Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эрхэм монголчууд аа,
Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн Танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.
Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон “жаазлан” үлдээж, олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.
Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, ШИНЭ ӨГЛӨӨТЭЙ ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.
Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.
Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессору, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.
Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.
Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг
Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм.
Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.
Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.
Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, шинэхэн Улсын Их Хурлын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан Танд баяр хүргэж, амжилт хүсье.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.
Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМ хийх ёстой.
Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна
20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.
Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.
Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.
Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.
Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш.
Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй ОРОЛЦОО чухал билээ.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
ЕРӨНХИЙ САЙДААР УЛИРАН СОНГОГДСОН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |