• Өнөөдөр 2025-04-21

ТОМЧУУДАД НААЛДАЖ, ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУУДАЛ ГОРЬДСОН АН-ЫН НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ТАНИЛЦ

2024-09-07,   902

    Орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан намаас 45 хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Түүнээс Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа 22 хүнийг онцлон хүргэж байна.  


АН-ААС НЭР ДЭВШИЖ БУЙ "ШИНЭКОВ"-УУД

ЁНДОНЖАМЦЫН АМАРЖАРГАЛ: Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. "Зөөлөн констракшн" ХХК-ийн захирал, Хөвсгөл ирээдүй сангийн тэргүүн. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын АН-ын бүлгийн ажлын албанд олон нийттэй харилцах ажилтан, Баянгол дүүргийн Ардчилсан намын хоёрдугаар тойргийн дарга. Нийслэлийн АН-ын хорооны гишүүн, АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. 

ӨЛЗИЙХУТАГИЙН МӨНХЧУЛУУН: Эдийн засгийн ухааны доктор. Төрийн албанд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшсэн. 2020 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж байсан. Тэрбээр Баянгол дүүргийн хөрөнгө оруулалт, төслийн ажлыг хэнээс илүүтэй мэддэг хэмээн өөрийгөө олон нийтийн сүлжээнд тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ буюу 2019 онд 33 сая төгрөгийн орлоготой, найман сая төгрөгийн машинтай, 22 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. 

ДАВААГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ: Баянхонгор аймгийн харьяат, 1980 онд төрсөн. 1998 онд ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн ангид орж, 2002 онд төгссөн. БНСУ-д ажиллаж байх хугацаандаа "Жийп сервис" компаниа байгуулжээ. Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" ТББ-ын тэргүүн, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн асан. УИХ-аас санал болгосноор 2016 онд Хөх хот дахь Ерөнхий консулаар ажилласан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2018 болон 2012 оны сонгуулийн кампанит ажилд "Жийп сервис" компанийнхаа захирлын хувиар оролцсон юм. 2018 онд татваргүйгээр автомашин хил давуулж, наймаа хийсэн гэх шуугианд өртсөн. Тэрбээр энэ талаараа "Ерөнхий консулын албан тушаал хашихад хувийн болон албаны хэрэгцээнд ашиглах НЭГ л машин хилээр давуулдаг. Би өөрийн ашиглах машин болон ажилчдынхаа машиныг оруулсан. Үүнийг хэрэг гэж үзээд байна" хэмээн хэлсэн. Үндэсний аудитын хорооноос түүнийг байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр, гэрээт орчуулагч хөлсөлсөн, дипломатчдыг галт тэргээр биш, онгоцоор Монгол руу буцаасан гэх шалтгаанаар зөрчилтэйд тооцож, түүнийг буцаан татжээ. 2020 оны сонгуульд УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Тэрбээр шууд дамжуулалт хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сайд асан Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж нарын нэрийг байнга дурдаж, тэднийг шүүмжилдэг. Мөн АН-ын дарга С.Эрдэнийг "60 тэрбумын схемийг зурсан, гишүүдийг мөнгөөр уралдуулдаг" хэмээн шүүмжилж, хэвлэлийн хурал зарлаж байсан. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2021 оны аравдугаар сарын 19-нд томилогдсон.

БААТАРЫН БОЛОР-ЭРДЭНЭ: Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. 2001-2005 онд ШУТИС-д Мэдээллийн системийн бакалаврын зэрэг, 2012-2016 онд МУИС-д Олон улсын эдийн засгийн харилцаагаар магистрын зэрэг,  2021 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2001-2005 онд Сингапурт гадаад хэлний мэргэшүүлэх хөтөлбөр, 2014 онд Япон Улсад Азийн Бүтээмжийн байгууллагын академид Бүтээмжийн ахисан шатны сургалтын хөтөлбөр, 2015 онд Малайзад харилцагчийн үйлчилгээний төгөлдөршил ба технологид суурилсан боломжууд зэрэг хөтөлбөрт хамрагджээ. Мөн 2013-2016 онд АНУ-ын Нью Йорк хотноо Дэйл Карнеги академийн маркетингийн ахисан шатны сургалтын хөтөлбөр, 2022 онд  Дэйл Карнегийн сургагч багш бэлтгэх олон улсын хөтөлбөрт хамрагдаж, суралцсан байдаг. 

БАТЖАВЫН БАТХИШИГ БУЮУ БАЖИ: "Люмино" хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон. Тэрбээр ахлах сургуулиа төгссөн жилээ "Трио" хамтлагт дуулдаг болж, "Люмино" хамтлагтай хамтран уран бүтээл хийж байжээ. Дараа нь  "Люмино"-гийн гишүүн болж, хамтлагаараа зургаан цомог гаргасан. Тэдний "Бүтэлгүй хайр", "Наддаа ирээч", "Намайг дагаад цэнгэ", "Сэмбий", "Хөдөө гаръя", "Шөнө дунд цас орж байна" зэрэг дуу нь хит болж байсан. 

МИЖИДИЙН ТУЛГА: Улаанбаатар хотод төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй. 2008 онд “Голомт” банкны харилцагчийн үйлчилгээний ажилтан, 2009-2010 онд “Чингис хаан” банкны эдийн засагч, 2010 онд УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх, 2010-2012 онд Тэргүүн Шадар сайдын зөвлөх, 2012-2014 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2018-2020 онд “Тот кредит” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байжээ. 

ОЛЗВОЙН ЗУНДУЙДОРЖ: Эрх зүйч, улс төр судлалын магистрант. Тэрбээр өмгөөллийн газар судлаач, ХӨХЭ хараат бус судалгааны төвд улс төр, нийгмийн мэргэшсэн судлаач, “ДҮН НҮД” ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөллийн “Хюман Райт” ХХК-д судлаачаар ажиллаж байжээ. Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн, дүүргийн намын хорооны гишүүн юм. 

ЛХАГВАЖАВЫН ОТГОНБААТАР: Тэрбээр 2003-2009 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч, 2009-2016 онд Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга, 2016-2020 онд Нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.  Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Найман сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн нийт орлого нь 10 саяд хүрдэг. 86 сая төгрөгийн орон сууцтай, долоон сая төгрөгийн машинтай, 33 сая төгрөгийн зээлтэй" гэж мэдүүлжээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ЛУ.БОЛД НИТХ-ЫН СОНГУУЛЬД ХОЁР ХҮНЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ

БОЛДХУЯГИЙН БИЛЭГТ: УИХ-ын гишүүн Лу.Болдын дүү банкир Л.Болдхуягийн ууган хүү Болдхуягийн Билэгт Хан-Уул дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. Гайхуулах удам судартай, ярих зүйлт ихтэй Болдхуягийн Билэгт өвөөгөөрөө, удмаараа, ааваараа, авга ахаараа бахархаж, үүнийгээ ч сонгуулийн суртарчилгаанд ашигладаг. Түүний авга ах болох Лу.Болд 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшиж, ялагдаад Бельгийн хаант улсад суух элчин сайдаар томилогдсон. 

АЛТАНХУЯГИЙН БАРХҮҮ: 2024 оны УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт буюу Баянгол дүүрэгт Шинэ эвсэл намаас нэр дэвшсэн. Тэрбээр барилгын дулаан хангамж, агааржуулалтын инженер, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 1997 онд "ECD" ХК-д хөдөлмөр хамгааллын инженер, 1998-2003 онд "Хадгаламж" банканд эдийн засагч, 2000 онд "Монголын банкируудын холбоо"-г үүсгэн байгуулж, 2015 оныг хүртэл Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын алба хашсан.  2013-2016 онд "Уно Ретиэль" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2024 онд "Энхтайван Өргөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, 2015-2017 онд МЗХ-ны Үндэсний залуучуудын холбооны гишүүн, 2021-2023 онд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, 2023-2024 онд Шинэ намын даргын зөвлөх, Төв зөвлөлийн гишүүн,  Ерөнхий зөвлөлийн гишүүн, Шинэ намын БГД-ын хороон даргаар ажиллаж байгаа билээ. Мөн тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жилийн нийт орлого нь нэг тэрбум төгрөг. 59 сая төгрөгийн автомашинтай, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, нэг орон сууц, нэг оффистой” хэмээн мэдүүлжээ. 

Х.БАТТУЛГЫН ДЭВШҮҮЛСЭН Б.ОРГИЛБАТ, Б.БАДМАА, Б.БУРМАА НАР 

БАТТУУЛЫН ОРГИЛБАТ: Баянгол дүүргийн АН-ын хороо Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбатыг НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлээд байгаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт "Мах импекс" ХХК-ийн салбар үйлдвэр болох "Хиам консервийн үйлдвэр" компанийн захирал Б.Бадмаа, "Талх чихэр" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарыг дэвшүүлсэн. 

 

ТОМЧУУДАД НААЛДАЖ, ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУУДАЛ ГОРЬДСОН АН-ЫН НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-08 12:10:26
    S: XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-08 11:04:52
    Зочин: МАН-г бодоход еерсдее бизнес эрхлэж байсан хумуус бна, арай илуу юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-07 15:02:47
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 11:02:20
    Тэнгэр: За Мөнхэрдэнэ гажигийг хэн л сонгов гэж Гажигууд нь сонгох биз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188