Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй тендерийн явцын талаар мэдээлэл өглөө. Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд 18 улсын 38 багийн бүтээл тэнцээд байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай "Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорин хотыг сэргээн байгуулах түүхэн зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Процессын хувьд, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газар Барилга хот байгуулалтын яамны доор мэргэжлийн захиргаа байгуулж, жил гаруй хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 18 хүртэл мэргэжлийн захиргаа шинэ Хархорум хотын ерөнхий үзэл баримтлалыг боловсруулсан.
Олон улсын туршлагаас харахад, өнгөрсөн 400 жилийн хугацаанд дэлхийн нийт 52 орон нийслэлээ нүүлгэж, энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлсэн туршлагатай байна. Одоогийн байдлаар 2032 он хүртэл БНСУ тэргүүтэй 32 орон нийслэлээ шилжүүлж, шинэ хот байгуулахаар ажиллаж байна. Тиймээс бусад орны туршлага дээр тулгуурлан, төлөвлөлтийг эхнээс нь мэргэжлийн түвшинд байгуулах ёстой. Тиймээс олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч гуравдугаар сард зарлаж байсан. Дэлхийн нийт 18 орны 36 баг хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн. Багууд энэ сарын 25-наас эхлэн өөрсдийн бүтээл, саналаа Монгол Улсад танилцуулах гэж байна.
Тодруулбал, долоодугаар сарын 25-наас 31-ны өдрүүдэд шалгарсан 36 баг олон нийтэд бүтээлээ танилцуулна. Тиймээс олон улсын шилдэг багуудын гаргаж байгаа бүтээлүүд дээр саналаа өгч, түүхэн хотын бүтээн байгуулалт дээр анхаарах шаардлагатай байна. Мөн долоодугаар сарын 28-наас 31-ны өдрүүдэд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн оролцохоор төлөвлөж байна. Мөн төр засгийн бүх байгууллагууд оролцоно. Энэ бол зөвхөн төр засгийн хийх бүтээн байгуулалт биш. Монгол хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Үүнийг овог дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байгаа.
Улмаар шилдэг 36 багаас таван багийг шигшинэ. Таван баг ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан ТЭЗҮ-г хийнэ. Мөн таван багийн мэргэжилтнүүд монгол талын багтай хамтарч ажиллана. Энэ оны наймдугаар сарын 31 гэхэд ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ.
“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна |
|