• Өнөөдөр 2025-04-21

ТАНИЛЦ: ДАРХАНЫ ТОЛГОЙ БАЯН ДОЛООН ТӨЛӨӨЛӨГЧ

2024-09-03,   2064

        Дарханыхан дөрвөн эгнээ замтай болох гэж долоо дахь жилдээ зүдэрч байна. Засгийн газар нь ч, аймгийн Засаг дарга нь ч, ИТХ-ын төлөөлөгчид нь ч ашиглалтад оруулах гэж үзээд “дөжирчихсөн”. Сүүлдээ хэн ч хяналт тавьдаггүй, шахаж шаарддаггүй, шаардаад ч нэмэргүй болсон. Одоо ч бүрэн дуусаагүй, эрсдэлтэй, стандартгүй замаар зорчсоор байгаа, дарханчууд.

      Хоёр ч сонгуулийн нүүр үзсэн Дарханы замын балаг орон нутгийн сонгуульд ч бараан түүх болох нь тодорхой. Гэхдээ энэ бол хоёрдугаар асуудал. Харин Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид юу хийв, мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж, Дархан хөгжлөөрөө манлайлсан уу, эсвэл төлөөлөгчид нь хөлжсөн үү гэдэг нь нэгдүгээр асуудал болоод байна, энэ цаг үед. Учир нь орон нутгийн сонгууль болох гээд хөлтэй болгон хийсэн ажилтай болж харагдах гээд сандралдаж байна. Намууд нэр дэвшигчдээ тодруулж, “би”-гийн өвчтэй хэдэн төлөөлөгч, гишүүнээ барьж дийлэхгүй байгаа сурагтай. Үүний тод жишээ нь, Дархан-Уул аймаг гэнэ. Хэдэн төлөөлөгч нь дахиад дэвшихээр нэрээ өгч, “Дахиад ганцхан удаа дэмжээд өг” гээд чичирч байгаа ажээ.

Тэгвэл энэ цаг үед бид Дархан-Уул аймгийн ИТХ-ын толгой баян долоон төлөөлөгчийн хөрөнгө, бизнес, хийсэн ажлыг танилцуулж байна.

БУЯНДАЛАЙ ЭРДЭНЭТУЛГА-АРВАН ОРОН СУУЦТАЙ ТӨЛӨӨЛӨГЧ 

       Дархан-Уул аймгийн ИТХ-д эмч заларсан нь Б.Эрдэнэтулга байлаа. Тэрбээр 2020-2024 онд анх удаа ард түмнийг төлөөлж ИТХ-д суусан. Харин ИТХ-д сууснаас нь хойш иргэдийн амьдрал сайжраагүй ч өөрийнх нь хөрөнгө орлого нэмэгдэж, арван орон сууцтай болжээ. Б.Эрдэнэтулга төлөөлөгч Дархан-Уул аймгийн ИТХ-ын толгой баян төлөөлөгчийн нэг. Аймгийн ИТХ-ынхан “хамгийн, хамгийн”-аа шалгуурлавал, Б.Эрдэнэтулга төлөөлөгчийн орон сууцны тоонд хүрч очих төлөөлөгч байхгүй аж.

Тодруулбал, Б.Эрдэнэтулга төлөөлөгч хамгийн сүүлд ХОМ-оо ингэж мэдүүлжээ. Түүний жилийн орлого 25 сая, гэр бүлийн орлого нь 34 сая төгрөг. Нийтийн арван орон сууцтай, нэг хашаа, байшинтай, авто зогсоолтой, үнэлгээ нь 760 сая төгрөг гэнэ. Мөн “ниссан” загварын суудлын автомашинтай, үнэлгээ нь 20 сая төгрөг. Эзэмших эрхийн хоёр газартай, газраа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 236 мянган төгрөгийн хадгаламжтай. "Голомт", "Хаан" банканд 44 сая төгрөгийн зээлтэй, бусдаас авлагагүй, өөрийн эзмшлийн компанигүй, хувьцаа эзэмшигч биш гэж мэдүүлсэн байна. Харин 2019 онд буюу ИТХ-д сонгогдохоосоо өмнө таван орон сууцтай гэж мэдүүлж байжээ. Компанигүй, эрхэлсэн бизнесгүй, жилийн орлого нь 25 сая төгрөг, хур хөрөнгөгүй төлөөлөгч өнгөрсөн дөрвөн жилд орон сууцныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, арав болгосон нь анхаарал татаж байна.

Ташрамд дурдахад, Б.Эрдэнэтулга нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажилладаг. Тэрбээр 1994 оноос Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасгийн эмч, эрхлэгчээр ажиллаж байжээ.

БАЯР ДАВААСАМБУУ- ГУРИЛЫН КОМПАНИ НЬ ЗӨӨВРИЙН САНДЛЫН ТЕНДЕРИЙГ ХАМДАГ ТӨЛӨӨЛӨГЧ

       Увс аймгаас гаралтай, улс төрд 2012 оноос хойш хөл тавьсан Б.Даваасамбуу Дархан-Уул аймгийн ИТХ-д 12 жил сууж байгаа төлөөлөгч, тэргүүлэгч. Б.Даваасамбуу нь “Өгөөж Ерөө”, “Маргад өртөө”, “Өгөөж гурил” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Түүний нэр дээрх бүртгэлтэй гурван компанийг судалж үзвэл, дараах мэдээлэл гарч ирж байна.

Б.Даваасамбуугийн “Өгөөж гурил” ХХК нь 2005 оны арванхоёрдугаар сарын 1-нд Дарханд үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авч байжээ. Эцсийн өмчлөгчөөр нь Баярын Даваасамбуу, Мажигжавын Энхтуяа нар бүртгүүлсэн байна. Гүйцэтгэх захирлаар нь Б.Даваасамбуу төлөөлөгч ажилладаг. 2020 оны сонгуулийн дараа Б.Даваасамбуугийн “Өгөөж гурил” ХХК хэд хэдэн тендерт оролцож, шалгарсан байдаг юм байна. Хачирхалтай нь, үйл ажиллагааны чиглэл нь гурил үйлдвэрлэх, төрөлжсөн дэлгүүр болон жижиглэн, бөөний худалдаа явуулах. Гэтэл наадмын талбай тохижуулах, морь барианы газрын үзэгчдийн суудал хийх ажлын тендерт оролцож шалгарчээ.

Тодруулбал,  

  1. Дархан-Уул аймагт морь барианы газрын үзэгчдийн сандал- 63.5 сая төгрөг. (2021 он)

 Уг тендерт зургаан компани оролцож, үнийн санал хүргүүлжээ. Хачирхалтай нь, хамгийн өндөр санал хүргүүлсэн Б.Даваасамбуугийн “Өгөөж гурил” ХХК шалгарчээ.

  1. Дархан-Уул аймагт хөл бөмбөгийн талбайн сандал хийх- 63.3 сая төгрөг. (2021 он)
  2. Дархан суманд зөөврийн сандал байгуулах- 63.6 сая төгрөг. (2021 он)
  3. Дархан-Уул аймгийн наадмын талбайд гурван эгнээтэй зөөврийн сандал хийх- 69.5 сая төгрөг. (2021 он)
  4. Дархан-Уул аймагт зургаан эгнээтэй зөөврийн сандал байгуулах- 63.5 сая төгрөг. (2021 он)
  5. Дархан-Уул аймагт наадмын талбайд сандал хийх- 63.7 сая төгрөг. (2021 он)
  6. Дархан-Уул аймагт сурын талбайн үзэгчдийн сандал- 42.9 сая төгрөг. (2021 он)
  7. Дархан-Уул аймагт Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн зөөврийн сандал- 63.6 сая төгрөг. (2021 он)
  8. Эрдэнэт үйлдвэрт гурил нийлүүлэх- 659 сая төгрөг. (2021 он)

Хамгийн сүүлд уг компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн авто тээврийн 5.8 тэрбумын үнэлгээтэй тендерт оролцсон ч ялагджээ.

ХОМ: Тэргүүлэгч төлөөлөгч Б.Даваасамбуугийн жилийн орлого нь 31 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 23 сая төгрөг. Тэрбээр нийтийн дөрвөн орон сууцтай, үнэлгээ нь 250 сая төгрөг. Тэрбээр эзэмших, өмчлөх эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 126 сая төгрөг. Мөн 126 сая төгрөгийн үнэлгээтэй 650 хонь, 98 ямаа, 50 үхэр, 39 адуутай.

БАЛЖХҮҮ ХАДБААТАР- ТЭРБУМТАН БОЛСОН ТӨЛӨӨЛӨГЧ

            Дарханы толгой баян төлөөлөгчдийн нэг нь Б.Хадбаатар. Тэрбээр 2016 оноос аймгийн ИТХ-д суужээ.  2017 онд түүний хөрөнгө тэрбум хүрдэггүй байж. Тодруулбал, 312 сая төгрөгийн орон сууцтай, 37 сая төгрөгийн автомашинтай, хадгаламждаа 0 төгрөгтэй, орлого нь 596 мянган төгрөг," Орхон түшиг ургац"ХХК-ийн үүсгэн байгуулагч байжээ.

Тэгвэл 2022 онд ингэж өөрчлөгджээ. Жилийн орлого нь 72.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 61.1 сая төгрөг. Амины орон суутай, нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай хоёр, өвөлжөө хоёр, үнэлгээ нь 992 сая төгрөг болжээ. Эзэмших 50 га,  мөн 248 ам метр, 4265 ам метр, 500 ам метр газруудтай, үнэлгээ нь 60 сая төгрөг. “Орхон түшиг ургац” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлсэн байна.

“Орхон түшиг ургац” ХХК-ийг судалж үзвэл, 2008 онд Дархан-Уул аймагт байгуулагдсан. Хүнсний ногоо тариалалт, ахуйн хэрэгцээний хашаа хайс хийх, үр тариа тариалах, зоорийн аж ахуй, төрөлжсөн бус дэлгүүрийн бусад жижиглэн худалдаа, төлбөр, эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

“Орхон түшиг ургац” ХХК нь:

  1. Өвөрхангай аймгийн "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж төл сонгино худалдан авах- 30 сая төгрөг. (2023 он)
  2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Саримсын үр худалдан авах- 600 сая төгрөг- (2023 он)
  3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Сармисны үрийн нөөц бүрдүүлэх- 199 сая төгрөг. (2022 он)
  4. Хүнсний ногооны үрийн хангамжийг нэмэгдүүлэх- 479 сая, 49.9 төгрөг. (2022 он)
  5. Сармис нийлүүлэх- 479 сая төгрөг

БАТСҮРЭН БУЯНДҮҮРЭН- ДАРХАНЫ ИТХ-ЫН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ

        Б.Буяндүүрэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн хамгийн баян нь. Тэрбээр 2022 онд ХОМ-тээ 756 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой гэж мэдүүлжээ. Гурван автомашинтай, үнэлгээ нь 311 сая төгрөг. Үхэр, хонь нийлсэн 50 малтай, үнэлгээ нь 25 сая төгрөг. Харин 101 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших 0.05 га, мөн 2000 ам метр болон 2400 ам метр газартай. Найман сая төгрөгийн үнэт эдлэл, 71 сая төгрөгийн хадгаламжтай. “Батцагаанбуянт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ. Харин жилийн орлого нь 82 сая, гэр бүлийн орлого нь 102 сая төгрөг гэжээ.  

            Тэрбээр 12 жил Дархан-Уул аймгийн иргэдийг төлөөлж ИТХ-д сонгогдсон.  1999 оноос Дархан-Уул аймагт өрхийн эмч, хавдрын эмч, сургуулийн багшаар ажиллаж, 2012 онд Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Харин сүүлийн найман жил аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон. Түүний эзэмшдэг “Батцагаан буянт” ХХК-ийг судалж үзвэл, 2008 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан-Уул, аймгийн Дархан сумын 5-р багт эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлөө авч байжээ. Эцсийн өмчлөгч нь Б.Буяндүүрэн ажээ.

ГОМБОНЯМ ЭРДЭНЭСҮХ-

          “Монгол алт” ХХК-ийн туслах ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж, Дархан-Уул аймгийн иргэдийг найман жил төлөөлж суугаа төлөөлөгч бол Г.Эрдэнэсүх. Тэрбээр “Golden taiga” ХХК-ийн менежер, “Сонголон хайрхан” ХХК-ийн захирал, "Дархан Ус суваг" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2016 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогджээ. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэлтсийн даргаар ажилладаг.

ХОМ 2022: Түүний жилийн орлого 51.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 4.6 сая төгрөг. Амины болон нийтийн дөрвөн орон сууцтай, үнэлгээ нь 710 сая төгрөг. Гурван машинтай, үнэлгээ нь 93 сая төгрөг. Тэрбээр 243 сая төгрөгөөр үнэлэгдэх 50 адуутай. 45 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших эрхийн нэг газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын хадгаламждаа 17 сая төгрөгтэй. "Сонголон Хайрхан" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.

            Тэрбээр төлөөлөгч болохдоо буюу 2017 онд жилийн орлого нь 27 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 549 мянган төгрөг байж. Нийтийн хоёр орон сууцтай, үнэлгээ нь 470 сая төгрөг байжээ. 123 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 150 сая төгрөгийн 20 адуутай байж.

Түүний эзэмшлийн “Сонголон хайрхан” ХХК-ийг судалж үзвэл, 2008 онд газар тариалан эрхлэх, фермерийн аж ахуй эрхлэх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж байжээ. Харин 2010 онд газрын хэвлийн нөхөн сэргээлт, 2020 онд Хатуу хучилттай зам барихаар үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсэн байна.

Оролцсон тендер:

  1. Дархан сумын 3 дугаар багийн гэр хорооллын авто замын барилга угсралтын ажил- 55 сая төгрөг. (2020 он)
  2. Дархан сумын 3 дугаар багийн гэр хорооллын сайжруулсан шороон зам /2.7 км/- 44.7 сая төгрөг. (2020 он)

САНДАГДОРЖ БАТЖАРГАЛ: ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ, 75 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ БАЙСАН ТӨЛӨӨЛӨГЧ ТЭРБУМТАН БОЛЖЭЭ

       Сандагдоржийн Батжаргал гэх төлөөлөгч Дархан-Уул аймгийн ИТХ-д 2016 онд сонгогдсон. Найман жил ард түмнийг төлөөлж, “саарал” байшинд суугаа гэсэн үг. Тэр 2017 онд буюу ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо зургаан сая төгрөгийн орлоготой, 75 сая төгрөгийн нэг орон сууцтай байжээ. Долоон сая төгрөгийн үнэлгээтэй автомашинтай, 0 төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Харин 2022 онд түүний хөрөнгө ингэж өөрчлөгджээ.

Жилийн 40 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн нийт орлого нь 23 сая төгрөг, таван орон сууц буюу амины, нийтийн, зуслангийн, үйлдвэрлэлийн, авто зогсоолтой болж хөрөнгөжжээ. Таван үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг. 60 сая төгрөгийн дөрвөн автомашинтай болж. Хадгаламждаа 40 сая, бусдаас 25 сая төгрөгийн авлагатай гэнэ. Мөн “Мөнх Дэгжих гал” ХХК-ийн хөрөнгө оруулагч гэж мэдүүлжээ.

 

 

 

 


ТАНИЛЦ: ДАРХАНЫ ТОЛГОЙ БАЯН ДОЛООН ТӨЛӨӨЛӨГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-03 21:52:22
    Зочин: Эрдэнэтулга Дарханы эмнэлэгийг дампуурлын замд оруулсан, ажлаа орхиод Эрээнд л байнга наймаа хийгээд явж байдаг нөхөр
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188