Ардчилсан намынхан энэ жилийн сонгуульд “Бүтэн монгол, Бүрэн ардчилал” уриатай оролцож байгаа бол Ардын намынхан "Ард түмний ялалт" уриатай өрсөлдөж байгаа. Баянзүрх дүүрэгт АН, МАН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг танилцуулж байна.
НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгатын аав, ээж Булганых. Тэрбээр Улаанбаатарт төрж, өссөн. Нийслэлийн Нэгдүгээр сургуулийг 1996 онд төгсөж, 1998 оноос 2009 он хүртэл Японд амьдарч байсан. Буцаж ирээд 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улс төрд орох замаа зассан. Улмаар 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдсон. М.Тулгатын аав С.Майнбаяр нь Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, “Хонхны дуу”-гаар танигдсан С.Цогтсайхан агсны төрсөн ах. Мөн С.Майнбаяр өөрөө ч ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн МоАХ-ны тэргүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Тиймдээ ч С.Эрдэнэ М.Тулгатыг туршлага нимгэн гэж гололгүй 2021 онд хавар өөрийнхөө талын АН-ын даргаар томилж байлаа. Гэвч дээд шүүх М.Тулгатыг бүртгэж авахаас татгалзсан, улмаар С.Эрдэнэ М.Тулгатыг бусад фракцуудтай “сүүлэрсэн” гэж хардсанаар тэдний түнжин тасарч байв.
(1).jpg)
М.Тулгат 2013 оноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий менежер, Тэргүүн дэд захирлаар ажиллаж ирсэн. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж 2022 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамт “нүүрсний хулгай”-н хэргээр баривчлагдаж, цагдан хоригдсоныг санаж буй байх. Учир нь, “Хишиг арвин индустриал” ХХК нь 2019 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1.7 их наяд төгрөгийн тендерт шалгарсан. Мөн Б.Хишигдорж, Б.Ганхуяг хоёр “нүүрсний хулгай”-н мөнгөө угаахын тулд Богдхан уулын Нүхтийн аманд орон сууцны хороолол хамтран барьж эхлээд байхдаа баривчлагдсан байдаг.
Ноцтой нь, М.Тулгат дээр дурдсанчлан “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж ирснээс гадна “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржтой, түүний хүү Х.Батхишигтэй бүх бизнесээ хамтран явуулдаг. Тодруулбал, М.Тулгат “Хино индустриал трак” ХХК-ийг “Кэй Эй майнинг” ХХК-тай 40, 60 хувиар хамтран эзэмшдэг. “Хино индустриал трак” ХХК нь Японы “Тоёота”-гийн “Hino” брэндийн уул уурхайн хүнд машин механизмуудаар “Хишиг арвин индустриал” ХХК-ийг хангадаг, мөн засвар үйлчилгээг нь хариуцдаг. Харин “Кэй Эй майнинг” ХХК нь 2017 онд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болж байгуулагдсан. “Кэй Эй майнинг” ХХК нь 2023 оны тавдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын 649.4 тэрбум төгрөгийн тендер, 2023 оны есдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ын 893.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байдаг.
М.Тулгат “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-ийг Хишигдоржийн Батхишигтэй 40, 60 хувиар хамтран эзэмшдэг. Х.Батхишиг нь дээр дурдсан Б.Хишигдоржийн хүү бөгөөд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Эрдэнэбатхаан солюшн” ХХК нь уул уурхайн дамп, экскаватор, бульдозер, автогрейдер зэрэг хүнд машин механизмын жолооч, оператор, засвар бэлтгэх сургалтын төв ажиллуулдаг. Улмаар тус сургалтын төвийн төгсөгчид нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ажилчид болдог. Өөрөөр хэлбэл, “Хишиг арвин индусриал” ХХК-ийн уул уурхайн ажилчдыг М.Тулгат бэлтгэж өгдөг гэсэн үг.
