “Богд уул” нүүрсний ордын нөөцийг эцэслэн тогтоолгох, хайгуулын ажил хийлгэхээр 2023 оны зургадугаар сарын 15-нд “Эм Жи Ди Эл” ХХК-тай 5.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. “Эм Жи Ди Эл” ХХК-ийг 2010 онд “Жи Эн Майнинг” ХХК үүсгэн байгуулсан. Харин “Жи Эн Майнинг” ХХК-ийг эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг. 
     Илүү ноцтой нь, Б.Мөнхбаатар, Ц.Цэрэнпунцаг хоёр олон сэжмээр холбогддог, хамаарал бүхий этгээдүүд. Тодруулбал, Б.Мөнхбаатарын эхнэр Э.Оюу нь Дарамбазарын Ачит-Эрдэнтэй “Шинэ уул вэтс” ХХК, “Итали булан” ХХК-уудыг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Харин Дарамбазарын Ачит-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн “Чилчиг гол” ХХК, “Хургатай хайрхан” ХХК, “Эх говийн чулуу” ХХК, “Блэк рок” ХХК-уудынх нь гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “цэрэг” нь. Цаашилбал, Б.Мөнхбаатар Завханых, Ц.Цэрэнпунцаг Завханыг гэх мэтээр холбоо, хэлхээ нь цааш хөвөрнө.  Өөрөөр бол, Б.Мөнхбаатар нийслэлийн 1.5 сая иргэн бүрд хамаатай “Эрдэнэс баянбогд” ХХК-ийн “Богд уул” ордын хайгуулын 5.3 тэрбум төгрөгийн ажлыг Ц.Цэрэнпунцагийн “Эм Жи Ди Эл” ХХК-д өгсний цаад учир ойлгомжтой харагдаж буй байх. 
 
Дурдахгүй өнгөрч болохгүй асуудал нь, Хөвсгөлийг хэрсэн нүүрсний олон ордтой Ц.Цэрэнпунцаг ямар зорилгоор Дорноговьд байх нийслэлийн өмчит “Богд Уул” ордод хайгуул хийхээр Б.Мөнхбаатартай гэрээ байгуулсан бэ гэдэг асуудал. Арай агуулга, нөөцийг нь зориуд дарж, алсдаа өөрсдийн болгох “лобби” явсан юм биш биз...

Б.МӨНХБААТАРЫН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Э.ОЮУТЦЭЦЭНГИЙН “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ГУРВАН ЖИЛ ТУТАМ 2-4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ИРСЭН

     Б.Мөнхбаатар 2018 оны гуравдугаар сард Энхболдын Оюутцэцэнтэй “Си Эйч Өү Эм констракшн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулжээ. Цаашилбал, дээр дурдсан Б.Мөнхбаатарын “цэрэг” Ё.Ууганбаярын эзэмшдэг “Голден фрейт” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Энхболдын Оюутцэцэгийн аав Цэндийн Энхболд байх аж. Мөн Э.Оюутцэцэн нь Ц.Цэрэнпунцагийн зөвлөх Н.Биндэръяатай “Комида кибо” ХХК-ийг хамтран эзэмшигч. Харин Б.Мөнхбаатар, Ц.Цэрэнпунцаг хоёр ямар хамааралтайг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбаатар, Э.Оюутцэцэн нар бизнесийн гүн, гүнзгий хамааралтай нь эндээс тодорхой харагдана. Хамгийн ноцтой нь, Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д Ерөнхий инженер, Уул уурхайн газрын дарга, орлогч захирлын албан тушаал хашсан 10 гаруй жилийн хугацаанд Энхболдын Оюутцэцэн гэгчийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д монополь тогтоосон байдаг. Тодруулбал, Э.Оюутцэцэн нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний олборлолтыг 2012 оноос хойш хариуцаж байгаа Синпугарын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн нэгэн. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гурван жил тутам гэрээ байгуулж, цааш сунгах зарчмаар монопол тогтоосон гэхэд болно. Хамгийн сүүлд л гэхэд, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтыг гүйцэтгэхээр 2021 онд 2.2 их наяд төгрөгийн гэрээ, 2024 онд 3.8 их наяд төгрөгийн гэрээг “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан. Баримт болгож, 2021 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн хоёрын байгуулсан 2.2 их наяд төгрөгийн гэрээг хавсаргав. 
     НИТХ-д нэр дэвшигч Б.Мөнхбаатарын бизнесийн холбоо хамаарал, нүүрсний хэргүүдийг товч сөхөхөд ийм байна. Хоёрхон жилийн өмнө “Нүүрсчдийг нэг бүрчлэн намнана” гэж сэлэм эргүүлж явсан Х.Нямбаатар эхэнд дурдсанчлан “нүүрсчид”-ийг нэр ус, нутаг хошуутай нь нэвт мэдэх хүн. Тиймдээ ч нүүрсний арвин түүхтэй Б.Мөнхбаатарыг судлахгүй НИТХ-д нэр дэвшүүлсэн байж таарахгүй. Тэгэхээр “нүүрсчид”-ээ яллаж дийлээгүй  Х.Нямбаатар эцэст нь ямбаа хуваалцахаар НИТХ-д залж буй дүр зураг л харагдаж байна. 
 

ЭЦЭСТ НЬ “НҮҮРСЧИД” ЯЛАВ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 13:06:32
    Даваа : За тэгээд нүүрс хулгайлсан хүмүүсийн зөв болов оо. Гаалиар бүрдүүлэлт хийлгэхгүй нүүрс гаргах ямар ч боломжгүй, 250 000 доллар тийм ч их мөнгө биш гээд л нам болгодог том хулгайчууд байх юм аа. Ард түмэн хохирсоор боломж бололцоог нь хулгайлсаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 17:40:13
    Зочин : Танайд хоноё нэвтрүүлэгээр их мундаг ажилсаг залуу гээд л онцлоод гаргаад байсан чинь хөгийн хулгайч л байсан юм байна ш дээ! Лалрын новш!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 12:09:39
    Del : Мөнхбаатар бол цаагуураа ми сүгийн гар хөл гэж яригдаж байгаа өнгөцхөн дүгнэсэн байна үхрийн ферм мөнгө угаалт нямка сү -г дийлэхгүй ер нь монгол сү-г дийлэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 09:10:55
    Нар : Нянбактер сүүлийн үед огцом хурдтай идэж эхэллээ. Энэ ч муугийн цондон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 08:18:29
    Доржоо: Нямбаатар арай ч тийм хүн биш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188