Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намын нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж буй. Энэд удаад Төв, Дархан, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй хүмүүсийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан ааваараа Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. Анагаах төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 2008-2012 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн туслах, зөвлөхөөр ажиллаж, төрд орох замаа зассан. Улмаар 2012-2014 онд ХХААХҮ-ийн сайдаар Х.Баттулга ажиллаж байх үед дэд сайдаар доор нь ажиллаж дотноссон. Дараа нь, 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар нэг жил ажиллаад, 2017 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, намынхаа гал тогоонд ахлах тогоочоор гурван жил ажилласан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон намтартай. Унаган хобби нь морь. 2004 оноос хойш хурдан морь уяж, 2014 онд Төв аймгийн алдарт уяач, 2024 онд Улсын алдарт уяач болсон. Улс төрийн хамтрагч нь Х.Баттулга. 2012-2014 онд яам, яамба хоёроо хуваалцаж дотносож тэд 2020 оноос АН-ын арслантай тамгыг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтнүүдтэй булаалдаж, их хагарлын эхлэлийг тавьсан. Гэсэн ч Х.Баттулга, Ц.Туваан хоёрын хоёулхнаа АН-ыг атгах санаархал нь бүтээгүй тул тэд өнгөрөгч 2023 оны наймдугаар сараас МоАХ-ынхоо үйл ажиллагааг сэргээж, нам дотроо тусгаар тогтнохоор “Хөх туг” гэх аяныг орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэ нь ч амжилттай болж Х.Баттулга, Ц.Туваан хоёр тойрог тус бүрд “Хөх туг”-ийнхаа доороос 3-4 хүн нэр дэвшүүлэхээр бэлтгэл базаагаад явж байгаа.
ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд ааваараа Төв аймгийн Бүрэн сумын уугуул. МУИС-ийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 2009-2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр таван жил ажиллаж, улс төрийн хар хорноос нь суралцсан. Басхүү энэ таван жил С.Эрдэнэболд ард түмэнд зүсээ таниулж, АН дотор бууриа засаж амжсан. Хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа өгчихөөд С.Эрдэнэболд Харвардад нэг жил сураад ирсэн. Ц.Элбэгдоржийн зан, замналаас үлгэрлэснийх нь бас нэг жишээ энэ. Буцаж ирмэгцээ 2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч болж улс төрд орохоор бэлтгэл хангаж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Р.Амаржаргалтай ханьсан Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг гэх МАН-ын гурвалд ялагдсан. Энэ удаад тойргоо сольж, төвийн V тойргийг тун идэвхтэй тойглож буй.
С.Эрдэнэболдыг АН-д байраа эзэлж, бууриа засахад Ц.Элбэгдоржоос гадна аав Ш.Сүхбаатар нь гол нөлөө үзүүлсэн. Аав Ш.Сүхбаатар нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан, гавьяат хуульч цолтой. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар дэмжин ажиллаж байсан. Сүүлд 2012 онд АН-ыг засаг барьж эхлэхэд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар томилогдож, МАН гарч ирэх хүртэл ажилласан нэгэн.
Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар саяхныг болтол ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай “Сономын Лувсанвандан” ном бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ “акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө “Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ” гэсэн удаа ч бий. Эн агуулгаар харвал, ирэх сонгуульд нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал С.Эрдэнэболдод дэмжлэг үзүүлэх магадлалтай харагдаж буй.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батбаяр- Ааваараа Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Аав Б.Далайг нь Увс аймгаас төрсөн анхны Улсын Тод манлай уяач гэдгээр нь морь сонирхогчид сайн мэддэг. Д.Батбаяр 2000 оноос хойш Чехэд сурч, амьдарсан. Буцаж ирээд аав Б.Далайгийнхаа “Монголчех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. 2020 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан. Өдгөө Д.Батбаяр төвийн V тойргийг УИХ-ын гишүүн Ц.Туваанаас хөтлөн тойрч яваа. Учир нь, аав Тод манлай уяач Б.Далай нь Увсынх боловч уяа нь Төв аймагт байдаг, Ц.Тувааны морины багш шахуу учраас хүү Д.Батбаярыгаа түүнээс хөтлүүлээд тавьчихсан хэрэг л дээ. Дээрээс нь, Б.Далайгийн эзэмшдэг, Д.Батбаярын удирддаг “Монголчех метал” ХХК нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байх Чулуут, Чулуут цагаан дэл, Чулуутын зүүн салаа гэх жоншны гурван том ордыг эзэмшдэг. Мөн Баянцагаан суманд Зэст гэх жоншны хайгуулын лицензтэй. Эл ордуудынхаа дэргэд өнгөрсөн оны аравдугаар сард Жоншны баяжуулах нүсэр үйлдвэр байгуулсан. Хэрвээ тэр төвийн тойргоос сонгогдвол Төрийн ордон алт, нүүрсний уурхайчид дээрээ жоншны уурхайчинтай болно гэсэн үг.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул. Баянгол дүүргийн АН-ын Хэрэх эрхлэх газрын дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, С.Эрдэнийг ХНХ-ын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ ялна” уриатайгаар С.Баярцогт, Д.Эрдэнэбат хоёртой ханьсаж нэр дэвшээд ялагдсан. Ирэх сонгуулиар дахин даагаа нэхэхээр УИХ-ын гишүүн Ц.Тувааны удирдлага доор бэлтгэл хангаж буй. Түүний эгч Д.Оюун нь “Био селпик сервис” ХХК-ийн Ерөнхий захирал, эгч Д.Эрдэнэчимэг нь “Түшигтэйн зэд” ХХК-ийн Ерөнхий захирал, ах Д.Уртнасан нь “Урта камел транс” ХХК-ийн Ерөнхий захирал, дүү Д.Цолмон нь “Дэлхийн найман гүүр олон улсын групп” ХХК, “Алтай эколос” ХХК-ийн Ерөнхий захирал, Д.Үүрийнтуяа өөрөө “Эртний тоонот гэр” ХХК, “Евро бион лос” ХХК-ийн Ерөнхий захирал гэх мэтээр гэр бүл, ах дүүгээрээ бизнес эрхэлдэг.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Доржпүрэв- Төв аймгийн уугуул. СЭЗИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 1994 оноос хойш “ХОТШ” банкны эдийн засагч, “Фин сервис” ХХК, “Би Энд Жи финанс” ХХК-уудын Ерөнхий захирал, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байсан. Сүүлд, АН-ыг засаг барьж эхлэхэд буюу 2012-2014 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Д.Доржпүрэв 2008-2016 онд найман жил Төв аймгийн АН-ын даргаар ажилласан. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшсэн боловч МАН-ын Н.Энхболдод ялагдсан. Дараа нь, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагтаа Ц.Туваан, Х.Тэмүүжин хоёртой ханьсан дахин нэр дэвшсэн. Гэвч Ц.Туваан сонгогдож, Д.Доржпүрэв, Х.Тэмүүлэн хоёр МАН-ын Ж.Батжаргал, Н.Энхболд хоёрт ялагдсан. Ирэх сонгуульд Д.Доржпүрэв гурав дахь удаагаа нэр дэвшихээр бэлтгэл хангаж буй.
АН-ынхан төвийн V тойргийг зураглахдаа гурван “битүү морь” оруулж ирсэн нь Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал. Р.Батжаргал нь 2020 оноос хойш Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол сумын Засаг даргаар ажилласан товчхон намтартай нэгэн.
Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ГАР, ХӨЛ БОЛОГСОД АН-ЫН V ТОЙРГИЙГ ТОЛГОЙЛЖ БАЙНА |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |