Монголчууд үнэхээр дуунд хайртай ард түмэн шүү. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дуулсаар байгаад дахиад л гараад ирлээ. Хоёрдугаар тойрогт МАН үнэхээр хүчтэй байсан. Тэр их хүчийн урдаас Б.Пүрэвдорж дуу хуураараа өрсөлдсөөр, ард түмнийг уяраасаар байгаад л гараад ирэв үү гэмээр байлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж угийн л “дуучин” байсан. Өнгөрсөн парламентын “гавьяат” байсан ч гэхэд хилсдэхгүй байх. Энэ замналаа ч үргэлжлүүлэх нь тодорхой. Тэр хамгийн анх 2020 онд гишүүн болчихоод “Тогоруутай нуур” дууг дуулж, ард түмэнд авьяасаа үзүүлж байлаа. Нутгийнхаа уулзалтын үеэр дуулж байгаа бичлэг нь цахим сүлжээнд цацагдаж, тэр “танигдаж” байсан. Харин дараа нь, Ховд нутагтаа “Тонжоо" наадамд өөрийн авьяасаа гайхуулж байсан удаатай. Эрхэм гишүүн тайзнаа "Энх өглөө", "Тогоруутай нуур" дууг дуулж, наадамчин олныг баясгаж байсан юм. Нутгийн ард түмэн нь Б.Пүрэвдорж гишүүнийг “хөөргөж”, дахиулаад "Алтан нөхөд" дууг дуулуулж байсан. Алга ташилт, ард түмний түрлэгт тэр олон удаа дуулсан гэсэн үг. Сүүлд, нутгаа санаад орцондоо дуулж хүртэл үзүүлсэн. Энэ талаараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өчигдөр нутаг бодогдоод орцныхоо үүдэнд машинаа хүлээнгээ дуулсан. Өнөөдөр Ховд руугаа давхиж явна. "Нутгаа санахаар" дууг танд зориулав” гэж байлаа. Ийм нэг “дуучин” гишүүн энэ парламентад дахин суухаар орж ирлээ. Түүнд дуулаагүй газар байхгүй. Малчны хот, машины кабен, орцны үүд, орон нутаг гээд явж өгнө. Үнэндээ, Б.Пүрэвдоржид ард түмэн хайртай, дуунд нь уяарчихаад байна даа.
Түүний намтар товчхондоо ийм. Б.Пүрэвдорж анх аймагтаа гаалийн байцаагч байлаа. Тэр 14 жил Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны даргаар ажилласан түүхтэй. Дараагаар нь, Ховд аймгийнхаа Ардчилсан намын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдож байсан. Харин үүний дараа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томилогдож, “хар тамга” даруулсан түүхтэй. Учир нь, уг албан тушаалд ажиллаж байхад улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагынхны хараанд өртсөн. Энэ цагаас Б.Пүрэвдоржийг монголчууд мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд удалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, өдгөө гурав дахь удаагаа Ховд аймгаас сонгогдон гишүүнээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохынхоо урд жил хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад ээрэгдэж байхдаа гишүүн болсон гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төрийг “тоносон” олон баримт бий. Тодруулбал, Б.Пүрэвдорж “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Ноцтой нь, Б.Пүрэвдорж “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийнхаа нэр дээр “Мах боловсруулах үйлдвэр” барина гэж Ховд аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 350 сая төгрөг авсан ч үйлдвэр биш “Ланд-200” авч унасан, эл мөнгөө эргүүлж төлөөгүй асуудалд холбогдож байсан. Цаашилбал, Б.Пүрэвдорж 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа албан хаагчдынхаа орон сууцны барилгыг төрсөн эгч Б.Бурмаагийнхаа нөхөр А.Цогт-Очирын “Жинст транс” ХХК-аар бариулж байсан. Мөн “Жинст транс” ХХК нь 2017 онд “Мал хамгаалах сан”-гаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд хэрэг нээн шалгаж байв. Улмаар түүний хэргийг өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдэг. ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 236.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, улсад 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, мөн тус албанд байхдаа гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай холбогдох хуулийг зөрчиж, улсад 236 төгрөгийн хохирол учруулсан буюу улсын төсөвт нийт 236 сая төгрөгийн хохирол учруулсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр 2020 оноос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард “Ниссан тиана” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Тэрбээр “Тоёота приус-20” маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэх. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км зам туулан 22:58 цагт очиж “Ниссан тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ талаар тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн осол гаргасан нь үнэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг шалгаж байна” гэсэн юм.
Мөн ташрамд дурдахад, тэр тэрбумын санхүүжилтээр сурталчилгаагаа хийсэн 10 гишүүний нэг нь. Тэрбээр, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 35 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад хоёр сая төгрөг, намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардалд хоёр сая, иргэд, сонгогчидтой уулзахад 18 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 670 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 5 сая төгрөг, цахим орчинд 10 сая зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна. Б.Пүрэвдоржийн сонгуулийн зардалд “Энержи ресурс” ХХК, “Юнайтед пауэр” ХХК, “Тавантолгойн нисэх буудал” ХХЗ “Алтайн майнгинг” ХХК зэрэг 12 хуулийн этгээд хандив өгсөн байна лээ.
Ямартай ч олон ястны өлгий нутгаас олон төрлийн “гэмт хэрэг”-т холбогдсон “дуучин” гишүүн дахин сонгогдож, УИХ-ын дэд даргаар томилогдох бололтой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ ДУУЛСААР БАЙГААД ДАХИАД ГАРААД ИРЛЭЭ |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |