Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж байсан. Энэ удаад говийн бүсийн VII тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн намтар түүхийг эргэн сануулж байна.
УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг Дундговь аймгийн уугуул. 2008, 2012 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын төлөөлөгч байхдаа буюу 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар таван жил давхар ажиллаж, төрд ч, түмэнд ч танигдаж амжсан. Улмаар 2016, 2020 онуудад Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон. Төрсөн дүү Б.Наранхүү нь АН-ынх боловч МАН-ын М.Энхболдтой 25 жилийн тэртээгээс газрын наймаагаар ганзага нийлж, мөнгөөр, мориор хоршиж ирснийг бүгд мэднэ. Тэгвэл Б.Наранхүүгийн хувийн хуульчаар ажиллаж байгаад хожмоо газрын наймааны хамтрагч нь болсон Б.Билэгсайхан гэж хүн бий. Б.Билэгсайхан нь Б.Наранхүүтэй хамтран алдарт “Суруга Монгол”-ын газарт эзэн сууж, өдгөө “Акояа резиденс” гэх тансаг зэрэглэлийн хотхон барьж, худалдаад дуусч буй. Гэтэл Б.Билэгсайхан нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, түүний нөхөр Д.Мөнхбаатар хоёртой 2012 оноос хойш “Шинэ зууны Улаанбаатар эрдэм шинжилгээний төв”-ийг хамтран эзэмшиж ирсэн, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь. Тэгэхээр Б.Наранхүүгийн газрын наймааны хэрэг Б.Саранчимэгээс холуур өнгөрөхгүй гэсэн үг. Б.Саранчимэгийг 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараахан нөхөр Д.Мөнхбаатар нь “Буянт-Ухаа” нисэх буудлын даргаар томилогдсон. Дараа нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аэродроны дарга болсон. Ингээд зогсохгүй, Б.Саранчимэгийг 2020 онд хоёр дахиа УИХ-ын гишүүн болсны дараа нөхөр Д.Мөнхбаатар нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон. Цаашилбал, Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь “Дүнжингарав” худалдааны төвийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, дараа нь ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болж байв. Б.Саранчимэгийн бага дүү Б.Оюунчимэг гэх эмэгтэй бий. 2016 онд АНУ-ын Киунсландын их сургуульд магистр хамгаалахаар Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын авсан гэх асуудал нь өнгөрсөн онд нийтэд ил болсон. Б.Саранчимэг, нөхөр Д.Мөнхбаатарынхаа хамт “Жонон лүндэг” ХХК, “Гранд фиорэ” ХХК-уудыг эзэмшиж ирсэн. “Жонон лүндэг” ХХК нь Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байхад мод, бутны суулгац, үрсэлгээ нийлүүлдэг байсан гэдэг. Харин “Гранд фиорэ” ХХК нь нийслэлийн ЕБС-уудын үдийн хоолны мах, гурил, будаа гэх мэт хүнсний материалуудыг нийлүүлж ирсэн баримт бий. Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг нь “Сингапур хэльткейр сентр” ХХК-аараа ЖДҮ-ээс 800 сая төгрөгийн зээл авсан. Б.Саранчимэг “Манай дүү зээл авсан нь үнэн, гэхдээ би нөлөөлөөгүй” гэж бултсан. Харин Б.Наранхүү “Би дүүгийнхээ ЖДҮ-ийн зээлийг төлчихнө. Бүр, нэмээд дүүдээ хоёр тэрбум төгрөг өгнө” гэж аархсан байдаг.
УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан Дорноговийн уугуул. Зах зээл шилжих үед Дорноговь аймагтаа цагдаа байсан. Зах зээлийн дараа, 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг төрсөн ах Б.Ганхуягтайгаа хамтран үүсгэн байгуулж, бизнест хөл тавьсан. Эхэндээ махны бизнесээр дагнаж байгаад, дараа нь хятадуудтай хамтран “Болд төмөр ерөө гол” ХХК-ийг байгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг ухаж эхэлснээр олон улсад зартай оффшорчин болсон намтартай. Улмаар 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, 2023 оноос Түгжрэлийн сайдын давхар дээлтэй болсон. УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы салбар бүрд “өндөглүүлсэн” компаниуд болон тив алгасуулан байгуулсан оффшор компаниудыг нь танилцуулбал цаг, цаас эс хүрэлцэнэ. Иймд одоогийн гурван гол бизнесийг нь товч танилцуулъя. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголиан транс лордс” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лидер” ХХК гэх төмөр замын компаниудтай. “Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 115 км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болсон. Дараа нь, дахиад 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байв. Энэ туршлагаараа дулдуйдан 2022 онд “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-аараа Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын концессыг гэрээг авч, улмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Гэрээ ёсоор Б.Дэлгэрсайхан Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг 20 жил эзэмшиж ашиглаад улсад шилжүүлж өгнө. Өөрөөр бол, Ханги боомтоор төмөр замаар гарах, орох бүх ачаа бүтэн 20 жил Б.Дэлгэрсайханы “халаас”-аар дамжина гэсэн үг. Эхэнд дурдсанчлан Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг олборлодог. Өөрөөр бол, улсын уурхайнуудын дараа орох хамгийн том хувийн уурхай. “Болд төмөр ерөө гол” ХХК нь 950 гаруй ажилчинтай гэхээр хэр том компани болох нь тодорхой биз. Сонирхуулахад, Б.Дэлгэрсайханы үү Д.Баярцэнгэл нь “Клиффорд воллес катеринг” ХХК нь 200 ажилчинтай, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ажилчдын хоол, уурхайн кемпын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы үүсгэн байгуулсан “Дорннын говь” ХХК-ийнх нь Ерөнхий захирлаар төрсөн ах Б.Ганхуяг нь ажилладаг. Тэгвэл Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь “Гантулга трейд” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. “Гантулга трейд” ХХК нь Дорноговь аймгийн бүхий л барилгын тендерүүдийг дангаараа хуу хамдаг. Жишээ нь, “Гантулга трейд” ХХК нь Дорноговь аймгийн Сайншандад түрээсийн орон сууц барих 13.5 тэрбум төгрөгийн тендер, Сайншандад 150 ортой цэцэрлэх барих 1.6 тэрбум төгрөгийн тендер, Замын-Үүдэд 100 ортой цэцэрлэх барих 962 сая төгрөгийн тендер, Сайншандад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих 3.2 тэрбум төгрөгийн тендер, Замын-Үүдэд соёлын төв барих 3.0 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байдаг.
УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин Дорноговь аймгийн уугуул. Дорноговийн улс төр, бизнесийн баруун, зүүний магнайд зогсдог “босс”-ууд болох УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёроос “хөтлүүлж” өдий зэрэгт хүрсэн дардан намтартай. Тодруулбал, Б.Дэлгэрсайханаас өмнө Дорноговийг Ж.Батсуурь “атгадаг” байлаа. Ж.Батсуурь 2000-2008 онд Дорноговьд найман жил засаглахдаа долоон жилд нь Т.Энхтүвшинг дэргэдээ суулгаж, тамгаа бариулсан. Улмаар Ж.Батсуурийг УИХ-ын гишүүн болсны дараа Т.Энхтүвшин хотод шилжин ирж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НМХГ-ын Санхүүгийн хяналтын хэлтсийн даргаар тус тус ажилласан. Улмаар Т.Энхтүвшин Засаг дарга болохоо мэдсэн, мэдэрсэн юм шиг 2015 онд буцаад Дорноговь аймагтаа очсон. Ингээд дараа жил нь буюу 2016 онд “төлөвлөсөн” ёсоор Дорноговийн Засаг даргаар томилогдож байв. Харин Засаг дарга болсноос нь хойж харж хандаж, 2020 онд УИХ-ын гишүүн болгосон хүн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Бэл капитал” ХХК, “Сайхан улаан оргил” ХХК, “Бурхант тал” ХХК-уудыг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан. Харин 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо “Бурхант тал” ХХК-аа өөрийнхөө нэр дээр үлдээж, “Сайхан улаан оргил” ХХК, “Бэл капитал” ХХК-уудаа хамаарал бүхий этгээдүүддээ шилжүүлсэн.
УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар Өмнөговь аймгийн уугуул. 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан. Улмаар 2020 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяртай ханьсан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрөө “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байснаас гадна 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болсноосоо хойш 10 жилийн ангийн найз С.Мөнхбаярыгаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаа, мөн 10 жилийн найз Д.Батзоригийгоо “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилуулж, тэднээр дамжуулан “Тавантолгой” ХК-ийг “атгаж” байсан. Тиймдээ ч 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг анхны 17 нүүрсчингийн нэг гэж нийтэд зарласан. Улмаар Ерөнхий прокуророос Н.Наранбаатарыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч МАН-ынхан УИХ-д олонхоороо хамгаалж үлдсэн байдаг. Нэг талаас, Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, МАН-ын бүх нүүрсчдийг цээжээрээ нэрлэх мэдэх нэгэн учраас ийн хамгаалж үлдэхээс аргагүй байсан ч гэдэг.
Бизнесийн тухайд, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны монопол компаниудыг нэг болох “НИК” ХХК-ийг “Петровис”-той хамтран эзэмшдэг. Мөн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эв повер майнинг” ХХК-уудыг эзэмшдэг бөгөөд энэ компаниуд нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас нүүрс худалдаж авах, урд хөрш рүү тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.
Дорноговь аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэж, Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн М.Мөнхцэцэг хуулийн төсөл санаачилж, төрийн алба хашихад дэндүү жижигдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан дээр нүүрээ будаж, хувцсаа янзласхийгээд, “Миний хуулийн төсөл шүү дэмжээд өгөөрэй” гээд найр тавьсан гишүүдийн хуулийн төслийг хурууныхаа үзүүрээр кнопдсон шигээ суух нь түүний гол үүрэг гээд ойлгочихсон аятай аяглана. Хөрөнгө орлогын мэдүүлгээ даруухан мэдүүлчихсэн зальтай нэгэн. Гэвч Г.Мөнхцэцэг парламентад чимээгүй ч, төрийн албанд бол томордог нэгэн гэх цуу яриа олны дунд бий. Ялангуяа түүний төрлөх нутаг Дорноговь аймгийн Зам-Үүд сумыг Г.Мөнхцэцэг гишүүний хамаатнууд “атгачихсан” авлига албан тушаалын хэргийг цэцэглүүлж байгаа гэх баримтууд ч мэр сэр байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ах, дүү хамаатан саднаараа Зам-Үүдэд төрийн алба хашдаг бөгөөд эрх ашгийг зөрчил үүсгэж байж болзошгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн төрсөн дүү Г.Мөнхтүвшин нь Дорноговь аймгийн прокурорын газарт хяналтын прокуророо 2017 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар түүний бас нэг дүү Г.Мөнхзул Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт сувилахуйн арга зүйч хийдэг аж.
Мөн Г.Мөнхтүвшингийн нөхөр Х.Уранбаяр нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч цолтой нэгэн. Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ төрийн байгууллагын зарим албан хаагч, дарга нарын авлигын хэрэг хэрээс хэтэрч, улсын ажил гацаанд оруулсан талаар мэдээлж байлаа. Улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус суманд ажиллуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авсан байдаг. Үүний дунд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хамаарал бүхий этгээд буюу тус сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга асан Х.Ууганбаярын нэр багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд олон жил бугшсан авлига, албан тушаалын хэрэгт түүний хүргэн дүү нэр холбогдсон билээ. Гэтэл сүр дуулиантай өрнөсөн энэ хэрэг өнөөдөр нам гүм болж, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан асуудал нь ч сураггүй болоод байгаа юм. Г.Мөнхцэцэг өмнөх жилүүдэд Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий. 2017 онд өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг Хяналтын прокуроороор тавьсан гэдэг. Мөн Г.Мөнхзул дүүгээ Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт ажилд оруулсан гэх яриа ч гардаг. Харин түүний хүргэн дүү цагдаагийн хошууч Х.Уранбаяр Замын-Үүдийн хэрэгт холбогдож байсан.
НҮҮРСНИЙ “ХУЛГАЙЧ” Н.НАРАНБААТАР, ОФФШОРЧИН Б.ДЭЛГЭРСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ VII ТОЙРГИЙН МАН-ЫНХАН |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |