• Өнөөдөр 2025-04-22

IV ТОЙРОГ: Х.БАТТУЛГЫН ХОРМОЙД ЗҮҮГДСЭН, АН-ЫН МУУ НЭР ЛУУ ДАНСТАЙ НАЙМАН ГОРИЛОГЧИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

2024-06-17,   833

       УИХ-ын сонгуулийн ээлжит санал хураалтын өдөр болоход 11 хоног үлдлээ. Хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөл болгон илгээх улстөрчдийг сонгох хариуцлагатай цаг үе ойртож байна. УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор явуулж, бүсчилсэн байдлаар аймгуудыг тойрог болгон хуваасан хууль эрх зүйн шинэ орчинд сонгогчид саналаа өгнө. Тэгвэл төр төлөөлж, хууль батлах нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг Эргэлт.мн мэдээллийн сайт цувралаар танилцуулж байгаа билээ.

     Энэ удаагийн дугаартаа УИХ-ын сонгуулийн IV тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг танилцуулж байна. Тус тойргийг Ардчилсан намаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга манлайлан оролцож байгаа. Нийгэмд төдийлөн танигдаж амжаагүй, зөвхөн тойргоо усалсан төлөөлөгчид, бөхчүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хормойдож, сонгуулийн санал авахаар хойд бүсийг тойглож эхэлсэн гэсэн үг.

МУХАР ТӨМӨР ЗАМ БАРЬЖ, МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТСАН ГЭХ Х.БАТТУЛГА

        Цагтаа тэр бөх байлаа. Зах зээлийн нийгэм задарч эхлэх үед “гахай” чирч ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлээд өдгөө Монголын толгой баячуудын нэг болсноос гадна том улстөрч болсон. Нэг ёсондоо Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо томорсон түүний намтар түүхийг энд дурдах нь илүүц биз. Ерөнхийлөгчийн суудлаас буумагцаа улс төрд дахин орохоор санаархаж буй тэрбээр тойргоо сэлгэж, услах зөвлөхүүдээ тэр чигт нь АН-ын нэр дэвшигчдээр тойрог, жагсаалтад багтаагаад, өөрөө хойд бүсэд дэвшиж явна. Үүнийгээ тэрбээр “Баруун болон төвийн аймгуудад С.Ганбаатар рейтэнгээрээ тэргүүлж, хойд бүсэд би дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа учраас IV тойрогт дэвшихээр болсон. Харин улс төрд зайгаа тавьж өгөхийн хувьд би тийм ч хөгшин болчихоогүй байна” гэх агуулгатай тайлбар өгч харагдана лээ.

     Ардчилсан намд жин дарах бүлэглэл болох МоАХ-ыг удирдаж яваа түүнийг Монголын төрд халгаатай шийдвэрүүд гаргасан гэж шүүмжлэх нь олон. Түүний хамгийн тод жишээ нь мухар төмөр зам барьж, Монголын хөгжлөөс хойш татсан хэмээн ад үздэг. Угтаа бол “Голомт”-ын хэмээн алдаршсан Ж.Баясгалантай хамтарч барьсан төмөр зам нь царигийн зөрүүний асуудлаас болж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, Монгол Улс экспортын гол бүтээгдэхүүн нүүрсээ одоог хүртэл ачааны машинаар зөөсөөр байгаа юм. Тэр өөрийнхөө 2008 онд эхлүүлсэн, 2014 онд “танк”-аар сүрдүүлж гацаасан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2019 онд Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д тендергүйгээр өгсөн. Тэгмэгцээ хаа ч байхгүй өндөр үнээр буюу 1.3 тэрбум ам.доллароор санхүүжүүлж, үүнийхээ 895 сая ам.долларыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрсээр төлөх оффтейк гэрээнүүдийг байгуулсан. Тэгээд болоогүй, Д.Баясгалангийн гарын үсэгтэй бүх гэрээг нь улсын нууцад оруулсан байдаг.

Ингэж Х.Баттулга ҮАБЗ-өөр дулдуйдаж, Д.Баясгалантай хуйвалдаж, олон жил “овоолсон шороо” гэгдсэн далан дээрээ хүчээр шахуу төмөр зам тавьж чадсан. Гэвч Х.Баттулга Хятадын “танк”-наас айдаг зуршлаараа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавиулснаас болж Гашуунсухайт боомтод хүрээд мухардчихсан. Хятад нарийн царигтай атал Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам өргөн царигтайгаар тавьсныг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроос өөр хэн ч ойлгохгүй өдий хүрч байна. Тэдний энэ балгаас болж өргөн, нарийн царигтай хоёр төмөр замыг хооронд нь хэрхэн холбох тухай асуудал одоо Монгол-Хятадын Засгийн газар хоорондын асуудал болж хувирсан. Илүү ноцтой нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талтай 2022 онд хил холболтын цэгээ тохирсон ч хариуд нь жил тутам 20 сая тонн нүүрс авах шаардлага тавьсан сураг сонсогдож буй. Мухар төмөр замынх нь балаг мөд дуусахгүй нь бололтой.

БАЛАГ НЬ ДУУСАХГҮЙ Ж.БАТЗАНДАН

         Монголын төрд хамгийн халгаатай поп улстөрчдийн нэгд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан орох нь гарцаагүй биз. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс улс төрд хөл тавьж, үеийн үед улс төрийн хамгийн дуулиантай акцуудын гол манлайлагчаар явж ирсэн нэгэн. Угтаа бол тэмцэгчийн дүрд хувирч, ард түмнийг уриалахдаа гаргууд тэрбээр уснаас ч хуурай гарч чаддаг зальжин нэгэн гэж журмын нөхөд нь шүүмжилж байлаа. Тухайлбал, тэрбээр Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэх долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг.

       Тодруулбал, 2008 оны долдугаар сарын 1-ний өглөө БНН-ын дарга Б.Жаргалсайхан буюу “Буян” Жагаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, О.Магнай нар “МАХН-ынхан сонгууль луйвардсан” хэмээн хатгаж, ятгасан хэвлэлийн хурлууд хийж, иргэдийг төв талбайд цуглуулсан. Улмаар “Буян” Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нар төв талбайд жагсагчдыг МАХН-ын төв байр буюу одоогийн Тусгаар тогтнолын ордон руу дагуулан авч явсан. Ингэснээр МАХН-ын төв байрны гадаа цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, МАХН-ын байр шатаж, эцэст нь дөрвөн иргэн буудуулж, нэг иргэн шатаж амиа алдсан. Тухайн үед “Буян”-гийн Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нарыг жагсаал зохион байгуулсан, иргэдийг өдөөн турхирч, үймээн самуунд уруу татсан гэж үзэж Ганц худагт цагдан хорьсон боловч жил ч бололгүй батлан даалтад гарч, удалгүй Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүний дараа 2016 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, мөн л төрийг эргүүлэх том жагсаалын толгойлогчдын нэг болсон. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар Төв талбайд гэр барьж жагссан “Шудрага тав”-ын нэг байлаа, тэр.

           Цаашлаад түүний улс төр дэх урвалт, шарвалт хэрээс хэтэрсэн гэхэд буруудахгүй. Тэрбээр сөрөг хүчний гишүүн байхдаа Л.Болдтой намаасаа тусдаа гарч, ШИНЭН гэх шинэ улс төрийн хүчин байгуулж, өрх тусгаарласан. Харин 2024 оны сонгуулиар Ардчилсан намд буцан орж, өдгөө Х.Баттулгатай дөрөө хоршуулж явна. Түүний балаг үүгээр дуусахгүй. Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт сүлбэлдэж, цагдан  хоригдсон удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамаарал бүхий этгээд буюу түүний туслах, Шинэ намын дэд дарга Г.Аюулгүй Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байлаа. Мөн “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гэх хэргийн гол эзэн буюу нууц ноён нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсныг батлах схемийг баримтаар хүргэж байсан.

ХӨВСГӨЛИЙН БАРИЛГЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХЭНТЭЙ Ч ХУВААЛЦДАГГҮЙ Г.МӨНГӨНХУЯГ

         Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Барилгын инженер мэргэжилтэй, 2006 оноос хойш аав С.Гүнширийнхээ “Урагшлах” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2016 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар 2020 онд улиран сонгогдож, ИТХ-ын даргаар ажиллаж ирсэн.  

        Г.Мөнгөнхуяг АН-ын боловч алдарт “10 хувь”-ийн Ц.Даваасүрэнтэй “сүүлэрдэг”, түүний нөлөөгөөр томорч яваа гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Ганц жишээ дурдахад, аав С.Гүншир нь БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн 2007 онд үүсгэн байгуулж, 2022 он хүртэл удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж ирсэн, алдарт уяач цолтой. Мөн С.Мөнгөнхуяг өөрөө “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.  

      Г.Мөнгөнхуягийн удирддаг, аав С.Гүнширийнх нь эзэмшлийн “Урагшлах” ХХК нь АН, МАН-ын аль ч Засгийн үед Хөвсгөл аймгийн барилгын бүх тендерийг түүж ирснээрээ зартай. Зөвхөн сүүлийн зургаан жилд л гэхэд, 2018 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 2.5 тэрбумын тендер, 2019 онд Тосонцэнгэл сумын 20 ортой эмнэлгийн барилгын 1.8 тэрбумын тендер, 2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 100 ортой эмнэлгийн барилгын 8.7 тэрбумын тендер, 2023 оны арванхоёрдугаар сард Мөрөн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 7.4 тэрбумын тендер гэх мэтээр аймгийнхаа том төсөвтэй барилгын бүхий л тендерийг түүж ирсэн байдаг.  

       Гэвч төрийн тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгардаг “Урагшлах” ХХК-ийн балаг барагдахгүй их. Наад зах нь л, барьсан барилгууд нь ихдээ хоёр, гуравхан жил болоод хана, тааз нь цуурч, шал нь цөмөрчихдөг гэмтэй. Нурж унахад бэлэн, чанаргүй барилга барьдаг хар түүхүүдтэй мөртөө дээр дурдсанчлан төрийн тендерүүдэд шалгарсаар л байдаг. Жишээ нь, “Урагшлах” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймагт төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 50 ортой төрөх эмнэлэг барьсан ч 2015 онд тус эмнэлгийн халаалтын паарууд нь ээлжлэн цоорсноор ус алдаж, хөхөө өвлөөр халаалтаа зогсоож байлаа. Дараа нь 2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн барилгыг төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан. Гэвч 2021 онд тус сургуулийн барилгын хана, тааз нь төө гарантай цуурч, шал нь цөмөрч, хүүхэд хичээллэх боломжгүй болсон. Улмаар тус сургуулийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэхэд хүрсэн байдаг.

ХАДАМ ААВААРАА БИЗНЕСТ, Х.БАТТУЛГААР УЛС ТӨРД ХӨТЛҮҮЛСЭН Д.ӨСӨХБАЯР

     Орхон аймгийн МоАХ-ын тэргүүн Д.Өсөхбаярын аав нь Булган аймгийн Сайхан сумын уугуул, ээж нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул. Д.Өсөхбаяр өөрөө Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн. Цахилгаанчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр”-т цахилгаанчнаар ажиллаж байгаад 2000 онд “Орхон чандмань” ХХК-ийг байгуулж, тус компаниараа дамжуулан хадам аав С.Мишигийнхээ Эрдэнэт хот дахь "Чандмань” худалдааны төвийг удирдаж эхэлснээр анх бизнест орсон. Түүнээс хойш Д.Өсөхбаяр “Чандмань” худалдааны төвөөсөө гадна “Гурван од” төв, “Дэлгэрэх” төв, “Тэмүүлэл” төв гэх мэт Эрдэнэт хотын бүх л том худалдаа, үйлчилгээний төвүүдийг эзэмшиж, удирдаж ирсэн. Мөн Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь Эрдэнэт хотын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилгын тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, Эрдэнэт хотын орон сууцны хорооллууд дундах амрах, нарлах, тоглох талбайнуудыг Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байв.

           Д.Өсөхбаярын улс төрийн уяа сойлгыг Х.Баттулга тааруулдаг. Тодруулбал, Д.Өсөхбаяр жүдо, самбо бөхийн тамирчин байсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгатай бөхөөр дотноссон нэгэн. Тиймдээ ч Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед нь Зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Х.Баттулгын МоАХ-ны харьяа Орхон аймгийн МоАХ-ны тэргүүнээр нь ажилладаг.

    Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгтэйгээр Булган аймагт нэр дэвшсэн ч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрт ялагдсан. Гэсэн ч хоосон хоцроогүй, 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өдгөө даагаа нэхэхээр дахин горилж буй.

Х.БАТТУЛГЫГ ХОРМОЙДОЖ, ЗААЛНЫ БӨХӨӨС ЗАСАГ ДАРГА БОЛТЛОО ТОМОРСОН Б.АРИУН-ЭРДЭНЭ

       Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь тус аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. 2003 оноос хойш 2013 он хүртэл 10 жил жүдо бөхийн үндэсний шигшээ багт тамирчин байсан. Үндэсний бөхийн аймгийн арслан, жүдо бөхийн улсын найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин цолтой.

      Зүлэг, заалнаас бусдыг мэдэхгүй шахуу явсан Б.Ариун-Эрдэнийг хөтөлсөөр Засаг даргын сэнтийд аваачиж залсан хүн бол Х.Баттулга. Түүх сөхвөл, 2012 онд Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа Б.Ариун-Эрдэнийг холбооныхоо дэд ерөнхийлөгч болгож дэргэдээ татаж байлаа. Дараа жил нь буюу 2013 онд Б.Ариун-Эрдэнэ шигшээ багаас зодог тайлж, улмаар 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн зөвлөхөөр ажиллаж, улс төр, бизнесийн хар хорны зах зухаас суралцсан. Дараа нь 2018-2020 онд төрийн өмчит “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2020 онд Булган аймгийн Засаг даргын сэнтийд заларсан байдаг.

      Сонирхуулахад, Б.Ариун-Эрдэнэ 1.0 тэрбумын хоёр орон сууц, 5.4 тэрбумын мал, 600 саяын үнэт эдлэл, 197 саяын жийп зэргээрээ хамгийн баян Засаг дарга нарын жагсаалтыг тэргүүлдэг. 2023 онд Б.Ариун-Эрдэнийг АТГ-аас “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Тэр хувьдаа, “Еро ази жем” ХХК, “Лакинебула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-иудыг эзэмшдэг. Харин “Бичигт ложистик” ХХК-ийг барилгын салбарын “акул”-уудын нэг “Эко”-гийн С.Нямдаваа, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, алтны уурхайнуудаараа алдаршсан “Империал гоулд”-ын Т.Мөнхбаяр гуравтай хамтран эзэмшдэг. Эндээс Б.Ариун-Эрдэнийн бизнесийн цар хүрээ хэр том болох нь тодорхой харагдаж буй биз ээ.

ХӨВСГӨЛИЙН ТОЙРГИЙГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ТОЙГЛОЖ БУЙ Х.ЭРДЭНЭБААТАР


         Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатар. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. Санхүүч мэргэжилтэй, 2013 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй “Майзус финаншл сервиусис” компанийн хөрөнгө оруулалтаар “Мониполо” ББСБ-ыг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж ирсэн. Гадаадын компаниас санхүүжилт авч, дотоодын иргэддээ зээлдэх буюу “мөнгө хүүлэх” замаар огцом хөрөнгөжсөн гэж нутгийнхан нь ам муутай байдаг юм билээ.  

       Тэрбээр 2018 онд “Хөвсгөл шинэ үе” ТББ-ыг байгуулж, “Чинээлэг малчин” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, Хөвсгөлийн тойргийг хоёр жил гаруй тойрч, тойглосон. Хэвлэлд ч хөрөнгө мөнгийг харамгүй цацаж, хөрөг нэвтрүүлгүүд хүртэл хийлгэж байлаа. Гэтэл 2020 оны тавдугаар сард АН-ын удирдлагууд Хөвсгөлд Х.Эрдэнэбаатарыг биш, “халзан” Да.Ганболдыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Хөвсгөлийн тойргийг усалсан хоёр жилийн хөдөлмөрийг нь хөсөр хаясанд уурссан Х.Эрдэнэбаатар тухайн үед АН-ынхаа ах нартай, дамаа Да.Ганболдтой тангараг тасрахаа шахсан гэдэг. Харин энэ удаад тэр тойргоо булаалгахгүйн тулд 2018 онд эхлүүлсэн "Чинээлэг малчин" хөтөлбөрөө үргэлжлүүлж, өөрөө ББСБ-ын эзэн мөртөө "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж байв.

ХӨВСГӨЛӨӨС ДЭВШСЭН ТЭРБУМТАН Х.БАТСАЙХАН

          Хайчаагийн Батсайхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Монгол бизнес сургуулийг бизнесийн эдийн засаг, менежментээр төгссөн гэх товч намтартай. Тэрбээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан. Хөвсгөлийн барилгын бизнесийг базсан тэрбээр ашигт малтмалын хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг тэрбумтан. Угтаа бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тэрбумын орлоготой нэр дэвшигчдээс дээгүүрт бичигдэж байгаа юм. Тодруулбал, Х.Батсайхан 5.7 тэрбум төгрөгийн хоёр хаустай, нэг орон сууцтай, үйлчилгээний долоон барилга, 13 авто зогсоолтой. Мөн 1.0 тэрбум төгрөгийн "Land cruiser 200", "lexus 600" загварын хоёр жийптэй, 2.0 тэрбум төгрөгийн есөн газартай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. Түүний эзэшдэг “Оймон” ХХК нь барилга барьдаг. 

     Х.Батсайхан “Оймон” ХХК, “Оймон майнинг” ХХК, “Оймон энержи” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийг эзэмшиж ирсэн. Жишээ нь, “Оймон” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10 давхар 80 айлын орон сууц барьж худалдаж байлаа. СБД-ийн 9-р хороонд “Гэрэл титэм” хотхоныг барьж, худалдсан. БЗД-ийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард “Sunrise” хотхоныг барьж худалдсан гэх мэтээр олныг дурдаж болно. 

      Мөн тэрбээр “Баянсүмбэр богд” ХХК-иараа дамжуулан Баян XV-019604 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байх Гишүүний ам гэх MV-011914 дугаар бүхий ашиглалтын тусгай, “Газрын зурвас” ХХК-иараа дамжуулан XV-46000089 (46000070) дугаар бүхий Хөндий-3, XV-46000088 (46000071) дугаар бүхий Хөндий-2 гэх хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус  эзэмшдэг байна.

БАРИЛЫН САЛБАРТ БАЙР СУУРИА ТОГТООСОН ГУНГААЖАВЫН ЦЭРЭНДОЛГОР

         Г.Цэрэндолгор нь Булган аймгийн уугуул, Дархан-Уул аймагт хүүхэд насаа өнгөрөөж, Техникийн коллежийн уул уурхайн ашиглалтын ангид элсэн орж, 1995 онд төгссөн гэдэг. Уул уурхайн инженер мэргэжилтэй.  Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж байсан. Харин нөхрийнхөө удам угсаагаар Хөвсгөл аймагтай холбогддог. Тиймээс хойд бүсэд битүү морь болж орж ирээд буй. Тэрбээр “Өндөр сэнтийт трейд” ХХК, “Мондора реалти групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өөрөөр хэлбэл, барилгын салбарт хөлөө олчихсон бизнесийн төлөөлөл гээд хэлчихэд бууруудахгүй. Тодруулбал, “Мондара реалти групп” компаниараа дамжуулж, “Ханбогд” хороолол, “Хансвилл” хотхон, “Чухаг хотхон”, “Арцат I” хотхоныг цемент бетон зуурмагаар хангаж, “Арцат II” хотхоныг барьсан байдаг.

 


IV ТОЙРОГ: Х.БАТТУЛГЫН ХОРМОЙД ЗҮҮГДСЭН, АН-ЫН МУУ НЭР ЛУУ ДАНСТАЙ НАЙМАН ГОРИЛОГЧИЙН НОЦТОЙ БАРИМТУУД
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188