• Өнөөдөр 2025-04-22

ДӨРВӨН ХҮНИЙ АМИАР УХУУЛСАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ЗОГСООНО УУ, НЭР ДЭВШИГЧИД ЭЭ

2024-06-24,   655

      Амины үнэтэй, хар мөртэй сонгууль болж байна. Сонгуулийн сурталчилгаанд ухуулагч, шадар туслахаар ажиллаж байсан дөрвөн хүн зуурдаар амиа алдлаа. Дахиад хэдэн хүн амиа алдаж, хэдэн хүүхэд өнчирч, хэчнээн хүн хагацарч байж энэ сонгууль дуусах бол...

      Сэлэнгэ аймгаас сонгогдсон хоёр гишүүн мөн ч баартай байна даа. Сонгуулийн тойргоо авах гэж бөөн хэл ам болсон. Мөнгө хаяж, мундагдуулж байж арай гэж тойрогтойгоо хоцорсон. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд хошуу ч дүрж үзээгүй улс гэнэтхэн “амилж” тойрог авна гэж дайрсан нь олныг цочирдуулсан. Ийм бор шувуу намын байрнаас нь хүртэл ниссэнийг нь бодвол үнэний ортой байх. Үүгээр зогсохгүй тэр үедээ “Сэлэнгийн эмэгтэй хоёр гишүүн намын бага хурлаараа уйлаад байна. Яагаад намайг дэвшүүлэхгүй байгаа юм бэ” гээд мөнгө барьчихаад, аархаад байна гэнэ. Ардын нам нэр төрөө бодсон ч мөнгө хүчтэй болохоор тэд дэвших бололтой. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тойрог 10 тэрбумд хүрлээ гэнэ” гээд л “гэнэ гэнэ”-ийн явган яриа хүртэл гарсан.

      Ардын нам тэднийг дэмжсэн ч ард түмэн дэмжихгүй бололтой. Энэ бол Сэлэнгэ, Дархан, Төв аймагт МАН-аас нэр дэвшиж буй Дамдинсүрэнгийн Өнөрболор, Чинбатын Ундрам нар. Өчнөөн үхэл, хагацал дагууллаа, тэдний сонгуулийн сурталчилгаа.

Ч.УНДРАМЫН УХУУЛАГЧ НАС БАРЖ, ДӨРВӨН ХҮҮХЭД ӨНЧИРЛӨӨ

      Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллаж байсан Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, 45 настай эрэгтэй өөрийгөө егүүтгэж, амиа хорлосон байдалтай олдлоо. Талийгаач Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллаж байсан. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлээ хийж, “Ч.Ундрам гишүүнийг сонгоорой” гэх ухуулгын ажлаа 10 хоног хийсэн гэсэн үг.

Уг харамсалтай хэргийн талаар Сүмбэр сумын МАН-ын даргаас тодруулахад “Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллаж байсан манай сумын 45 настай эрэгтэй амиа алдсан нь үнэн. Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллах албан ёсны гэрээтэй байсан юм билээ. Талийгаач тухайн өдөр ухуулагчаар ажиллаагүй, намын байранд ирээгүй. Тийм учраас юунаас болж амь эрсдсэн болохыг нь бид мэдэхгүй. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Ийм учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж хэлсэн байдаг. ЦЕГ-аас ч Сүмбэр суманд хүн нас барсныг бататгаж, мэдээлэл өглөө.

       Гэтэл Ч.Ундрам гишүүн гүрийсээр, сонгуулийн сурталчилгаагаа хийсээр байна. Халуун нар, хүйтэн бороог ажралгүй “Ч.Ундрам гишүүнийг сонгоорой. Тэр ийм, ийм ажлыг ингэж хийсэн” гээд ухуулга хийж, ард түмэнд Ч.Ундрамыг ойлгуулах ажлаа хангалттай хийсэн. Гэтэл Ч.Ундрам гишүүний Ажлын албаныхан “Энэ худлаа мэдээлэл байна. Гишүүний ухуулагч амиа алдсан гэж гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Цагдаагаас тодруулаарай. Бидний зүгээс ийм худал мэдээллүүдийг зохионбайгуулалттай удаа дараа тавьж, түгээж нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилж байгаад харамсаж байна” зэргээр бааварлаж, ядарсан ухуулагчаа хөсөр хаяж байна.

     Үнэндээ, сонгуульд өрсөлдөж байгаа энэ өдрүүдэд Ч.Ундрам гишүүний нэр л цэвэр байвал хүний амь эрсдсэн эсэх нь тэдэнд хамаагүй бололтой. Ч.Ундрам гишүүн угаасаа л ийм увайгүй юм байна. Хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, хүн харах эцэсггүй болгочихоод “Би ямар ёс зүйн алдаа гаргасан юм бэ. Хүн зодоод, Төрийн ордонд хүн алчихаа юу” гээд чичирч байсан. Ийм л ёс зүйгүй эмэгтэйчүүд Монголын төр рүү санаахаж, дахин зүтгэж байгаа нь тун ч харамсалтай. Түүнд ёс зүй байсан бол хоёр өдөр сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод, ухуулагчийнхаа өмнө эмгэнээд зогсож байх байлаа. Гэтэл тэгсэнгүй, талийгаачийг танихгүй, мэдэхгүй гэж гиүрийлээ.

Д.ӨНӨРБОЛОР ШАДАР ТУСЛАХ  АМИА АЛДАЖ, ГАНЦ ХҮҮ НЬ БҮТЭН ӨНЧИН ХОЦОРЛОО

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сэлэнгийн биш, Солонгосын гишүүн шиг байсан хүн бол Д.Өнөрболор. Гишүүнийхээ бүрэн эрхийг Солонгост шахуу өнгөрөөсөн тэр дахиад Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн иргэдийг төлөөлөхөөр санаархаж байна.

 Д.Өнөрболор гишүүнийг бусдыг хулхидаж, луйвардсан хар мөр одоо ч бүдгэрээгүй байна. Холимог тулаанч З.Шинэчагтгыг төрсөн дүүгээ болгож, Сэлэнгийн ард түмнийг хуурсан. “Орон сууц өгнө, олигтойхон сурталчилгаа хийж өгөөрэй” гээд дөрвөн жил хуурч, одоо танихгүй, мэдэхгүй гэж гүрийж байна. Дараа нь, Сэлэнгэ нутгаас төрсөн улсын арслан Б.Орхонбаярт дөрвөн өрөө орон сууцны пайз өгөөд алга болсон. Ер нь Д.Өнөрболорт хулхидуулсан хүний тоо гарын арван хуруунд лав багтахгүй бололтой.

Гэхдээ амьд хүн аргатай гэдэг хойно Д.Өнөрболорын тарыг таних цаг ирсэн. Харин шадар туслахаар нь өдөр, шөнөгүй ажиллаж, амьдралаа тэжээхээр зүтгэж байсан ганц бие ээж ганц хүүгээ үлдээгээд тэнгэрт дэвшчихлээ.

Д.Өнөрболор сумын шадар туслахаар ажиллаж байсан 62 настай, Ц гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн учир битүүлгээр амиа алджээ. Талийгаач УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байж. Талийгаач тэр өдөр сумын айлуудаар явж, ухуулга, сурталчилгаагаа хийж, намын байрандаа тайлангаа тавиад явжээ. Ингээд өглөө нь нас барсан байдалтай гэрээсээ олдсон байна. Энэ талаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Талийгаач Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан юм байна лээ. Намын байрандаа тайлангаа тавьчихаад, гэр рүүгээ явсан гэсэн. Тэгээд өглөө нь нас барсан байсан гэсэн. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Шалтгаан нөхцлийг нь хууль хяналтын байгууллага тогтооно байх. Талийгаач ганцаараа амьдардаг байсан. Ганц хүүтэй, хүү нь оюутан” гэв.

