Нийслэлийн сонгуульд сойсон нэр дэвшигчдээ нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар танилцууллаа. Ингэхдээ инженер, эдийн засагч гээд намынхаа “шилдгүүд”-ийг нийслэлийн сонгуульд сойж байгаа хэмээн мэдэгдээд амжсан. Тэр байтугай “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж бүдэрсэн намын гишүүдэд боломж олгохгүй” гэж мэдэгдээд шүлс нь хатаж амжаагүй байхад л УИХ-ын сонгуульд жагсаалтад багтсан хэд хэдэн хүнийг нийслэлд сойж байгаа нь ил боллоо. Түүгээр ч зогсохгүй газрын наймаа, “хулхи” ногооны дуулианд холбогдсон муу нэртүүдийг ч багтаа багтаасан байх.
Угтаа бол ах, дүү хоёр намын аль нь ч ард түмэнд өгсөн амлалтдаа хүрч чадалгүй буцаж, улс төрийн гэмт хэрэгтнүүдээсээ салж чадахгүй гэдгээ дахин баталлаа. Тэгвэл 2024 оны НИТХ-д МАН-аас Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүрэгт нэр дэвшсэн 22 нэр дэвшигчийн хэн нь хэн болохыг танилцуулъя.
НИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр- Улаанбаатар хотын уугуул гэгдэх тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийг төгсөж, "Орхон" их сургуульд эрх зүйчээр суралцаж төгссөн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг "Орхон" их сургуульд багшилж байхад нь суралцаж төгссөн гарын шавь нь. Сургуулиа төгсмөгцөө Х.Нямбаатарыг дагаж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарыг гишүүн болмогц зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, өдгөө “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багштайгаа баг болж дахин нэр дэвшиж байна.
Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү- 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд ХААИС, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан гэх намтартай. Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан М.Баяраа нэгдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд Ц.Төрхүүг томилсон. Сүүлд “Би 20 гаруй жил төрд ажиллахдаа Х.Нямбаатар шиг дарга хараагүй” хэмээн хотын даргад тал зассан тэрбээр төрд сууж, төлөөлөгч болох эрхээ намаасаа өвөртлөөд байна.
НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан- Түүнийг олон нийт УИХ-ын дарга асан М.Энхболдын охин гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр 2016, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй юм. Тэрбээр 2016, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй юм. Мөн тэрбээр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан ч шахалт үзүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал хөндөгдөж байлаа.
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг- Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “татаас”-аар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилогдсон билээ.
Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар- Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
Нийслэлийн нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн- Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор тус тус ажиллаж, Ардын намаас албан тушаалын аагтай, амттай болгоныг авч, шат алгасан гүйж явсан Ж.Сандагсүрэн шүүхийн хаалга татах дээрээ тулж байв. Тэрбээр “хулхи” ногооны хэргээр хуулийн байгууллагад шалгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. “Хулхи" ногоон автобус бол түүний будилаантуулсан анхны автобусны тендер биш. Тодруулбал, 2021 онд “Сүлдэрхан минералс” ХХК 21 тэрбум төгрөгөөр 60 автобус оруулж ирж, нийслэлд нийлүүлсэн байдаг. Тус компани өмнө нь төрийн тендерт оролцож байгаагүй, автобус, автомашины алиныг нь ч нийлүүлж байсан туршлагагүй, захирал, менежер хоёроос өөр ямар ч ажилтангүй, нийгмийн даатгал ч төлдөггүй компани байсан. Гэтэл “Сүлдэрхан минералс” ХХК-ийн Ерөнхий захирал И.Болдцэцэг, Ерөнхий менежер Ж.Түвшинбаяр нар нь Ж.Сандагсүрэнгийн зүү орох зайгүй найзууд нь байж таардаг. Товчхондоо, Ж.Сандагсүрэн улаан автобусны тендер нь баригдаагүйд урамшиж, “хулхи" ногооны хэрэгт Ж.Сүхбаатартай хамтарсан хэрэг.
Хотын орлогч асан Н.Баярчимэг- Хотын дарга асан Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан НИТХ-ын хурлын төлөөлөгч Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-д нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд хотын дарга асан Д.Сумъяабазарын улс төр, бизнесийн ойрын хамтрагч. Н.Баярчимэг нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 2011 онд хуульчаар ажилд орж, 2016 он хүртэл ахлах хуульч, хэлтсийн дарга болтлоо ажилласан. Улмаар 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг. Н.Баярчимэг 2017 оны аравдугаар сард Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яамны Хуулийн хэлтсийн даргаар нь томилогдож, мөн л дагаж явсан. УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад хоёр жил орчмын дараа буюу 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болсон. Н.Баярчимэг “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийн дэд захирлаар жил орчим ажиллаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогч болсон. Сонгинохайрхан бол Д.Сумъяабазарын тойрог, Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. Ингээд Ж.Сандагсүрэнгийн орлогчоор ажиллаж байгаад СХД-ээс НИТХ-ын төлөөлөгч болон дэвшиж, Д.Сумъяабазарын орлогч болж албан ёсоор дэргэд нь ирсэн.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар- УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан, өдгөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж буй түүний намтар түүхийг энд дурдах нь илүүц биз.
Нийслэлийн сонгуульд багаа ахалж байгаа түүний хувьд нүхээ малтаж, нийслэлд “давхар дээл” нөмөрч байгаа нь энэ бололтой. Өөрөөр хэлбэл, өмнөх Засаг даргынхаа алдаан дээр “дөрөөлж”, муугаар бодож үзэхэд, нийслэлийн Засаг дарга гэх албан тушаалаа хүлээлгэж өглөө гэхэд ИТХ-д төлөөлөгчөөр үлдэх дараагийн нүүдлээ хийсэн нь энэ. Одоогийн улс төрийн нүүдлээр бол Хэнтий нутгийн Бэрх тосгоны үеэл ах дүүсийн нэг нь улсыг, нөгөө нь нийслэлийг “атгаж” байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, бизнесийн удирдлагаар боловсрол эзэмшсэн гэх тэрбээр Налайх дүүргийн намын хорооноос ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Тэрбээр улсын бүртгэгчээс улсдаа хамгийн их хүн амтайд тооцогдох дүүргийн Засаг дарга болоод удаагүй байна. 2011 онд УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын бие төлөөлөгчөөр Саарал ордонд хөл тавьсан тэрбээр 2013 онд Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийн газарт даргаар очиж, Сонгинын фракцид нэгдэж байжээ. Дүүргийн ИТХ-ын дарга болтлоо дэвшсэн тэрбээр Засаг даргын тамгаа гардаж аваад удаагүй байна.
"Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан- 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн.
Нэр дэвшигч Б.Ану-Үжин нь- АНУ-ын Линколны их сургуульд дадлага хийж бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Монгол Улсад ирсэн даруйдаа гарааны бизнесээ эхлүүлж, "Шарк танк" нэвтрүүлгийн оролцогч гэдгээрээ олонд эчнээ танил болсон юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх Х.Алтай- Улаанбаатар хотын уугуул боловч удам судрыг нь хөөвөл аав талаараа Сүхбаатараас, ээж талаараа Эрхүүгээс гаралтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, өдгөө Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж буй. Х.Алтай 2004 онд МУИС-ийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө Сэлэнгэ дэх “Бороо гоулд”-ын алтны уурхайгаараа алдаршсан “Сентерра гоулд” компанийн Засгийн газартай харилцах хэлтэст ажилд орж, гурван жил ажилласан. Тухайн үед Х.Алтайгийн аав Л.Хангай нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв. Хувийн бизнесийн тухайд, 2015 оноос хойш “Инвестура” ХХК-ийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай хамтран эзэмшиж ирсэн. Харин эхнэр Ц.Авиддарь нь “Цамб” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг.
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга асан Б.Дөлгөөн-УИХ-ын сонгуульд жагсаалтад багтсан ч Их хурлын босго давж чадалгүй бүдэрсэн. Б.Дөлгөөн нь эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, Канад Улсын Виктория хотын Персон коллеж, АНУ-ын Коннектикат коллеж, АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн.
Тэрбээр “Мосдак” ХХК-д менежер, “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач, “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч, “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал, “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх, “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар ажилласан гэх намтартай. 2020 онд түүнийг Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар томилж байв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан - Гаалийн ерөнхий газарт мэргэжилтэн, Улаанбаатар, Сэлэнгэ дэх Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч, Ахлах байцаагч, “BG” Констракшин ХХК-д ерөнхий захирал, Гаалийн ерөнхий газарт хэлтсийн дарга, Хан-Уул дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, МАН-ын Бага хурлын гишүүн, Монголын хабкидогийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын барилга корпорацид зөвлөхөөр ажиллаж байжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр- Хотын дарга Х.Нямбаатарын Хууль зүйн яамнаасаа хот руу татсан дарга нарын нэг нь Л.Хосбаяр. Түүнийг Нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилсон. Л.Хосбаярын хувьд, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Х.Нямбаатарыг Хууль зүйн сайд болмогц Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий нягтлан бодогчоор нь томилогдож ирсэн. Гурван жил Х.Нямбаатарын санхүүг хариуцсан Л.Хосбаяр өдгөө нийслэлийн Засаг даргын орлогч болж, дэвшээд буй.
НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин- УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагч, Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референтээр ажиллаж, удалгүй Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан болсон. Улмаар 2016 онд УИХ-ын Тамгын газрын зөвлөх, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2020 оны орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр даагаа нэхэхээр дэвших эрхээ авчээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох- 2021 оноос Эрүүл мэндийн яаманд ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы томилгоогоор яамны Тусламж, үйлчилгээний газрын даргын албан тушаалд очжээ. Улмаар 2021 оны наймдугаар сард ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт орж, тусламжийн газрын даргын албан тушаалаа Бодлого, төлөвлөлтийн газрын дарга болгон өөрчилсөн байна. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд очсоныхоо дараа улсын эмнэлгүүдээс 4.3 тэрбум төгрөгийн тендер хувийн компаниараа дамжуулан авсан гэх дуулианд нэр холбогдож байлаа. Ташрамд дурдахад, тэрбээр "Бриллианс клиник" эмнэлгийн үүсгэн байгуулагчдын нэг аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан- 2001 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгсжээ. "М-Си-Эс Электроникс" ХХК-ийн маркетингийн ажилтан, "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагчаар ажилласан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар “ногоон гэрлээр” татуулсан гэх дуулиан дагуулдаг тэрбээр Үндэсний баяр наадмаар ногоон зүлэгний асуудлаар олны шүүмжлэлд өртсөн.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар - 2020 онд Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон Б.Мягмар МАН-аас дахин нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан.
СОНГИНОХАЙРХАН, ХАН-УУЛ, СҮХБААТАР, НАЛАЙХ ДҮҮРГИЙГ ТОЙГЛОХ МАН-ЫН МУУ НЭРТҮҮД |
|
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |