Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр маргаашийн хуралдаанаар Хотын захиргааг Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн найман бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон. Үүний дагуу Хан-Уул дүүргийн IV хорооны нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулсан бөгөөд захиргааны гурван блок барилга шинээр бариад буй.
Засгийн газрын тавдугаар сарын 19-ний ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргааг нүүлгэх асуудлыг хөндөж байсан. Тэрбээр "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтай асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэнэ" гэсэн юм.
Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх эсэхийг маргааш хэлэлцэнэ |
|