Сэлэнгээс сонгогдсон эмэгтэй гишүүд гүрийж сурсан бололтой. Хүний амь эрсдэж, ээжийгээ алдсан ганц хүүд нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ үед Д.Өнөрболорынхон мөн л нүүрээ бурууллаа. Мэдэхгүй, танихгүй, тийм мэдээлэл ирээгүй л гэнэ. Ийм тайлбар өгч байгаа хүмүүсээс эмгэнэлийн хэлтэрхий, хүн чанарын өөдөс гуйгаад ч нэмэргүй бололтой.

ХЭРЭВ ТЭД ӨӨР НЭР ДЭВШИГЧИЙН УХУУЛАГЧААР АЖИЛЛАСАН БОЛ...

       Хүний амь гэдэг юу юунаас илүү эрхэм, чухал. Хэдхэн өдрийн сонгуулийн сурталчилгаа, дөрвөн жил Төрийн ордонд “өмхийрөх”-өөс ч үнэтэй. Түмнийг төлөөлж байгаа төрийн түшээдэд ч хүнээс нь илүү чухал зүйл үгүй л баймаар. Гэтэл Сэлэнгийн хоёр эмэгтэй гишүүн тэгсэнгүй. Хүний амийг нохойноос ч дор үзлээ.

Хэрэв талийгаачид өөр нэр дэвшигчийн ухуулагчаар ажилласан бол. Ядаж л хэл ам, хэрүүл тэмцэлгүй, хүн чанарын хэлтэрхийтэй хүний ухуулагч ажилласан бол гомдохгүй байх байсан байх даа.

Г.САЙХАНБАЯР, О.АЛТАНГЭРЭЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ Ч БААРТАЙ БАЙНА

        Г.Сайханбаярын ухуулагч О нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргыг үзэн ядаж, санаатайгаар аминд хүрсэн хэрэг гарсан. МАН-аас улсын төрийн шийдвэр гаргаж, Г.Сайханбаярыг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн. Сонгуулийн сурталчилгааны ажлаа түр хугацаанд зогсоосон. Ингээд хуулийн дагуу ажиллагаа үргэлжилж байна.

Сумын АН-ын дарга нас барахтай зэрэгцээд нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлтийн ухуулагч мөн л нас барав. Нэг, тавдугаар тойрогт дөрвөн хүний амь эрсэдчихлээ. Хариуцлага хүлээж, хүн чанар гаргасан улстөрч алга. Бүгд л нэрээ бодож, нэр дэвшилтдээ анхаарч байна.

Ч.УНДРАМ, Д.ӨНӨРБОЛОРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАЯ

        Бид олон л сонгууль үзсэн. Хоёр намын нь ухуулагчид зодолдож, нэр дэвшигчийнхээ төлөө үнэнчээр зүтгэж байгааг бишгүйдээ л харсан. Харин дөрвөн хүн зуурдаар таалал төгсөж, дөрвөн айлын хойморт зул бадамлаж байсан ийм харуусал, харамсалтай зуныг үзэж байсангүй.

Дөрвөн хүний амины үнэтэй сонгууль монголчуудад хэрэгтэй юу. Ухуулагч нь эрсэдсэн нэр дэвшигч, төрийн түшээ бидэнд хэрэггүй. Ийм учраас Сэлэнгийн хоёр гишүүнийг эгүүлэн татаж, сонгуулийн сурталчилгааг нь зогсоож өгнө үү. Хүн чанар, ёс зүй байдаг бол ухуулагч, шадар туслахынхаа гэр бүлд эмгэнэл илэрхийлнэ үү, Д.Өнөрболор оо, Ч.Ундрам аа. Тэгээд нэрээ татна уу. Тавдугаар тойрог Д.Өнөрболор, Ч.Ундрамаар дутахгүй байх...

 

 


ДӨРВӨН ХҮНИЙ АМИАР УХУУЛСАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ЗОГСООНО УУ, НЭР ДЭВШИГЧИД ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188