(1).jpg)
АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа- Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт өссөн. “Их Засаг” их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. “Глобал удирдагч” сангийн тэргүүн, “Глобал удирдагч” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2008 онд АН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялж, засаглаж эхэлмэгц Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар томилогдож дөрвөн жил ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дорноговь аймагт Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэлтэй ханьсаж нэр дэвшээд унасан байдаг. Ц.Жадамбаа “Агро хаан” ХХК, “Ай Ло Инновэйтив” ХХК, “Женерал эко партнерс” ХХК, “Замтын далан” ХХК, “Говь хүнс мах трейд” ХХК, “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд” ХХК, “Шинэ сэгэ мед” ХХК-уудыг эзэмшдэг. Түүний “Шинэ сэгэ буйлд” ХХК нь Богдхан уулын Зайсангийн аманд “F.I one” гэх 400 айлын орон сууцны хотхон барьж байгаа. Харин “Шинэ сэгэ мед” ХХК нь төрийн өмчит эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг”. Тэр тусмаа, Ковид-19” халдварт тахлын үед “Шинэ сэгэ мед” ХХК нь Эрүүл мэндийн яаманд 14 тэрбум төгрөгийн түргэвчилсэн оношлуур нийлүүлсэн баримт бий.
Нийслэлийн АН-ын дарга Түмэндэлгэрийн Батцогт Дарханд төрж, өссөн. 2008 оноос Ардчилсан залуучуудын холбоонд ажиллаж байгаад 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ үеэс Х.Баттулгын ивээлд нь багтаж, дотноссон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгээр Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой ханьсаж нэр дэвшээд унасан. Гэсэн ч өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард Х.Баттулгын дэмжлэгээр Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь “Мон тун фарм” ХХК-ийг эзэмшдэг. “Мон тур фарм” ХХК нь сүлжээ эмийн сан ажиллуулдаг. Мөн “Мон тун фарм” ХХК нь “Чингис хаан” нисэх буудлын “Ковид-19 цар тахлын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл”-ийн 195 сая төгрөгийн тендер, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Холбогч, хавчаар”-ын 130 сая төгрөгийн тендер зэрэгт оролцож, шалгарч байсан. Сонирхуулахад, Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогттой “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ыг 2012 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн. “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар 2020 он хүртэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилласан бол, 2020 оноос хойш Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг ажиллаж байгаа. Мөн П.Тунгалаг нь “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын эзэмшдэг “Буянт карт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ганболдын Ууганцэцэг ааваараа Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. АШУҮИС-ийг төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 2008-2018 онд 10 жил “NTV” телевизийн “ТВ доктор” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан. Улмаар 2019 онд “Күинс мед” ХХК-ийг байгуулж, “Queens med” гэх гоо сайхны мэс заслын эмнэлэг ажиллуулж байгаа. Өнгөрөгч 2023 оны аравдугаар сараас Улаанбаатар утаа, угаарын хийн хордлого гэх хоёр сэдвээр дагнан сошиалд цуврал контентууд хийж, сайт, телевизүүдэд ярилцлага өгч эхэлсэн. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард “Утаанаас болж хохирсон иргэдэд нөхөн олговор олгохыг шаардаж байна” гэх агуулгатай хэвлэлийн хурал ч хийсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх болж, энэ жилийн сонгуульд өрсөлдөж байгаа.

Г.Болормаа Төв аймгийн Баянцогт суманд төрж, өссөн. Зургаан хүүхэдтэй айлын гурав дахь охин. Тэрбээр 20 настайдаа “Ёс зүй-Эх орон холбоог байгуулж байжээ. Түүнээс хойш нийгэмд тустай олон нийтийн ажил зохион байгуулдаг болсон гэх. Мөн 2012 онд Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлуулж байжээ. 2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажилласан байна. Харин 2020 оны есдүгээр сараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. 2023 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай “Хөх Монголын хөх туг” аяныг зохион байгуулсан байдаг. Тиймээс түүнийг мөн Х.Баттулгын хүн хэмээн иргэд ярьдаг.



| VIII ТОЙРОГ: СОНСГОЛЧИН, ШҮГЭЛЧИН, БААРНЫ ЭЗДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН МАН-ЫНХАН БА ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЖ, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ”-ТАЙ ХАЛААСАА НЭГТГЭСЭН М.ТУЛГАТ ТЭРГҮҮТЭЙ АН-ЫНХАН |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |